Мандат хуваарилалтыг маргаангүй шийдчихээсэй

Сонгууль угтсан бэлтгэл ажил үргэлжилж байна. Энэ жил УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль нэгэн зэрэг явагдахаар хуульчлагдсан. Орон нутгийн сонгууль шинэ парламент бүрдэж, тангарагаа өргөн ажилдаа орсны дараа аравдугаар сарын сүүлийн өдрүүдэд явагддаг байлаа. Харин энэ удаад хоёр сонгуулийг зэрэг явуулж байгаагаараа онцлогтой. Гэхдээ дүүрэг, багийн сонгуулийг ирэх аравдугаар сард явуулахаар тусгасан. Хоёр сонгуулийн мандатын хуваарилалт эрх баригч, сөрөг хүчин хоёрын дунд хэрүүлийн алим болох шинжтэй.
Сонгууль холимог тогтолцоогоор явагдана. УИХ-ын 76 эрхмийн 28 нь намын жагсаалтаар 48 нь тойргоос сонгогдох юм. Энэ нь өмнөх 2012 оны УИХ-ын сонгууль явагдсантай адил тогтолцоо. Гэхдээ энэ удаад мандатыг хуваарилалт дээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж эрх баригчид үзжээ. Учир нь Сонгуулийн тухай хуульд УИХ, орон нутгийн сонгуулийг хүн амын тоог харгалзаж сонгуулийн мандатын тоог тогтоох тухай заасан байна.
Ингэснээр нийслэлийн мандатын тоог нэмж, 21 болгох саналыг оруулахаар зүтгэж байгаа аж. 2012 оны сонгуулиар нийслэл 14 мандаттай байсан юм.
Өнөөдөр нийслэлийн хүн ам 1.5 саяд хүрсэн. Энэ нь манай улсын хүн амын тал. Цаашлаад хөдөө орон нутгаас нийслэлд түр суурьшин ирж очин байдаг иргэдийн тоог нэмэхэд 1.8 сая хүрнэ гэсэн албан бус тоо байдаг юм билээ. Тиймээс УИХ-ын 76 мандатын 40 гаруй хувийг нийслэлд хуваарилах шаардлагатай гэж эрх баригчид үзжээ. УИХ-ын гишүүн бол тойргийн иргэдээ төлөөлөн төрд сууж байгаа элч.
УИХ-ын гишүүд сонгогдсон тойргоосоо шалтгаалаад төлөөлөх иргэдийн тоо нь харилцан адилгүй байгаа. Жишээлэхэд, 365 мянган хүн амтай Баянзүрх, Налайх дүүрэгт гурван мандат байгаа. Энэ нь нэг гишүүн 120 мянган хүнийг төлөөлж байна гэсэн үг. Харин Архангай аймаг 94 мянган хүн амтай, хоёр мандаттай. Ойролцоогоор Архангай аймгаас сонгогдсон нэг УИХ-ын гишүүн 47 мянган хүнийг төлөөлжээ. Ер нь Улаанбаатар хотоос сонгогдсон 14 гишүүн 1.4 сая хүнийг төлөөлж ажиллаж байгаа хэрэг. Нийслэлийн мандатын тоог оршин суугаа хүн ам нь 800 мянга байхад тогтоосон байдаг. Одоо 1.5 сая болчихсон. Тухайн үед орон нутагт 10 мянган хүн төлөөлдөг байсан гишүүн одоо хоёр мянган хүн төлөөлөөд сууж байгаа жишээ ч байдаг юм билээ.
Тиймээс нийслэлийн сонгуулийн тойрогт мандатын тоог нэмэх асуудал сөхөгджээ. Харин сөрөг хүчин МАН үүнд эмзэг хандаж байгаа. Учир нь Үндсэн хуульд заасны дагуу хүн амын тооноос гадна засаг захиргааны нэгжийг харгалзан мандатын тоог тогтоох зарчмыг баримтлах ёстой гэсэн байр суурийг сөрөг хүчин барьж байна. Ганцхан хүн амын тоог харгалзан үзэж болохгүй гэдгийг тэд анхааруулж байгаа юм. Хэрвээ дан ганц хүн амын тоог харгалзан нийслэлдээ мандат нэмбэл орон нутгийн төлөөлөл багасч, тэр хэрээр хөдөөд тавих анхаарал суларч, дэд бүтцийн асуудал орхигдон, газар нутаг эзэнгүйдэн хөгжлөөс хол хаягдана хэмээн тайлбарлаж байна.
Мандатын хуваарилалтад өөрчлөлт оруулахдаа эрх баригчид сөрөг хүчнийхээ үгийг нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргачихгүй, ажил хэрэг болгоно гэж найдъя. Нийслэлийн мандатын тоог нэмж байна гээд орон нутгийн мандатаас өм цөм хасч, хоёр аймгийн дунд нэг мандат шидэж, хоёр нүүр гаргахгүй биз.
Ер нь эрх баригчид өнгөрсөн дөрвөн жил нийслэлд л анхаарал тавьж, хөрөнгө оруулалт хийсэн. Эрх баригчид гэхээсээ нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээр овоглогдох бүтээн байгуулалт. Ирэх сонгуулиар орон нутагт АН-аас нэр дэвшигчид гарч ирэх найдлага бага. Тиймээс л нийслэлийн мандатын тоог нэмэх гээд байна гэх хардлага ч нийгэмд явж байна лээ.
Монголчууд бид 3 сая хүрч, олуулаа болсон бэлгэ дэмбэрэлтэйгээр энэ оныг угтсан. Энэ хэрээр төрд элчээ илгээх сонгогчдын тоо ч өмнөх сонгуулийн жилүүдээс нэмэгдсэн байх. Ам нээвэл уушиг нээ гэгчээр төрд сонгогчдыг төлөөлж суудаг түшээд ч зарим зүйлийг өөрсдөөсөө эхэлж өөрчилмөөр юм. УИХ-ын гишүүнд 3 сая хүн амаа таньдаг бай гэхээ больё, хэтэрхий хадуурсан хэрэг болно. Өөрийг нь сонгосон тойргийн иргэдээ танихаас гадна амьдрал ахуйг нь доторлож, үе удмыг нь гадарладаг байх нь төрийн түшээгийн үүрэг баймаар.
Сонгогчид тойргоос сонгогдсон эрхмээ сайн мэдэхгүй ч таньдаг, харин төрд төлөөлөн суугаа түшээ сонгогчдоо тэр бүр таниад байдаггүй. Сум, дүүргийн хорооны байранд УИХ-ын гишүүн бие төлөөлөгч гэсэн “нэр зүүсэн” хүмүүс байдгийг зарим сонгогч мэднэ, зарим нь мэдэхгүй. Учир нь тэд тухайн гишүүний талаар, ямар ажил зохион байгуулах гэж байгаа тухайгаа ойрын хүрээллийн цөөн хэдэн хүнд л дамжуулан хэлж, ярьж, хурал цуглаан зохион байгуулдаг. Үүнийг сонгогдсон УИХ-ын гишүүн нь ч мэддэг хэрнээ мэдээгүй мэт царайлдаг.
Харин өнөөдөр нэг түшээд төлөөлөх сонгогчдын тоо хотод их, хөдөөд бага хэмээн мандат булаацалдан мэтгэлцэж байна. Би 20 мянган иргэнийг төлөөлж байна гээд тэднийгээ таньж, ярьж явах нь төрийн түшээ хүний нэг бахархал байлтай, уг. Эцэст нь нийслэлийн сонгуулийн тойргийн мандатыг эрх баригч АН төдийгүй бусад хүчин дэмжих биз. Ингэхдээ орон нутгийг ч орхигдуулахгүй бодолцож, иргэнээ төлөөлөх эрхийг нь тэгшитгэн мандат хуваарилалтыг маргаангүй шийдчихээсэй.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ