Д.Батжаргал: Өвчилсөн 769 малыг устгасан
2016-02-07

 

“Цэцэг” өвчний дэгдэлт нэмэгдсэн талаар МХЕГ-аас мэдээллэсэн.  Энэ талаар тус газрын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Д.Батжаргалаас тодрууллаа.

 

Нийт хичнээн аймагт цэцэг өвчин тархаад байгаа вэ?

 

-Он гарсаар улсын хэмжээнд давхардсан тоогоор 12 аймгийн 8 суманд цэцэг, шүлхий, галзуу, цусан халдварт, салст  гэсэн таван төрлийн халдварт өвчин гараад байна. Цэцэг өвчний хувьд таван аймгийн 15 суманд дэгдэж 917 мал өвчилсөн. Үүнээс 769 малыг устгаад байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад энэ өвчний тархалт нэмэгдсэн. Учир нь зүүн аймгуудад өвөлжилт хүндрээд байна. Мөн мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний өнгөрсөн оны төсөвт  үйлчилгээний хөлс төлөгдөөгүй байгаа. Үүнээс шалтгаалж мал эмнэлгийн урьдчилсан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй явагдсанаас болж өвчний дэгдэлт нэмэгдсэн гэж манай байгууллага дүгнэж байна.

 

Аль аймагт өвчний голомт байна вэ?

 

- Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв зэрэг зүүн талын бүх аймгуудад дэгдээд байна.2007 оноос хойш энэ өвчин манайд гарч эхэлсэн. Зун болохоор харьцангуй гайгүй болчихдог. Вирусын гаралтай учраас өвлийн улиралд дэгдэлт ихтэй байгаад байна.

 

Өвчин гарсан аймгуудад хорио цээр тогтоосон уу?

 

-Гамшгийн тухай хууль, малын эрүүл мэндийн тухай хуулиар өвчин гарсан бүс нутагт тухайн сумын Засаг дарга нь хорио цээрийг тогтоох ёстой. Одоогоор Сүхбаатар аймгийн Асгат, Халзан зэрэг 8 сумын өвчин гарсан хэсэгт хорио цээр тогтоосон байгаа. МХЕГ-аас тодорхой зөвлөмж, чиглэл гаргаад цагаан сартай холбогдуулан цэцэг өвчин гарсан сум багийн айлуудыг нэгнийдээ зочлохгүй байхыг анхааруулж байна. Энэ тохиолдолд өвчний халдвар тархаж болзошгүй юм. Мөн малын шилжилт хөдөлгөөн бүхий уралдаан, олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг анхааруулж урьдчилсан сэргийлэх зөвлөмж өгч ажиллаж байгаа. Аймаг, Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран хорио цээрийн арга хэмжээг тогтоож эхэлсэн.

 

Дэгдэлтийг зогсоох ямар ажил хийгдэж байгаа вэ?

 

-Мал эмнэлэг үржлийн газраас тодорхой арга хэмжээг авч өвчин гарсан Сүхбаатар аймгийн 8 сум, Дорнод аймгийн 3 суманд цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулах ажлыг хийж байна.

 

Вакцины хангамж хүртээмжтэй юу?

 

-“Био комбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг үйлдвэрлэдэг. Тус үйлдвэр 2015 оны төгсгөлд төсвийн өртэй гараад байгаа. Тиймээс вакциныг цаашид үйлдвэрлэхэд хүндрэлтэй байсан. Үүнийг Улсын онцгой комиссын хурлаар авч хэлэлцээд тодорхой хэмжээний хөрөнгө төсвийг шийдсэн. Одоо вакцин үйлдвэрлэх ажил хийгдэж байгаа.

 

Тархалтыг бууруулахгүй бол ирэх хавар төл авч чадахгүйд хүрэх эрсдэлтэй гэсэн.

 

-Цэцэг өвчин малыг хээл хаяуулдаг их хортой өвчин. Хурц, ужиг хэлбэрээрээ 80 орчим хүртэл хортой гэж судалгаа гарсан байдаг. Дэгдээд байгаа цэцэг өвчин харьцангуй цочмог, ужиг маягтай гэсэн зүйл ажиглагдаж байна.

 

Бас галзуу өвчин гарсан гэлээ.

-Хэнтий, Булган, Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Увс гэсэн 7 аймгийн 9 суманд галзуу өвчин гараад байна. Улмаар 27 мал өвчлөсөн бөгөөд өвчлөсөн даруйд устгасан. Өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийгдэж байгаа. Нэг зүйлийг анхааруулахад галзуу өвчтэй мал хүнийг хазсан тохиолдолд хүнд халдварладаг.

 

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
өвчилсөн малыг устгахдаа газарт булдаг нь онцгүй юм.
2016-02-07