“Жингийн цуваа” хөвөрсөөр...

img

Монгол Улсын Морин хуурын чуулга хос морьтой давхина

 

 

Тавь гаруй жилийн тэртээд орхигдож, тайзан дээр эгшиглэн, түмний сонор, мэлмийд хүрэлгүй олон оныг үдсэн жинхэнэ монгол уламжлал, соёл ширэн цартай морин хуураа тээсэн “Жингийн цуваа” ирлээ. Монгол Улсын Морин хуурын чуулгын тэргүүн хөгжимчин, Рэнчиний Амарбаяр хэмээх жингийн даамалтай, идэр жинчид ширэн цартай морин хуураа тээсэн их жин уржигдар ДБЭТ-ийн тайзнаа “шор мулталлаа”. Аян жингийн ажил шувтрахыг монголчууд ийн хэлцдэг билээ.  

 

Морин хуурын чуулгын тэргүүн хөгжимчин, Соёлын тэргүүний ажилтан Р.Амарбаярын санаачилгаар бий болсон, ширэн цартай морин хуурын гайхамшгийг мэдрүүлэх “Жингийн цуваа” тоглолтыг үзэхээр УДБЭТ-ийн улаан хамбан суудалд тухалсан үзэгчид 16 морин хуурч, ширэн цартай хуураар нэгэн зэрэг хуурдахыг, басхүү үзэгчдийн олонх нь ширэн цартай морин хуурын эгшиг, чимээг анхлан сонсох гэж буй.

 

Дуурь бүжгийн эрдмийн театрын гоёмсог хүрэн хамбан хөшиг нээгдэж, өгүүлэхүйн урлагийн нэрт мастер, гавьяат жүжигчин Г.Равдан хэзээний танил, яруу тунгалаг хоолойгоор “Жингийн цуваа” тоглолтын хоёрдугаар хэсэгт Монгол Улсын Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ морилж байна. Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровын төрийн шагнал хүртсэн нэрт бүтээл “Нутаг минь хүлэг минь” бүтээлийг удирдаач Д.Түвшинсайханы удирдлагаар та бүхэнд хүргэнэ” хэмээн зарлав.

 

 

Сүрлэг, бадрангуйн бэлгэдэлт шар өнгийн хувцсаар ижилссэн Морин хуурын чуулгынхан “Нутаг минь хүлэг минь” бүтээлийг эгшиглүүлэхэд тайзны арын дэлгэцэнд туссан Орхоны хүрхрээ шуугин бууж, түүний цаагуур умрыг чиглэн давхисан сүрэг адууны туурай дэргэх чимээ сонсдох мэт. Цэнхэр дээл сугалдаргалж, цагаан торгон цамцны хормой салхинд дэрвүүлэн цэлгэр ногоон талын дунд давхих зээрд морьтон дуулах, нуурын захад сүүл савчин зогсох ялаархсан морьд тургилах шиг. Ингэж зураг “амилав”. Тайзны цаадах дэлгэц дээр, тайзан дээр тоглох бүтээлийн утга санааг төгс илэрхийлэх уран зургуудыг уялдуулан үзүүлсэн нь содон илэрхийлэл болж, тоглолтын агуулгыг баяжуулжээ. Уран зураг, хөгжим хоёрыг нийтгэн, нийлүүлж үзэгчдийн мэлмий болоод сонорыг мялаав.

 

Ийнхүү тоглолтын хоёрдугаар хэсэг үргэлжилж, морин хуурч Р.Амарбаяр, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Морин хуур найрал хөгжмийн концерт”-ыг ширэн цартай хоёр морин хуураар гоцлон хөгжимдөв. Дэлхийн сонгодгуудаас ч дээжлэн барьсан юм. Морин хуурч Р.Амарбаяр 20 гаруй жилийн өмнө модон цартай морин хуураар хөгжимдөж, чуулгынхаа урын санд цогцлоож байсан Монтийн “Чардаш” зохиолоо ширэн цартай морин хуураараа гоцлон хөгжимдсөн нь үзэгчдэд ихэд таалагдсан.

 

 

Ардын жүжигчин Ц.Батчулууны агсны захиалгаар Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров анхны эмэгтэй мэргэжлийн хоёр хуурч Ж.Уугантуяа, Б.Уянга нарт зориулан 1996 онд туурвисан  “Бодлын үзүүрт” бүтээлийг Морин хуурын чуулгын морин хуурч Б.Уянга модон цартай концертын морин хуураар, тус чуулгын тэргүүн хөгжимчин Р.Амарбаяр ширэн цартай морин хуураар хослон, гоцлон тоглосон нь үзэгчдийн бодол, сэтгэлийн чанадад хүрэх шиг болов.

 

Ерөөс энэ тоглолт хөгжмийн уянгалаг, эрхэмсэг, цоглог гээд төрөл бүрийн эгшиг, аялгуу хүмүүсийн сэтгэлийн гүнд нэвтэрч, үзэгчид дотогшоо төвлөрч, сэтгэлээ анирдсан ер бусын гүм, амгалан болсон юм. Морин хуурчдын нэг хэсэг модон цартай хуураар тоглож эхлээд нөгөө хэсэг ширэн цартай хуураар үргэлжлүүлэн хуурдах агшинд, ширэн цартай хуурын хүнгэнэсэн, тансаг аялгууг сонссон үзэгчид нийтээр уулга алдсныг эс тооцвол энэ тоглолтод зөвхөн хөтлөгч ярьж, хөгжим эгшиглэсээр жаргасан.

 

“Жингийн цуваа” тоглолт хэрхэн эхэлж, эхний хэсэгт юу болсон юм бол гэж та бодож байна уу. Морин хуурын чуулгын хуурчид ширэн цартай морин хууртайгаа тайзнаа залагдаж, Жонон харын аялгуу татлагыг эгшиглүүлсээр тоглолт эхэлсэн.

 

 

“Хэрлэнгийн баръяа” монгол ардын уртын дууг морин хуурч Р.Амарбаяр ширэн цартай морин хуураараа алдарт хуурч Г.Жамьяны хуурдсан арга барил, дэг сургуулиар эгшиглүүллээ. Мөн тэрбээр, СУИС-ийн багш, лимбэчин Цэвэгсүрэнгийн хамтаар М.Дугаржав гуайн аялууг нь зохиосон “Идэр жинчин” хэмээх уртын дууг хөгжимдөж, “Түмэн эх” чуулгын уртын дууч Б.Мөнхбаатар дуулсан нь төгс зохицол хэмээлтэй.

 

Ийнхүү ширэн цартай хуурын гайхамшгийг тоглолтын эхний хэсэг үзүүлсэн юм. Ширэн цартай хуураар, хаан хөгжим хэмээгддэг төгөлдөр хууртай хосолж, дэлхийн сонгодгийн эрхэмсэг, нарийн аялгууг болоод монгол ардын уртын дууны нугалгаа, цохилгыг ч гайхалтай гаргаж хөгжимдсөн. Морин хуурын чуулгын хуурчдын нэг хэсэг нь модон цартай, нөгөөдүүл нь ширэн цартай морин хуураар монгол ардын уртын дуу “Цонхон дээр суусан ялаа”-г эгшиглүүлэн, тэрхүү хоёрын ялгааг тод харуулж, үзэгчдийг гайхашруулав.

 

Тайзны цаад дэлгэцнээ зураач Я.Оюунчимэгийн урласан “Зүүдний говь” хөрөг гэрэлтэж, тайзнаа хөргийн эзэн, Морин хуурын чуулгын гоцлол дуучин, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ монгол ардын уртын дуу “Эрхэм төр”-өө эгшиглүүлэн дуурсгах тэрхэн мөчид монгол тодотголтой бүхнээр бахархаад ханашгүй.

 

Тэрбээр “Миний хамт олны дундаас олон сайхан уран бүтээлчид төрж, бие даасан уран бүтээл туурвидаг болсон. Миний хамт олон дэлхийд нэртэй болсон. Дөнгөж саяхан юм шиг санагдаж байна, энэ хүүхдүүдийн маань хоёр, гурав нь сургуулиа төгсөөд ирсэн бусад нь оюутан, би ч залуухан байсан тэр үе. Өнөөдөр Амбаагийнхаа /морин хуурч Р.Амарбаярыг хамт олон нь ингэж авгайлдаг/ энэ сайхан тоглолтод оролцож байна. Ширэн цартай морин хуур гэдэг бол дуучин миний хувьд хуучин танилтайгаа уулзсан мэт хичнээн сайхан байна. Дуучин миний бие 40 жил тайзан дээр зогсохдоо 10 хэдэн ширэн цартай морин хууртай дуулж байсан удаагүй. Хамт олныхоо, Амбаагийнхаа уран бүтээлийн замыг маш урт, дардан байгаасай гэж хүсье. Энэ бүхнийг туулах нь  уран бүтээлчийн чинхүү чин зориг ухаан хоёр мэднэ гэдгийг давхар хэлье” хэмээгээд өөрийн уран бүтээлийн дээжийг алд цэнхэр хадагтай морин хуурч Р.Амарбаярт барьсан юм.

 

 

Дэлхийд нэртэй Монгол Улсын морин хуурын чуулгын ширэн цартай хуурын “Жингийн цуваа” тоглолт алдарт хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Мэнд-Амарын “Татлагын холбоо” хэмээх сод бүтээлийг эгшиглүүлж үзэгч олны суудлаасаа өндөлзтөл тоглож өндөрлүүлсэн. Гоцлооч Морин хуурын чуулгын тэргүүн хөгжимчин Р.Амарбаяр, удирдаач Д.Түвшинсайхан байлаа.

 

Тоглолтын эхлэхийн өмнө, зөвлөхөөр ажилласан Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Морин хуурын чуулгын тоглолт бүр нэг санаа, нэг шинэ агуулга авчирдаг. Энэ удаад ч гэсэн тэр уламжлал хэвээр байгаа” хэмээсэн. Үнэхээр тийм байлаа. Морин хуурч Р.Амарбаяр болон түүний нөхөд уламжлалаа сэргээж, шинийг авчирч, бид чадлаа, жинхэнэ монгол хүний сэтгэлийн үнэр, амтыг оллоо гэдэг үр дүнгээ танилцуулж, тэр орой ДБЭТ-д цугласан олон гэрч боллоо. Монгол ямааны арьсыг орчин цагийн техник, технологийн нарийн аргаар боловсруулаад, ширэн цартай морин хуураа урлаж, түүгээрээ монголынхоо төдийгүй дэлхийн сонгодгуудыг мэргэжлийн тайзан дээр тоглож болохыг тэд үзүүлсэн юм. Монгол Улсын Морин хуурын чуулга нэг талдаа модон цартай, нөгөө мөрөндөө ширэн цартай хуураа үүрээд хос морьтой давхихаар гарааны зурхайд ирлээ. 

 

 

Морин хуурын чуулгын тэргүүн хөгжимчин Р.Амарбаяр энэхүү уламжлалыг сэргээхээр уйгагүй хөдөлмөрлөж, түүний ард хамт олон нь хоёргүй сэтгэлээр зүтгэжээ. Энэхүү их үйлсэд хуур урлаач Д.Уламбаяр захиралтай “Хан мюзик” ХХК-ийнхан нэгдэж, орчин цагийн технологиор ширэн цартай 16 морин хуур хийснийг, ЭДКС компанийн захирал С.Эрдэнэ худалдан авч, Морин хуурын чуулгад бэлгэлсэн ажээ. Ингэж эв, хамтын хүчээр жинхэнэ монгол уламжлал сэргээж, “Жингийн цуваа”-аар тээж ирэв. Ийнхүү монгол үндэсний морин хуур, морин хуурчдын жинийг цуваа хөвөрсөөр... байна гэдэгт гүнээ итгэнэм.

 

Б.Будхүү

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Нэг хэсэг зүтгэж авч үлдсэн хүмүүсийг та нар битгий үгүйсгэж байгаарай та нараас ах хүний хувьд хэлмээр байна.Нэг хэсэг тв гээр нэг шаргал дээлтэй бор залуу ширэн цартай хуурыг их сайхан зөв ярьж байсныг би тод санаж байна. Хуурын чуулга тоодоггүй байхад тэр хүү харин сайхан авч явсан хаана ч ширэн хууртайгаа тв ээр гардаг байсан.Дүү нар минь одоог харж өнгөрсөнийг бүү үгүйсгэж мартаарай.та бүхэнд амжилт хүсье
2017-04-30
Зочин:
Сайны хажуугаар саар гэж уучлаарай гэхдээ зөвхөн амарбаяр дүү хуурын чуулга сэргээсэн юмуу дахин гаргаж ирсэн юм уу? Бусдыгаа яагаад үгүйсгээд байна.Нэг хэсэг хуурын чуулгын аврагууд чинь өөрсдөө ширэн цартай хуурыг муулж голж л байсан үе саяхан санагдаж байна.Тийм байж одоо бид бид худлаа цээжээ дэлдэх нь огт таалагдахгүй.
2017-04-30
Зочин:
Телевизээр гарахаар нь үзнээ
2016-02-03