Х.Алтангэрэл: Наадмыг шударга зохион байгуулахыг зорьж байна

img

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур” наадмын 29 дэх удаагийн шалгаруулалтын эхний шат  энэ сарын 16-нд “Улаанбаатар” чуулгын концертын танхимд болсон. Харин хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 28-нд Соёлын төв өргөөнд зохиогдох юм. Наадмын талаар Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэлээс тодрууллаа.

 

-Ажлаа аваад удаагүй залуу удирдлагын хувьд энэ жилийн наадмын онцлогийг юу гэж харж байна?

 

-Энэ жилийн хувьд наамдын тэргүүн байрыг хүртэж байсан 7 ахмад, нэртэй хөгжмийн зохиолч оролцож буйгаар онцлог болж байна. Тухайлбал, Жанцанноров гуай наадмын хоёр удаагийн тэргүүн байрыг эзэлсэн, Бямбабаяр гурван удаа, Сэр-Од хоёр удаа тэргүүлж байсан гэх зэрэг олон сайхан уран бүтээлчид оролцож буйг онцлох нь зүй юм. 1988 оны наадамд тэргүүлж байсан Магсаржав хөгжмийн зохиолч их олон жил энэ наадамд оролцохгүй байж байгаад энэ удаад оролцож буйгаар онцлог болж байна. Мөн алс баруун хязгаар Баян-Өлгий аймгаас анх удаагаа хөгжмийн зохиолч хүрч ирж оролцож, Казак дуу  наадамд өрсөлдөөд амжлаа. Увс, Хэнтий, Дархан, Эрдэнэт хотоос уран бүтээлчид ирж оролцсон. Энэ бүгдээс энэ наадмын түвшин, өрсөлдөөнийг харж болох болов уу.

 

-Наадамд хичнээн уран бүтээлч өрсөлдөв?

 

-Морин хуур наадам бол оны шилдэг дууг шалгаруулдаг. Өөрөөр хэлбэл оны шилдэг хөгжмийн зохиолч шалгарна гэсэн үг юм. Энэ жил 63 хөгжмийн зохиолчийн 93 дуу орж ирсэн. Үүнээс 25 хөгжмийн зохиолчийн 25 уран бүтээл тунаж үлдээд байна. Хоёрдугаар шатны шалгаруулалтад нэгдүгээр шатны оноо, үнэлгээ нөлөөлөхгүй. Тэгэхээр тунаж үлдсэн 25 дуу хоёрдугаар шатанд дахиад гарааны зурхайгаас зэрэг хөдөлнө гэсэн үг. Энэ жил шилдэг таван дуу тодорно. Гран-При шагналтан, нэг, хоёр, гуравдугаар байрыг эзлүүлэх юм. Мөн нэг дуунд тусгай байрын шагнал гардуулна.

 

-“Аав л нутаг хоёр минь” дуу өндөр оноотой явна гэх яриа байна?

 

-Их олон сайхан уран бүтээлчид оролцож байгаа учраас тэр түрүүлнэ гэж урьдчилж хэлэх утгагүй. Манай хөгжмийн зохиолчид өөрсдөө бие даасан хүмүүс байдаг. Тэр утгаараа уран бүтээлчид өөрсдийнхөө бүтээлийг шилдэг нь л гэж үнэлдэг шүү дээ. Магадгүй би ч гэсэн хамгийн сайн л гэж бодно. Тэгэхээр “Аав л нутаг хоёр минь” дууны зохиолч өөрийнхөө бүтээлийг шилдэг гэж тодорхойлох нь зүйн хэрэг юм. Үнэхээр сайн байна уу гэдэг нь 28-нд “Гала” тоглолтон дээр л тодорно. Тухайн өдөр томилогдсон шүүгчид, танхимд цугларсан үзэгчид л шилдэг дууг шалгаруулах учраас урьдчилсан дүн гарах учиргүй.

 

-Нэгдүгээр шатны шүүгчид хоёрдугаар шатанд шүүхгүй гэсэн үү?

 

-Аливаа уралдаан шударга шүүлттэй байж тэр хэмжээгээрээ нэр хүндтэй байдаг. Тэгж гэмээн олон жил оршин тогтнох учиртай. Тиймээс шүүлт шударга байгаасай гэдэг үүднээс шат болгонд нь өөр өөр шүүгчдийг томилж буй юм. Жишээлбэл нэгдүгээр шатны шалгаруулалтад таван шүүгч ажилласан. Үүнд хөгжмийн зохиолч Б.Мөнхблд, хөгжмийн удирдаач УГЗ Гансүх, дуучин ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Долгормаа, яруу найрагч МЗЭ-ийн шагналтан Чилаажав, хөгжим судлаач гэсэн таван мэргэжлийн хүмүүс ажилласан байгаа. Харин  нэгдүгээр шатанд ажилласан дээрх шүүгчдийг хоёрдугаар шатанд дахин ажиллуулахгүй. Өөр шүүгчийн бүрэлдэхүүн томилогдоно.

 

-Томилогдох шүүгчийг нэрлэж болох уу?

 

-Гала тоглолтын шүүгчийг одоогоор зарлахгүй. Хэрэв зарлачихвал миний дууг дэмжээрэй гэх асуудал гарч болно. Тиймээс 28-нд үзэгчид ирээд шүүнэ, шүүгчид ч тухайн өдөр л тодорхой болно гэсэн үг. Миний хувьд энэ наадмыг шударга зохион байгуулахыг л зорьж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ