
Шинэ оны өмнөхөн МУГТ цол хүртсэн Сэр-Од өчигдөр эх орондоо ирсэн. Харин шинэ гавьяатаа өнөөдөр МХАХ, БТСГ-ын удирдлага хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Тэрээр ирэх 7 хоногт Бээжинг зорьж тэнд бэлтгэлээ хийж байгаад Англи руу бэлтгэлд явахаар төлөвлөж байна. Хөнгөн атлетикийн спортоос төрсөн гурав дахь гавьяат маань 2011 онд хэд хэдэн томоохон уралдаанд амжилттай оролцож шинэ оны өмнөхөн Японы Хофү Ёмиүри марафонд оролцон Солонгос, Япон, Кени, Америк, Английн шилдэг гүйгчдийг ардаа орхин алтан медаль хүртсэн. Энэ тэмцээнд 2010 оны Азийн аварга Өмнөд Солонгосын тамирчин, 2011 оны Азийн аварга Японы тамирчин мөн Кенийн тамирчин гээд олон шилдгүүд оролцсон юм. Тэрээр тэмцээний дараа дасгалжуулагч н.Оюунтуяагийн хамт Бээжинд сар гаруй хугацаанд хамтарсан бэлтгэл хийж байгаад өчигдөр эх орондоо ирлээ. Харин өнөөдөр МУГТ цолоо гардан авсан бол тэрээр МУ-ын 3200 дахь Гавьяат тамирчин болсон байна. МУГТ Б.Сэр-Одын тухайд Монголын тамирчдаас анхлан Лондон-2012 зуны олимпийн наадмын эрхээ авсан билээ. Мөн тэрээр МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулдаг Бөртэ Чоно-2011 ёслолын ажиллагааны үеэр эзгүй байсан болохоор өнөдөр Оны шилдэг тамирчны шагналаа гардан авлаа. Мөн МУГТ Б.Сэр-Одыг Нийслэлийн нийгмийн Ардчилсан Залуучуудын Холбооноос “Эрүүл Монгол Залуу” цом өргөмжлөлөөр шагнасан бол Монголын хөнгөн атлетикийн 2011 оны “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар шалгарсан шагналыг хамтад нь гардуулан өглөө. Түүний ээж Д.Долгор ярихдаа: Сэр-Одын аав цэрэгжилтийн хүн байсан. Тийм болохоор ажилтайгаа уялдаад өглөө бүр 6 цагт хүүхдүүдээ гүйлгэдэг байлаа. Манай хүү багаасаа л гүйх дуртай, хаана ч гүйж явдаг хүүхэд байсан. Хамгийн гол нь аавынх нь ажил их гол нөлөө үзүүлсэн. Хүүгээ Монгол улсын гавьяат тамирчин цол хүртсэнд Монголын ард түмэн, спорт сонирхогч, дэмжигч ард түмэн, мөн МХАХ, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн хамт олон, хань ижил, төрөл төрөгсөд, ах дүү, хамаатсан садан, хүүгийнхээ найз нөхдөд талархаж байна. Юу юунаас их баярлаж, баярлаад ч барахгүй байна гэв.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ