Женевийн уулзалт Сирийг өөрчлөх үү

Сирийн асуудлаарх уулзалт Женев хотноо албан ёсоор эхэллээ. Энэ талаар Британийн “www.dailymail.co.uk” мэдээлэв.
Таван жилийн дараа анх удаагаа Сирийн хямралыг дипломат аргаар шийдвэрлэх энхийн хэлэлцээр Швейцарийн нийслэл Женев хотноо эхэллээ. Уг олон улсын уулзалтад гол баатар буюу Сири улсыг төлөөлөн НҮБ-ын Сирийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Стаффан де Мистура оролцож байна. Тэрбээр өчигдөр НҮБ-д суугаа Сирийн төлөөлөгч Башар аль Жаафар болон албаны хүмүүстэй уулзаж, хэлэлцэв. Уулзалт 2.30 цаг үргэлжилсэн бөгөөд “Сирийн иргэдийн асуудлаар голлон ярилцсан” гэж Мистурагийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Ийнхүү зургаан сар үргэлжлэх Сирийн асуудлаарх хэлэлцээр олон улсын анхаарлыг татаж эхэллээ. Хэлэлцээрийн эхний шат буюу эхний хоёр сард НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан төлөөлөгчид тус улсын асуудлаар хэлэлцэх юм. Харин хоёр дахь шат буюу 3, 4 дүгээр сард Сирийн холбоотон орнуудын удирдлагууд Сирийн хямралын асуудлаар ярилцаж, Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний удирдлагуудын хамтарсан уулзалтыг зохион байгуулна. Харин төгсгөлийн шат буюу 5, 6 дугаар сард НҮБ, Сирийн холбоотон орнууд болон бусад улс Сирийг хэрхэн хямралаас гаргах олон улсын форум уулзалт зохион байгуулж, ирэх долоодугаар сард болох Ерөнхийлөгч болон парламентын сонгуулийн явцыг ажиглах юм.
Женев хотноо Сирийн асуудлаарх уулзалт болж байх үеэр Сирийн Шиа дүүрэгт террористууд алан хядах ажиллагаа зохион байгуулан, уг уулзалтыг эсэргүүцэв. Тэсрэх бөмбөг суурилуулсан автобусыг орон сууцны барилгын өмнө дэлбэлжээ. Дэлбэрэлтээр 50 гаруй хүн амиа алдсан гэв.
Олон эсэргүүцэлтэй нүүр тулд буй уг уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ихээхэн найдвар тавьж буйгаа мэдэгдээд, Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг Женев хот руу илгээсэн юм. С.Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй Сирийн асуудлаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Тэд 2013 онд хоёр, 2014 онд гурав, 2015 онд хоёр удаа Сирийн асуудлаар ярилцсан ч хараахан үр дүнд хүрээгүй билээ. Эдгээр уулзалт бүтэлгүйтсэн шалтгааныг “CNN” агентлаг тайлахдаа “АНУ /Обама/ болон Орос /Путин/ нар Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадаас болж талцсан” гэжээ. Учир нь АНУ-ын удирдлагууд “Ассадыг Сириэс явсан цагт тус улс амар тайван болно” гэсэн бол Оросын удирдлагууд “Ассад Сириэс явсан ч энэхүү хямрал үргэлжилсээр байх болно” гэх байр суурьтай байгаа.
Өнгөрсөн онд Орос, Сирийн гол холбоотон улс гэдгээ баталсан бөгөөд анх удаагаа хилийн чанад дахь цэргийн ажиллагаа явуулах тушаалыг Путин буулгасан юм. Мөн Москва өнөөдрийг хүртэл Дамаск руу хүмүүнлэгийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлсээр байна. Өнгөрсөн 2012, 2013 онд зохион байгуулагдсан Сирийн хямралын асуудлаарх олон улсын уулзалт Орос болон АНУ-ын эрс тэрс байр сууриас болж бүтэлгүйтсэн тохиолдол бий. Тиймээс НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Сири-2016” хэлэлцээрийг амжилттай болгохын тулд уг асуудлаар хоёр улсын удирдлагуудыг хэлэлцэхийг уриалсан.
Олон улс Сирийн асуудлаар ярилцахаас илүүтэй Засгийн газар болон сөрөг хүчний удирдлагуудыг хэлэлцээрийн ширээний ард суулгах нь уг уулзалтын гол зүйл юм. НҮБ, Путиний дэмжлэгтэйгээр Ассадыг, Обамагийн дэмжлэгтэйгээр сөрөг хүчний удирдлагуудыг Женев хотноо авчрах төлөвлөөтэй байгаа. Мөн өнгөрсөн долоо хоногт НҮБ хоёр талыг Женев хотноо урьсан билээ. Сөрөг хүчин “Ассадыг Женев хотноо хөл тавьсан үед бид очно” хэмээн мэдэгдсэн бол Ассад өнөөг хүртэл чимээгүй байна.
Газар нутгийн хэмжээ болон байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлэх тус гүрэн хэдхэн жилийн дотор танигдахын аргагүй болсон. НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс мэдээлснээр “Сири улсад газар нутгийн төлөөх 20 гаруй дайн болж байна” гэв. Мөн тус улсад Иракийн хэт даврагч “Халифын вант улс бүлэглэл” буюу “ISIS”-ээс гадна 10 гаруй террорист бүлэглэл хяналтаа тогтоохыг санаархаж, тэмцсээр байна.
2011 оны дөрөвдүгээр сараас эхлэлтэй иргэний дайны хүч өнөөдрийг хүртэл сулраагүй. Дайны улмаас 250 мянган хүн амиа алдаж, дөрвөн сая иргэн дүрвэсэн. Харин өнгөрсөн 2013 оны долоодугаар сарын байдлаар Сирийн газар нутагт нэвтэрсэн хэт даврагчдын гарт 110 мянган хүн амиа алдаж, 2.5 сая иргэн эх нутгаа орхин дүрвэсэн байна. Ерөнхийлөгч В.Путин нэгэн ярилцлагынхаа үеэр “Сирийн нийт газар нутгийн 40 хувь нь хэт даврагчдын хяналтад байгаа” гэсэн юм. Сирийн өөрчлөгдсөн гол буруутанг Ассад хэмээн олон улс зэмлэдэг ч Орос өнөөдрийг хүртэл түүнийг хамгаалсаар байна. Ассад төрийн эрхээс буухгүй гэж татгалзсанаас болж сөрөг хүчнийхэн Арабын хувьсгал эхлүүлсэн юм. Хувьсгалын эхэнд жагсагчид гартаа улаан сарнай барьцгааж байсан бол хэсэг хугацааны дараа хүйтэн зэвсгээр сольсон.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ