Хичээнгүй сайд Цэрэндоржийн хөөрөг тавигджээ

Монголын үндэсний музей “Хөөрөг даалин” сэдэвт тусгай үзэсгэлэнг цагаан сарын баярт зориулан нээлээ. Тус үзэсгэлэнд музейн цуглуулгад хадгалагдаж буй 86 үнэт хөөрөг, уран нарийн хийцтэй 16 даалинг дэлгэжээ.
Үүний дотор Монголын түүхэнд нэр нь мөнхөрсөн төрийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд, алдартай хүмүүсийн хэрэглэж байсан хөөрөг тавигдсан байна. Тухайлбал, Хичээнгүй сайд Цэрэндоржийн их гарын улаан шүрэн толгойтой гартаам судалтай алаг манан хөөрөг, нэрт эрдэмтэн, улстөрч, Цэвээн Жамсрановын мөнгөн хөөрөг, алдарт Өндөр Гонгор, Халхын олон хүчит бөхчүүдийн гар дамжсан чүнчигноров толгойтой, цэнхэр манан хөөрөг зэргийг дурьдаж болно. Мөн мана, гартаам цахиур чүнчигноров болон тана, шүр, ундрам, хув, шил, шаазан, зааны соёо, модны үндэс зэрэг үнэт чулуу, ховор түүхий эдээр хийж, алт мөнгө, зэс, гууль, зэрэг үнэт төмөрлөгийн урлалыг шингээсэн олон хөөрөг тавигдсан байв.
Даалингийн хувьд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ард Шаравцоодолын гэргий Бүжмаагийн 1880-аад онд зүү ороож буга, согоо дүрслэн урласан хөөргөний торгон даалин үзэсгэлэнд дэлгэгджээ. Тус үзэсгэлэн ирэх гуравдугаар сарын 6-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Музейд тавигдсан зарим хөөрөгний тайлбарыг хүргэж байна.
Өндөр Гонгорын хөөрөг
Үзэсгэлэнд тавигдсан түүний эл манан хөөрөг нь Булган аймгийн харьяат Гандагийн бүрхэг Дэндэв, Дорноговийн бага бүрхэг Намжилванчиг нарт дамжин очжээ. Намжилванчигийн дараа Даваажавд өвлөгдсөнийг Ц.Шагдаргочоо музейд шилжүүлэн өгч түүхийг нь тэмдэглэн үлдээсэн байна.
Соён гэгээрүүлэгч С.Лувсандондовын хөөрөг
Халхын Засагт хан аймгийн туслах жанжин олноо Лу гүн хэмээн алдаршсан Сэдбазарын Лувсандондовын эдэлж хэрэглэж байсан шүрэн толгойтой, оюу нуухтай, гуулин тавтай, модон халбагатай ундрам хөөрөг. Тэрээр эл хөөргөө өөрийн хүү мэргэн Шагдаржав тайжид өвлүүлэн үлдээсэн нь хүргэн Пүрэвжавт өвлөгджээ. 1989 онд Баттулга музейд шилжүүлжээ.
Эрдэмтэн Цэвээн Жамсранноровын хөөрөг, хавтгын хамт
Түүний хэрэглэж байсан хөөрөг Монголын үндэсний түүхийн музейн сан хөмрөгийн цуглуулгад 1964 онд орж иржээ. Гэвч энэхүү хөөрөг нь хэнээс, хэрхэн музейн сан хөмрөгт авсан нь тодорхойгүй байдаг аж. Тус хөөрөг нь хавтгай дугуй хэлбэртэй, ар өвөр хэсэгт алт шармалаар “Б в” гэж монгол бичгээр сийлсэн бөгөөд гол хэсэгт нь алт шармалаар цогт чандмань атгасан лууг дүрсэлжээ.
Чүнчигноров хөөрөг
Чүнчигноров гэдэг нь “Гарьдын эрдэнэ”, “Хангарьдын гулигдас” гэсэн түвд үг ажээ. Байгаль дэлхий, лус савдагийн үүдэлтэй бузартал, хүний биед үүссэн элдэв яр шарх, нүдний өвчинг чүнчигноров чулуугаар домнон эдгээдэг хэмээн эмийн сударт тэмдэглэн үлдээжээ.
Хаш хөөрөг
Хаш нь гэмтсэн яс бороолох, эр эм хоёрын ариун ёсыг сахихад тусладаг. Амь насанд тустай, зүрх сэтгэлийг амгалан болгодог, догшин авирыг номхотгодог чадалтай хэмээдэг.
Шүрэн хөөрөг
Шүр нь гай зовлонгоос хаацайлах, муу зүйлд уруу татагдахаас сэргийлэх, уур хилэн, атаа хорсолыг саармагжуулах увидастай хэмээн үздэг. Хэл амыг зайлуулах учир хүүхдийн бүснээс шүр зүүж муу зүүдийг үргээдэг зан үйл байжээ.
Манан хөөрөг
Эмийн сударт алаг маныг саа, үе мөч татах өвчнийг анагаахад тустай хэмээн тэмдэглэжээ. Мөн улаан мана зүүсэн эмэгтэй цус алддаггүй.
Пийсүү хөөрөг
Зүрх судасны үйл ажиллагааг эрчимжүүлэх, цусны даралтыг тогтворжуулах увидастай. Тиймээс Монголчууд пийсүүг эртнээс хэрэглэсээр иржээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ