С.Жамъянхорол: Оросын эвхдэг цагаан орны төмрөөр хүртэл хөгжим хийж байлаа

img

 

Монголчууд дэлхийд гайхагдах авьяастай гэдгээ “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгээр харуулсан. Уг шоуны шилдгээр шалгарч, 100 сая төгрөгийн шагнал хүртсэн “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш С.Жамъянхоролтой ярилцлаа.

 

-Юуны түрүүнд үндэсний ялагч болсонд тань баяр хүргэе. Энэ цаг үед Монгол даяар танаар бахархаж байна.

 

-Их баярлаж байна. Телевиз үзэгчдэд бидний хөгжим таалагдсан болов уу гэж бодож байна. Өдийг хүртэл явж, энэ зэргийн амжилт гаргахад минь тусалж дэмжсэн бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна.

 

-“Эгшиглэнт чимээ” хамтлаг олон жилийн өмнө байгуулагдсан гэж сонссон юм байна?

 

-Би 1998 оноос л эхлээд хүүхдийн урлагийн наадамд хамтлаг хөгжимчдийг бэлтгэж оруулдаг байсан. 2001 онд анх дөрвөн хүүхдийн бүрэлдэхүүнтэй “Эгшиглэнт чимээ” хамтлаг байгуулаад, өдий хүртэл олон хүүхэд төгсгөж, одоогийн 35 хүүхдийн бүрэлдэхүүнтэй хамтлаг маань бүрдсэн юм даа. БСШУЯ-аас “Авьяас” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш, хамтлагийнхаа гишүүдийн тоог нэмэгдүүлж сургаж эхэлсэн.

 

-35 хүүхдийг нэг хүн шиг яаж ингэж нэгтгэж чадав аа? Хамгийн бага нь хэдтэй вэ?

 

-Таван настай Э.Тэргэл гэж охин бий. Манай хамтлагт 5-14 насны хүүхдүүд байдаг. Шоунд оролцоход мэдээж би ганцаараа 35 хүүхэд хариуцаж явна гэж байхгүй. Тухайн үед тоглолтын хувцас, хоол унд замын зардал гээд уран бүтээлээс бусад бүх зүйл дээр тусалж дэмжсэн хүмүүсийн төлөөлөл бол эцэг эхчүүд байсан.

 

-Хамгийн бага нь 5 настай гэхээр жаахан юм. Гэрээ санаад уйлах ч юм уу тийм үе байв уу?

 

-Бид “Авьяаслаг Монголчууд” шоуны хагас шигшээ тоглолтонд бэлтгэж эхэлснээс хойш хүүхдүүдэд маань хэцүү байсан байх. Учир нь олон цаг бэлтгэл хийхээс эхлээд хүндхэн цаг мөч олон байлаа. Гэхдээ л хүүхэд болсон хойно ядарч байна,  гэрээ санаад байна гэхээсээ илүү “багшаа бид хэзээ тайзан дээр гарах юм” л гэж асууж байсандаа.

 

-Хүүхдүүдийг юу ингэж нэгтгэж, гайхам авьяастай болоход нөлөөлсөн юм бол?

 

-Мэдээж хөгжим.  Миний хийсэн хөгжмийн зэмсэг хүүхдүүдэд сонирхолтой бас их ойр санагддаг байх. Хөгжмөө тоглож сурахдаа хүртэл инээлдэж хөхрөлдөөд хүүхдүүд маань их сонирхоно оо.

 

-Төмөр, хуванцар хоолой, яс зэргээс хөг аялгуу гаргах санаа чухам хаанаас төрснийг асуумаар байна?

 

-Ер нь хөг аялгуугүй эд материал гэж байдаггүй. Одоо надад 10 гаруй төрлийн 450 хөгөөр тоглогддог 35 хөгжим байна. Эхний үед хөгжмүүдээ ганц ганцаар нь тоглуулж байсан. Сүүлийн жилүүдэд олон төрлийн хөгжмөө нэгтгээд нэг хөгөнд оруулж, олон хүүхдээр яаж тоглуулж болох вэ гэдэг тал дээр маш их ажилласан. Энэ бол зүгээр л миний сонирхол юм уу даа.

 

-450 төрлийн хөгтэй 35 хөгжмийн зэмсгээ өөрөө урласан гэсэн?

 

-Анхнаасаа л өөрийн зохиосон хөгжмийн зэмсгээр хүүхдүүдээ бэлтгэдэг байлаа. Эхлээд модоор хөгжим хийж эхэлсэн. Дараа нь Оросын эвхдэг 40 төгрөгийн үнэтэй цагаан орны төмрөөр хүртэл хөгжим хийж байлаа. Дараа нь лонхонд ус хийж эзэлхүүнээр нь хөглөж, хөгжим хийж эхэлсэн юм. Шаазан, чулуу, яс, труба, төмөр, сангийн хоолой, машины эд анги, сумны хонгио, насос, чийдэнгийн бүрхүүл гээд дуу гаргаж болох бүх зүйлээр хөгжим хийсээр л байна.

 

 

-Нэвтрүүлгийн ялагч болсноор шавь нар нь  маш том урам авсан болов уу?

 

-Би энэ тайзан дээр гарснаар хүн бүрт өөрийнхөө 30 жилийн хөдөлмөрийг таниулж чадсан. Харин авьяаслаг хүүхдүүдийг маань хүн бүр хайрлаж, тэднийг өхөөрдөж, гудамжаар явж байхад “Эгшиглэнт чимээ”-ийнхэн явж байна гэцгээгээд л. Шавь нарт минь сайхан байх шиг байна лээ. Тэд маань ирээдүйд “Урлагийн хүн болно” гэж ярилцаж байхыг сонсоод надад ч сайхан байгаа. Нөгөөтэйгүүр хүүхдүүд болон эцэг эхчүүд маань аливаа том арга хэмжээнд хэдий олуулаа ч гэсэн сайн зохион байгуулалттай оролцож сурлаа. Энэ том туршлага шүү дээ.

 

-30 жил гэдэг урт хугацаа. Энэ хугацаанд хичнээн шавьтай болсон байх юм?

 

-1998 оноос хойш тасралтгүй багшийн ажил хийж байна. Үүнээс өмнө сайн дурын уран сайханч, соёлын төв, мод боловсруулах комбинат, ардын цирк, үйлдвэрийн соёлын ордны хөгжимчин гээд л янз янзын ажил хийж байлаа. Тэгээд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хөгжмийн багшаар ажиллаж эхлээд 1995 онд Эрдэнэтийн гуравдугаар арван жилд багшилж байсан. 2001 оноос Дархан-Уул аймгийн долдугаар арван жилд өдийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Хүүхдүүдтэй ажиллах хамгийн сайхан мэргэжил гэж боддог. Бас өөрийнхөө сонсголоор гоё сайхан дуу авиа гаргаж болохоор эд зүйлс цуглуулж түүгээрээ хүүхдүүдийн хөгжмийн боловсролд хувь нэмрээ оруулж байгаа гэж бодоход сэтгэлд сайхан л санагддаг юм. Шавь нарын маань тоо 100 нэлээн хол давсан байна.

 

-Магадгүй энэ нэвтрүүлэгт ороогүй бол таны 30 жилийн хөдөлмөрийг хэн нэгэн олж харах байсан болов уу?

 

-Би Японд охиныхоо хонхны баярт оролцоод ирсэн чинь манай шавь нарын эцэг эхийн төлөөллөөс “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцохоор аль хэдийнэ бүртгүүлчихсэн байсан. Тэгээд л би өөрөө оролцохгүй хүүхдүүдээ оруулъя гэж шийдээд бэлдэж эхэлсэн дээ. Тэгсэн нэг өдөр “Авьяаслаг Монголчууд” шоуны уран бүтээлчид манай бэлтгэл хийдэг танхимд ирж бидний үзүүлбэрийг үзэж сонирхсон. Учир нь хөгжим хүүхдүүд гээд бүх зүйлээ аваад очиход шалгаруулалт хийсэн газар бид багтахааргүй байсан л даа. Тухайн үед би хувьдаа шоуны багийнхан ирж үзэх болов уу даа гэж бодож, хүүхдүүдээ бүрдүүлээд, бэлдээд хүлээж байлаа. Эхний шат буюу шүүгчийн шалгаруулалтад бид хотод ирж оролцох ёстой болсон. Нэгэнт шоу тэмцээнд орно гээд сэтгэл шулуудсан учраас эцэг эхчүүдтэйгээ ярилцаад том оврын автобус хөлсөлж хотод ирж байлаа даа. Анх тайзнаа гарч тоглолтоо үзүүлээд үзэгч, шүүгчдээс сайн үнэлгээ авахад үнэхээр сайхан байсан.

 

-Дархан-Уул аймгийн Боловсролын газраас таныг Монгол улсын гавьяат багш цолонд тодорхойлсон гэсэн.

 

-Их л баярлаж байна. Ер нь манай нутгийн захиргаанаас чадлаараа л дэмждэг юм. Сургуулийн хамгийн том заал танхимийг надад өгч бэлтгэлээ хийх орчин нөхцлийг бүрдүүлж өгдөг. Наад зах нь биеийн тамирын матраасаа хүртэл өгөөд явуулдаг. Энэ дашрамд сургуулийнхаа захиргаа, хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна.

 

-100 сая төгрөгийн эзэн боллоо. Шагналын мөнгөөрөө юу хийх вэ?

 

-Хамгийн түрүүнд хүүхдүүдээ баярлуулна даа. Хамтлагийнхаа үйл ажиллагаанд зориулсан техник хэрэгсэлтэй болно гэж бодож байна. Би ч ер нь тэгээд энд тэнд хөгжим, дуу авиа гаргаж болох юу л байна тэр болгонд хамаг байдгаа зарцуулчихдаг болохоор хүүхдүүдийнхээ тоглох хөгжим хэрэгсэлд л зарцуулна байх даа. Тэгээд өөрт ноогдох тодорхой хэмжээний хувиа, хувийнхаа хэрэгцээнд л зарцуулна гэж бодож байна даа.

 

-Сүүлд нь асуухад, тэмцээнд оролцоод эргээд харахад таны олж авсан хамгийн чухал зүйл юу байна вэ?

 

-Энэ шоуны гол зорилго нь монгол түмэнд монгол хүний авьяасыг таниулахад оршиж байгаа гэж зохион байгуулагчид хэлж байсан. Тиймээс би бүх Монголчууддаа өөрийнхөө зохиосон хөгжмийг танилцуулсандаа,  бяцхан шавь нарынхаа ямар мундаг хөгжимчид болохыг харуулсандаа туйлын баяртай байна.  Эцэст нь биднийг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Энэ нэвтрүүлэгт оролцсоноор хүүхдүүдэд маань маш том итгэл төрсөн. Тэд маань “Урлагийн хүн болно” гэж ярьж байгааг сонсоход сэтгэл их сайхан байна. Надад энэ л хангалттай.

 

Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
xutagt xuwilgaadiin ulgii nutag bolson zawxanii xvn bna daa zowxi n deeshee bsniimaa bayr xvrgie urt nasalj udaan jargaarai
2015-12-17
Зочин:
ene bagshd xamgiin tyrvvn bayrlax estoi bx ranid amjilt xvsie
2015-12-17
зочин:
Тэр олон хүүхдүүдийг нэгтгэж чадаж байна авъяас байна сэтгэл байна Үүнийг л ард түмэн үнэлэх хэрэгтэй
2015-12-17
зочин:
манайхан шал тэнэг юм Дандаа л мөнгө асуух юм хүн юундаа зарцуулах нь хэнд хамаатай юм
2015-12-17
Zochin-d:
Shuult shudarga bish gej yu yariad bgaam, 1-rt ard tumen uzegchid shuusen, 2-rt yugaar yamar hugjim hiij jinhene hugjim shig ayalguu gargaj chadsanig har, gaihaltai, harin ch jinhene taarsan nudee Olson shagnal, bayar hurge
2015-12-16
Зочин:
baharhaj bna
2015-12-16
Зочин:
Шуулт шударга бус болсон. Нугараач охин туруулэх байсан. Дэлхийд ч туруулнэ. Гайхамшигаа олж харахгуй шоучингууд. Хуухдуудийг муулаагуй шуу. Гол нь шударга шуулт байсангуй шал бооронхий шуугчидтэй. Урлагийн мэдрэмжгуй хумуус нийлэхээр ийм л юм болж байна даа
2015-12-16
Зочин:
Одоо тэнгэрт тултал магтдаг нь эхэлж дээ. Монголчуудаа эсвэл газарт ортол муулна. Нобелийн шагналд эсвэл оскарт нэр дэвшуулээд уз дээ. Ходолморийн баатар, торийн шагналаа хайрла. Мундаг байнаа
2015-12-16
zochin:
авъяаслаг хөөрхөн хүүхдүүд, багш бол жинхэнэ хөдөлмөрч ардын багш, баяр хүргэе, улам их амжилт хүсье
2015-12-16
az:
saihan hodolmorch hyn yum.tand sain saihniig hysie
2015-12-16
zochin:
АВЪАСЛАГ ХӨӨРХӨН СУРАГЧИДТАЙ, АЧТАЙ БУЯНТАЙ БУУРАЛ БАГШ ТАНДАА АМЖИЛТЫН ДЭЭДИЙГ, АМЬДРАЛЫН САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ
2015-12-16
Агуу агуу:
Үнэхээр мундаг багш, юу хэлэхэв. Эвтэй байхдаа Хүчтэй гэдгийг харуулж чадсан гэж бодож байна. 35 хүүхдийн, багш, эцэг эхийн хэдэн мянган цагийн хөдөлмөр шингэсэн юм шүү дээ. 35 хүүхэд 4 цагийн бэлтгэл 20 хоног = 2800 цаг, том хүн биш хүүхдийг ингэж сургана гэж бодохоор бишрэхээс яахав, ард нь байгаа эцэг эхчүүд үүнээс багагүй цаг зарцуулсан байгаа даа
2015-12-16
zochin:
Амжилт хүсье ахмад багшдаа. Завханы хүн гэсэн үү, энэ Завханыхан ер оюунлаг талдаа хүмүүс юмаа.
2015-12-16
Зочин:
Үнэхээр сайхан сэтгэлтэй уйгагүй багш байна аа. Баяр хүргье!
2015-12-16