Гуниг, шаналал бичдэг ч би “хар” хүн биш

“Хоосон”-г бүтээгчтэй ярилцлаа. Түүний намба төрх, үг яриа, үйл хөдлөл бүгд мөрөөдөл шигээ энгийнээс энгийн. Гэхдээ тэр яг л номын нэр шигээ бусдаас өөр хүн.
Ганцаардлын, гунигийн, шаналалын, ухаарлын, эмзэг мэдрэмжийн шүлгүүдийг нь уншихад хагацаж, хайрлаж, шаналж, уйлж, санаж, ухаарч үзсэн хэний ч сэтгэл сэмэрч, зүрхэнд хөндүүр мэдрэгдэм дэндүү дөт.
Энэ бол Утга зохиолын “Шинэ үнэр” бүлгэмийн гишүүн, залуу яруу найрагч Д.Эрдэнэзулай. Түүний ертөнцөд хамтдаа зочилъё.
-Гадаа хүйтэн байна шүү. Ингэхэд Зулай аль улиралд дуртай вэ?
-Би өвөлд хамгийн их дуртай, хайртай. Өвөл хоосон улирал. Амгалан, их юм бодож чаддаг улирал. Их даарсны дараа ингээд кофе уугаад суух чинь хачин гоё мэдрэмж. Бусад улирал хавар, зун ч юмуу нэг их гүн мэдрэмж төрүүлдэггүй. Цасанд дуртай цас орохоор хамгийн их баярладаг. Хүйтэнд дуртай, халуунд байж чаддаггүй.
-Чиний “төрүүлсэн” шүлгийн анхны түүвэр “Хоосон” ном өнөөдөр бидний уулзан, ярилцах шалтгаан боллоо.
-Энэ бол миний бараг гурван жил хүлээсэн анхны ном. Эхлээд аавынхаа номыг дараа нь өөрийнхийгөө гаргана гэж боддог байсан. Манай бүлгэмийнхэн, найз нөхөд ч миний номыг хүлээж байсан. Яг жилийн өмнөөс би одоо л номоо гаргая даа гэж бодсон. Явсаар байгаад саяхныг хүрлээ. Аливаа зүйлд гарах хугацаа гэж байдаг юм байна. Номын зургийг СУИС-ийн төгсөгч зураач Э.Эрдэнэсүх гээд бүтээлээ дан балаар зурдаг зураач урласан. “Шаналан” гэдэг нэртэй зураг.
-Номын нэр их сонин, өвөрмөц санагдсан. Би өмнө нь “Хоосон” гэдэг ном уншиж байгаагүй.
-Би эхлээд “Тэрсүүд” гэж нэрлэх гэж байсан. Тэгээд миний шүлгүүд тэр нэрэнд багтаж чадах, үгүйг бодсон. Өөр олон нэр ч орж ирж л байсан. Их удаан бодсон. Номын ковер зургаа найзуудтайгаа ярилцаж байхдаа “Хоосон гэдэг нэр өгнө” гэж тоглоом, шоглоомоор ярьж байгаад олсон. Тэр үед хажууд байсан найз маань ч дэмжсэн. Гоё нэр олчихлоо гэж бодож байсан. Гэвч номын редактор, яруу найрагч Л.Мягмарсүрэн ах “Билэггүй л сонсогдож байна. Тэрсүүд шүлгүүд нэрээ өгөө” гэсэн. Эргэлзэж, эргэлзэж байгаад “Хоосон”-гоо сонгосон. Ном гарсны дараа ч хүмүүс шүүмжилж, зарим нь “Хоосон” гэдэг үгийг нь алга болгоод гэртээ хадгална” гэж байна лээ. Тэгэхдээ энэ нэр бол миний шүлгүүдэд хамгийн тохирох нэр. Миний шүлгүүдэд ч хоосны тухай их дурдагдана.
-“Хоосон” гэдэг нэр таалагдахгүйн шалтгаан юу юм бол?
-Өнгөц харахад бэлгэгүй нэр. Монголчууд үгийн бэлгэдлийг боддог шүү дээ. Өнгөн талаас нь ядуу хоосны хоосон гэдэг утгаар ойлгоод байгаа юм. Харин би уйтгар, шаналан, ганцаардал, хүсэл мөрөөдөл бүх юм хоосон, бидний ярилцан суугаа нь ч хэсэг хугацааны дараа байхгүй болно хорвоо тэр чигээрээ хоосон гэдэг утгаар өгсөн. Аавынхаа найз Г.Цагаандэрэм багшдаа номоо аваачиж өгөхөд “Чиний номын нэрийг хараад би их баярласан гээд гүн ухааны тухай надад тайлбарлаад, чи нэрээ маш гоё зөв өгсөн байна” гэсэн. Буддын гүн ухаанд хоосон чанарын тухай байдаг шүү дээ. Би цаашдаа хоосон чанарыг бясалгая гэж бодож байгаа. Угаасаа тэр чигтээ бүх юм хоосон байдаг юм чинь. Тэгээд магадгүй хоосныг гүйцэт мэдэрсний дараа дүүрэн болох ч юм билүү гэж бодсон.
-Анхны бүтээл гэхэд тун чамбай, сайн, дүүрэн бүтээл болсон гэж уран зохиол, яруу найраг бүтээж бичдэг хүмүүс дүгнэж байсан.
-Анхны бүтээл гэхэд сайн ном болсон гэж би өөрөө ч итгэлтэй байгаа. Хүмүүсийн анхны ном аливаа зүйл алдаатай байдаг. Хэрэв би оюутан байхдаа номоо гаргасан бол байдаг л нэг анхны ном байх байсан биз. Харин илүү хожим гаргасан учраас бусдаас өөр болсон байхаа.
-Хэзээнээс эхэлж шүлэг бичив. Ийм авьяас, мэдрэмжтэй юм байна гэдгээ хэдийд мэдсэн бэ?
-Үсэг заалгаж, бичиж сурсан цагаасаа шүлэг бичсэн. Гэхдээ мэдрэмжтэй юм байна гэдгээ сүүлд мэдсэн шүү /Инээв.сур/. Би таван настайдаа шар өвчнөөр өвдөөд эмнэлэгт хэвтэхэд аав минь намайг сахиж байсан. Тэр үедээ үсэг, тоо сурсан. Аав ватум цаас дөрөв хуваагаад хүснэгт татан 35 үсгийг дармалаар цувуулж бичээд надад заасан. Тоог мөн адил ингэж сурсан. Цэцэрлэгт байхдаа ангийнхаа хүүхдүүдэд үлгэрийн ном уншиж өгдөг байлаа. Сургуульд орохдоо үсэг, тоогоо төгс сурчихсан байсан. Миний анхны шүлгүүд одоо аавын дэвтрийн завсар хадгалаатай бий. Би багадаа эмэгтэй хүн зурах дуртай, даашинзыг нь чимэглээд зурсан зургийнхаа доор дөрвөн мөрт биччихдэг байсан. Хамгийн анхных нь
Аав минь дээ аав минь
Үрээ өсгөж өндийлгөсөн аав минь
Үр чинь том болоод таниасаа сална гэхэд
Арай ч дээ аав минь гээд ийм шүлэг байдаг.
Тавдугаар ангид байхад “Бид ирээдүйн эзэд” гэдэг зохион бичлэг бичүүлэхээр нь шүлэг бичээд өгчихсөн. Хэн ч надад шүлэг бичиж болно эсвэл болохгүй гэдгийг хэлээгүй болохоор. Тэгтэл монгол хэлний Б.Мөнх-Эрдэнэ багш маань тэр шүлгийг манай ээжид бас Л.Содномдорж багш хоёрт үзүүлээд, ээж намайг Л.Содномдорж багшид шавь оруулж байсан юм. Тэгээд аймаг, улсын “Хүрэл тулга” наадамд дандаа оролцдог болсон. Анх аймгийн “Хүрэл тулга” наадамд гуравдугаарт байр эзэлж байсан.
ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН ХОЁРХОН ШҮЛЭГ БАЙДАГ
-Л.Содномдорж багш тань энэ хүүхдийг шүлэг бичдэг болоход маш их тусалж, дэмжсэн хүн бол түүний аав Л.Доржнямбуу гэж хэлсэн.
-Аав намайг шүлэг бичдэг гэж ерөөсөө тоодоггүй байсан байхгүй юу. Яахав миний шүлгийг уншдаг, засдаг өөлөхийг нь өөлдөг, надад өөрийнхөө шүлгүүдийг уншуулдаг байсан. Өөрөө хэнд ч хэлэлгүй, ээжид ч мэдэгдэлгүй нууцаар шүлэг бичдэг, ойлгохгүй гээд надаас өөр хэнд ч уншуулдаггүй. Өөрөө ном их уншдаг, намайг ч мөн тийм байлгадаг байсан. Есдүгээр ангид байхдаа “Миний мөрөөдлийн цэцэрлэгт” гэж шүлэг бичээд компьютерт хадгалсан байсныг аав олж үзээд “Одоо л чамайг шүлэг бичдэг гэж хэлэхэд болохоор болж. Чи энийг хүнээс хуулаагүй биз дээ. Миний охин өөрийгөө бараг олчихлоо” гэж хэлсэн. Миний ийм байгаад аавын нөлөө маш их. Аавтайгаа байсан бага насаа дурсахад яг л шүлэг шиг санагддаг. Өчнөөн шүлэг болчихоор тийм.
-Аавынхаа номыг гаргаж амжсан уу. Бас зураг зурдаг, сийлбэр хийдэг хүн байсан гэж дуулсан.
-Миний аав ухаантай, ном их уншсан, хүмүүст хүндлэгдсэн, олон шавьтай, зураг зурдаг сийлбэр хийдэг гарын дүйтэй хүн байсан. Надад хоёр дэвтэр шүлэг үлдээсэн. Удахгүй ном болгоно. Өөрийнхөө номыг өмнө нь гаргаж таарлаа.
-Ном бүтээж гаргана гэдэг хэцүү санагддаг. Наад зах нь утга төгөлдөр нэр олох, тэгээд уншууртай, уншигчдаа хүндэлсэн, чанартай, өөрийгөө илэрхийлсэн бүтээлүүд цогцлоох гээд л. Гэхдээ амархан гэж төсөөлөх хүмүүс ч байдаг. Чамд ямар байв.
-Би ч гэсэн амархан юм болов уу гэж боддог байсан. Харин номоо их бодож, шаналж байж гаргалаа. Тэрний дараа нэг их зовлонгүй ч юм шиг. Гэхдээ гоё санагдаагүй, ерөөсөө баярлаагүй. Хэвлэлтэд орчихлоо гэсэн үед жаахан баяр төрж байсан. Хэвлэгдснийх нь дараа ганцаараа шахуу л очсон. Өөрийнхөө дотор байсан бүх юмаа гаргаж хоосорсон мэт санагдаад, ингээд миний дотор байсан бүгдийг хүмүүс уншина одоо надад юу ч үлдсэнгүй гэсэн сэтгэгдэл төрсөн. Гэхдээ дараагийн зүйлээ бодсон энэ онд өгүүллэг бичье гэж. Бас номоо гаргасны дараа зөндөө гоё шүлэг орж ирсэн. Мэдрэмж сэргэдэг юм билээ.
-Тэртээд буй аав нь их баярласан байх.
-Би аавыгаа буцаад төрчихсөн гэж боддог. Аав их баярласан байхаа. Ээж маань бас их баярласан.
-Номоо аавын тухай шүлгээр эхлүүлээд, ээждээ зориулсан шүлгээр төгсгөсөн байна лээ.
-Энийг хүмүүс нэг их анзаарахгүй байхдаа гэж бодож байсан чинь чи анзаарчихсан байна. Би өөрөө яг ингэж бодож хийсэн юм. Аавдаа зориулсан шүлгийг өнгөрсөн хавар бичсэн. Аав минь байсан бол гэж бодож байгаад л бичсэн шүлэг. Ээжид зориулсан шүлгийг болохоор, би чинь хотод ирээд гэртээ харилгүй дөрвөн сар болсон. Мэдээж ээжийгээ гэрээ санана. Вакум цонх цантдаггүй, хөлрөөд ус нь доошоо урсаад байдаг шүү дээ. Нэг шөнө унтаж байгаад газарт ус дусах чимээнээр сэрсэн. Паарнаас ус гоожив уу гэсэн чинь цонхноос ус дуслаад байсан. Тэгээд л “Цонхнууд уйлж байна ээжээ...” гээд бичсэн. Би ер ээждээ зориулж шүлэг бичдэггүй. Бага байхдаа ээжийн тухай шүлэг бичдэг байсан ч мэдрэмжээ олсон цагаас хойш ээждээ гоё шүлэг бичих гэхээр нэг л болж өгдөггүй. Ээждээ зориулсан хоёрхон шүлэг байдаг.
-“Хоосон” номын ихэнх шүлгийг өөртөө зориулуулсан бас зөвхөн өөртөө зориулж гурван дэвтэр шүлэг бичүүлсэн “та” хэмээх тодотголтой нэг дүр бий. Энэ азтай хүний тухай ярих уу?
-Сүүлийн дэвтрээ өгөөгүй байгаа. Хоёр дэвтэр дүүрэн шүлэг өгсөн. Анх дэвтэр өгье гэж бодон бичихдээ жаахан муухай биччихээрээ болиод дахиад шинээр хуулж бичээд өгч байлаа. Баярладаг, хадгалдаг л байх. Яг яадгийг нь би мэдэхгүй. Ямар ч байсан гурван дэвтэр шүлэг зориулсан хүн бий. Манай нутгийн, надаас ах, шүлэг бичдэг, ном уншдаг, мэдлэгтэй, ухаантай эр хүн.
“ШИНЭ ҮНЭР”-ИЙН ГИШҮҮН БОЛСОНДОО БАЯРЛАДАГ
-“Шинэ үнэр” бүлгэмээр овоглодог. Энэ бүлд хэрхэн багтаж байсан бэ?
-Анх оюутан болохдоо дугуйланд явдаг нөхөдтэйгээ бүлгэм байгуулна гэж ярьдаг л байсан. Тэгтэл “Шинэ үнэр” бүлгэмийнхэн хоёр эмэгтэй хүн авъя, нэг нь Э.Бүжинлхам, нөгөөх нь хэн байх вэ гэж ярилцаад намайг авахаар болсон гэсэн. Тэгээд бүлгэмээрээ МҮОНТ-ээр гарсан “Шинэ цаг” гээд яруу найргийн уралдаант нэвтрүүлэгт ороод би “Шинэ үнэр”-т багтсан. Энэ багийн гишүүн болсондоо маш их баяртай байдаг. Манайхан чинь олонх нь эрчүүд. Бүгд өөр өөр мэдрэмжтэй сайн шүлэг бичдэг залуус. Хэн нь ч хэнийгээ орлож чадахгүй. Бие биенээ хурцалж өгдөг. Шүлэг бичээд фэйсбүүктээ оруулахад манай бүлгэмийнхэнд таалагдсан байвал би их урам авдаг. Бид амьдрал дээр ч сайн найзууд.
-Чи хэр сайн найз вэ?
-Би олон найзтай. Хүнтэй амархан нөхөрлөж чаддаг. Ямар ч үед намайг орхидоггүй найз олон байдаг. Харин таалагдахгүй бол огтхон ч харьцахгүй байж чаддаг. Балчир наснаасаа эхлээд өнөөг хүртэл үнэнч нөхөрлөсөн найзууд минь байна. Сүүлд танилцсан ч нэг хүн шиг болж ижилдсэн найз зөндөө байгаа. Өөрөө сайн найз байж чаддаг эсэхээ мэдэхгүй. Гэхдээ хүмүүсийг сонсож чаддаг. Би найз нь байж чаддаг учраас л тэд дэргэд минь байдаг байх.
-Даруухан төрхтэй, хөөрхөн нүдээрээ инээсэн залуухан яруу найрагчийн дотор ямар бүсгүй байдаг бол?
-Хүмүүс намайг гоё инээдэг, нүдээрээ инээдэг гэж хэлдэггүй байхгүй юу /Инээв.сур/. Харин гоё нүдтэй гэдэг зөндөө хүн байдаг. Бас ширүүн харцтай гэх нь ч бий. Миний дотор зөрүүд, өөрийнхөөрөө, гутранги үзэлтэй. Тэгсэн мөртлөө зөөлөн цагаан сэтгэлтэй эмэгтэй хүн байдаг болов уу гэж боддог.
-Үргэлж өөрийнхөөрөө байдаг уу?
-Бас цэвэр өөрийнхөөрөө гэж хэлэхгүй. Буруу, зөв ч өөрийнхөөрөө байсан нь дээр гэж боддог. Сэтгүүлч мэргэжлийг ч тэгж л сонгосон. Багш бол гэсэн ээжийнхээ хүсэлт, ятгалгыг хүлээж авалгүй, анхнаасаа сэтгүүлч болно гэж боддог байснаараа зөрсөөр МУБИС-ийн сэтгүүлчийн ангид элссэн. Аливаа зүйл хоёр талтай учир зарим тохиолдолд өөрийнхөөрөө байж чадахгүй үе гарна.
-Хор шартай тэмцэгч биш. Их эмзэг хүн шиг санагддаг.
-Аавынхаа хэлж байсан “Алтан дундажийг барьж явсан хүн хождог” гэдэг үгээр байхыг боддог. Ямар ч зүйлд хүмүүсийн урдуур зүтгэхгүйгээр ар талд байхыг хүсдэг. Хэн нэгэн надаас илүү шүлэг бичлээ, амжилттай явлаа гээд түүнээс илүү байхыг боддоггүй. Надад ерөөсөө хор шар байдаггүй. Хэрэв байсан бол одоо илүү амжилттай яваа байх. Би үнэхээр эмзэг хүн. Амархан гомдож, уурладаг ч дорхноо мартчихдаг, гомдоосон хүнд өс саналгүй амархан уучилдаг. Нэг удаа би фэйсбүүкт жигтэйхэн эмзэг пост бичсэн чинь манай найз орж ирснээ “Эмзэг, эмзэг гэхэд анхны хайраас ч эмзэг найз минь” гээд л инээлгэчихэж байгаа юм /Инээв. сур/. Эмзэг болохоороо л эмзэг шүлгүүд бичдэг.
ХҮҮХЭД БАЙЖ ҮХЛИЙН ТУХАЙ БИЧЛЭЭ ГЭЖ ЗЭМЛҮҮЛСЭН
-Ямар цаг үед шүлгээ бичдэг вэ?
-Жаргалтай сайхан байгаа үед шүлэг орж ирдэггүй. Гуниж гутарсан, ганцаардсан хэн нэгэн намайг гомдоосон үед, хүний хэлсэн нэг үгээс болоод шүлэг биччихдэг. Зовлон намайг хөглөдөг ч гэх юм уу. Тийм цаг үед хүн их юм боддог, харин жаргалтай, гоё үедээ шүлэг бичье гэж бодож чаддаггүй байх. Хүмүүсийн шүлэг ганцаардсан, их бодсон үедээ л төрдөг байх.
-Зүрх рүү зурж буй мэт эмзэг, мэдрэмтгий шүлгүүд байдаг. Тэр шүлгүүдэд буй шиг ганцаардал, гуниг, уйтгар, шаналант мөч тохиолдсон хүний оюун ухаан, сэтгэл, зүрхэнд шууд хүрдэг юм болов уу?
-Миний шүлгүүд хар бараан, уйтгар гунигтай. Яг л тэр үедээ зовж шаналж байгаа сэтгэл доторхоо л бичдэг. Уур хүрч, гомдож, шаналж, “зүрх гарчих” гээд байгаа үед шүлэг бичээд тайвширчихдаг. Тэгээд нэг хэсэгтээ сайхан болчихдог юм. Тийм үедээ гаргадаг учраас хүмүүст хүрдэг байх.
-Зовлон шаналлаа үгээр илэрхийлж чадахгүй хүмүүсийн дэргэд өөрөө азтай.
-Надаас илүү шаналж буй хүмүүс зөндөө бий л дээ, гэхдээ би илүү эмзэгээр, гүн гүнзгийгээр мэдэрдэг байх . Азтай чөлөөлөгддөг ч их зовлон шаналлыг шүлэгтэйгээ хамт тээсээр л явдаг. Хүмүүсийн зовлонг ч яг өөрийнх мэтээр хүлээж авдаг. Төрсөн ордтой бүх юм хамаатай юм шиг. Үхрийн орд болохоор зөрүүд, ургуулан бодохдоо сайн, юмыг удаан хүлээн авдаг гээд л.
-Орд гэснээс Ялалтын баярын өдөр төрснийг чинь мэдэх юм байна. Төрсөн өдрөө тэмдэглэдэг үү?
-Төрсөн өдрөө тэмдэглэдэггүй. Жаахан байхад аав надад таван мянган төгрөг өгөөд тэрүүгээр нь тансаглаад болчихдог байсан. Гэхдээ би нэг төрсөн өдрийг ер мартдаггүй. Миний төрсөн өдрөөр аав, ээж хоёр гараад алга болчихдог юм. Би нөгөө авдаг мөнгө, төгрөгөө хүлээгээд байдаг. Гэтэл тэр хоёр маань тэр үедээ мөнгөгүй л байсан бололтой. Зээл авах дэлгүүр хайж явсаар оройтож ирэхдээ зузаан цагаан ултай, тод цэнхэр өнгийн пүүз, чокопай авчирч өгч намайг баярлуулсан даа. Тэр үедээ хүүхэд байсан болохоор ойлгоогүй, олон жилийн дараа бодож олж байгаа юм.
-Үхлийн тухай зоригтой бичдэг. Магадгүй хэн нэгэнд зэмлүүлж байсан уу?
-Бичмээр санагдахаараа биччихдэг. “Үхлийг үхэж байгаа нь биш үлдэж байгаа нь мэдэрдэг” гэж Л.Өлзийтөгс яруу найрагч хэлсэн байдаг шүү дээ. Тэр л үнэн байх. Би үхлээс огт айдаггүй. Олон хүн намайг үхлийн тухай бичээд байхаар амиа хорлочихно гэж айдаг гэсэн. Надад амиа хорлох зориг байхгүй. Бичиж байгаа юм хар бараан байдаг боловч, би “хар” хүн биш. Том яруу найрагчид зэмлэсэн, намайг шүүмжилж, “Жаахан хүүхэд байж үхлийн тухай бичлээ, үхэл юу нь сайхан байгаа юм сайхан үхэл гэж юу байдаг юм. Би үхлийг хэдэн ч удаа дэргэдээс нь мэдэрсэн. Чи юу ч мэдэхгүй байж бичлээ” гэх зэргээр. Би үхлийг мэдэрсэн. Яагаад гэвэл би аавыгаа алдсан. Аавыгаа алдахдаа л үхэл гэж юу байдаг, дэргэд байсан хүн байхгүй болчихоор ямар байдгийг мэдэрсэн болохоор үхлийг мэднэ гэж боддог.
-Өгүүллэг бичиж чадах юм шиг санагдаад байгаа гэсэн. Бичнэ биз дээ?
-Манай нутгийн яруу найрагч П.Бөхбат гэдэг хүн байсан. Тэр ахыг амьд сэрүүн ахуйд нь би “Шинэ үнэр” гээд антологио өгсөн. Тэрээр “Би чиний номыг уншлаа. Тэгээд аавын чинь тухай шүлгийг уншаад хэзээ ч байгаагүйгээр асгартлаа уйллаа. Чи цаашдаа үргэлжилсэн үг, жүжгийн зохиол бичвэл явах байх” гэж хэлж байсан. Тэр хүн намайг бусдаас өөр хүн гэдгийг мэддэг байсан юм. Үргэлжилсэн үг бичиж чадна гэж сэтгэлд багтдаггүй байсан чинь энэ жилээс багтаад байгаа л даа. Тэгээд одоохондоо мэдлэг чадвар дутмаг байгаа учир зориглон эхэлж чадахгүй байна. Санаа бол байгаа. Энэ жилдээ багтаад өгүүллэгийн ном гаргах санаа төрсөн.
“ААВЫН АМИН ОХИН”
-“Бага нас” гэдэг шүлэг чинь яг л зураг шиг тодхон юм аа. Зулай ямар хүүхэд байсан бэ?
-Тэр сүүлд бичсэн шүлэг. Миний бичсэн хамгийн урт шүлэг /Инээв.сур/. Нэг шүлэг бичье. “Бага нас” гэдэг нэр өгье гэж бодоод л эхэлсэн чинь дуусахгүй яваад байсан. Биччихээд том ажлын ард гарсан мэт гоё амьсгаа авсан. Яг л бидний өссөн амьдрал. Би дөрвөн эгч, нэг ах, нэг дүүтэй. Манайх хангалуун баян чинээлэг айл биш ч аав, ээж хоёр минь биднийг өлсгөөгүй, амттай шимттэй юмаар дутаагаагүй, хэнээс ч хувцас хунар гуйж, уранхай ноорхой хувцастай явж үзээгүй. Би эгч нараасаа дамжиж ирсэн хувцсыг өмсдөг байсан ч хиртэй хувцастай явж үзээгүй ээж минь цэвэрч, нямбай хүн. Энэ бүхэн миний үзэл бодол, төлөвшил, хүмүүсийг хүндлэх, хайрлах ухаанд төлөвшүүлсэн байх гэж боддог. Аавын урлан гэж нэг өрөө байдаг. Зуух галлаж халаадаг.
Би тэр жижиг өрөөнд, сааралтсан утаа, модны үртэс дунд харандаагаа чихнийхээ навчин дээр тогтоогоод, бийрээ шилэмдэн зургаа зурах аавынхаа хажууд өссөн. Уран бүтээлч, авьяастай, өөр мэдрэмжтэй хүний хажууд өссөн болохоороо л би өөрийгөө шүлэг бичдэг болсон байх гэж боддог.
-“Аавын амин охин”...?
-Миний бүхий л дурсамж аавтай холбоотой. Би хөгшин хүн шиг өнгөрснөө дурсах дуртай. Би аавтай хамт хот явах дуртай. Хамгийн үнэтэй зайрмаг, ундааг хоёртоо гартаа бариад тансаг хүн галт тэргээр хотод ирнэ. Аавын найз Эрдэнэбилэг /Томоо гэж дууддаг/ ахынд ирээд гадуур явдаг байлаа. Ээж минь миний бага ангийн багш. Гэвч би ааваараа анхлан бичиг, үсэг заалгасан. Ааваараа анх үсээ тайруулж байсан. Намайг чолктой болмоор байна гэхэд урдаа суулган, сонин дэвсэж байгаад ногоон бариултай, хурц иртэй хайчаар хоёрхон хайчлахад л би тэгшхэн, гоё үстэй охин болчихсон.
Би хотод байж байгаад харихдаа нэг удаа үсээ задгайлж, нүдний шил зүүчихээд очсон юм. Гэтэл аав “Чи ер нь бол дажгүй хүүхэн болох гэж байна. Гэхдээ наад үсээ боочих” гэсэн. Би өтгөн үстэй л дээ. Хувцас хунар сонгоход хүртэл аав минь зөвлөдөг. Хичээлээ хийхэд зааж зөвлөдөг, 11 дүгээр ангийн тоо бодоход ч, зургийн даалгавар хийхэд ч тусалдаг байсан. Би багадаа амьтанд хайртай, амьтан тэжээх гэдэг байсан. Нэг удаа аав, бид хоёр манай байшингийн цонхыг мөргөж унаад гэмтсэн тагтааг эмчлэхээр гэртээ оруулж ирээд ус, будаа өгч байгаад ээжид загнуулсан. Бас гудамжнаас нэг царай муутай нохой олоод тэрэндээ нэр өгч байсан гээд бидний дурсамж зөндөө. Би бага насны дурсамжуудаа маш тод санадаг.
-Хүүхдийнхээ сонирхол бүрийг хүндэтгэж, дэмжиж, үгэнд нь ордог аав, ээж тэр үед хэр олон байсан бол. Охиноо өөрийгөө олоход “луужин” болжээ тэд.
-Ээж бага ангийн багш. Дорноговь аймгийн Айраг сумынхаа сургуульд 37 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Харин аав минь экскаваторчин хүн байсан. Монголросцветментийн Айраг сум дахь салбарт ажиллаж байсан юмуу даа. Төлөвлөгөөгөө даван биелүүлдэг, 7 таван жилийн гавшгайч, хамгийн өндөр цалинтай мундаг ажилчин байсан гэсэн. Тэгээд хөнгөн ажлын группт гарангуутаа манаач болчихсон. Их үрэлгэн манай нэг эгчид хувцас авахын тулд хэмжээ бүрээс аваад таарсан нэгийг өгөөд бусдыг нь хүмүүст өгчихдөг хүн байсан. Орой бүр бидэнд амттай юм авчирч өгдөг. Тэрнээс нь болоод би амттанд дуртай, үрэлгэн, мөнгөнд дургүй, хийхийг хүссэн юмаа хийдэг болсон байх. Аав, ээж хоёр намайг хорьдоггүй байсан. Би хийхийг хүссэн юмаа л хийнэ. Дуулъя гэвэл дуулж, бүжиглэхийг хүсвэл бүжиж, өөрийн хүслээр бичиж, уншиж өссөн. Одоо ч ээж минь намайг хорьдоггүй, шүлэг яруу найрагтай холбоотой бол бүүр их дэмждэг.
“РУССКИЙ ШАНСОН”-ЫГ СОНСООД ААВТАЙГАА УУЛЗСАН МЭТ БОЛДОГ
-Ах, эгч нараас чинь шүлэг бичдэг хүн бий юу?
-Байхгүй. Би ганцаараа шүлэг бичдэг. Нөгөө хэд маань зурахдаа сайн шүү.
-Хар дэвтэр дээр олон өнгийн саатай балаар шүлгээ бичдэг, гавлын дүрстэй зүйлсэд дуртай хэвээрээ юу?
-Тэр хар бараг миний анхны шүлгийн дэвтэр. Хайртай дэвтэр минь дуусчихсан. Есдүгээр ангид байхдаа аавынхаа бас өөрийнхөө блогийг хөтөлдөг байсан. Тэгээд блогоос зарласан “Өвлийн өвгөнд захиа бичих” уралдаанд оролцож гоё дэвтэртэй л болмоор байна гэж бичээд хоёр дэвтэр авч байсны нэг нь. Нэг дэвтрийг Нипонь гээд яруу найрагч, миний хуурай эгч явуулсан, нөгөөг нь Тайваниас “Мянган жилийн ганцаардал” гэдэг блог хөтөлдөг Мөөгий гэдэг эгч явуулж байж билээ.
Гавлын ясны дүрстэй эд зүйлд дуртай хэвээрээ. Миний шунал бусад эмэгтэйчүүдийнх шиг будаг шунх, гутал, цүнхэнд хөдөлдөггүй. Тэмдэглэлийн дэвтэр, гавалтай эд зүйл харвал л шунал хөдлөөд авчихдаг.
-Далан дээрээ гавал шивүүлсэн байсан.
-Миний баруун далан дээр гавлын ясны шивээс байдаг. Аавын маань зурсан зургуудын нэг л дээ. Аавыгаа биен дээрээ мөнхөлсөн гэх юмуудаа. Би бүр жаахан байхдаа нэг шүлгэндээ гавал шивүүлнэ гэж бичсэн байдаг юм билээ.
-Бас амьд хөгжмөө сонссоор л?
-Тиймээ. Манайх анх интернэттэй болж, компьютер авахад “Нисванис”, “Булсара”, “Харанга”, “Хурд”-ын дуунууд байсан. Тэгээд л сонсдог болсон, аавыгаа алдсанаас хойш бүр хүнд металл рок “Рамшштейн”, “Слипкнот” хамтлагийг сонсдог болсон. Түүнээс хойш миний үзэл бодол, зан араншин бүх юманд маш их нөлөөлж ганцаардмал, ганцаар байх дуртай, бүх юманд идэвхгүй нэгэн болсон. Уг нь сурагч байхдаа дуу, хөгжим, бүжиг, шүлэг, олон нийтийн ажил, дугуйлан гээд бүгдэд идэвхтэй, бүх хичээлдээ онц сурдаг байсан. Энэ бүхэнд аавыгаа алдсан бас амьд хөгжим сонссон аль аль нь нөлөөлсөн гэж боддог. Тэрнээс хойш л ингэж өөрийнхөөрөө болсон байх.
Амьд хөгжим гоё мэдрэмж өгдөг. Дуучин Отгоог их сонсдог, зураг нь миний утасны дэлгэц, түрүүвчинд явдаг, компьютерээр дүүрэн түүний зураг байдаг байсан. Бас “Нисванис”-ийг сонсох дуртай. “Нисванис”-ийн Амгаад бүр “хайртай”. Бичдэг шүлгэнд нь дуртай. Оюутан байхад орны ард энэ хамтлагийн хоёр плакат нь байдаг байв, одоо аяганд нь цай уудаг, номыг нь байнга цүнхэлж явдаг. Оросоос Гарик Сукачев, Александр Дюмин зэрэг хамтлаг, дуучны дуулсан тэр цаг үеийнхээ үзэл сурталд нийцэхгүй хориотой дуу буюу “шоронгийн дуу”-нуудыг сонсдог. Тэдний дуунуудыг аав байнга сонсдог байсан болохоор сонсоод аавтайгаа уулзчихсан юм шиг болдог.
ЭНГИЙНЭЭС ЭНГИЙН АМЬДРАХЫГ МӨРӨӨДДӨГ
-Ямар номыг хамгийн олон удаа уншсан бэ?
-“Зуун жилийн ганцаардал”-ыг хамгийн олон удаа уншсан. Бас “Ниванис”-ийн ном, “Үхлийн тууриуд”. Энэ хоёр номыг ээж авч өгсөн. “Ниванис”-ийн номын өмнөх хуудсанд “Их дэлгүүрийн 7 давхраас ээжээр авахуулав” гээд он сарыг нь биччихсэн байдаг юм /Инээв.сур/. Ээж минь намайг их дэмждэг. Би сурагч байхдаа хоёр хоногт таван ном уншсаар сургуулийн номын сангийн өөрт хэрэгтэй, хэрэггүй хамаагүй бараг бүх номыг уншсан. Одоо бол шүлгийн номыг тогтож нэг бүрчлэн уншдаггүй, ганц хоёр шүлэг л хардаг. Яагаад гэвэл уусахаас, автахаас айдаг. Харин богино өгүүллэгийн ном унших дуртай. Нэг номыг нэг суугаад л уншчихдаг. Ном уншаад эхлэхээр дуусгаж байж санаа амарна, бүх зүйлээ мартаад уншдаг.
-Өөртөө хэр их хайртай вэ?
-Хайргүй байх аа. Өөрөөсөө илүү бусдыг илүүд үздэг. Хайргүй учраас л муу гэсэн болгоныг хийдэг. Ширхэгийн кофе их ууна, тамхи татна, өөх махтай хоол иднэ, таргалж турахдаа ч санаа зовохгүй. Гутрахаараа хоолноос гарчихдаг.
-Юу гэж мөрөөддөг вэ?
-Мөрөөдөмтгий юм шиг мөртлөө яг тодорхой зорилго тавиад тэрэнд л хүрнэ гээд явдаг юм байдаггүй. Би зүгээр л энгийнээс энгийн амьдрахыг мөрөөддөг. Хамгийн сайн эхнэр, ээж болоод жижигхээн байшиндаа үр хүүхдээ тойруулан, инээх үедээ инээж, уйлах үедээ уйлж, эгэл амьдрах л миний мөрөөдөл.
Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ