Ширэн цартай хуур дуугаралтын хувьд гайхалтай
Морин хуурч Р.Амарбаярын санаачилгаар Улсын филармонийн морин хуурын чуулгын уран бүтээлчид “Жингийн цуваа” ширэн цартай морин хуурын тоглолтыг энэ сарын 28-ны 19.00 цагт толилуулахаар зэхэж буй. Цаг үеийн шаардлагаар нэгэн үе монголчууд ширэн цартай хуураа хэрэглэхээ больж, дуугаралт, эдэлгээг нь бодолцон модон цартай болгон өөрчлөн хэрэглэх болсон. Харин одооноос чуулгын уран бүтээлчид тус бүрдээ “Хан мюзик” продакшны урласан ширэн цартай хууртай болж байгаа бөгөөд уг хуурын онцлогыг харуулахаар тус тоглолтыг зохион байгуулж байна.
Сэтгэлд дотно сонсогддог ардын дуу, уртын дууны нарийн уянгыг ширэн цартай хуур л түгээдэг тухай уран бүтээлчид хэлж байна.
Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров
-Энэ тоглолт бол морин хуурын чуулгын уран бүтээлчдийн бас нэгэн том сорил гэж хэлж болно. Ширэн цартай хуурын царны мод, будаг нь өөр, халуун хүйтэнд чийг даах нь хүртэл янз бүр байдаг. Үүнээс болоод халахаар хөг нь өсчихдөг, норохоор хөг нь сулардаг гэх зэрэг асуудал байсан учраас ширэн цартай хуурнаас халгаад байсан хэрэг л дээ. Тэрнээс биш дуугаралтын хувьд гайхалтай гэдгийг бид ойлгох учиртай. Мөн ширэн цартай хууртай болчихлоо гээд модон цартайгаа орхигдуулж болохгүй. Жишээ болгож яривал бид монголчуудын үйлдвэрлэсэн “Бенз” машинтай болж байна л гэсэн үг. Тэгэхээр урьд нь унаж байснаа ч унана, өөрсдийн үйлдвэрлэсэнээ ч унана гэж ойлгож болно.
-Миний хувьд ширэн цартай морин хууранд нэлээдгүй анхаарал тавьж судалж, 2001 оноос Жамъян, Батчулуун багшийн тоглодог ардын уламжлалт татлагыг тоглоход гайхамшигтай зохицдгыг нь олж мэдсэн. Судлах тусам үүндээ уусаж, буцааж сэргээж болох эсэхийг мэдэхээр өөрийнхөө хэмжээнд туршилт хийж эхлэсэн. Туршиж үзээд болох юм байна гэж үзээд энэ удаад морин хуурын чуулгын хуурчдадаа 14 морин хуурыг ивээн тэтгэгчийн дэмжлэгтэй хийлгээд байна. Нарийн нандин юм байна гэдгийг нь олж мэдсэн учраас үүнийгээ үзэгчидтэйгээ хуваалцахыг хүссэн. Энэ хүсэл минь удахгүй биелэлээ олох болсонд баяртай байна.
“Хан мюзик” ХХК-ийн захирал, хуур урлаач Д.Уламбаяр
-Ширэн цартай морин хуур бол манай Монгол үндэстний уламжлалт хөгжим. Энэ хөгжим олон мянган жилийн өмнө хийсэн урлал, харьцаа, тоглолт гээд бүх талаасаа төгс хөгжсөн хөгжим. Морин хуурыг хийл утсан хөгжмийн өвөг гэж гадны судлаачид хэлдэг. Харин манай Монголын судлаачид янз бүрийн зүйлээс л үүдэлтэй болгоод өөрсдөөсөө хөндийрүүлээд байдаг. Гэвч маргаангүй Монгол ахуйгаас бүтсэн гайхамшигтай бүтээл. Манайхан ширэн цартай морин хуурыг 1960-аад оны дундуур адалж орхисон байдаг юм. Гэхдээ тоглож болохгүй болоод хаячихсан юм биш. Ширэн царыг нь шаардлага хангахгүй байна гэж үзээд модон цартай болгосон хэрэг. Энэ нь нэг талаасаа том эргэлт болсон ч дугаралтын хувьд дэвшилтэй биш байсаар ирсэн. Тиймээс ширэн цартай морин хуурыг орчин цагийн концертын шаардлагад нийцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ