ШУУД онцолж байна
2015-12-24

 

Цэнхэр бөмбөрцгийн цаг хугацаа урсан, улиран одож хүмүүн төрөлхтөн нэгэн жилийг үдэж, ердөө 7 хоногийн дараа айлчлан ирэх шинэ оныг угтахаар зэхэж байна. Энэ цагт ард үлдсэн 356 хоногт хийж бүтээсэн, авсан өгсөн болоод амжилт бүтээл, алдаа оноогоо дэнслэн суугаа танд ШУУД.МН сайт уламжлал ёсоор Монгол эх оронд минь өрнөсөн үйл явдлаас сорчлон түүвэрлэн хүргэж байна. Өнөөдөр Монгол Улсын урлаг, соёлын ертөнцийн үйл амьдрал, уран бүтээлчдийн амжилтыг ШУУД онцоллоо.

 

ДЭЛХИЙН УРЛАГИЙН ОЛИМПИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО

 

 

2015 оны долоодугаар сарын 1-2-нд шилжих шөнө. ОХУ-д болсон дэлхийн урлагийн олимп хэмээгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын 15 дахь уралдаанд Монгол Улсын дуучин Ганбаатарын Ариунбаатар түрүүлэв. Дэлхийн 39 орны 500 гаруй авьяастан хоолойн цараа сорьсон уралдааны сүүлийн шатанд ОХУ, БНХАУ, БНСУ, Армен улсын дуучидтай тунан үлдэж, тэдний дундаас Монгол хүний хоолойн чадал, авьяас чадвар гоцлон онцгойрч дэлхийн урлагийн олимпид тэргүүлсэн.

 

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар уралдааны эцсийн шатанд Севилийн үсчин” дуурийн Фигорагийн арийг дуулахдаа П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааныг үзэхээр танхимд цугласан үзэгчдийн сэтгэл зүрхийг эзэмдэж, “алтан хоолойн” бяр, нарийн мэдрэмж, ур ухаан, мэргэжлийн дуучны уран чадварыг гайхуулсан.

 

Ийнхүү тэрбээр Монголын сонгодог урлагт нэгэн шинэ хуудсыг нээж, шинэхэн түүхийг бичив. Дөрвөн жил тутамд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд анх удаа Монгол Улсын дуучин тэргүүн байр эзэлж, алтан медаль гялалзуулсаар эх орон, ээж, аав, элгэн түмэндээ ирсэн. Анх удаа Гран при шагнал хүртсэн юм.

 

энд дарж үзнэ үү

 

Браво, Э.Амартүвшин

 

 

 

2015 оны зургаадугаар сарын 22. Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Энхбатын Амартүвшин дахиад л биднийгээ баярлуулж, бахархууллаа. ВВС агентлагийн Уэльс дэх салбараас зохион байгуулдаг “BBC Cardiff Singer of the World” дуулаачдын наадамд өрсөлдсөн 54 орны 350 дуучнаас шилдэг таван дуулаачид шалгаран үлдэж, Үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн болсон юм.

 

32 жилийн түүхтэй, хоёр жил тутамд нэг удаа болдог нэр хүндтэй, томоохон уралдаан “BBC Cardiff Singer of the World”-ы эцсийн шатанд Э.Амартүвшин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хөгжим “Чиний минь нулимс” хэмээх гайхалтай уран бүтээлийг дуулсан. ВВС агентлагийн радиогоор монгол уран бүтээлчдийн дуу, хоолой эгшиглэж, хэдэн зуун сая хүний сонорыг мялаасан билээ. 24 насандаа П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XIV уралдаанд дэд тэргүүн байр эзэлж асан, Испанийн алдарт тенор, маэстро Плачидо Домингогийн санаачлан зохион байгуулдаг “Опериал”-ын тэргүүн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин дэлхийд данстай дуучин гэдгээ батлан харуулсан.

 

энд дарж үзнэ үү

 

Нүүдэлчдийн “Хөсөгтөн” дэлхийн урлагийн зам өөд

 

 

2015 оны тавдугаар сард монгол ардын язгуур урлагийн хамтлаг “Хөсөгтөн” "Asia's Got Talent" буюу “Авьяаслаг Азичууд” шоу нэвтрүүлгийн дэд байрт шалгарч, эх урлагаа Ази тивд, дэлхийн мэлмийд толилуулан сурталчиллаа. Дэлхийн алдартай шоуны нэг “Got talent” шоу Азид зохион байгуулагдаж мөн тивийн орноос мянга мянган авьяастан ирж авьяас, ур чадвараа сорьсноос “Хөсөгтөн” сая сая үзэгчид, шоуны шүүгчдэд монгол ардын урлагийг гайхамшгийг мэдрүүлж, шүүгчдээс “тийм” гэсэн үнэлгээг авч хагас шигшээд шалгаран үлдсэн юм.

 

Улмаар монгол ардын урлаг азичуудын сэтгэлийг эзэмдэж, Хөсөгтөн шилдэн есөн оролцогчийн нэгэнд үлдэн, шилдгийг шалгаруулах сүүлчийн шатны өрсөлдөөнд тэргүүн дэд байр эзэлсэн билээ. Эртний Монгол Улс, Эзэн Чингис хаан, морьтон баатруудын хүчит догшин чимээ, их талын сэвшээ зөөлөн салхийг санагдуулам тэдний хөгжим, аялгуу, хөөмий “Авьяаслаг Азичууд”-ын сэтгэл, зүрхний угт хүрч, догдлуулж байсан.



Тус шоунд “Хөсөгтөн” хамтлагийн залуус морин хуурч, хөөмийч В.Батзориг, лимбэчин, цохиур хөгжимчин, хөөмийч Г.Адъяадорж, товшлуурч, хөөмийч, дунд хуурч Х.Уламбаяр, их хуурч, хөөмийч Д.Ариунболд, ятгачин, дуучин Ч.Амарбаясгалан, морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатар нарын бүрэлдэхүүнтэй оролцсон юм.

 

энд дарж үзнэ үү

 

Монгол түмний их уул, өв ёсонг ЮНЕСКО-д бүртгэлээ

 

 

2015 оны долоодугаар сард ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулган ХБНГУ-ын Бонн хотноо хуралдаж, 4-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг" номинацийг гишүүн орнууд хэлэлцэж улмаар Дэлхийн өвд бүртгэх шийдвэрийг санал нэгтэйгээр батлан гаргав. Энэхүү асуудлыг хариуцан ажилласан баг тун сайн ажилласан нь хэлэлцүүлэгт оролцсон 20 орноос 17 нь дэмжиж санал өгсөн дүнгээс харагдана.

 

Үүнээс даруй таван сарын дараа 12 дугаар сард Бүгд Найрамдах Намиби Улсын Виндхук хотноо хуралдаж буй ЮНЕСКО-гийн Засгийн Газар хоорондын 10 дугаар чуулганы үеэр монгол малчин ард түмний Ингэнд ботго авахуулах ёсон /The Coaxing Ritual for Baby Camels/-г ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэлээ. 

 

Ботгоо голсон ингийг уяртал аялгуулж, ботгыг нь авахуулдаг монгол малчны ухаан, хүн, мал, байгаль эхийн нандин холбоог нээн харуулсан энэхүү ёсон дэлхийд данслагдсан нь баярлам. Гэхдээ хойч үе, ирээдүйн малчин монголчууд энэхүү соёлоо өөртөө хадгалж, цааш нь түгээсээр явах үүрэг, хариуцлагыг улам баталгаажуулав.  Ийнхүү манай улсын 13 дахь өв ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдээд байгаа юм.

 

Итгэлт хамбатай ижил увидаст Санжайжав аграмба

 

 

2015 оны 10 дугаар сарын 21. Гандантэгчинлэн хийдийн хамгийн том дуганд аграмба Р.Санжайжавын занданшсан шүтээн биеийг залж, сүсэгтэн олонд авшиг жанлав хүртээв. Увидас хүчээрээ Буриадын Итгэлт хамбынхтай адил хэмээгдсэн энэхүү шүтээн буруу гараар орж харийнханд худалдагдах гэж байхад нь цагдаагийн алба хаагчид 2015 оны нэгдүгээр сард илрүүлсэн. Энэ тухай дотоодын болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүр дуулиантайгаар цацагдаж байсан.

 

Тэр даруйдаа эрдэмтэн, судлаачид болон бусад салбарынхнаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж занданшсан шүтээн бие нь Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Цахир суманд төрсөн “Өвгөн гэсэр лам” Ц.Чүлтэмжамцын /1816-1894/ шавь, аграмба Р.Санжайжавынх /1826-1905/ болохыг тайлсан билээ. Эдүгээ хүртэлх түүхэнд занданшуулах үйлийг үндсэндээ хөндлөнгөөс гүйцэтгэдэг байсан гэдэг бол “Өвгөн Гэсэр лам” Ц.Чүлтэмжамц, аграмба Р.Санжайжав нар нь өөрийн увидасаар өөрсдөө занданшсан гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоосон.

 

Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, Соёлын өвийг хамгаалах сангаас мөнгө гаргаж занданшсан шүтээн бие оршиж байсан Архангай аймгийн Цахир сумын нутаг д.т.д 2733 метр өндөр Содномдаржаа  уулнаа гэр цогцолбор байгуулан оршоосон билээ. Цогцолборын бүтээн байгуулалт сүсэгтнүүдийг хүлээж авах, эргэл мөргөл хийх нөхцлийг бүрдүүлэх, цаашлаад аялал жуучлалыг хөгжүүлж, сүсэгтэн олны өргөл, мөргөлийн ач тус эх орондоо үлддэг. Дээр нь зөвхөн монголчууд бус монгол үндэстэн хүн бүрийн эргэж мөргөдөг шүтээний газар болгохоор зорьж байгаа юм.

 

Дэлхий бидний зүгт чих тавьж, ажааран ширтэж байна

 

 

2015 оны 10 дугаар сар. Соёлт хүн төрөлхтний оюун ухаан, сэтгэл, сэтгэлгээний дээд хэмжүүрүүдийн нэгэн болсон Нобелийн шагналд Монголын нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгчдийн нэг Гомбожавын Мэнд-Ооёо шүлгийн бүтээлүүдээрээ нэр дэвшсэн. 2014 оны есдүгээр сард тэрбээр Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг хүртэж байсан билээ. Түүний энэхүү амжилтууд нь  хүн төрөлхтний утга зохиолын эрдэнэсийн санд монгол яруу найраг зохих байраа эзэлж байгаагийн тод илрэл юм.

 

2015 оны 11 сарын 12. Монгол бахархлын өдөр. Дэлхийн урлаг, соёлын академийн байнгын гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртлээ. Тэрбээр шагнал гардсныхаа дараа “Монгол эх орон газрын гүндээ үлэмж их баялгийг агуулснаараа бусдын анхаарлыг татахын хамт оюуны ямар их нөөцийг агуулсан ард түмэн бэ хэмээн дэлхий бидний зүгт чих тавьж, ажааран ширтэж байна. Дэлхийн тайзнаа Монгол дуурийн дуучид шагшигдаж, морин хуураа залсан ардын урлагийнхан өрнө дорныг тахалж, ой тогтоолтын дэлхийн дээд амжилтыг монгол хүн ахиулж, шинжлэх ухааны шинэ содон нээлтүүдийн сураг сонсогдож, монгол тамирчид ч од нь гийсээр байна...” хэмээсэн юм.

 

Их хаанаа, эх түүхээ “Марко Поло”-д амилууллаа

 

 

2015 оны зургаадугаар сарын 20. Монгол жүжигчин Унгарыг зорив. УДЭТ-ын жүжигчин Цэгмидийн Цэрэнболд, ахмад жүжигчин Аюурзанын Цэгмид болон ХБНГУ-д буй “Хөх тэнгэр” хамтлаг, манай кино урлагт алтан каскадиорууд хэмээгддэг “Тэнгэрийн чоно” монголын орлон тоглогчдын холбооныхон АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” киноны хоёрдугаар бүлэгт дүр бүтээлээ.

 

Жүжигчин Ц.Цэрэнболд Их эзэн Чингис хааныхаа дүрийг “Марко Поло”-д мөнхөлсөн юм. Энэхүү кинонд монгол жүжигчид Монгол Улсаа, Өндөр хаанаа, хэл, соёлоо, монгол баатруудаа амьдруулж дэлхийн мэлмий, сонорт хүргэсэн монгол жүжигчид гурван сарын турш зураг авалтад оролцож, есдүгээр сард эх орондоо ирсэн. Энэ тухай жүжигчин А.Цэгмид “Монгол хүн болж төрснөөрөө бахархаж яваад ирлээ” хэмээн ярьсан.

 

2014 онд Монгол Улсын жүжигчин Б.Амарсайхан “Марко Поло” түүхэн киноны нэгдүгээр бүлэгт Чингис хааны отгон хүү Тулуйн хүү Аригбөхийн дүрийг бүтээж, монгол жүжигчдийн анхны алхмыг хийж байсан билээ.

 

19 жилийн дараа “Ромео Жульетта” эргэн ирэв

 

 

2015 оны 11 дүгээр сарын 12. Улсын Драмын Эрдмийн театрын 85 жилийн үзвэрийн нээлт. Энэ өдөр тус театрын тайзнаа У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжиг цоо шинэ тавилт, өнгө төрхтэйгөөр үзэгчдийн оюуны мэлмийд хүрлээ. УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Намнангийн Наранбаатарын найруулгаар “Ромео Жульетта” Монголын театрын тайзнаа гурав дахь удаагаа амилсан.

 

Дэлхийн өнцөг булан бүрт У.Шекспирийн хамгийн олон удаа тавигдсан, зуун зууны туршид чин үнэнч хайрын гэрч болсон энэхүү жүжиг Монголын театрын тайзнаа анх 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болж байсан. Түүнээс 19 жилийн дараа Н.Наранбаатарын орчин цагт нийцүүлэн, өвөрмөц шийдэлтэйгээр дэглэсэн “Ромео Жульетта”-гийн гол дүрийг залуу жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нар бүтээсэн. Түүгээр ч зогсохгүй орчин цагийн “Ромео Жульетта” шинэ цагийн уран бүтээлчдээс голдуу бүтэж, тэдний ур чадвар, авьяас мэдрэмжийг сорьсон уран бүтээл байлаа.

 

Үзэгчдийн алаг ташилт, магтаал сайшаал, басхүү шүүмжлэлийн дунд шинэ цагийн “Ромео Жульетта” бүтэн сарын хугацаанд театрын тайзнаа амилж, УДЭТ-ын улаан хамбан суудалд сонгодог урлагт хайртай үзэгчдийг уяж чадсан.

 

Үндэстний авьяастнаа оллоо

 

 

2012 оны есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн ням гаргаас эхлээд 12 дугаар сарын 13-ны ням гаргийн үдшийг дуустал монголчууд нэгэн цагт гэр бүлээрээ зурагтынхаа өмнө тухалдаг болсон. Монгол HD телевизийн албан ёсны эрхтэйгээр зохион байгуулсан “Авьяалаг монголчууд” шоу нэвтрүүлгийг үзэхээр.

 

Үндэстнийхээ авьяастныг олж, гаргаж ирэх зорилготой, 1.5 тэрбум төгрөгийн өртөг, 1200 гаруй хүний хөлс хүч, хичээл зүтгэлээр бүтсэн энэхүү уран бүтээл манайд урьд нь хэзээ ч байгаагүй өвөрмөц өнгө төрх, шинэ шийдэл, жинхэнэ шоу  нэвтрүүлгийг бидний мэлмий, сонор, мэдрэмжид хүргэсэн.

 

“Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгийн багийнхан эх орноо тойрон авьяастнуудын эрэлд гарч 1000 гаруй хүнээс форматынхаа дагуу 250 хүн шалгаруулаад эфирт цацаж эхэлсэн гэдэг. Тэдгээр оролцогчоос шилдэг 32, тэднээс шилдэг найм, тэдний дундаас шилдэг авьяастнууд шалгарсан. Тус шоуны ялагчаар Дархан-Уул аймгаас оролцсон С.Жамьянхорлоо багштай, авьяаслаг багачуудын нэгдэл “Эгшиглэнт чимээ” хамтлаг шалгарч, 100 сая төгрөгийн эзэн болсон. Хоёрдугаар байранд ардын хөгжмийн гайхамшгийг гайхуулсан лимбэчин  Б.Мягмарцэрэн, ёочинч Х.Бархүү нар, гуравдугаар байрт хүсэл мөрөөдлийнхөө зүг зориглон алхсан барилгачин залуу А.Отгонбаяр шалгарсан билээ.

энд дарж үзнэ үү

Б.Будхүү

Shuud.mn
Сонин хачин