Монголын парламентын төлөөлөгчид Токиогийн чуулганд оролцоно

img

Улсын Их Хурлын дэд дарга Н.Энхболд тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид Японы Токио хотноо энэ сарын 8-12-ны өдрүүдэд болох Ази-Номхон далайн парламентын /АНДПЧ/ ээлжит 20 дугаар чуулганд оролцоно. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Энхбат, мөн УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Ш.Бадам, Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамц нар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Токиогийн энэ удаагийн чуулганаар АНДПЧ-ны уламжлалын дагуу Ази-Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны асуудал болон бүс нутгийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын асуудалд анхаарлаа хандуулах юм. Мөн гамшгийн үеийн бэлэн байдал болон цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаар бүс нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний хүрээнд 2011 оны гуравдугаар сард Японы зүүн хэсэгт тохиолдсон хүчтэй газар хөдлөлтийн хор уршгийн тухай санал солилцох юм байна. Энэ удаагийн чуулган нь АНДПЧ-ны 20 жилийн түүхэн ойгоор тохиож буй агаад АНДПЧ-ны цаашдын үзэл баримтлал, чиглэлийг хэлэлцэж шинэчлэхээр төлөвлөжээ. Манай улс 2011 оны нэгдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд АНДП-ын ээлжит 19 дүгээр чуулганыг эх орондоо амжилттай зохион байгуулсан юм. Улаанбаатарын чуулганд АНДПЧ-ны гишүүн 17 орны 223 төлөөлөгч болон ажиглагч хоёр орны төлөөлөгчид оролцон бүс нутгийн улс төр, эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон асуудлаар санал солилцож  нийт  17 орноос  37 тогтоолын төсөл ирүүлснийг нэгбүрчлэн хэлэлцэж баталсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ