Ширэн цартай хуурын гайхамшгийг харуулна

img

Хамгийн тэнгэрлэг, хийморьлог аялгуу, эгшгийг морин хуураас сонсдог гээд хэлчихвэл хол зөрөхгүй байх.

 

Хэдхэн өдрийн дараа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ширэн цартай морин хуур аялгуу хүнгэнэнэ. Морин чуулгынхан анх удаа бүрэлдэхүүнээрээ ширэн цартай хуураар тоглож, “Жингийн цуваа” задарч, олны хүртээл болно. Энэхүү үйлийг санаачлагч тус чуулгын морин хуурч Рэнчингийн Амарбаяртай ярилцлаа.

 

-Морин хуурын чуулгынхан ширэн цартай морин хуураар тоглож, уран бүтээлийн тоглолт толилуулна гэдэг чихэнд чимэгтэй мэдээ олон хүний сонирхлыг татаж байна. Ингэж тоглохыг та санаачилжээ. Хоёулаа эндээс эхэлж ярих уу?

 

-Бидэнд өвгөдөөс уламжилж ирсэн морин хуур минь угаас ширэн цартай байсан шүү дээ. Гэхдээ ширэн цартай хуур чийгтэй оронд очих, тайзны гэрэлтүүлэгтэй халуун газар байлгахад агшиж, сунах, хөг нь амархан алдагдах зэрэг бэрхшээлтэй байж. Тэгээд 1965 оноос хойш бидний одоо барьж буй модон цартай хуур буюу орчин цагийн хуураар тоглож эхэлсэн юм билээ. Энэ хуур сайхан хөгжиж байна.

 

Харин би алдарт хуурч Г.Жамъяан багшийн тоглосон уртын дуу, ардын дууг өөрийнхөө хэмжээнд сонирхон судалж байна. Түүний хуурдсан бүтээлүүдийг түүнийхтэй адилхан тоглоод байдаг гэтэл ерөөсөө сэтгэлд хүрдэггүй байсан. Хуур ондоо байгааг анзаарахгүй л өөр юм байгаад байдаг байж. Санаандгүй нэг удаа ширэн цартай хуураар нөгөө бүтээлүүдээ тоглоод үзсэн чинь учрыг олохгүй байсан нууцаа тайлсан. Тэгээд л ширэн цартай хуураар уртын дуу тоглохоор ямар гоё болдог юм бэ гээд туршилт хийж, үнэхээр болох нь уу, болгохын тулд яах вэ гээд үзэж эхэлсэн. Тайланд, Япон гээд далайтай орнуудад ч тоглож үзсэн. Технологи нь харьцангуй сайжирсан учраас ширэн цартай хуур тоглоход тайзан дээр тохиолддог байсан бэрхшээл харьцангуй багасаж, хаана ч тоглож болж байна.

 

Ноднин жилийн цагаан сарын өмнө “Торгоны хээ” тоглолт дээрээ энд тэндээс найман ширэн цартай хуур цуглуулаад “Жонон хар”-ын татлагыг татаж үзсэн нь хүмүүст сайхан хүрсэн. Энэ болох юм байна шүү гээд ширэн цартай хуураараа урт хэмжээний сонгодог зохиол тоглож үзлээ. Тэгээд ингэж тоглоё гэж шийдсэн. Хөгжмийг шууд авах бололцоогүй учир “Хан мюзик” компани, “Эдкс” хими цэвэрлэгээний газрынхны дэмжлэг, тусаар 14 ширэн цартай морин хуур шинээр хийлгэлээ. Тоглолтондоо ширэн цартай хуураа голчлон тоглоно, модон цартай хуураа ч тоглоно. Үзэгчид аль нь хэрхэн дуугардаг ялгааг олж сонсоно. Нэг зүйлийг хэлэхэд ширэн цартай хуур тоглох гэж байгаа нь анх удаа биш. Манайд ширэн цартай хуураар тоглодог хүмүүс байдаг. Гэхдээ цөөхөн.  Харин энэ тал дээр дорвитой ажил хийж, ийм олноор буюу чуулгаараа анх удаа тоглох гэж буй нь манайх болж байгаа юм.

 

-“Жингийн цуваа” гэдэг нэрийг сонсоод тэмээн жингийн цуваа төсөөлөгдсөн. Тоглолтоо ийнхүү нэрлэсний учир.

 

-Бид  ярилцаж байгаад хэдэн нэр бодоод Н.Жанцанноров гуайд танилцуулахад “Жингийн цуваа”-г маш сайхан нэр байна гэсэн. Тэрбээр манай тоглолтын зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Жингийн тэмээ бүгд бурантгаар холбоотой байдаг. Түүний нэгэн адил эрт дээр үеэс уламжилж ирсэн морин хуур, морин хуурчид холбоотой үргэлжилсээр байх болно. Тэр жингийн цувааны нэг би байх нь шүү дээ. Жингийн цуваа хүрэх газраа хүрээд тээж явсан ачаагаа буулгаж, задалдаг. Түүн шиг энэ удаа ширэн цартай хуурын аялгуу задран түмэнд хүрнэ. Дараагийн цуваанаас өөр өвөрмөц гоё юм гарч ирнэ. Ингээд л морин хуур минь жингийн цуваа мэт үргэлжилж явна гэсэн утгатай.

 

-Морин хуурын чуулга бүрэлдэхүүнээрээ анх удаа ширэн цартай хуураар тоглох нь ээ?

 

-Тийм. Бид саяхан морин хуураа хүлээж аваад сурч, дасаад дажгүй сайхан явж байна. Тоглолтын урын сангийн хувьд шинэ бүтээл гэхээс илүү хуучин тоглож байсан ардын, уртын дуу, татлага оруулахаас гадна үзэгчдийн мэддэг аялгуунуудыг өөр хуур, өөр дуугаралтаар тоглож үзүүлнэ. Сайхан болно гэж найдаж байгаа. Цаашдаа модон цартай хуур, ширэн цартай хуураа хослуулан авч явна.

 

-Ширэн цартай хуур нэлээн хугацаанд орхигдож. “Тэр ширэн цартай хуураар тоглодог байсан юм гэнэ лээ” л гэдэг болчих гээд байлаа.

 

-Модон цартай хуураар тоглож эхэлсэн нь тухайн үед маш том ололт, дэвшил байсан. Тэгээд ширэн цартай хуураа орхигдуулсан нь жаахан харамсалтай. Гэхдээ бүр алга болчихоогүй байна. “Хан мюзик”, “Эгшиглэн” гээд компани энэ хуураа урладаг. Мөн хувиараа хийдэг морин хуур урлаач ч бий байх. Харин ширэн цартай хуурын дуугаралт, дууны хувьд мартагдаж байгаа гэж хэлж болно. Сонирхдог хүн Г.Жамъяан багш, хуурч П.Буян гуайн морин хуур тоглосон бичлэгийг олж сонсохгүй бол өөр газраас олдоход бэрх. Тиймээс л үүнийгээ үзэгчидтэйгээ хуваалцахаар тоглолт хийж байна даа.

 

-Морин хуур урлах урлаг их нарийн байдаг юм билээ. Ширэн цартай хуурыг ямар амьтны арьсаар хийдэг юм бол?

 

-Ямаа, гөрөөсний арьс, говь руу бол ботгоны ширээр хийдэг гэдэг. Одоо бол голдуу ямааны арьсаар хийж байгаа. Бидний толгох хуурын царыг ямааны арьсаар урласан. Жигд сайхан дуугарч байна.

 

МОРИН ХУУРТ ЭГШИГЭН ЭНЕРГИ ШИНГЭСЭН БАЙДАГ

 

 

-Ширэн цартай хуураас ямар дуу гардаг юм бэ. Ямар бүтээл хуурдахад тохиромжтой байдгаар нь үүнийг мэдэж болох байх.

 

-Уртын дуу. Ширэн цартай хуураар тоглоход уртын дууны цохилго, нарийн нугалаанууд дэндүү гоё, маягтай орж ирдэг. Бас татлага байна. Хүнгэнэтэл татаад сууж байх ч сайхан шүү дээ /Инээв.сур/. Би Г.Жамъяан багшийн дууг дуурайн, сонсож уртын дууг сонирхохоосоо өмнө морин хуур тоглодог хүн байж, ширэн цартай хуурыг паржигнасан дуутай, дээр үед хэрэглэж байсан гэдэг л бодолтой байсан. Гэтэл түүндээ ороод, хорхойсоод, бусадтай хуваалцмаар санагдаад, хүмүүс ам сайтай болоод ирэхээр улам л урам орж идэвхжээд ирсэн. Энэ хуурынхаа сайн, давуу тал, боломж, ялгамжийг харуулна. Цаашлаад ширэн цартай хуурт зориулсан зохиол бүтээл ч гарч ирнэ байх.

 

-Ширэн цартай морин хуураар гадаадын уран бүтээл тоглож үзсэн гэж байсан. Тоглолтод орж байгаа юу?

 

-Монгол бүтээлээс гадна ийм юм тоглож болох юм байна гэдгийг харуулахаар тоглолтод оруулж байгаа. Би өнгөрөгч онд Г.Жамъяан багшийн нэрэмжит мэргэжлийн морин хуурчдын уралдаанд оролцохдоо ширэн цартай хуураар мэргэжлийн өндөр түвшний сонгодог бүтээл тоглож байсан. Тэр үед онцын бэрхшээл гараагүй. Тэгээд боломж байна гэж үзсэн.

 

-Морин хуур хэд “насалдаг” юм бол?

 

-Хийл, морин хийл европын утсан хөгжмийн хувьд 1700-аад онд хийсэн хөгжим одоо бол наслах тусмаа дуугаралт сайжирч, хамгийн үнэтэй, хамгийн сайхан дуутай байна. Харин манай монголчууд бол нүүдэлчин хүмүүс эвдэрвэл орхиод шинийг хийгээд авчихдаг. Ер нь эртний хөгжим харьцангуй цөөхөн байдаг. 100-150-иад жилийн өмнөх хөгжим сонсогдож байна. Бидний барьж буй мастер хуур тоглох тусам сайхан дуу орж байдаг. Морин хуурыг хийлтэй харьцуулахад элэгдэл ихтэй байдаг. Утас нь бүдүүн байнга татаж байна, царан дээр ирж байгаа даац маш өндөр учраас хотойх, цуурах нь байдаг. Юм хөгжиж байна, манай хот ч одоо нэг их нүүгээд байхгүй байх. Тэгэхээр сайн, зөв хадгалж чадвал хөгжим урт “насална”. Манай Ц.Батчулуун багшийн морин хуур сайхан хадгалагдаж байгаа. Магадгүй  100 жилийн дараасайхан дуутай байхыг үгүйсгэхгүй. Хөгжмийн зэмсэгт хадгалалт чухал.

 

-Сүүлийн үед “морин хуур минь” гэцгээж, толгойнд нь хадаг ороож, айл гэр, албан өрөөнийхөө хойморт залах боллоо. Морин хуураа хэрхэн дээдлэх нь зүйтэй юм бэ. Ингэж өлгөөд л дээдэлчихэж байгаа гэсэн үг үү?

 

-Бидний уламжлал. Зарим нутагт айлд байх ёстой гурван зүйлийн нэг хэмээн дээдлэх нь ч байдаг. Ийм сайхан уламжлал байгаад баяртай байдаг. Н.Жанцанноров гуай нэг ярилцлагадаа хэлсэн байдаг. Айлууд хууртай байна. Тэр хананд өлгөөтэй байгаа хуурыг аваад, тоосыг нэг арчаад дуугаргачих юмсан гэж. Энэ нь хүн бүр хөгжимчин бол гээд байгаа асуудал биш. Манай монголын нэгэн үндэстэн казах байна. Домбор дуугарахад л казах түмэн сонсогддог. Тэрэн шиг морин хуураа нэг сайхан хөглөөд, айлд орохдоо хуурыг нь аваад чадах хэмжээгээрээ хөгийг нь тэгшлээд тавьдаг байвал. Цаанаа аливааг чухалчлан үзэх маш том хүмүүжлийн ач холбогдол яваад байдаг шиг. Лам нар ном уншихыг үгэн энерги гэж боддог. Түүн шиг морин хуурт бас эгшигэн энерги шингэсэн байдаг гэж боддог юм.

 

-Морин хуураас гарсан эгшиг, аялгуу бүр сэтгэлд хүрдэг. Н.Жанцанноров гуай нэгэнтээ хялгасыг хялгасаар хөрөөдөж дуу гаргадаг цорын ганц хөгжим. Амьд эгшиг гардаг гэж хэлсэн.

 

-Яг тэрэн шиг байгаль, амьтан, хүний уялдаа, шүтэлцээ шингэсэн байдаг байх. Морин хуураа, үндэсний хөгжмөө сонсоод уярч хайлах нь ганцхан монгол хүнд байдаг зүйл биш шиг байгаа юм. Жишээлбэл, солонгосчууд хэгүм гээд үндэсний хөгжмөө дуугарахаар  учиргүй их сэтгэлийн хөдөлгөөнтэйгөөр хүлээн авдаг юм билээ. Харахад, сонсоход тэр нь тийм онцгой хөгжим биш. Тэгэхээр улс үндэстний онцлог цусаар нь дамжиж явдаг байх гэж боддог. Өвөг дээдэс минь бидэнд дэндүү том юм урлаад өгчихсөн байна. Түүнийг дамжуулж явдагтаа их баяртай байдаг.

 

ЗАВХАНЫ ХӨГЖИМ БҮЖГИЙН ДУНД СУРГУУЛИАС ГАРААГАА ЭХЭЛЖЭЭ

 

-Тэгэлгүй яахав. Морин хуурч таны тухай цөөхөн хором ярилцъя. Мэдээж эхний асуулт бол аль замаар хэрхэн яваад морин хууртай холбогдчихов?

 

-Би Завхан аймгийн Яруу суманд төрж өссөн. Хөдөөний эгэл жирийн айлын хүүхэд. Давуу тал гэвэл дуу хөгжмийн дугуйланд явдаг байсан. Тэр үед баруун таван аймагт Хөгжим бүжгийн дунд сургуулийн салбар нээсэн. Тэр сургуульд элсэхэд миний нас таарч байсан. Манай сургуулийн дуу хөгжмийн багш н.Түмэнбаяр шалгалт аваад манай ангиас хоёр хүүхдийг аймагт очиж шалгалт өг гээд явуулж байсан. Бид хоёулаа амжилттай тэнцэж цаашаа явсаар одоо урлагийн салбартаа ажиллаж байна. Анх Хөгжим бүжгийн дунд сургуульд ороход н.Энхсайхан, н.Амаржаргал, н.Батбаяр гээл сайхан багш нарынхаа гараар дамжиж сургуулиа дүүргэсэн. Түүнээс хойш тасралтгүй 20 гаруй жил Ц.Батчулуун багшийнхаа хажууд байж заавар зөвлөгөө сонсож, загнуулахдаа загнуулж, суралцсаар ирсэн дээ.

 

-Дуулдаг хүүхэд байсан юм уу?

 

-Хоорт зогсоно /Инээв.сур/.Эгч, дүү бид гурав дуу хөгжмийн дугуйланд явдаг. Эгч дуулна, хөтөлнө гээд бүгдийг хийнэ, дүү дуулна, бүжиглэнэ. Хамгийн үүрэг багатай нь би. Гэхдээ бид гурваас би ганцаараа урлагийн хүн болсон.

 

-Ямар нэгэн хөгжим тоглодог байв уу?

 

-Азтай ч гэх юм уу нэг юм болсон. Тэр алслагдсан аймгийн сумын сургуульд хоёр ширхэг велончил /морин хийл/ хөгжим байсан. Их гоё, уутнаас нь хөгжмийн үнэр үнэртээд л, хөгжим гоё үнэртэй шүү дээ. Манай багш надад нэгийг нь өгөөд коридорт суулгачихна. Гоё дуугаргаад сууж байна. Муухай дуугаргаж болохгүй шүү гээд /Инээв.сур/. Бас гитар сурчихсан байсан. Тэгээд хөгжим бүжигт шалгуулж тэнцэхэд “Хөгжим тоглодог уу” гэж асуухад нь гитар тоглож чадна, велончил тоглож сурч байгаа гэсэн чинь энэ хүүхэд морин хуурынх юм байна гээд л хуваарилчихсан.

 

-Завханы Хөгжим бүжгийн дунд сургуулиас гараагаа эхэлжээ.

 

-Анхны элсэгч, анхны төгсөгч нь болсон. 1988 онд элсэж байсан. Тэгээд 1990 онд цагийн байдал хэцүү болоход биднийг гурван жил сурган, наймдугаар анги төгсгөөд Улаанбаатар руу шилжүүлж байсан. Энд Хөгжим бүжгийн сургуульд ирж 1991-1994 он хүртэл н.Батбаяр багшийнхаа удирдлагад сурч төгссөн.

 

-Хамгийн анх ямар ая тоглож сурч байв?

 

-“Булигаар хүрэн цүнх” гэдэг дууг хамгийн эхэлж заадаг, тэр дууг сурч байсан. Анх Хөгжим бүжигт элсэхэд манай ангид ганцхан пянзтай, нэг пянз тоглуулагч байдаг. Тэр пянзан дээр Ч.Батсайхан ахын тоглосон “Үүлэн бор” байдаг. Энийг л сурчих юм бол морин хуурч гэж боддог /Инээв.сур/. Тэгээд наймдугаар анги төгсөхдөө “Үүлэн бор”-оо нэг тоглосон доо.

 

МЭРГЭЖЛИЙН ХӨГЖМИЙН СУРГУУЛИЙН ДЭГ ЖАЯГ  МАШ САЙН ТОГТСОН

 

 

-Их тэвчээр шаарддаг байх.

 

-Ямар ч хөгжим сурахад тэсвэр тэвчээр байдаг. Тэвчээртэй, анхааралтай байлгаж сургадаг. Мэргэжлийн сургуульд орчихоор бөмбөг өшиглөх ч чөлөөгүй болчихно. Бөмбөг өшиглөмөөр, сагс тогломоор байдаг ч тийм зав байхгүй. Багш нар минь биднийг сургахын тулд шахна. Бөмбөг өшиглөх завгүй морин хуураа тоглоод л суудаг байлаа.

 

-Хэзээнээс Морин хуурын чуулга хэмээх их айлын гишүүн болов.

 

-Бид нарыг оюутан байхад байгуулж эхэлсэн. Биднийг хоёрдугаар дамжаанд сурдаг байхад оюутнуудад түшиглэн байгуулагдсан. Бүх хичээл 17:00 цагт тардаг. Бид мөн цагт сургуулийн зааланд цуглараад 19:00 цаг хүртэл бэлтгэл хийнэ гэсэн хуваарьтай ч 20:00-21:00 цагт тарна. Өглөө гараад орой л харьдаг байсан. Албан ёсоор үнэмлэхээ 1994 онд гардаж авсан. Түүнээс хойш л ажиллаж байгаа. Японд хэдэн жил ажиллаж жаахан тасарсан.

 

-Японд ямар ажил хийж байсан юм бэ.

 

-Хуураа л тоглоно. Хөгжмөө давтана. Тоглолтын хуваарь тодорхой, цалин тогтмол, завтай. Миний эргэн тойрны хүмүүс тийм ажил хийж байгаад гайхдаг байсан. Энд нэг зүйл ярихад, Япон оюутнууд намайг “Удам дамжсан хөгжимчин үү эсвэл аав, ээж чинь баян хүн үү” гэдэг байсан. Японд ганцаарчилж хөгжим заалгах маш үнэтэй. Хүүхдүүд нь нэгдүгээр ангид орохоосоо өмнө бүр багаасаа сурч эхэлнэ. Тэр цагаас эхлээд төлбөрийг нь төлөх чадвартай айлын хүүхдүүд л сурна. Харин надад тэдний асуусны аль аль нь байгаагүй.

 

Аз болоход манай улсад хөгжмийн мэргэжлийн сургууль байдаг. Хөгжмийн мэргэжлийн сургуультай тийм ч олон орон байдаггүй байх шүү. Мэргэжлийн хөгжмийн сургуулийн дэг жаяг манайд маш сайн бүрэлдсэн. Тухайн үед төр засгаас урлагтаа тавих анхаарал сайн байсны ачаар. Манай хөгжимчид аль ч орны хөгжимчидтэй нотоороо яриад, тоглоод явчихдаг. Гэтэл Азийн орнууд өөрсдийн уламжлалт тоон ноттой, таван шугамтай нотыг тэр рүүгээ хөрвүүлэхгүй бол болдоггүй, тэдний нотын европт хүмүүс ойлгохгүй байдаг. Харин манай хөгжимчид тэр тал дээр айх юм байхгүй. Хаана ч очсон бахархалтай явдаг.

 

-Чуулгаа санасан уу?

 

-Саналгүй яахав. Японд байхдаа Морин хуурын чуулгынхаа тоглолтыг үзэж байлаа. Хүн аав, ээжээсээ холдох тусам тэднийгээ санадаг шиг л чуулгаа санасан.

 

-Үзэгчийн суудлаас чуулгынхаа тоглолтыг үзэхэд ямар санагдсан бэ?

 

-Сайхан байсан. Бас их сонин. Гадны оронд байгаагаас гадна анх удаа үзэгчийн судлаас чуулгын тоглолтоо үзсэн. Би энд ирснийхээ дараа “Чөлөө олгох боломжтой хөгжимчиндөө нэг удаа чөлөө олгоод тэр нь тоглолтоо үзэгчдийн суудлаас үзэж байя” гэдэг саналыг ажлынхандаа тавьсан. Хараахан хэрэгжээгүй байна.  Өнгөрсөн намар биднийг БНСУ-д тоглоход тэнд мэргэжил дээшлүүлэхээр очсон хоёр залуу маань үзэгчдийн суудлаас үзсэн.

 

-Тайз гэснээс таны санаанд хамгийн тод үлдсэн тайзыг асуумаар санагдлаа.

-Ингэж асуусан чинь нэг ийм дурсамж санаанд ороод ирлээ. Анх Хөгжим бүжгийн сургуульд ороод явж байтал “Хөгжмийн мягмар гараг” гэдэг юм болно л гэлээ. Манай байрны ёочин, шанз, лимбэчингүүд дуу тоглоод сурчихсан, маналзуулаад л. Морин хуур тоглож сурахад бусад хөгжмөөсөө жаахан ярвигтай болохоор нөгөө хэдээсээ арай хоцроод үзэлцээд л /Инээв.сур/. Сургуулийн хоёр давхарт байх төгөлдөр хууртай жижигхэн тайзан дээр “Хөгжмийн мягмар гараг” боллоо. Тэгээд би “Хуурын дуу” бил үү “эгшиг” ч гэдэг нэртэй байл уу нэг аялгуу тоглосон юм. Тоглоод дуустал зүгээр байсан хүмүүс ёсолсон чинь пирхийтэл инээлдээд л явчихсан. Тэгсэн чинь би яг 90 хэм бөхийж ёсолсон гэсэн. Тэрнээс хойш нэг хэсэг “90 градус” гэдэг нэртэй явж билээ.

 

БИ БОЛОВСОРЧ ДУУСААГҮЙ БАЙНА

 

 

-Монгол ардын уламжлалт урлаг соёлыг эзэмшин түгээн дэлгэрүүлэгчид монголын нэрийн хуудас. Гадны оронд тоглоход та нарыг хэрхэн хүлээж авдаг вэ?

 

-Монгол ардын урлаг бол өвөрмөц байдаг. Хаана ч очсон соргог, сайхан хүлээж авдаг. Тэр дотроо морин хуур бол гайхамшигтай бүтээгдсэн. Бүтэц, харах хэлбэр, эгшиг аялгуу нь ч гэсэн сонирхолтой, дээд хэмжээнд бүтээгдсэн агуу соёл. Аль ч орны хүмүүс сайхан хүлээж авдаг.

 

-Морин хуур тоглож сурахад хэдий хэмжээний цаг хугацаа, хичээл зүтгэл орох бол. Таны шавь болъё гэвэл ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ?

 

-Одоогоор би өөрийнхөө хэмжээнд боловсорч дуусаагүй байна. Нэг хэсэгтээ тоглоно гэсэн төлөвлөгөөтэй. Надад багшлах хугацаа бий. Багшлах бол маш хэцүү, ний нуугүй хэлэхэд жаахан халширдаг.  Гэхдээ өөрийн сурсан, мэдсэн, олж авсан туршлагаа хуваалцахгүй бол морин хуурч байсны хэрэг юу билээ. Хэдэн жилийн дараа багшилна.

Надаар хуур заалгая гэвэл тууштай, өөрийн гэсэн бодол дээрээ бат зогсдог хүн байх хэрэгтэй. Цаг хугацааны хувьд гэвэл, намайг японд байхад контор басс тоглодог нэг хүн морин хуур заалгая гээд ирэхээр нь ганц хоёр юм заагаад өгсөн чинь 20 минутад нэг дуу тоглоод сурчихаж байсан. Яахав нумт хөгжмийн амин сүнс нумандаа байдаг. Харин жинхэнэ морин хуурч болъё гэвэл жаахан шалгуур тавьж магадгүй.

 

-Байнга дасгал сургуулилттай байх шаардлагатай юу?

-Тийм. Хөгжимчин хүн байнгын бэлтгэл сургуульгүй бол өнгөрсөн цаг дээр яригддаг болчих гээд байдаг.

 

-Морин хуураа юутай зүйрлэх вэ?

 

-Намайг дандаа дагуулаад яваад байдгийг бодвол нисдэг морь юм даа.

 

-Морин хуур бол Монголынх юм гэдгийг баталчихсан. Гэхдээ тэр хөгжмийг, түүнээс урсан гарах аялгуу, эгшгийг илүү олонд түгээн дэлгэрүүлэхийг хүсэж, бодож л явдаг байх даа.

 

-Морин хуураа дээдэлдэг болчихлоо, Монголынх гээд батлуулчихлаа. Сургалт зохих түвшинд явж байна. Тэгээд яг морин хуурч болоод гараад ирэхээр хаячихдаг. Монголынх гэдгийг баталчихсан хойно одоо аль болох гадагшаа хандсан зүйлс хиймээр байна. Тиймийн тулд гадаад хэлийг маш сайн сурч, гадагшаа гараад гайхамшигтай гэдгийг нь бусдыг ангайтал тайлбарлаж чаддаг, сурахыг хүсвэл заагаад өгчихдөг байх хэрэгтэй гэж боддог. Дэлхийн хэмжээний томоохон зүйлд морин хуураа сурталчилмаар. Энэ жил манай улсад дэлхийн хэмжээний томоохон уулзалт болох гэж. Энд улс төр, эдийн засгаас гадна урлаг соёлын зүйлээ ч тавих хэрэгтэй гэж бодож байна.

 

-Морин хуурын хөгжил хэрхэн явж байна вэ?

 

-Морин хуурын хөгжил хоёр тийшээ явна. Морин хуур шинийгэээрэлхийлж хөгжихөөс гадна хуучнаа зэрэг авч явахгүй бол “салан баавгай” гэдэг шиг болно гэж бодож байна.

 

-Танай гэр бүлийн хүн бас хөгжимчин. Хоёул урлагийн хүн болохоор хүүхдүүдээ зарцуулах цаг хугацаа хомс байдаг уу?

 

-Энэ удаагийн ажил дээр тусалж байна. Хоёул нэг дор ажилладаг болохоор хамт оройтно, хүүхдүүд орхигдох гээд байх тал бий. Гэхдээ том нь биеэ даагаад том болчихсон учраас дүүгээ аваад явчихаж байна. Монгол хүүхдүүд чинь тэгээд дэм дэмэндээ өсчихдөг шүү дээ.

 

-Та юу гэж мөрөөддөг вэ?

-Ингэнд ботго авахуулах ёсон гэж байдаг шүү дээ. Ботгоо голсон ингийг хуурыг аялгуу, дуугаар уярааж ботгыг нь авахуулдаг. Би тэгж ингэнд ботго авахуулж үзэх юмсан гэж мөрөөддөг юм. Саявтар нэг нэвтрүүлэгт оролцоход миний мөрөөдлийн тухай асуухаар нь түүнийгээ хэлсэн юм.

Гэтэл тэр орой Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас нэг хүн холбогдоод “Өөрийн чинь нэвтрүүлгийг үзлээ. Сайхан болжээ. Манай нутагт ингэ ботгоо голвол та ирж чадах юм уу” гэж асуусан. Би “Ямар сайхан юм бэ. Тийм тохиол гарвал тэгье” гэсэн. Тэгэнгүүтээ бас боддог юм билээ. Хэрэв тэгвэл юу тоглох билээ гээд л /Инээв.сур/. Хүн тэгж ярьж байна гэдэг чинь миний мөрөөдөл биелэх магадлал жаахан наашилж байна гэсэн үг. Одоо энэ ажлыг дуусгаад ингэнд ботго авахуулах, ингэ хөөслөх зэрэг ардын аман зохиол юмнуудыг сонсъё гэж бодож байна.

 

Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

 

Б.Будхүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ