АН-ынхан хөлөө жийлцэж, МАН-ынхан мэргэн санаа уралдуулж байна
АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын товыг ирэх долоо хоногт зарлах гэж байна. Энэ сургаар тус намын фракцийнхан хөдөлгөөн орж хотоос зайдуу хуралдаж байгаа сурагтай. Мөн хэвлэлийнхэнтэй уулзалт хийж фракцийнхаа PR-ыг хийгээд ажил ихтэй явна. Хамтарсан Засгийн газраас гарах саналыг хүлээж авах нь тодорхой болсон учир сонгуульд ямар тактикаа өрсөлдөхөө ярилцах хэрэгтэй. Намын удирдлагад хэн хэн байх. Намын даргаар хэнийг тавихаа фракциуд ярилцаад өөр өөрийн хүнээ зүтгүүлэхээр тохиролцож байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Э.Бат-Үүл, З.Энхболд нар хүч үзэх магадлалтай байгаа бол одоогийн дарга Н.Алтанхуяг ч мөчөөгөа өгөхгүй үзэх нь. ҮЗХ-нд олонхийг бүрдүүлдэг, нөлөө бүхий фракцийн толгойнуудтай Н.Алтанхуяг дарга тохироо хийх, өөртөө татах гэж нэлээд хичээж байгаа сурагтай. АН-ынхан эргэлт буцалтгүй шийдэж дотроо хөлөө жийлцэж байхад МАН-ынхан Удирдах зөвлөлөө хуралдуулж УИХ дахь бүлэгтэйгээ зөвшилцөх ажилдаа бэлтгэж байна. Намын Ерөнхий нарийн бичгий дарга У.Хүрэлсүх болон М.Энхболд, С.Баяр нар гадаадад албан томилолтоос ирэхийг хүлээж байна. Харин энэ хугацаанд дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах гэсэн гишүүдийн цуваа уртсаад байгаа сурагтай. Төрийн ордноор тэнүүчлэх бор шувуудын жиргээгээр МАН-ын бүлгийн гишүүдийн санал хоёр хуваагдаад байгаа аж. Нэг хэсэг нь АН-ын сайд нарын орыг залгах сайд нарыг оруулъя гэсэн бол нөгөө хэсэг нь Ерөнхий сайдыг хэвээр үлдээж танхимын гишүүдийг шинэчилье гэж байна. Гэхдээ бүр нэр цэвэр хүмүүсийг оруулж шинэ өнгө төрхтэйгөөр ажиллах хэрэгтэй гэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ