Самнаж бэлтгэсэн торомны ноосон бүтээгдэхүүнийг Европын зах зээлд анх удаа танилцууллаа

ШХА-ийн “Ногоон алт” төслөөс малчдын орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг сайжруулах, мөн тэмээний тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор торомны ноосоор өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, маркетингийг сайжруулахаар үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Ногоон алт” төслийн дэмжлэгтэйгээр Монголын ноос, ноолуурын холбоо "Берлины Загварын долоо хоног" үзэсгэлэнд сарлагийн хөөвөр, торомны ноосон бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Алтай кашмер, Блю Скай Кашмер, Баялаг Өлзий, Жинст Мөрөн, Монгол нэхмэл, Уужин, Сор кашмир компаниуд энэ сарын 19-нөөс 21-ны өдрүүдэд тус үзэсгэлэнгийн "Ногоон танхим"-д бүтээгдэхүүнээ толилууллаа.
“Ногоон алт” төслөөс малчдад торомны ноосоо зохих шаардлагын дагуу зөв, чанартай бэлтгэж хоршоогоороо дамжуулан боловсруулах үйлдвэрт нийлүүлэх, торомны ноосыг хяргаж бус самнаж бэлтгэх талаар олон удаагийн сургалт, сурталчилгаа хийсний үр дүнд 2015 онд Говь-Алтай аймгийн “Төхөм тунгалагийн хүрэн” тэмээ, Баянхонгор аймгийн “Ламын гэгээний улаан” тэмээний торомны ноосыг самнаж бэлтгэн тусгайлан боловсруулав. Самнаж бэлтгэсэн торомны ноосны дундаж диаметр нь 15.5 мкм, дундаж урт нь 40 мм, самнасан ноосон дах хялгас агууламж 1% доош байгаа нь ямааны ноолууртай тэнцэхүйц түүхий эд болжээ. Түүнчлэн анхан шатны үйлдэрлэлийн дундаж гарц 52%, ээрмэл үйлдвэрийн дундаж гарц 92% болсон нь хяргаж бэлтгэсэн тэмээний ноосны боловсруулалтын гарцтай харьцуулахад 10 гаруй хувиар нэмэгджээ. Торомны ноосыг самнаж бэлтгэх нь малчдын орлогыг нэмэгдүүлэхээс гадна үйлдвэрлэгчдийн зардлыг бууруулах боломжтой бэлтгэлийн шинэ арга юм. Мөн төслийн хүрээнд тэмээний ноосыг бэлтгэлийн стандарт MNS 0036:2015 шинэчлэн батлуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ