АН нийслэлд, Ардын нам орон нутагт “хайр зарлах” шалтгаан
2016-01-26

-Мандатын маргааныг эцэслэхийн тулд Үндсэн хуулиа эргэж харахаас өөр аргагүй-

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хүн амын 44 хувь нь буюу нэг сая 380 гаруй мянган хүн амьдарч буй нийслэл хотод дөнгөж 14 мандат байгаа нь Үндсэн хуулийг зөрчсөн улмаар, иргэдийн төрд өөрсдийгөө төлөөлүүлэх эрх ашиг хангагдаж чадахгүй байгаа тухай мэдээлэл олны анхаарлын төвд буй. Нийслэлээс сонгогдсон нэг гишүүнд 120 орчим мянган сонгогч оногдож байхад эсрэгээрээ алслагдсан аймгуудын 70 орчим мянган хүнд хоёр гишүүн байгаа нь хүн амын тоог харгалзан мандатын тоог тогтоох Үндсэн хуулийн суурь зарчим алдагдахад хүргэсэн гэж үзсэн. Тиймдээ ч хотын удирдлагууд нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлж, нийт хүн амын 44 хувь амьдарч байгаа нийслэлд хамгийн багадаа 22 мандат өгөх шаардлага тавьсан билээ. Энэ асуудал улс төрийн намуудын талцаж хэрэлдэх шалтгаан болжээ. Зөвхөн хүн амын тоог үндэслэн мандат хуваарилах нь буруу гэж МАН-ын бүлэг үзэж, эсэргүүцлээ илэрхийлсээр буй. Харин эсрэг талд АН-ынхан Үндсэн хуульд хүн амын тоог харгалзан мандатын тоог тогтооно гэж заасан.

 

 

Гэтэл нийслэлийн хүн ам мандатын тоог хуваарилж байсан 2008 оноос хойш нэг дахин нэмэгдчихээд байхад мандат хуучнаараа байх нь буруу гэж тайлбарласан. Энэ ганцхан Монголд болдог ч маргаан биш. Парламентын зарчмаар ажилладаг олон ч улс оронд хүн ам, газар нутгийн маргаан асуудал дагуулдаг. Тиймдээ ч АН-ынхан цоо шинэ зүйл ярьж, Ардын намынхан боломжгүй зүйлийг эсэргүүцээд байгаа хэрэг биш билээ. Нийслэлийн мандатын тоог нэмэх асуудлыг энэ долоо хоногт намууд хэлэлцэн шийдэх учиртай. Хэвлэл мэдээллийн байгууллагууд мандатын тоог нэмэх нь зөв эсэх асуудлаар санал асуулга явуулжээ. Иргэдийн дийлэнх нь мандатын тоог нэмэх нь зөв. Хүн амын тоо хэт өссөн байхад нэг гишүүнд хэтэрхий олон сонгогч оногдож, тэр хэрээр хариуцлагын тухай яриа мартагдаж байна гэж үзсэн байгаа юм. УИХ-ын дарга өөрөө цахим сүлжээ идэвхтэй хэрэглэдэг иргэдийн дунд санал асуулга явуулсан бөгөөд санал асуулгад оролцсон нийт иргэдийн 68 орчим хувь нь мандатын тоог нэмэх нь зөв гэж үзжээ. 



Хоёр намын маргааныг эцэслэх үүднээс Үндсэн хуулийг зүйл заалтыг сөхөж үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн заалт байх аж. Төрд төлөөлөх үндсэн үүргээ биелүүлэх үүднээс сонгогч нэг бүрийн эрх ашгийг хамгаалах нь чухал гэдгийг Үндсэн хуульдаа тусгаад өгчихсөн гэсэн үг. МАН-ын одоогийн тэргүүн нийслэлийн даргаар ажиллаж байхдаа ч энэ асуудлыг хөндөж байсныг үгүйсгэх боломжгүй. Гэвч нэг удаад мандатын тоог нэмээд өнгөрөх үү. Цаашдаа хүн амын тоо нэмэгдэх хэрээр энэ маргаан гарсаар байх уу гэдгийг ярих цаг нь болсон. Нийслэл рүү цуварсан их нүүдлийг зогсоож чадахгүй л бол мандатыг нэмэх, нэмэхгүй асуудал хэзээ нэг өдөр дахиад л сөхөгдөнө. 



Нэр дэвшигч зөвхөн хүн амаа УИХ-д төлөөлөх үү, эсвэл газар нутгийн төлөөлөл байх учиртай юу. Хэрвээ газар нутгаа ч төлөөлнө гэж үзвэл эсрэгээрээ нийслэлийн мандат багасч, газар нутгийн хэмжээ их аймгууд мандат нэмэгдэнэ. Аль алиныг нь төлөөлнө гэж үзвэл, мандатын тоогоо дахин шинэчлэх, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Эс бөгөөс мандатын тоог баталж байхад 800-аар тооцож байсан, тэр цагаас хойш нэмэгдсэн 500 гаруй мянган иргэдээ буцаагаад аймаг аймагт нь явуулах уу, эсвэл төрд төлөөлөх гишүүнтэй болгох уу гэдгээ ярихаас өөр аргагүй юм. 


 

Жагсаалтын гишүүдийн хариуцлагыг сайжруулъя  
 

 

Мандатын тоог нэмэх тухай маргаан гарахад улстөрчид хоёр талаас нь тайлбарлаж эхэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Улаанбаатар хотод хэт төвлөрөл бий болсноор сөрөг үр дагавар улам нэмэгдэнэ. Хөдөөнөөс хот рүү тэмүүлэх нүүдэл нэмэгдэнэ. Зах хязгаар нутаг эзгүйрвэл үүний цаана ямар асуудал гарах вэ. Мандатын тоог цөөрүүлэхийн цаана зах хязгаар нутгаа эзэнгүйдүүлэх, тэнд амьдарч байгаа иргэдийн эрх ашиг, дуу хоолойг багасгах, боомилох нь” хэмээн мэдэгдэв. 



Харин хотын дарга Э.Бат-Үүл “Одоо байгаа 14 тойрог нийслэлийн хүн амыг төлөөлж чадахгүй болсон. Жишээлбэл,2008 онд 800 мянга гаруй хүн амтай байсан Улаанбаатар хот өнөөдөр 1.314 мянган хүнтэй болсон байна. Гэтэл төлөөллийн мандат нь 2008 оны жишгээр байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн 500 мянга гаруй иргэдийн төлөөлөл байхгүй болсон гэсэн үг” хэмээн ярьсан байх юм. Хоёр намын төлөөллийн үгийг аль ч талаасаа зөв. Гэхдээ төлөөлөлгүй 500 мянган сонгогчийн асуудлыг ярихаас өөр аргагүй. Энэ тохиолдолд улс төрийн намууд зөвшилцлийг чухалчилж намын нэрээр өрсөлдөх 28 гишүүний хариуцлагыг илүү чамбайруулж болно. 



Шинэчилсэн хуулиар намын нэрээр өрсөлдөх 28 гишүүн таван бүсэд хуваагдаж санал авах учиртай. Тиймээс тухайн бүсээс хамгийн өндөр санал авсан таван гишүүн, тойргоос сонгогдсон гишүүдтэйгээ хамтраад ажиллах боломж бүрдэх юм. Нөгөө талаар алслагдсан хүн ам цөөтэй аймгийн гишүүдийн хариуцлага сайжрана гэж тайлбарлах хүмүүс бий. 70 мянган хүн амтай аймагт хоёр гишүүн байхад тэд хэн хэндээ найдах байдлаар ажилладаг. Нэг намынх байвал хамтраад ажиллаж болох ч өөр өөр намаас сонгогдсон бол барагтай л бол хамтарч ажилладаггүй. Тэр ч утгаараа сонгогч хэнээс нь хариуцлага нэхэхээ мэдэхгүй, дэмий л хоёр өөр намын “дайсан” сонгосондоо харамсаад өнгөрдөг. Тэгвэл хүн ам цөөтэй аймагт мандат нэг байснаар гишүүндээ хариуцлага тооцох асуудал нь илүү чанаржина гэж үзэж байгаа юм. 


 

Нийслэлийн мандатыг тойрсон улс төрийн шалтгаан 

 


Улс төрийн халуун сэдэв болсон мандатын тоог нэмэх асуудлаар шантааж хийж байгаа хүмүүс бол МАН-ынхан. СЕХ-оос нийслэлийн мандатын тоог нэмэх нь зөв гэж УИХ-д санал оруулсны дараа тэд ухаан орсон аятай л Ерөнхий сайдыг огцруулах төсөлд гарын үсэг зурсан билээ. Мандатаа хуучнаар хадгалж үлд. Эс тэгвэл сайдыг чинь огцруулна гэх улс төрийн шантааж ил далд өрнөж эхэлснийг бүгд мэдэж буй. МАН юуны учир сандарч тэвдэн орон нутгийн мандатыг үхэн хатан хамгаалж, АН юуны учир нийслэлийг илүү чухалчлах болсныг улс төрийн өнцгөөс харвал өөр дүр зураг харагдана. Тэдний хайр зарлаж буй шалтгаан ердөө л хэн нь хаана илүү нэр хүндтэй вэ гэдэг асуудал. 



МАН-ын нэр хүнд хөдөө орон нутагт өндөр байдаг. Тэр тусмаа алслагдсан аймгуудад МАН-ын ноёрхол олон жил тогтсон. МАН дандаа алслагдсан аймгуудаас санал авч чаддаг. Харин эсрэгээрээ АН-ын нэр хүнд нийслэл өсчихсөн. Өнгөрсөн хугацаанд хотын захирагчийн хийсэн ажил нийслэлд АН дахиад ч 100 хувь ялалт байгуулах боломжийг бүрдүүлж өгсөн. Тэр ч утгаараа хоёр нам хоёулаа магадлал өндөртэй тойргуудаа ч хамгаалсан өрсөлдөөн өрнөж байна. Улс төрийн өнцгөөс харвал АН засгаа хамгаалах үүднээс МАН-д бууж өгөх, эсвэл сөрөг хүчнээс бусад бүх нам эвсэлтэй тохиролцож мандатаа ч, Ерөнхий сайдаа ч хамгаалж үлдэх чухал шийдвэр гаргах нь ээ. Ирэх өдрүүдэд энэ хоёр сэдэв бие биетэйгээ салшгүй холбоотой яригдах нь тодорхой боллоо.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Өнөртогтох
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АН-ын хулгайч нар одоо нийслэлд, хөдөө орон нутагт мянга хайр зарлаад зарлаад тэднийг хэнч сонгохгүй. АН цэвэр ялагдана.
2016-01-26
Зочин:
Хаана амьдрал хүнд байгаа юм монголд амьдрал хүнд биш арчаагүй залхуу монголчуудад амьдрал хүнд гэх нь зөв. Хотод амьдарч чадахгүй бол хөдөө гарч хүний ч гэсэн мал хөлсөөр маллаад амьдраач цаана чинь туслах малчин олдохгүй малчид хүнд байна шүү дээ малаа дйилэхгүй хүн хүч хүрэхгүй цас зуданд алдаад эхлэлээ. Хотод хамгийн арчаагүй новшнууд нь ирчихээд хүний төлөө амьдарч байгаа юм шиг төрөөс халамж нэхээд хараагаад сууж байдаг шүү дээ. Тэдэнд туслах ч хэрэггүй. Ажилтай арчаатай хүмүүс хөдөө сайхан амьдраад малаа өсгөөд ногоо тариад хангалуун амьдарч болоод байна. Монголчууд өлсгөлөн зовлон хэзээ ч үзээгүй ард түмэн тйим дээ ийм арчаагүй байгаа юм
2016-01-26
Зочин:
Хүн санал өгдөг болохоос газар шороо санал өгдөггүй хүний тоонд тааруулж сонгуулийн тойрогоо хуваах хэрэгтэй хотод 40 мандат хөдөөд 26 мандат байх нь зөв
2016-01-26
Зочин:
ард түмнээ бодмоор юмаа эрх баригчдаа цаана чинь амьдрал хүнд байна
2016-01-26
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-26