Гурван нийгмийн араншинг “Усгал”-аас тольдоорой

Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан “Усгал” бүжгэн жүжгийн төслийг хэрэгжүүлж байна. Уг төслөөр Монгол авьяасыг дэмжих, бидний оюун санаа, итгэл үнэмшлийг шингээсэн, өрсөлдөх чадвартай бүтээлийг үндэсний болон дэлхийн үзэгчдэд хүргэхийг зорьж буй юм. Төслийн хүрээнд хүн төрөлхтний мөнхийн асуулт, эрэгтэй эмэгтэй хүний ус, гал мэт хоёр өөр оршихуйн мөн чанарыг илтгэх “Усгал” бүжгэн жүжгийг толилуулахаар болжээ. Энэ сарын 24-ны 19.00 цагт “Corporate” зочид буудлын концертын танхимд болох уг тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр бүжгэн жүжгийн гол санаа, агуулгыг уран бүтээлчдээс тодруулсан юм.
“Монголын урлагийн зөвлөл”-ийн урлагийн хөтөлбөрийн захирал Б.Номинтуяа: Гурван нийгмийн гурван өөр итгэл үнэмшлийг харуулна
-Эрэгтэй, эмэгтэйн хоёр хүний харилцаанд гардаг итгэл үнэмшлийг шингээсэн, дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээлийг үндэсний болон дэлхийн үзэгчдэд хүргэх зорилго тавин ажиллаж байна. Жүжгийн гол санаа, агуулгын хувьд Монгол Улс нүүдлийн соёлоос эхлээд ерөнхийдөө гурван нийгмийг дамжиж өнөөг хүрсэн байдаг. Энэ гурван нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн итгэл үнэмшил, бие биенээ харах өнцөг өөр өөр байсан. Гурван нийгмийн онцлогоос хамааран эрэгтэй, эмэгтэй хоёрын итгэл үнэмшил өөр өөр болсон гэдгийг харуулах юм. Эхний хэсэг “Гал усыг мөрөөдөв” гэдэг нэртэй. Үүнд нүүдлийн соёлтой холбоотой, итгэл үнэмшлийн тухай гарах бөгөөд эмэгтэй хүний үүргийг илүү тусгаж өгсөн байгаа. Хоёр дахь хэсэг “Ус галд дурлав”. 1960-70 оны үеийн эрэгтэй, эмэгтэй хүний бие биедээ дурлаж буй үйл явц, зан байдал, итгэл үнэмшлийн тухай өгүүлнэ. Харин гурав дахь хэсэг буюу “Усгал” бол яг одоо бидний амьдарч байгаа өнөө үе юм. Уламжлал ба шинэчлэл, мөрөөдөл ба бодит байдал дээр үүсч байгаа зөрчил, хувь хүн хоорондын маргааны талаар өгүүлэх юм.
Бүжиг дэглээч, бүжигчин Б.Одбаяр: Дэлхийн орчин үеийн бүжгийн чиг хандлагыг харуулна
-Бүжгэн жүжгийн зохиол 3 өөр төрөлтэй. Төрөл болгонд тохирсон бүжиг дэглэлт гаргахыг хичээж байна. Энэ бүжгэн жүжгээр дамжуулан дэлхийн орчин үеийн бүжгийн чиг хандлага аль зүгт байгааг харуулна. Үүгээрээ онцлог болов уу гэж бодож байна. Би АНУ-ын “Хэдвиг” орчин үеийн бүжгийн компанид бүжиг дэглээчээр ажилладаг. Энэ тоглолтын бүжгийг дэглэхээр Монголд ирээд байна. Орчин үеийн бүжиг, сонгодог бүжиг дээр суурилсан байдаг учраас сонгодог бүжгийн темпийг түлхүү оруулж өгч байгаа. Гэхдээ бүжгийн зохиолоос хамаараад ардын бүжгийн элементийг ч мөн оруулсан. Ерөнхийдөө дэлхийд гайхагдах монгол авьяасыг монголчууд өөрсдөө дэлхийд гайхуулах ёстой гэдгийг л зорилго болголоо.
ДБЭТ-ын гоцлол балетчин МУГЖ Ч.Ганчимэг: Мөрөөдлийн эмэгтэйн дүр бүтээнэ
-Дэлхийд амжилттай яваа залуу бүжиг дэглээчийн бүтээлийг амилуулна гэдэг маш хэцүү шалгуурын нэг юм. Яагаад вэ гэхээр хэдий бүжиг хөдөлгөөнөөр илэрхийлэгддэг ч, орчин үеийн бүжиг биеийн хөдөлгөөнийг түлхүү шаарддаг. Тэгтэл сонгодог бүжиг бол биеийн хөдөлгөөнөөс илүү нүүрний хөдөлгөөнөөр илэрхийлэгддэг учраас амар байдаг. Инээх, уурлах зэргийг нүүрний хөдөлгөөнөөр илэрхийилнэ гэдэг амаргүй юм. Бүжгэн жүжгийн эхний хэсэгт би гол дүрийн залуугийн мөрөөдлийн эмэгтэйн дүрийг бүтээнэ. Мэдээж гэр бүлтэй болоогүй байхдаа залуу хүн хэн нэгнийг мөрөөддөг. Харин хоёрдугаар хэсэгт тэр мөрөөдлийн бүсгүйтэйгээ дурлалцана. Ямарваа нэг алдаа мадгыг нь олж харахгүй. Бүх зүйл хайран дээр тогтож, аз жаргалтай байна. Гэтэл гуравдугаар хэсэгт хамт амьдарна. Амьдралын явцад таалагдахгүй, сэтгэлд нь нийцэхгүй асуудал маш их гарна. Тэр бүхнийг л “Урсгал” бүжгэн жүжгээр илэрхийлхийг зорьж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ