Г.Пүрэвдагва: Нөхөрлөлийн үнэ цэнийг олж харах болов уу

img

 

Uvertura” хамтлаг тун удахгүй “Надад үлдсэн найз”мюзикл тоглохоор болжээ. Үүнтэй холбогдуулан хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагватай уулзаж ярилцлаа.

 

-“Uvertura” хамтлаг тун удахгүй мюзикл тоглоно гэж сонслоо. Энэ талаар тодотгохгүй юу?

-Бид 2016 оны нэгдүгээр сарын 16,17,18-ны өдөр “Надад үлдсэн найз” мюзиклийг УДЭТ-ын тайзнаа гурван удаа тоглохоор боллоо. Манай хамтлагийн гишүүд өөрдсөө мюзиклийнхээ гол дүрд нь тоглоно. Урилгаар Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, УДЭТ-ын жүжигчин СТА Ц.Баясгалан, Б.Нармандах гээд үндсэндээ 7 гол дүртэй.  Ерөнхий найруулагчаар “Милл” кино компанийн найруулагч Л.Лхагважаргал ажилласан. Харин зохиолыг нь А.Мөнхбат гэдэг залуу бичсэн байгаа. “Анир” дуу студийн хөгжмийн найруулагч Б.Алтанхуяг хөгжмийн зохиолчоор ажиллаж, бүжиг дэглээчээр СУИС-ийн багш Ганбаяр, тайзны зураачаар УДЭТ-ийн тайзны зураач Түмэн-Өлзий гээд олон хүн ажиллаж байна.

 

 

-“Надад үлдсэн найз” гэж их содон нэр юм. Юуг өгүүлэхийг зорив?

-Орчин үед, найз нөхдийн мөн чанар яг юун дээр тогтож байна вэ, найзууд хоорондын үерхлийн утга учир хаана оршдог юм бэ гэдгийг л харуулахыг гол чиглэл болгож байна.. Надад ер нь одоо хэн байгаа юм бэ. Хэн миний найз юм бэ. Найз нөхөд үерхлийн үнэ цэнэ юун дээр тогтдог юм бэ гэдгийг л үзэгчид олж харах болов уу гэж бид үзэж байна.

 

-Миний санаж байгаагаар бараг 2 жилийн өмнө мюзикл тоглоно гэж та ярьж байсан?

-Манай хамтлаг анх 2009 онд байгуулагдсан. Яг тэр үеэс л маш олон зорилго, зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, өмнөө тавьсан юм. Анхны зорилт бол “Монгол поп опера” урсгал буюу монгол ахуй, монгол уран бүтээлчдийн хөгжим, яруу найрагчдын шүлгийг дэлхийн урсгалтай цогцлоох явдал байсан. Тэр ч утгаараа 2013 онд “Төгсгөлгүй эхлэл” нэртэй, Монгол поп опера 100 хувь оркистортой, 100 хувь амьд тоглолт толилуулсан. Үүний дараагийн том зорилго бол энэ мюзикл юм. Анх хамтлаг байгуулахдаа л мөрөөдөж байсан мөрөөдөл минь энэ. Тэр мөрөөдөл, одоо ингээд биелэх шатандаа ороод явж байна даа. Бидний хүсэж мөрөөдөж байсан хамгийн том зорилгуудын маань нэг.

 

-2 жилийн өмнө ярьж байхдаа хамтлаг яаж бүрдсэн талаар мюзиклдээ тусгана гэж байсан?

-Бид 4 анх “Хөгжим бүжгийн коллеж”-ийн  “Дуурын дуулаач”-ын ангид элсэн орж байснаас хойш, үндсэндээ 10 гаруй жил үерхсэн байна. Сургуулиа төгсөх жилээ хамтлаг байгуулаад гарч байсан. Арван жилийн нөхөрлөл, алдаа оноо, энэ бүхэн дээр суурьлуулж мюзиклийн зохиол бичүүлэх захиалгаа анх өгч байсан юм. Гэсэн хэдий ч зохиол явцдаа өөрчлөгдсөн. “Uvertura” хамтлаг 2013 оноос хойш 2 жилийн хугацаанд суларсан гэж хүмүүс харж байж магадгүй. Тэгвэл энэ мюзикл бидний хоёр жилийн уран бүтээл юм шүү. Олон мэргэжлийн уран бүтээлчдийн хөлс, хөдөлмөр учраас нэлээн ач холбогдол өгч, яаралгүйгээр ажилласан юм.

 

-Мюзиклийнхээ онцлогийг та юу гэж харж байна вэ?

-Дуучид, мэргэжлийн жүжигчид хамтарч мюзикл тавьсан түүх манайд бараг байхгүй болов уу. Үүгээрээ анхдагч байж магадгүй. Мюзикл цөөнгүй тавигдаж байсан. Тухайлбал, “Guys” хамтлагийн “Зун орсон цас” мюзиклийг нэрлэж болно. Гэхдээ “Guys” хамтлагийнхан, СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн мэргэжлийн жүжигчид. Харин бид бол мэргэжлийн дуучид. Тэгэхээр дуучид, мэргэжлийн жүжигчидтэй хамтарч мюзикл тоглож байгаагаараа нэг шинэ өнгө аяс юм даа. Мөн Монгол зохиолчийн зохиол, найруулагч нь монгол гэхээр бас л бидний уран бүтээлийн чиг хандлага, нөгөө монгол ахуй энд тусаж байна шүү дээ. Мюзикл гэхээсээ илүү драмм төрлийн “Парисын дарь эхийн сүм”, “Ромео Жульетта” зэрэг жүжиг тавигдлаа. Эдгээрийг  мюзикл гэж нэрлэж болох ч гадны зохиолчийн бүтээл. ҮДБЭЧ-т дуулалт жүжиг, үндэсний дуурь жил бүр тавигддаг. Тэгвэл чөлөөт уран бүтээлчид анх удаа мюзикл тоглож буйгаараа сонин содон юм болов уу гэж бодож байна.

 

-Ингэхэд “Монгол поп”-оос “Монгол поп опера” урсгал ямар ялгаатай юм бэ? Уулзвал асуухсан гэж бодож явлаа.

-Энэ урсгал дэлхий дахинд сүүлийн 20 жилд эрчимтэй хөгжиж байгаа юм билээ. Харин Монголд сүүлийн 10 жилд хөгжиж байна. Анх “Нюанс” хамтлаг энэ урсгалыг Монголд оруулж ирсэн. Манай хамтлаг анх байгуулагдаж байх үед “Нюанс”, “Boys”, “Classic jem” зэрэг хамтлаг эд хүчээ авч байсан. Эдгээр хамтлагийг сонсоод л ямар ч байсан бид поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвих ёстой юм байна гэж ойлгосон. Монголынхоо хуучны сэтгэлд хоногшсон дуунуудыг болон шинэ зохиогдох дуугаа бид заавал энэ урсгал руу оруулах ёстой гэж анх уран бүтээлийнхээ чиглэлийг тодорхойлж байсан хэрэг. Бид Монгол поп операг цааш нь үргэлжлүүлэхээс гадна Монгол дуунуудаа энэ урсгал руу оруулж дуулахыг л зорилго болгож байна. Ерөнхийдөө “Монгол поп” урсгалтай адилхан.

 

Удахгүй шинэ жил болно. Манайхны нэрлээд байгаа “халтуур”-д танай хамтлагийг тэр бүр яваад байдаггүй гэж  сонссон?

 

-Мэдээж уран бүтээлчид бид бүхний тэр тусмаа чөлөөт гэж яригдаад байгаа бидний хувьд бол  уран бүтээлээ хүргэх ганц боломж бол шинэ жил шүү дээ. Хажуугаар нь бас амьдрал явагдаж байна. Тийм болохоор, тодорхой хэмжээгээр харилцаатай ажилладаг байгууллагынхаа шинэ жилд очно. Биднийг хүн хамгийн эрхэм баяр дээрээ урьж байхад “Үгүй ээ. Бид нар очдоггүй” гэж болохгүй шүү дээ. Ер нь өнгөрч байгаа жилд уран бүтээлчдийн хэн нь одтой хийморьтой байсан бэ гэдгийг харж болох юм.

 

-Оны өмнө мюзиклээ тоглож, үзэгчдэд бэлэг барьж амжсангүй юу?

-Бид жил гаруйн хугацаанд төлөвлөсөн. Тийм учраас оны өмнө амжсангүй. Төлөвлөгөөгүйгээр энэ ондоо багтаагаад яаралтайгаар дуусгах гэвэл утга төгөлдөр болохгүй. Одоо шинэ жилийн уур амьсгал орчихсон хаа сайгүй л баяраа тэмдэглэх гээд ид ажилтай байгаа учраас үзэх хүн ховор. Ер нь тийм байдаг л даа. Тэгээд он гараад хүмүүс нэлээдгүй ажлын ард гарчихсан, шинэ оны эхлэл ирсэн байх учраас “Надад үлдсэн найз” мюзикл маань, шинэ оны хамгийн анхны тоглолт болох болов уу гэж бодож байна.

 

 

-Сүүлд нь мюзиклийн нэртэй холбоод асуухад, танд үлдсэн хамгийн эрхэм найз хэн бэ?

-Хамгийн түрүүнд хамтлагийн гурваа хэлнэ. Найз гэдэг үг өөр, анд гэдэг үг ч өөр утга учиртай л даа. Тэгэхээр энэ хоёр үгний үнэ цэнэ, утга санаа, мюзиклээс маш тодорхой харагдах болов уу.

 

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

 

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ