Ч.Хүрэлбаатар: Сонгуулийн хуулийг өөрчилтөл байнгын хороонд суухгүй

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн асуудлаар ярилцлаа. Тэрээр энэ хуулийг боловсруулах УИХ-ын ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа юм.
-УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж нарын даваа гаригт хийсэн мэдээллийг та үзэв үү?
-Ерөнхийд нь харсан.
-Тэр мэдээллээр АН-ынхан Сонгуулийн хуулиас өмнө Улс төрийн намуудын тухай хуулийг батлах нь зөв гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Үүнээс үүдэн МАН, МҮАН зэрэг намууд Сонгуулийн хуулийг батлахгүй нь гэсэн дүгнэлтэд хүрч, жагсаал хүртэл зохион байгуулж байна?
-Улс төрийн намуудын тухай хууль бол УИХ-д өргөн баригдаагүй байгаа хууль шүү дээ. Ийм байхад Сонгуулийн хуультай барьцалдуулж, асуудлыг хойш тавина гэдэг нь өөрөө ёс зүйгүй улс төр.
-МАН-ынхан Сонгуулийн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа. Шалтгааныг нь та тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?
-17.6 хувийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засаг хямарч, ирэх онд тэг хувьд хүрэхээр болж байна. Улс төрийн тогтворгүй байдал бий болж, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож, аж ахуйн нэгжүүд хаалгаа барихад хүрлээ. Мөн таван аймагт 2012 оны сонгуулийн маргаан одоо хүртэл үргэлжилсээр байна. Дархан-Уул аймагт л гэхэд АН-ынхаас өөр намын ямар ч гишүүн оруулахгүйгээр ИТХ-ын сонгууль хийсэн шүү дээ. Энэ бүх хямрал юунаас үүдэв. Мэдээж өмнөх сонгуулиас. Тиймээс дахиж ийм байдалд хүргэхгүйн тулд одоо Сонгуулийн хуулиа заавал өөрчлөх шаардлагатай болоод байна. Хэрвээ өөрчилж чадахгүй бол 2016 онд, цаашлаад сонгуулийн дараа ч энэ хямрал үргэлжилнэ.
-УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн хуулийг боловсруулах, нэгтгэх ажлын хэсэг байгуулагдсан. Та гишүүн нь. Ажлын хэсэг хэдэн удаа хуралдсан бэ. Ямар ч байсан нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй юм шиг байна?
-Сонгуулийн хуулийн ажлын хэсэг нэг удаа хуралдсан. Хуралдаанаар юу гэж тохирсон гэхээр, МАН-ын бүлгээс хэлэлцэх асуудлаа эхлээд бэлдэж, нэгтгээд удирдлагууддаа танилцуулах журмаар явъя гэсэн бол АН-ынхан юун түрүүнд намын дарга нар нь хоорондоо ярилцаж тохирсны дараа ажлын хэсэг хуралдах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Гэвч эцсийн байдлаар тохирч ярилцсан зүйл одоогоор алга.
-УИХ дахь МАН-ын бүлэг дотроо хуралдсан уу?
-Манай намын бүлэг хуралдаад, энэ асуудлыг нэлээд хугацаанд ярилцсанаас гадна бусад намтай зөвшилцөж, Сонгуулийн хуулийн төсөл боловсруулсан. Одоо Су.Батболд нарын өргөн бариад байгаа хууль шүү дээ. Хамгийн сүүлд өнгөрсөн даваа гаригт бүтэн хуралдаад, зургаан заалт бүхий үндсэн чиглэлийг баримталж, ажлын хэсэг ажиллах ёстой гэж үзсэн.
-Ямар чиглэлүүд байгаа вэ?
-Нэгдүгээрт, иргэдийн хамгийн их эргэлзээд байгаа хар машины дүнг хяналтын тооллогоор баталгаажуулдаг байх гэсэн чиглэл. Өөрөөр хэлбэл иргэдийн өгсөн саналыг давхар тоолоод, хар машины дүнтэй тулгах хэрэгтэй. Түүнийгээ видео бичлэгээр баталгаажуулж, олон нийтэд цацах ёстой. Ингэсэн тохиолдолд хүмүүсийн эргэлзээ нэг талдаа гарна шүү дээ. Түүнээс гадна санал тоолох тус машинд ямар нэг программ уншуулж байгаа нь мөн хардах үндэслэл болоод байгаа учраас, программын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, эсвэл түүнд эргэлзээд байгаа хүмүүс туршилт хийг. Асуудлыг ингээд шийдчихэж болно. Хоёрдугаарт, сонгогч нь улс төрийн намыг бус хүнийг сонгодог байя. Нэг намын хоёр хүн хоорондоо өрсөлдөхгүй байх үүднээс нэг мандаттай 48 тойрог байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гуравдугаарт, УИХ-д сонгогдсон гишүүд нам эвслээ сольсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй. Сонгуулийн зөрчил, маргааныг шийдвэрлэх болон нөхөн сонгуулийн хугацааг хуулиар мөн зааж өгөөд, хэрвээ зөрчвөл хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай. Эцэст нь саналын хуудаст нам, эвсэл, нэр дэвшигчийг бичихдээ УИХ-д суудалтай, үгүйгээр нь ялгах бус Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг баримтлах учиртай гэсэн чиглэлийг ажлын хэсэгт өгч байгаа.
-Хар машины эргэлзээ маш их яригдаж байна. Гэтэл энэ машины дүнгээр УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд ч байгаа шүү дээ. Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн А.Бакей манай сонинд өгсөн ярилцлагадаа “МАН-ынхан хар машиныг эсэргүүцэж байгаа нь өөрсдийгөө үгүйсгэсэн хэрэг” гэж дурдсан?
-Хар машинд эргэлзэх эргэлзээ нийгэмд бий болчихсон. Бид хувийн эрх ашгаа яриагүй байна шүү дээ. Тиймээс нийгэмд бий болсон эргэлзээг л тайлъя гэсэн. Эргэлзээг тайлж, шийдэж явахгүй бол цаашдаа нийгэмд тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй байдаг юм.
-Ерөнхийлөгчийн сонгуулиар 300 гаруй хэсэгт гараар давхар тоолоод ямар ч саналын зөрүү гараагүй юм биш үү. Түүнээс гадна шодоод ч юм уу, ярилцаад дурын хэсэгт давхар тооллого хийж болно гэсэн саналыг АН-аас гаргаад байгаа?
-Өмнө нь бол сонгууль явагдаад дууссаны дараа тэндээс нь сонгож аваад дахиж тоолъё гэсэн юм. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалт явагдахаас өмнө хоёр хэсгийг сонгоно гэх шийдвэр гаргасан. Энэ л эргэлзээтэй байдал үүсгээд байгаа юм. Яагаад заавал сонгуулийн өмнө гэж.
-Сонгуулийн тогтолцооны хувьд ямар байх нь зөв юм бэ. Та түрүүн хэлсэн намыг бус хүнийг сонгодог байя гэж?
-Үндсэн хуульд ард түмэн УИХ-ын гишүүдийг шууд сонгоно гэсэн байдаг. Гэтэл тус заалт байхгүй болоод, хүмүүс санал өгөхдөө намын нэр дугуйлж байна. Тэгэхээр Үндсэн хууль зөрчиж байна гэж хэлж болно. Дээр нь 48 гишүүнийг нэг мандаттай тойргоос сонгоё гэж байгаа. Уг нь улс төрийн сонгууль бол өөрийн гэсэн үзэл баримтлалтай өөр өөр намуудын хооронд явагдах ёстой шүү дээ. Гэтэл томсгосон зарим тойрог дээр нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх тохиолдол гарч байсан. Тухайлбал, Баянзүрх дүүрэг дээр МАН-ын хоёр хүн хоорондоо өрсөлдсөн ч ялсан хүн нь МАН-аас урваж байх жишээтэй. Энэ бүхэн нь өөрөө сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатайг харуулаад байгаа юм. Тиймээс үүнийг шийдэхийн тулд 48 гишүүнийг нэг, нэг мандаттай тойрогт оруулъя гэсэн саналыг гаргаж байгаа юм.
-Тэгвэл УИХ-ын сонгуулийг орон нутгийнхтай хамт явуулах уу, үгүй юу гэдэг дээр байр сууриа илэрхийлээч. АН-ынхан хамтад нь явуулах хэрэгтэй гээд байгаа?
-Сонгуулийн төв байгууллагын бүтцийг хэвээр хадгалах, аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд сонгуульд нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулан, тэдний үүрэг хариуцлагыг чангатгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл УИХ, орон нутгийн сонгууль тус тусдаа явах нь зүйтэй гэж бид үзэж байгаа.
-Яагаад хамтад нь явуулж болохгүй гэж?
-Тоолж үзсэн юм. Жишээ нь, нэг сонгогч санал өгөхөөр орлоо гэж бодъё. Гэтэл одоогийн томсгосон тойргоор авч үзвэл эхлээд УИХ-д нэр дэвшигчдийг оролцуулаад дунджаар арван хүний нэр байна. Мөн намын жагсаалт гээд хэд хэдэн намаас нэгийг нь дугуйлна. Дараа нь аймаг, сумдын ИТХ-д нэр дэвшигчээ сонгоно. 30-40 хүний нэр. Ингээд үзэхээр бараг нэг метр гаруй урттай саналын хуудас бөглөх шаардлага үүсч байгаа юм. Тэгэхээр нэгдүгээрт, санал өгч байгаа иргэн будилах тохиолдол гарна, мөн нэг л нэр алдаад дугуйлчихвал саналын хуудас хүчингүй болчихно. Үүнээс үүдээд бөөн маргаан гарч, асуудал үүснэ. Санал авах хуудас аль болох энгийн, ойлгомжтой байх ёстой.
-Сонгуулийн хуулийг он дуусахаас өмнө батлах ёстой. Гэтэл цаг нь тулчихлаа?
-Сонгууль болохоос зургаан сарын өмнө баталсан байх учиртай. Одоогийн УИХ-ын сонгуулийн тухай хуулиар бол сонгууль ирэх оны зургадугаар сарын сүүлийн хагасын ажлын өдөр болно гээд, тухайн өдрийг амралтын өдөр болгохоор зохицуулагдсан байгаа. Тэр өдрийг зургадугаар сарын 29 байя гэж бодъё л доо. Тэгэхээр нэгдүгээр сарын 29-нөөс өмнө батлах шаардлагатай гэсэн үг.
-Сонгуулийн хуулийг баталж чадахгүй бол өмнөх хуулиар явна. Хэрвээ өмнөх хуулиар явбал МАН-ынхны тавьж байгаа хар машин ч гэх юм уу, бусад өөрчлөлтүүд Сонгуулийн хуульд орохгүй болчихно шүү дээ?
-Өөрчлөлт орохгүй бол 2016 оны сонгууль маш хүнд сонгууль болно. Асар их хэл ам дагуулсан, шинэ УИХ бүрдэхгүй байх ч магадлалтай. Улс төрийн жинхэнэ хямрал болно доо. Тийм учраас л яаралтай засах хэрэгтэй гэж бид хэлээд байгаа юм. Харамсалтай нь З.Энхболд даргатай АН-ынхан энэ байдлыг засахгүй, Сонгуулийн хуулийг хэлэлцэхгүй гээд байна. УИХ-д байгаа цорын ганц сөрөг хүчнээ хүртэл сонсохоо байжээ.
-Сонгуулийн хуулийг өөрчилье гэсэн тэмцэл хийгээд, жагсаал зохион байгуулаад эхэлчихсэн байна?
-Та бүхэн харж байгаа бол эсэргүүцлээ илэрхийлээд МАН-ын нэг ч гишүүн Байнгын хорооны хуралдаанд суухгүй байгаа. Өөрчлөхгүй бол гудамжиндаа гараад тэмцээд явна. Бид эдийн засаг, ард түмний амьдралыг сүйрүүлж байгаа энэ хуулийн хажуугаар нүдээ аниад, чихээ дараад өнгөрөхгүй.
-МАН Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй бол тэмцэнэ гэлээ. Өөрчлөхгүй ч байсан мэдээж сонгууль болдгоороо болно. Өөрчлөөгүй сонгуульд тэгвэл оролцох уу?
-Оролцоно. Эрх биш хямарсан байгаа эдийн засаг, аж ахуйн нэгж, улс орноо аваръя гэж бодож оролцоно. Иргэд доройтоод байгаа амьдралаа сайжруулья, аж ахуйн нэгжүүд бизнесээ аваръя гэж бодож саналаа өгөх байлгүй дээ.
-УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа АСЕМ-ын уулзалт ч гэдэг юм уу, томоохон шалтгаанаар УИХ-ын сонгуулийг хойшлуулж болно гэсэн байна лээ. Тийм боломж байгаа юм уу?
-Тэгж болохгүй шүү дээ. Дөрөв, дөрвөн жилээр явдаг. Тэр зарчмаараа л явах ёстой. АСЕМ-ын хурал гээд сонгуулийг хойшлуулж огт болохгүй. Хэрвээ тэгж байгаа бол зургадугаар сарын 16-нд сонгуулиа хийчих. Тэгээд сарын дотор АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлаа дуусгах хэрэгтэй. Сонгуулийг дарангуйлагчтай, дектатуртай улс л хойшлуулдаг. Харин ардчилсан улсууд улс оронд нь хямрал үүссэн ийм цаг үед харин ч сонгуулийн хугацаагаа урагшлуулдаг юм.
-Сүүлийн үед гарч байгаа нэгэн дуулиантай мэдээллийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Тэр нь МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болох тухай асуудал. Нэрийг нь өргөн барьчихсан байна. Н.Энхбаяр Шадар сайд болоод, одоогийн Шадар сайд нь харин Эрүүл мэнд, спортын сайд болох гэж байгаа гэсэн?
-Энэ тухай мэдээлэл алга. Сонсоогүй юм байна.
-Хэрвээ ийм зүйл болвол яах вэ?
-Эрх барьж байгаа АН, МАХН, МҮАН-ынхан лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, бидэнд ямар хамаа байна. Бусдын асуудалд орооцолдох шаардлагагүй ээ.
-Таны хувьд МАХН-тай эвсэх асуудлыг дэмжиж байгаа юу?
-Дэмжиж байгаа. Асуудлаа яриг. Саналуудыг нь сонсъё.
Г.БАЛЖИННЯМ
эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ