Д.Цэрэнсамбуу: Д.Нацагдоржийн зохиолоос сэдэвлэсэн тайзны бүтээл тавина

img

Улиран одож буй 2015 онд Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид У.Шескпирийн алдарт “Ромео Жульетта” жүжгийг шинэ тавилт, шинэ өнгө төрхтэйгөөр үзэгчдийн оюуны мэлмийд хүргэсэн. Тэгвэл ирэх онд үзэгчдэд хүргэх уран бүтээлийг тодруулахаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуутай уулзаж, цөөн хором ярицлаа.

 

-Улиран одож буй энэ онд УДЭТ-ын уран бүтээлчид ололт амжилт ихтэй байлаа. Ололтуудын нэгээр “Ромео Жульетта”-г нэрлэх байх?

 

-Манай театрынхан энэ онд хоёр жүжгийг тайзны бүтээл болгохоор төлөвлөсөн. Нэгдүгээрт, 1988 онд анх театрын урын санд орж ирсэн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг найруулан тавилаа. Ялалтын 70 жилийн ой, нөгөө талаар театрт ажиллаж байсан зураач Төмөрхуягийн мэндэлсний 70, жүжгийг найруулсан Гончигсүрэн найруулагчийн мэндэлсний 60 насны тэгш ой тохиолоо. Эдгээр уран бүтээлчийн гэгээн дурсгалд зориулж дээрх уран бүтээлийг сэргээн тавьсан юм. Нөгөө нэг том төсөл бол У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжгийг 3 дахь удаагаа шинэчлэн найруулж тайзны бүтээл болголоо. Жүжгийг нээснээс хойш нийтдээ 30 удаа тоглосон байна. 30 удаа тоглоход танхим дүүрэн үзэгчтэй байлаа.  Үндсэндээ манай театр энэ онд 180 орчим удаагийн тоглолт зохион байгуулж, 60 гаруй мянган хүнд соёл урлагийн үйлчилгээ үзүүлсэн дүн мэдээтэй байна.

 

-Тэгвэл ирэх онд театрын төлөвлөгөөний дагуу ямар бүтээл үзэгчдэд хүрэх бол?

 

-Ирэх он бол Хүннү гүрэн байгуулагдсаны 2225 жилийн ой болон манай театрын үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой гээд олон тэмдэглэлт баяр тохионо. Үүнтэй холбогдуулан хоёр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Бурхан багшийн сургааль, буддизм гэж юу байдаг вэ гэдгийг харуулах зорилгоор “Үнэний хаан будда” гэх ард түмнийг соён гэгээрүүлэх том хэмжээний бүтээл тавихаар төлөвлөж байна. Ер нь бол энэ цаг үед бурхан, буддизмын тухай том хэмжээний бүтээл тавигдаж байгаагүй юм билээ. Тиймээс БСШУЯ-тай хамтран төсөл хэлбэрээр хэрэгжүүлэхээр ирэх оны төлөвлөгөөндөө оруулаад байна. Манай театр шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит театр шүү дээ. Тэгэхээр театрынхаа 85 жилийн ой, их зохиолчийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан уран бүтээлээс нь сэдэвлэсэн тайзны бүтээл тавихаар төлөвлөөд байгаа юм. Театрын урын сангаас тоглогдож буй бусад 30 орчим бүтээл хуваарийн дагуу үзэгчдэд хүрнэ.

 

-Их зохиолчийн ямар зохиолыг тайзны бүтээл болгох вэ?

 

-Тэрийг яг нарийн тодорхойлоогүй байна. Уран бүтээлчид ярилцаж байгаад шийдвэрлэнэ.

 

-Театрын уран бүтээлчид хөдөө орон нутагт очиж тоглох боломж, нөхцөл хэр байдаг вэ? 

 

-Монголын ард түмний тодорхой хэсэг нь хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байна. Тэр үүднээс энэ онд бидний төлөвлөсөн ажлын нэг бол уламжлалт, шинэ цагийн театрын урлагийг хөдөө орон нутагт сурталчлах ажлыг сэргээж хаврын бригадыг гаргасан. Ингэснээр  Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ аймагт 10 гаруй хоног аялан тоглолт хийсэн байгаа. Мөн Баянхонгор, Өвөрхангай аймгуудад тоглолт зохион байгууллаа. Социализмын үед бол хавар намрын улиралд үндсэндээ 100 орчим хоногийн аялан тоглолт хийдэг байсан. Одоо бол дээр үе шиг олон хоногоор явж чадахгүй байна. Үндсэндээ 1990-2000 оны хооронд хөдөө орон нутагт очиж тоглодог зориулалтын байр, талбай  хомсдоод, зогсонги байдалд орсон. Үүнийг сэргээж, хаврын бригад гаргасан нь театрын уран бүтээлчид бидний хувьд соёл урлагийн үүсэл хөгжлийг ард түмэнд хүргэж байгаа хоёр дахь том ажил гэж үзэж байна.

 

-Алслагдсан дүүргийн оршин суугчдад очиж тоглох боломжтой юу?

 

-Хотын иргэн мөртлөө театрт ирж тоглолт үзэж байгаагүй хүмүүс байдаг. Тэтгэврийн насны, хүүхдээ хараад хол явж чаддаггүй зэрэг янз бүрийн л шалтгаантай хүмүүс байна. Тэдэнд зориулан, үйлчилгээгээ ойртуулж “Ажилчдын соёлын ордон”, “Жанжины клуб” зэрэг жижиг театруудад хот орчмын тоглолт зохион байгуулж байгаа.

 

-Ер нь үзэгчид ямар бүтээлийг түлхүү үзэж байна вэ? Монголын театр урлагийн хөгжлийн түвшинг та юу гэж тодорхойлох вэ?

 

-Уран бүтээлүүдэд социологийн судалгааг цаг үргэлж хийдэг. Энэ судалгаанаас үзэхэд үзэгчдийн мэдлэг боловсролын түвшнээс шалтгаалан сонголт нь өөр өөр байна. Тухайлбал, театрт байнга ирж тоглолт үздэг үзэгчид сонгодог болон түүхэн бүтээлүүдийг үзэх сонирхолтой байдаг. Манай үзэгчдийн бараг 70 орчим хувь нь 18-35 насны залуучууд байдаг. Тэд орчин үеийн сэдэвтэй уран бүтээлийг үзэх сонирхолтой байгаа нь анзаарагддаг. Хуучин цагт бол сургуулийн сурагчид эхлээд хүүхэлдэйн театрт очиж хүүхэлдэйн жүжиг үзэж, дараа нь хүүхэд залуучудын театрт, тэгээд Драмын театрт жүжиг үзэх зэргээр оюуны хувьд маш сайн төлөвшдөг байсан. Одоо бол тийм зүйл алга. Шилжилтийн жилүүдэд Монголын театрын урлаг сөнөлөө, устаж үгүй болох нь гэж яригдаж байсан ч өнөөдөр ямар түвшинд ирээд байгааг та бүхэн харж байгаа биз дээ. Бид дэлхийн театрын хөгжлөөс зогсолтгүй суралцсаар л байна. Гэхдээ хөгжиж байна гээд түүх уламжлалаа бас мартаж болохгүй байх. Театр гэдэг чинь нэг талаар оюуны бүтээлийн сургалтын газар шүү дээ.

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ИРГЭН:
ЭНЭ нөхөрийг сайн шалгах хэрэгтэй. ГЭНЭТ БАЯЖСАН ХҮНДЭЭ
2015-12-28