Бээжингийн шийдвэр Вашингтоныг бухимдуулав

Бээжин маргаантай арлуудын нэг дээр пуужингийн системээ байршуулжээ. Энэ талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.
Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаантай арлуудын нэг дээр БНХАУ газар-агаар ангиллын дэвшилтэд пуужингийн систем байршуулсан юм. Параселийн арлын нэг хэсэг Вуди арал дээр найман ширхэг газар-агаар пуужингийн систем байрлаж буйг “Image Sat International” хиймэл дагуулын зураг дээр үндэслэн “Fox news” анхлан мэдээлсэн билээ. Пуужингийн систем өнгөрөгч долоо хоногт Вуди аралд ирсэн болохыг уг хиймэл дагуулын зураг нотолсон юм. Энэ сарын 3-нд эдгээр пуужин арал дээр байрлаагүй байсан. Харин энэ сарын 14-нд авсан хиймэл дагуулын зураг дээр аль хэдийнэ Вуди аралд найман ширхэг пуужин байршсан байжээ.
Маргаантай арал дээр пуужингийн системээ байршуулсан асуудлаар Бээжингийн удирдлагууд тайлбар хийгээгүй байгаа юм. Вьетнам, Тайвань болон АНУ-ын эрх баригчид тайлбар шаардсаар байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн хэвлэлийн төлөөлөгч “Вуди арал дээр пуужингийн систем байршсан болохыг тогтоосон. Уг асуудлаар Бээжингийн удирдлагуудтай уулзах санал гаргасан. Одоогоор хариу хүлээн аваагүй байна. Ноён Керри, БНХАУ-ын Гадаад хэргийн сайдад албан бичиг хүргүүлсэн” гэж хэлжээ.
Тайванийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч, хошууч генерал Дэвид Ло “Бээжин бусдын шаардлагыг үл тоон Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудын нэг дээр газар-агаар ангиллын пуужингийн системийг байршуулсан байна. Энэ нь Парасель бүлэг арлын нэг бөгөөд Бээжингийн хяналтад 40 гаруй жил байсан. Үнэн хэрэгтэй энэ бүс нутаг Тайвань болон Вьетнам улсын эзэмшлийнх” гэж мэдэгджээ.
Хагас зуун жил уг арлын асуудлаар гурван улсын удирдлагууд маргалдаж буй юм. Бээжин 2010 оноос эхлэн Параселийн арлууд дээр нисэх буудал зэрэг цэргийн зориулалттай цогцолбор барих болсон билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Калифорни мужид Зүүн Өмнөд Азийн холбооны орны төлөөлөгчидтэй биечлэн уулзсаны дараа “Бээжин пуужингийн системээ маргаантай арал дээр байршуулсан” хэмээн Пентагон мэдээлэв. Уг уулзалтад Бээжингээс төлөөлөгч оруулаагүй. Энэхүү уулзалтаар Өмнөд Хятадын тэнгисийн асуудал, аюулгүй байдлын талаар санал бодлоо солилцсон юм.
Бээжингийн эдийн засаг, арми нь улам бүр хүчирхэгжиж, нөлөө нь нэмэгдэхийн хэрээр хөрш зэргэлдээ улсуудтайгаа газар нутгийн маргаан хийх нь нэмэгдэх болсон. Тус улс Япон, Индонез, Брунейн, Вьетнам, Малайз, Тайвань, Филиппин, зэрэг 20 гаруй улстай газар нутгийн маргаан дэгдээж, таагүй харилцаатай байдаг. Вьетнам улс Спартли арлууд, Параселийн арлууд болон Тонкийн булангийн асуудлаас болоод 1979 онд БНХАУ-тай байлдаж байсан юм.
Эдгээр арал нь байнгын оршин суугчгүй, жижиг ч гэлээ эзэмшиж байгаа улсууд нь цэргийн хүчээ байрлуулах замаар бүс нутгийн далайн тээврийн гол замуудыг хянах боломжтой. Ялсан улс нь далайн тээврээс нь өдөрт хэдэн саяыг олох боломжтой юм. Мөн энэхүү газрын ойролцоох усан дор ихээхэн хэмжээний байгалийн хий, газрын тосны нөөц байдаг бол усанд нь их хэмжээний загас агнуурын нөөц байгааг тогтоосон байна. Энэ орчмыг аль нэг улс нь өөрийн эзэмшилдээ багтаахын тулд маргалдсаар байна. Бээжин 2000 оны эхээр Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийн өөрийн эзэмшил хэмээн зарласан юм.
Өнгөрсөн 2014 оноос эхлэн хятад ажилчид Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд бүтээн байгуулалтын ажил өрнүүлж эхэлсэн билээ. Өнгөрөгч есдүгээр сард Өмнөд Хятадын тэнгист бий болгосон олон тооны хиймэл арал дээрээ гурав дахь нисэх зурвасаа байгуулж дууссан болохыг Азийн далайн тээврийн удирдах газрын дарга Грег Полинг мэдэгдсэн билээ. Хиймэл дагуулаас авсан зургаас харвал Спартли цуваа арлын хэсэгт 3000 метр үргэлжлэх нисэх зурвас барьжээ.
Уг бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа Бээжингийн эзэмшлийн арлын ойр орчимд америкчууд байлдааны хөлгөөр эргүүл хийж эхэлсэн. Вашингтоны энэхүү үйлдлийг Бээжингээс эсэргүүцэн “Дайныг өдөөн турхирсан үйлдэл” гэж мэдэгдсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ