Монголчууд нэг л түүхтэй баймаар байна
“Монсудар” хэвлэлийн компаниас эрхлэн гаргадаг “Монголчууд” түүхэн цуврал номын гуравдугаар боть болох “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” номын нээлт боллоо.
“Монголчууд” цувралын эхний боть “Монголчууд ХХ зууны эхэнд” номонд Манжийн эрхшээлд байсан монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911-1921 оны хооронд өрнөсөн үйл явдал, түүхийг голчлон харуулсан байдаг. Харин хоёрдугаар боть “Монголчууд ХVII-ХХ зууны эхэн үед” номонд Манжийн эрхшээлд байсан үеийн түүх бүхий 300 орчим гэрэл зураг, архивын баримт, материалыг дэлгэн харуулсан.
Харин энэ удаагийн цуврал буюу гуравдугаар ботид 1924-1959 оны үеийн Монголын түүхийг багтаасан бөгөөд нүүдэлчид хэрхэн суурин амьдралын хэв маягт шилжсэн хийгээд улс орны бүтээн байгуулалт, улс төрийн үйл явдлууд хэрхэн өрнөснийг сонирхолтойгоор өгүүлэх аж. Түүхэн гэрэл зургийг түлхүү ашигласан бөгөөд 1200 гаруй гэрэл зургийг оруулсан байна. Мөн номын зохиолчдын хувьд тухайн салбар бүрийн судлаачид, нийгэм журмыг байгуулалцахад гар бие оролцож байсан хүмүүсийн төлөөлөл гэдгээр чухал онцлогтой аж.
“Монсудар” хэвлэлийн компанийн захирал Р.Энхбат: Монголчууд бид нэг л түүхтэй баймаар байна
-Эхний “Монголчууд ХХ зууны эхэнд” боть хэвлэгдсэнээс хойш 5 жилийн дараа энэ цуврал гарч байна. Их урт хугацаа шаардагдсан учраас уншууртай, үзүүштэй ном болсон гэж бодож байгаа. Монголчууд бид нэг л түүхтэй баймаар байна. Хэрэв ёсгүй гэж бодож байгаа бол үүн дээр маргамаар байна. Энэ бүхнийг би энэ номоор шийдсэн гэж байгаа юм биш. Бидэнд судалж, мэдэх, хийх ажил их байна л гэдгийг, бид юуг хийгээгүй үлдээж вэ гэдгийг хараад мэдээсэй гэж хүсэж байна. Ер нь эдгээр цувралаар Монгол хүн гэж хэн бэ гэдгийг л харуулахыг зорьж байгаа юм. Юу хэрэглэдэг, өмсдөг, байсан, цаашлаад бүр юу боддог байсан бэ гэдгийг хүртэл харуулахыг зорино.
“Монсудар” ХХК-ийн хэвлэлийн редактор С.Ууганбаяр: Социалист бүтээн байгуулалтаас бид их юм сурах ёстой
-Монголчууд 1924-1959 оны хооронд хоёр ч Үндсэн хууль батлан гаргаж, хаад язгууртны эрх мэдлийг хязгаарлан аймаг хошуудыг ноёдын хэргэм зэргээр нэрлэхийг болиулж уул нуруудын нэрээр нэрлэх болсон байдаг. Мөн олон арван сүм хийдийг нурааж, лам хуврага, цэрэг цагдаа, ван гүн олон хүнийг улс төрийн хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлж, тусгаар тогтнолоо их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлсэн зэрэг сайн, муу олон үйл явдал болж өнгөрчээ. Энэ бүгдийг буюу нүүдэлчин ахуйгаас суурин амьдралд, социалист нийгэмд шилжих түүхэн өөрчлөлтийн алдаа оноог цензургүйгээр энэхүү номонд өгүүлсэн байгаа. Мөн түүхэн гэрэл зураг, архивын баримт материалаар баяжуулж, түүх бичлэгийн шинэлэг хандлагаар бичигдсэн бүтээл болсон. Тиймээс бид өнгөрсөн түүхээсээ, социалист бүтээн байгуулалтаас их юм сурах ёстой гэж үзэж байна.
“Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” түүхэн боть бүх номын дэлгүүрээр 49 мянган төгрөгөөр өнөөдрөөс эхлэн худалдаагдах юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ