Эвсэж чадаагүй эрхмүүд нэгдэж чадах уу

Гал бичин жилийн улс төр тун ч элдэвтэй байх даг. Парламент дахь нам эвслүүд зөвшилцөл, тохироо, ойлголтод хүрээгүйгээс ээлжит бус чуулганыг нээж чадахгүй гацаав. Сонгуулийн жилийн цагийн зүү улс төрийн намуудыг хамтрах, эвлэлдэх биш амиа бодоорой гэж цохилдог бололтой.
Одоо ч ирэх сонгуульд хэн нь хэнтэй эвсэх бус нэгдэх өнгө олны өмнө тодроод ирлээ. АН хэнтэй ч эвсэхгүй гэдгийг АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн. Сар шинийн өмнөхөн АН-ын дарга ИЗНН, МҮАН-д нэгдэх урилга илгээснийг удирдлагууд нь алгаа тосон авч байна лээ. Цаашлаад хамтран ажиллах санамж бичигт намуудын удирдлагууд гарын үсэг зурж, намын дээд түвшиндээ нэгдэх саналыг хүндэтгэж байгаагаа илэрхийлцгээсэн. Ээлжит бус чуулганы нээлтэд АН-аас гадна ИЗНН, МҮАН-ын гишүүд хүрэлцэн ирсэн нь мөн л нэгдэх урилгыг хүлээн зөвшөөрсний илрэл. Тиймээс сонгуулиар ИЗНН, МҮАН-ын гишүүд АН-д дагаар орж нэгдэнэ. Цаашлаад олон фракциас бүрддэг АН-ын дээвэр дор ИЗНН, МҮАН-ын гэсэн фракц нэмэгдлээ гэсэн үг.
Улс төрд мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн дайсан гэж үгүй хойно. УИХ-ын дарга саяхан л МҮАН-ын дарга М.Энхсайханыг сайдын суудлаас нь хөөхийг үүрэгдэж байсан бол тун удахгүй нэг бүлд хамтран амьдрах боллоо.
Нөгөө талд МАН, МАХН хамтраад Эх орончдын өдрийг тэмдэглэхээр болжээ. Угшил нэгтэй, түүхээ булаацалддаг энэ намынхан нэгдсэн нь дээр гэж олон нийт үздэг. Өнгөрсөн хугацаанд ч хоёр намыг нэгтгэх асуудал цөөнгүй хөндөгдөж байсан. Эх орончдын өдрийг хамтран тэмдэглэхээр болсон нь МАН, МАХН хоёр нэгдэж байгаагийн илрэл гэж үзэхээс аргагүй. Түүх сөхвөл МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын лидерүүдийг улс төрд гараас нь хөтлөн оруулж ирсэн “загалмайлсан эцэг” гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Ийнхүү парламентад суудалтай таван нам дор бүрнээ нэгдэж, улс төрийн хоёр хүчнээс бүрдэн сонгуульд үзэлцэх нь. Намууд дуртайдаа биш цаг үеийн шаардлагаар нэгдэж байгаа. Учир нь Сонгуулийн хуулиар жагсаалтаар сонгогдох эрхээ авсан ч тухайн намаас хэн нэг эрхэм тойргоос сонгогдоогүй бол хүчингүйд тооцно. Тиймээс энэ хуулиар жижиг намуудыг парламентад суудал авахыг шахаж хавчсан гэж парламент дахь гурав дахь хүчнийхэн үздэг.
Сонгуульд хамтарч ороод парламентад суудал авсныхаа дараагаар аль нэг улс төрийн хүчин өөрсдийн санал, шаардлага нь биелэхгүй бол эвслээ задлах, бутаргах тохиолдол парламентын түүхэнд гарч байсан. Өнөөдрийн жишээгээр МҮАН, МАХН-ын гишүүд “Шударга ёс” эвслээ задлаагүй л болохоос аль эрт нуруу нуруугаа харуулаад сууцгаасан. Эрх баригч хүчин АН-тай “Шударга ёс” эвсэл хамтран ажиллах гэрээ байгуулж, Засгийн газарт хамтраад явж байгаа. Нэгэнтээ хамтарсан Засгийн газарт гишүүд нь сайдаар ажиллаж байгаа бол чуулганы хуралдааны ирцийг ч хамтраад бүрдүүлээд явах үүрэгтэй баймаар. Атал “Шударга ёс” эвсэл дэх МҮАН-ынхан хуралдаандаа ирж байхад, МАХН-ын гишүүд Төрийн ордонд ч байхгүй байгаа. Энэ нь мэдэгдэл хийж, албан бичгээр цуцлагдаагүй болохоос нидэр дээрээ АН, “Шударга ёс” эвслийн хамтын ажиллагаа байтугай дуусгавар болсон гэсэн үг. Цаашлаад “Шударга ёс” эвсэл задарч, МҮАН, МАХН-ынхан өөр өөрсдийн угшил руугаа зүглэлээ.
Хаврын улс төр эрх баригчдад тун халгаатай үргэлжилж магадгүй. Шадар сайдаар томилуулах боломжгүй болсон МАХН-ын дарга Н.Энхбаяр ирэх өдрүүдэд “Шударга ёс” эвслийг задалж, Засгаас сайд нараа татан авч, МАН-д эргээд нэгдсэнээ зарлаж ч магадгүй. Тэгвэл сарын хугацаатай сайдыг томилох уу, үүрэг гүйцэтгэгчээр орлуулах уу гэдэг эрх баригчид тулна.
Хамтын ажиллагаа, эвсэж ажиллахдаа итгэл алддаг эрхмүүд нэг дээвэр дор нэгдэж байгаа нь нэг талаас ямар нэг шийдэлд аль алинаас нь тэвчээр шаардсан зүйл. Нөгөө талаас сонгуулийн үр дүнгээс хамаарч тухайн улс төрийн хүчинд фракцуудын зөрчил, задрал ч үргэлжилнэ. Ер нь нэгдсэн намуудын цаашдын хамтын ажиллагаа сонгуулийн үр дүнгээр шийдэгдэж магадгүй.
Сонгуульд аль улс төрийн хүчин ялахыг сонгогчийн мэргэн сонголт л мэдэх хэрэг.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ