ШУУД онцолж байна
2015-12-22

 

Цэнхэр бөмбөрцгийн цаг хугацаа урсан, улиран одож хүмүүн төрөлхтөн нэгэн жилийг үдэж, ердөө 10 хоногийн дараа айлчлан ирэх шинэ оныг угтахаар зэхэж байна. Энэ цагт ард үлдсэн 355 хоногт хийж бүтээсэн, авсан өгсөн болоод амжилт бүтээл, алдаа оноогоо дэнслэн суугаа танд ШУУД.МН сайт уламжлал ёсоор Монгол эх оронд минь өрнөсөн үйл явдлаас сорчлон түүвэрлэж хүргэнэ. Өнөөдөр Монгол Улсын спортын салбар, тамирчдын амжилтыг ШУУД онцоллоо.

 

МОНГОЛ УЛСЫН БАГ ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


 

2015 оны наймдугаар сард бид хэдэн өдөр зурагтынхаа өмнөөс салаагүй. Догдолж, баярлаж, уухайлж басхүү шүүрс алдаж Казахстаны нийслэл Астана хотноо болсон Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ үзэж, тэнд эх орноо төлөөлөн өрсөлдөх хүчитнүүдтэйгээ сэтгэл зүрхээрээ хамт байсан. Монгол Улсын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ий хүрэл медалийн төлөө  эзэн орны багтай учраа таарч, гайхамшигт ялалтыг авчирсан. Ийнхүү Монголын Улсын жүдо эрэгтэй шигшээ баг анх удаа ДАШТ-ий хүрэл медалийн тавцанд зогсож, эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг Астанагийн тэнгэрт мандуулсан бахдам амжилтыг онцлон нэрлэж байна.

 

ДАСГАЛЖУУЛАГЧ ЦАГААНАА


 

Эр зориг, ур ухаан, хүч чадал төгс Хашбаатарын Цагаанбаатар жүдогийн татамигаа орхиж, дасгалжуулагчийн эгнээнд шилжлээ. Астанагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний татами дээрх түүний омогшил, бахархал дүүрэн ялалт, Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн дэлхийн аваргаас зүүсэн анхны хүрэл медаль жүдоч Х.Цагаанбаатарын амжилтын түүхийг хааж, шигшээ багийн дасгалжуулагч Цагаанаагийн шинэ түүхийг бичиж эхэлсэн.

 

Амьдралынхаа 20 жилийг их спортын дэвжээнд зориулж, ялалтын сайхан, ялагдлыг гашууныг мэдэрч, эх орныхоо төлөө, Монгол Улсын ялалтын төлөө зүрх, сэтгэлээ зориулан зүтгэсэн тэрбээр өдгөө Үндэсний шигшээ багтаа хүчин зүтгэж буй. “Өөрийнхөө авч чадаагүй олимпийн аварга цолтон төрүүлэхийн тулд хөлс хүч, чаддаг мэддэг бүхнээ зориулахаар шийдсэн. Зодог тайллаа ч татамигаасаа холдохгүй учраас хүнд шийдвэр биш байлаа" гэж тэр өөрийн цахим хуудаснаа сэтгэгдлээ хуваалцсан.

 

Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Ази тивийн хошой аварга, Азийн наадмын аварга, Зүүн Азийн аварга, Самбо бөхийн дэлхийн хошой аварга Х.Цагаанбаатар хүссэн, зорьсондоо хүрч, олимпийн аварга төрүүлэх нь дамжиггүй биз ээ.

 

ХАТАН ЗОРИГТ ТАМИРЧИН БҮСГҮЙ


 

2015 оны тавдугаар сарын 14. Кувейт улс. Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний татами дээр эмэгтэйчүүдийн -63 кг-ын жингийн аваргын төлөөх барилдааныг нэхэн саная. Монгол Улсын бөх Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа, Японы жүдоч, Токиогийн “Их дуулга”-ын хүрэл медальт Нишикава Махотой барилдаж, вазари үнэлгээгээр ялж, Ази тивийн аварга боллоо.

 

Финалын барилдааны үндсэн цаг дуусахаас 17 секундын өмнө Ц.Мөнхзаяа зүүн мөрөндөө гэмтэл авч, мөр мултарсан ч өөрөө оруулан цааш барилдаж, алтан медаль хүртэхдээ тамирчин хүний тэсвэр тэвчээр, зовлон бэрхшээлийг хэрхэн даван туулдгийг олонд харуулсан.

 

Тэр тамирчин тэр цагаас даруй гуравхан сарын дараа жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, медалийн тавцанд баярын нулимстай зогссон. Түүнийг ДАШТ-ий хүрэл медальт, хатан зоригт тамирчин бүсгүй Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа гэдэг.

 

ТҮҮХЭН АМЖИЛТЫН ЭЗЭД


 

2015 оны есдүгээр сар. Дахиад л бид тамирчидтайгаа хамт дэлхийн дэвжээнд хүч үзсэн. АНУ-ын Лас-Вегас хотноо бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ эх орныхоо нэрийг үүрч барилдсан Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид түүхэн амжилтыг үзүүлж нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, эрэгтэй баг дөрөв, эмэгтэй баг долоодугаар байр эзэлсэн. Гавьяат тамирчин С.Батцэцэг алт, Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, олон улсын хэмжээний мастер Б.Номин, П.Өнөрбат нар мөнгө, Э.Бэхбаяр ДАШТ-ний хүрэл медаль зүүсэн.

 

“РИО-2016” олимпийн эрхийг зорьж дэлхийн улсууд шилдэг тамирчдаа Лас-Вегасын дэвжээ рүү илгээсэн хүчтэй өрсөлдөөний дундаас манай эрэгтэй бөхчүүд дөрөв, эмэгтэйчүүд хоёр олимпийн эрх авчирсан. Гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Насанбурмаа, С.Батцэцэг, олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат, П.Өнөрбат, Э.Бэхбаяр нар олимпийн наадамд өрсөлдөх эрхээ өвөртөлсөөр эх орондоо буусан билээ.

 

Ийнхүү тэд Монголын чөлөөт бөхийн түүхэнд нэгэн цоо шинэ хуудсыг нээж, амжилт, ялалтын түүхээ бичиглэсэн юм.

 

ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА СОРОНЗОНБОЛДЫН БАТЦЭЦЭГ


 

Лас-Вегасын тэнгэрт Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаа мандаж, сүр жавхлант төрийн дуулал эгшиглэж, Монголын тамирчин Соронзонболдын Батцэцэг нүдэндээ баярын нулимстай, эх орныхоо төрийн дууллыг даган дуулсаар зогсоо торгон агшныг одоо ч та бүхэн санаж буй байх.

 

АНУ-ын Лас-Вегас хотноо болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63 кг-ын жинд Монгол Улсын  гавьяат тамирчин С.Батцэцэг Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медальт Японы тамирчин Рисако Кавайг 36-хан секундэд цэвэр ялж, дэлхийн хошой аваргын алдрыг хүртсэн. Тэрбээр өдгөөгөөс таван жилийн өмнө Москвагийн тэнгэрт эх орны төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот төрийн далбаагаа өргүүлэн, ДАШТ-ний алтан медалийн тавцанд зогсож асан юм.

 

Дэлхийн хошой аварга, 2012 оны Лодонгийн олимпийн хүрэл медальт, 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг “Хилчин” спорт хороо, Хилийн 0253 дугаар тусгай ангийн алба хаагч. Түүнийн хөдөлмөр зүтгэл, амжилтыг үнэлэн ХХЕГ-ын даргын тушаалаар дэд хурандаа цол шагнасан. Амжилт, ялалт бүрээрээ эх орныхоо нэрийг дэлхийд дансалж явдаг тамирчид бидний бахархал билээ.

 

ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ МОНГОЛ ОЮУН УХААН


 

2015 оны 12 дугаар сарын 18. БНХАУ-ын Чэнгду хот. Энд болсон Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээнд оролцсон Монгол Улсын баг тамирчид дахиад л монгол хүний оюун чадвар, ухааны царыг гайхуулжээ.

 

Дэлхийн 25 улсын 278 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн. Дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцсон Монголын оюун ухааны академийн 20 тамирчин 26 медаль хүртэж, гурван насны ангилалд дэлхийн таван дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Насанд хүрэгчдийн ангилалд Их мастер С.Цогбадрах "Speed Numbers" төрөлд, дунд насны ангилалд З.Цэцэгзул "Binary Numbers" төрөлд, Их мастер Э.Пүрэвжав "Speed Numbers", "One Hour Card" төрөлд, бага насны ангилалд Ж.Дөлгөөн "Random Words" төрөлд тус тус дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоож, өсвөрийн тамирчид авах боломжит 30 медалийн 22-ыг нь хүртэж дэлхийд тэргүүлэгч гэдгээ дахин батлан харууллаа.

 

Монголын оюун ухааны академийн тамирчид оролцсон тэмцээн, уралдсан уралдаан бүртээ монгол оюун ухааныг гайхуулан, эх орныхоо нэрийг өндрөөс өндөрт өргөж, энгэр дүүрэн медальтай эх орондоо буудаг билээ. Тэд өнгөрсөн таван жилийн хугацаанд оюуны спортын төрлүүдээр олон улсын 35 тэмцээнд оролцож, эх орноо дэлхийд амжилттай сурталчлан нийт 484 медалийн эзэн болжээ.

 

МОНГОЛЫН “ХААН ТӨГСӨӨ”


 

Мэргэжлийн боксын шинэхэн тамирчин Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт. АНУ-ын Лос-Анжелес хотноо нэртэй дасгалжуулагч Жо Гуссений удирдлагад бэлтгэлээ базааж буй тэрбээр дөрвөн тулаан хийж, өрсөлдөгчдөө буулган авсан.

 

Мэргэжлийн боксын хагас хөнгөн жингийн дэлхийн чансаанд 1174 боксчин багтдагаас Н.Төгсцогт ялагдалгүй 100 хувийн амжилтаар 124 дүгээрт бичигдэж эхэллээ. Түүний энэхүү амжилттай хамт эх орных нь нэр дэлхийн сонорт дуурсаж байна. Мэргэжлийн бокст хөл тавиад удаагүй ч хэдийнэ “King Tug” буюу “Хаан Төгсөө” хэмээх хоч нэртэй хэдийнээ болоод авсан тэрбээр сонирхогчдын боксоор хичээллэж, 17 настайдаа 2009 онд Италийн Миланд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, 2012 оны Лондонгийн олимпоос мөн мөнгөн медаль зүүсэн, 2016 оны олимпийн манай гол найдлагуудын нэг байсан билээ. Гэвч Н.Төгсцогт өөрийн сонирхол, хүсэл, мөрөөдлийнхөө зүг зоригтой алхаж, мэргэжлийн бокст өндөр амжилт гаргах том зорилгынхоо төлөө зүтгэж явна.

 

ЦЭЛ ЗАЛУУХАН “АРСЛАН”


 

2015 оны долоодугаар сарын 12. Төв цэнгэлдэх хүрээлэн. Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улсаа байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд хүчит 512 бөх зодоглосноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтийн аварга" дэвжээ, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх улсын харцага Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж улсын арслан цол хүртсэн билээ.

 

Тэрбээр Монгол Улсын арслан П.Бүрэнтөгсийг өвдөг шороодуулснаар төрийн наадамдаа анх удаагаа түрүүлсэн. Өдгөөгөөс хагас зуун өмнө буюу 1963 онд Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбат Ардын хувьсгалын 42 жилийн ойн баяр наадамд 22 насандаа түрүүлж, хамгийн залуудаа Монгол Улсын арслан цол хүртсэн бөхөөр түүхэнд нээрээ бичүүлж байсан амжилттай Э.Оюунболд зэрэгцэн ирсэн юм. Мөн Даяар дурсагдах, Далай даян, Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1999 оны Төрийн их баяр наадамд 12 дахь түрүүгээ авснаас хойш 16 жилийн дараа Хан Хэнтий нутагт төрийн наадмын түрүү бөх төрсөн.

 

ЧӨЛӨӨТ НИСЛЭГИЙН АНХНЫ ДЭЛХИЙН АВАРГА ТӨРЛӨӨ


 

2015 оны долоодугаар сарын 30. Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газар. Ази тивд анх удаа болж буй чөлөөт нислэгийн ДАШТ-ээс Монгол Улсын шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Мижиддоржийн Гонгор резинэн хөдөлгүүрт буюу F1B ангилалд дэлхийн аварга боллоо. Ийнхүү тэрбээр нисэхийн спортын анхны Дэлхийн аварга цолыг эх орондоо авчирсан юм.

 

ДАШТ-ий үндсэн гурван төрлийн хоёр дахь нь болох резинэн хөдөлгүүрт буюу F1B ангилалд 29 орны 77 тамирчин өрсөлдөж, долоон нислэгийн нийлбэр дүнгээр финалын нислэгт орох эрхтэй 31 тамирчины дунд манай тамирчин шалгарч үлдсэн. Финалын нислэгүүдийг амжилттай хийж, нийлбэр дүнгээр 2040 оноог цуглуулсан М.Гонгор ангилалдаа түрүүлсэн. Түүний араас Украйны Стефанчик Стефан, Кулаковски Олег нарын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн.

 

Чөлөөт нислэгийн ДАШТ-ийг эх орондоо анх удаа зохион байгуулсан манай улс дэлхийн аваргын анхны медаль, анхны аваргатай болсон билээ.

 

ЯЛАЛТЫН ОРГИЛД ХҮРСЭН ИХ АВАРГА


 

2015 оны нэгдүгээр сар. Монголын үндэсний бөхийн дархан аварга Ж.Мөнхбатын хүү, халхын их хүчтэн Хакухо М.Даваажаргал 2015 оны эхний башёд өвдөг шороодолгүй түрүүлс­нээр сумод хамгийн дээд амжилтын эзэн болж, Ялалтын оргилд хүрсэн. Сүмогийн их аварга Чиёнофүжи 32 насандаа 31, Тайхо 35 насандаа 32 дахь түрүүгээ авч байсан бол Хакүхо 29 насандаа 33 дахь түрүүгээ авлаа.

 

1500 жилийн түүхтэй Японы сумо бөхийн оргилд хүрсэн Хакухогийн амжилт зөвхөн Японд биш дэлхийд цуурайтаж, түүний алдартай хамт Монгол Улсынхаа нэр сүрийг өргөж биднийг баярлуулсан билээ. Тэрбээр цаашид амжилтын буухиагаа үргэлжлүүлэн гуравдугаар сарын Харү башёд 34 дэх түрүү, долоодугаар сарын Нагоя башёд түрүүлж, Японы эзэн хааны цомыг 35 дахь удаагаа гардаж авсан билээ.

 

Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Японы эзэн хааны цомыг хамгийн оон удаа хүртэж, хамгийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоосон удамт бөх түүний хөлс хүч, хөдөлмөр зүтгэлийг Монголын төр засаг үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр мялаасан.

 

МОНГОЛЫН ХҮНДИЙГ ӨРГӨЛТИЙН СПОРТЫН ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ


 

14 насандаа олон улсын хэмжээний мастер цолыг авч, 17 насандаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний наймдугаар байрт шалгарсан хүчит охин түүнийг Мөнхжанцангийн Анхцэцэг гэдэг. Монголын хүндийг өргөлтийн спортын гэрэлт ирээдүй тэрбээр энэ онд бахдам амжилтуудыг үзүүлж, монголоос шинэхэн од төрж буй дэлхийд харууллаа.

 

2015 оны 11 дүгээр сарын 26. АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд дэлхийн шилдэг 43 тамирчинтай өрсөлдсөн Монгол Улсын тамирчин М.Анхцэцэг нийлбэр дүнгээр VIII байр эзэлсэн. Тэрбээр огцом өргөлтөөр 110 кг өргөж VI, түлхэлттэй өргөлтөөр 133 кг өргөж  VIII байр, нийлбэр дүнгээр VIII байрт шалгарсан билээ.

 

М.Анхцэцэг хэдхэн хоногийн өмнө шилдэг найман туйванч урилгаар оролцдог Дэлхийн цомын тэмцээний 75 кг-д оролцож, дөрөвдүгээр байрт шалгарсан. 69 кг-ын тамирчин түүнд жингийн зөрүү нөлөөлөлгүйгээр ийнхүү амжилтыг үзүүлсэн юм.

 

 “МОНГОЛЫН БЯМБА”-ЫН ХУРДЫГ ДЭЛХИЙ ГАЙХАВ


 

2015 оны 10 дугаар сарын 31. АНУ-ын Кентакки мужийн Лексингтон хот. Тэнд болсон “Keeneland” морин тойруулгын уралдааны замд морьтон монголчуудын түүхэнд бичигдэх, моринд хайртай монгол түмнийг огшоосон нэгэн гайхам үйл явдал болсон. Дэлхийн хурдан морины уралдаанд эрэмбэ, нэр хүнд, эргэлддэг мөнгө, үзэгчдийн тоогоороо дээгүүр ордог “Breeders’ Cup World Championship 2015” уралдаанд "Макс" группын ерөнхийлөгч Д.Ганбаатарын хүлэг, алдарт уяач Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан “Mongolian Saturday” түрүүлсэн билээ. Энэ нь 32 жилийн түүхтэй тус уралдаанд анх удаа Ази тивээс түрүү хүртсэн түүхэн үйл явдал болсон юм. “Mongolian Saturday” хүлэг ойролцоогоор 1.1 км тойрог замыг 1 минут 0.3 секундэд туулсан гэдэг.

 

Мөн хүлэг 12 дугаар сарын 13-нд Хонгконгийн 100 гаруй жилийн түүхтэй олон улсын морин тойруулгад болсон томоохон уралдаанд 14 морь уралдсанаас айргийн тавд хурдалжээ. “Mongolian Saturday” буюу “Монголын Бямба” хүлэг нь ид хурд, хүч, эр чадал гүйцэж яваа соёолон адуу юм. Алдарт уяачийн уяа сойлгыг нь тааруулдаг, манлай уяачийн хурдан ажнай “Mongolian Saturday” хэмээн дуудуулсаар Монгол Улсын алдрыг дэлхийн морин уралдааны тавцанд тамгалан, зарлаж байна.  

 

МОНГОЛ УЛС “РИО-2016” ОЛИМПИЙН 16 ЭРХ ӨВӨРТЛӨӨД БАЙНА


 

Дээр хэлсэнчлэн аравхан хоногийн дараа олимпийн жил эхэлнэ. “Рио-де-Жанейро-2016” зуны олимпийн XXXI наадам 2016 оны наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд Бразил улсын Рио-де-Жанейро хотноо болно. Манай Биеийн Тамир, Спортын Хөгжлийн Төвийн мэдээлж буйгаар “Рио-2016” олимпийн наадмыг эрхийг 11 тамирчин, “Рио-2016” паралимпийн наадмын эрхийг таван тамирчин буюу нийт 16 тамирчин ирэх жилийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөх нь тодорхой болоод байна.

 

Олимпийн наадмын эрх олгох тэмцээн, уралдаан 2016 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх учир Монгол Улсын тамирчдын олимпийн эрхийн тоо нэмэгдэх нь дамжиггүй. “Рио-2016” олимпийн эрх авсан тамирчдыг танилцуулъя.

 

Буудлага - тамирчин О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа /3 эрх/

Хөнгөн атлетик - тамирчин Б.Сэр-Од /1 эрх/ 

Чөлөөт бөх- тамирчин С.Батцэцэг, П.Өнөрбат, Э.Бэхбаяр, О.Насанбурмаа, Г.Мандахнаран, Ж.Чулуунбат /6 эрх/

Байт харваа - тамирчин Ж.Гантөгс /1 эрх/

Пара буудлага - тамирчин З.Ганбаатар /1 эрх/

Пара пауэрлифтинг - тамирчин Э.Содномпилжээ /1 эрх/ 

Пара байт харваа - тамирчин Д.Баатаржав, А.Анхбаяр /2 эрх/

Пара хөнгөн атлетик - тамирчин С.Цогтгэрэл /1 эрх/ тус тус өвөртлөөд байгаа юм.

 

Б.Будхүү

Shuud.mn
Сонин хачин
nnn:
Сумо олимпын зэрэглэлд ордоггүй наймааны спорт шүү дээ. Үүнийг ингэж алдаршуулаад хэрэггүй. Тэгээд ч Даваажаргал Монголд юу хийсэн юм бэ. Ичинноров мэтийн залуучуудыг дарамтлаад л суудаг байх
2015-12-24
Зочин:
Budaa bi chamd hairtaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
2015-12-22
Иргэн:
Сумо арай шилдэгт ороод байгаа юм уу. Болил доо.
2015-12-22
Зочин:
Odoo box l uldlee dee
2015-12-22
Зочин:
Judogiinhnoos bol odoogiin baidlaar 9 tamirchin erhee avsan bgaa da. gehdee ireh onii 5 sard judochdiin bayraar zarlana genelee
2015-12-22