Ц.Нямдорж: Улс төрийн айдас нуруундаа үүрээд байна
2016-01-05

Гэрэл зургийг MPA.mn

Хуульзүйн байнгын хороо хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ хуулиар ҮХЦ-ийн гишүүдийг нэг удаа улираан томилох, тэтгэвэрт  гарах насыг Төрийн албаны тухай хуулиар тогтоож байхаар өөрчлөлт оруулсныг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад хууль санаачлагач Х.Тэмүүжин хариулсан юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-ҮХЦ ипотекийн зээл зогслоо гэж худал суртал явуулж байна. Тэнд янз бүрийн юм болж байгаа. Харин энэ хууль батлагдсаны дараагаар дээрх зүйл гараад байх юм биш биз. Нэг парламент, Ерөнхийлөгч гарч ирээд улс төрөөс ангид, 6 жилийн хугацаатай байх албан тушаалтнуудыг солиод байх уу. Улс төрөөс ангид байх албан тушаалтнууд нь улс төрийн айдас нуруундаа үүрээд байна. Төр тогтохгүй байх зүйл хийгдэх гээд байгаа учир санаа зовоод байгаа юм. Сайд огцруулах санал гаргах УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудалтай холбогдуулж хариуцлагын асуудал ярина гэсэн чиглэлийг Төрийн байгуулалтын байнгын хороонд  УИХ-ын дарга З.Энхболд  өгсөн. Төрийн байгуулалтын байнгын хороо чимээгүй байна. Яагаад тэрийг ярихгүй байж хууль гаргах аргаар асуудал шийдэх гээд байна вэ?

 

-Төрийн албаны тухай хуулинд “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан  хаагч төрийн алба хаах насны дээд хязгаар 65 байна” гэж байдаг юм билээ. Тэтгэвэрт гарах насыг зарим салбарт хуулиар тодорхойлж өгдөг.  Цэргийн албан хаагчдын тэтгэвэрт гарах насыг 20 жил ажилласан бол гээд тусдаа хуультай. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай болон Шүүгчийн тухай хуулиар Хөдөлмөрийн хуульд заасан насанд хүрсэн бол тэтгэвэрт гарна гэсэн заалттай.  Бид хууль өргөн барихдаа Үндсэн хуулийн цэцийг Шүүх гэдэг талаас нь хандаж, Дээд шүүхийн шүүгчийн тэтгэвэрт гардаг насаар нь тавьсан. Энэ нь ҮХЦ-д болох ёстой байсан. Гэвч   Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарын саналын дагуу  Төрийн албан хуулийн эрэгтэй, эмэгтэй хүйсийн ялгаагүйгээр 65 насаар тэтгэвэрт гаргана  зарчмын зөрүүтэй санал гаргасан. Энэ санал дэмжигдэх байх.  Төрийн албаны хуулинд бүх төрийн албаныхны тэтгэвэрийн дээд нас 65 байдаг юм билээ.

 

Үндсэн хуулийн Цэцийн гишүүдээр УИХ 3 хүнийг томилох заалттай. Бусад улс орны жишгээр Дээд шүүх нь Үндсэн хуулийн эрх мэдлийг хэрэгжүүлдэггүй. Даганасан Үндсэн хуулийн шүүхтэй байдаг улс орнууд ҮХЦ-ийн гишүүдийн томилогдсон хугацаа 9-11 жил байдаг юм билээ.  ҮХЦ-ийн гишүүдийг 1 удаа л томилдог. Дахин томилдоггүй. Гэтэл бид 6 жилээр тавьсан. Үндсэн хуульд дахин томилох зохицуулалт байхгүй. Харамсалтай нь практик амьдрал дээр манайд 20 жил ҮХЦ-ийн гишүүн хийгээд явж байгаа хүмүүс байна. Тийм учраас 6 жил гэдэг хугацааг хоёр удаагийн бүрэн эрх гэж тооцон 12 жил ҮХЦ-ийн гишүүнээр ажиллах боломжтой гэж үзэн нэг удаа улируулан томилох асуудлыг төсөлд тусгасан.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-ҮХЦ-ийн 9 гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүхээр тус бүр санал болгодог. Тэднээс санал авсан уу? Энэ хуулийн төсөлд ажлын хэсэг гаргаж болдоггүй юм уу. Сонгуулийн өмнөхөн ҮХЦ-ийн 8 хүнийг солих гээд байна.  АН-ын дарга З.Энхболдын зөвлөх байсан, 66 настай  С.Ламбаа төрийн жинхэнэ албан хаагчаар, Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод байна. Гэтэл яагаад ҮХЦ-ийн гишүүнд насны хязгаар тавиад байна вэ? Намын дарга 66 настай хүнийг томилж болдог, Төрийн тэргүүн, УИХ, Улсын дээд шүүх дээрх насны хүнийг томилуулж болдоггүй юм бэ?

 

-Австри, Германы загвараар ҮХЦ-ийг шүүх гэж үзэж байгаа бол тэнд ажиллах шүүгч нь Дээд шүүхийн шүүгчээр томилогдох болзол хангасан байна гэсэн заалттай байдаг. Манайх харамсалтай энэ загварын Үндсэн хуулийн шүүхгүй. Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс ҮХЦ-ийн гишүүнээр нэр дэвшигчийг оруулж ирж батлуулдаг. Үндсэн хуулийн Цэцийг шүүх гэж үзвэл Шүүхийн тухай хуулинд зааснаар Хөдөлмөрийн хуулиар тэтгэвэрт гарах заалттай. Төрийн албаны тухай хуульд заасан тэтгэврийн насыг барья гэвэл зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулна.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авлаа. Ингээд  ҮХЦ-ийн гишүүний тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг  Төрийн албаны тухай хуулинд зааснаар явуулахаар болов. Төрийн албаны тухай хуульд төрийн албаны хаагч эрэгтэй, эмэгтэй хүйсийн ялгаваргүйгээр  тэтгэвэрт гарах насны хязгаар 65 ” гэж заажээ. Хуульзүйн байнгын хорооны гишүүд энэ саналыг дэмжсэн юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин