Шадар сайдын суудал найрын сандал биш

Монголын улс төрд Шадар сайдаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилох тухай асуудал сар шинийн буузны хачир болон яригдсаар удлаа. Сар шинийн өмнөхөн Н.Энхбаяр “Ч.Сайханбилэгийн Засгийн газар огцрох байсан ч бид аварч гарсан. Засгийн газраа хамгаалж үлдсэний төлөө намайг Шадар сайдаар томилох амлалтыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өгсөн. Одоо харж л байя. Хэлсэн амандаа хүрэх эсэхийг” хэмээн ярьснаар хөшигний цаадах улс төрийн тохироо олонд ил болсон.

Үүнд Н.Энхбаяр өөрөө л буруутай. Түүнээс биш амлалт өгсөн Ерөнхий сайд, аман тохироо хийсэн З.Энхболд нарын буруу төдийлөн харагдахгүй байгаа юм. Ч.Сайханбилэг сайд хэлсэндээ хүрч түүнийг Шадар сайдад нэр дэвшүүлсэн. Гэвч ногоон гэрлээр энэ албан тушаалд очих боломжгүй гэдгийг монгол төрийн шат бүрийг дамжсан Н.Энхбаяр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Шадар сайдаар томилогдоход дөрвөн даваа бий. Эхнийх нь ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодорхойлох. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчтэй зөвшилцөж санал авах явдал. Гуравдугаарт, Ерөнхий сайдын санал буюу УИХ-д Шадар сайдад нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх.
Хамгийн сүүлд УИХ-ын 76 хүний шүүлтүүрээр энэ албан тушаалд очдог. Бүх л сайдын томилгоо яг энэ зарчмаар явдаг. Харин Н.Энхбаяр эхний шатанд бүдэрчихсэн. Тав давж цол авах юм уу, цолны даваанд хүрч шөвгөрөхийн тулд эхлээд дөрөв давсан байх ёстой гэдгийг тэр мэдэж байгаа нь дамжиггүй. Эхний шатанд тэнцээд Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр орж ирсэн бол асуудал арай өөрөөр яригдана. Нэг намын гурван хүний нэг нь хэчнээн зөрүүдлээд ч намынхаа эрх ашгийн төлөө Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бууж өгөх байсныг үгүйсгэх аргагүй. Хоёр дахь шатаа давсны дараа Ерөнхий сайд ногоон гэрлээр дэмжиж, УИХ-аар олонхийн саналаар дэмжээд явуулах боломж байсан.
Тэр тохиолдолд Ерөнхий сайд хэлсэндээ хүрлээ гэж хэлж болно. Харамсалтай нь эхний ч шатаа давж чадаагүй, дөнгөж гараанаас гарчихаад уначихсан бөхийг Ерөнхий сайд яаж ч зүтгүүлээд амжилтад хүрэхгүй. Тэр өөрөө эргээд хууль зөрчсөн асуудалд ороогдоно. АТГ-аас түүнийг Өршөөлийн хуулиар өршөөгдөөгүй. Биеэр ял эдлэхээс нь уучилсан. Гэм бурууг нь уучлаагүй гэдгийг тов тодорхой хэлчихсэн. Ял нь хэвээр хүнийг яаж ч улайрсан улс төр хийлээ гээд төрийн өндөр сэнтийд суулгаж болохгүй. Монгол төрийн өндөр босго, ёсзүй, ёс жудаг юу бол хувирах вэ. Ялтайд тооцох хугацаа заадаггүй болсон Эрүүгийн шинэ хууль ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Тэгэхээр хуулийг нэг хүнд зориулан түрүүлж хэрэглэх ямар ч боломжгүй гэсэн үг.
Эхний нэг шат нь эрхзүйнх, дараагийн хоёр нь, Засгийн газар, УИХ-ын шат нь улс төрийн асуудал. “Авьяаслаг монголчууд”-ын дүрмээр бол эхний шатнаас хасагдсан оролцогчийг хоёрдугаар шатанд тэнцүүлэх эрх Ерөнхий сайдад, дөрөвдүгээр шатанд шалгаруулах боломж УИХ-д байхгүй. Тиймээс амласандаа хүрсэнгүй хэмээн гоншигонож, өс санасан улс төр хийх нь хэр зохистой асуудал вэ гэдгийг экс Ерөнхийлөгч өөрөө тунгаах биз. Ял, ямба хоёрыг зэрэг эдэлдэггүй гэдгийг Н.Энхбаяр дарга мэдэж байгаа биз. Муу ч сайн ч МАХН-ынхан дөрвөн жил төр түшилцлээ. Хэн дуртай аавын хүүгийн очоод байдаггүй суудал болгоныг МАХН-ын гишүүд дамжлаа. Хатуухан хэлбэл, энэ дөрвөн жил тэд хангалттай их зүйл авсан. Гэхдээ амлалтдаа хүрэхийн тулд чи хууль зөрчих ёстой. Тэгж чадахгүй бол би дараагийн нүүдлээ хийлээ хэмээн замын дундаас нөхрөө орхих ёсзүй байхгүй гэж итгэе.
МАН-тай нэгдлээ гээд МАХН юу хожих вэ. Магад ирэх сонгуульд дахиад ганц нэг суудал зулгааж мэдэх юм. Эс бөгөөс дөрвөн жил ханилчихаад, бүх л авах ёстой албан тушаалыг авчихаад ичих булчирхайгүй орхиж одсондоо тэд улс төрийн тавцангаас юу ч үгүй арчигдаж мэднэ. Ямар ч сонголт хийлээ гээд тэднийг ард түмэн сайн сайхнаар хүлээж авах нь юу л бол. Г.Уянга гишүүнийг огцруулах асуудлыг өргөн мэдүүлэх үед МАХН-ын гишүүд үнэхээр 100 хувь ирцтэй суусан уу гээд ярьвал асуудал бий. МАХН-ын гишүүн Л.Цог, О.Баасанхүү нар намынхаа эсрэг зогссон. Харин Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар эс үйлдэл гаргаж кнопоо даралгүй, санал өгөлгүй гарч явсныг тухайн үед хэвлэлээр шуугиж байсан.
Харин О.Цолмон, Ц.Оюунбаатар нар л намынхаа даргын тушаалыг биелүүлсэн. Тиймээс эс үйлдэл гаргасан энэ хоёр гишүүнтэйгээ эхлээд Н.Энхбаяр хариуцлагын асуудал ярих учиртай бус уу. Юманд хэмжээ хязгаар гэж бий. Санасан бүхнээ авна гэж зүтгэдэг ийм увайгүй улс төр хэрхэвч байж болохгүй. Муу ч үгүй энэ хүн монгол төрийг удирдаж байсан лидер улстөрч. Залуу үедээ ядахдаа зөв үлгэр дуурайлал үзүүлэх учиртай. Эхлээд энэ төрийн босгыг нүүр бардам алхаж чадах нэр хүндтэй болсны дараа Ерөнхийлөгч болно гэж улайрах эсэх нь бидэнд хамаагүй. Шадар сайдын суудал нэг намын өмч, намын даргадаа тавьж өгөөд, босч сууж байдаг найрын сандал биш.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ