Монгол дууны зохиогчийн эрхийг дэлхийд хамгаална

img

Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /МOSCAP/-ийн урилгаар Зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн олон улсын холбооний /CISAC/ Ази номхон далайн бүсийн дэд дарга Сатоши Ватанавэ энэ сарын 21-25-ны өдөр манай улсад айлчилжээ.

 

Айлчлах хугацаандаа тэрбээр энэ сарын 23-нд Харилцаа холбооны зохицуулах хороо “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн зохиогчийн эрхийн зохицуулалтын асуудал” сэдэвт семинарийг зохион байгуулсан байна. Мөн түүний айлчлалын хүрээнд манай улсын MOSCAP, олон улсын хамтын ажиллагааны СISAC байгууллагад гишүүнээр элсэн оржээ.

 

CISAC нь 120 орны 230 гаруй гишүүн нийгэмлэгтэй бөгөөд 3 сая гаруй дуу, шүлэг, дуурь, уран зохиол, дүрслэх урлагин бүтээлчдийг төлөөлдөг, зохиогчийн онцгой эрхийг хамгаалдаг, ашгийн бус олон улсын байгууллага юм.

 

“MOSCAP”-ийн гүйцэтгэх захирал Ү.Хүрэлбаатар: “MOSCAP”, “CISAC”-ийн гишүүн орон боллоо


-Цагаан зээр нутаггүй гэж үг байдаг. Түүн шиг Монгол дуу эзэнгүй болсон байна. Ялангуяа дууг зохиож байгаа хөгжмийн зохиолч, яруу найрагч хоёр үнэгүйдсэн, бараг байхгүй болсон. Тэгээд уран бүтээлийг хуулбарлан дуулах, аливаа зүйлд хэрэглэхдээ зөвшөөрөл авдаггүй байдал хавтгайрсан байна. Үүнийг цэгцлэх шаардлагатай. Цэгцлэх шаардлагатай гээд Улаанбаатарын дөрвөн уулын дунд хязгаарлаж болохгүй юм. Тэгэхээр олон улсын байгууллагатай хамтрахаас өөр аргагүй юм. Манай улсын MOSCAP, олон улсын хамтын удирдлагын CISAC байгууллагын гишүүн орон боллоо. Юуны түрүүнд бид бүхэн Швецарын SUISA гэдэг байгууллагад гишүүнчлэлгүй байгаа Монголын бүх хөгжмийн зохиолч, яруу найрагчид хувийн ID буюу код авахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар 10 мянган дууг кодлуулахаар явуулаад байгаа. Дараагийн 60 мянган дууг явуулахаар төлөвлөж байна. Ингэснээр олон улсын хамтын ажиллагаагаар дамжин Монгол дуу дэлхийн хаана ч байсан зохиогчийн эрхээ хамгаалуулаад явна гэсэн үг. Аливаа уран бүтээл үүссэн цагаасаа автоматаар зохиогчийн эрхээр хамгаалагдана.


 

MOSCAP-ийн удирдах зөвлөлийн дарга Б.Бямбабаяр: 1993 оноос өмнө зохиогдсон дууг “MOSCAP” өмчилнө


 

-1993 оноос өмнө зохиогдсон дууны уран бүтээлийг улсын өмч гээд орхичихсон. Хэн дуртай нь авч хэрэглэсээр ирсэн байна. Үүнийг бид оюуны өмчийн газар, төрийн өмчийн хороотой тохиролцон манай байгууллага тусгай лиценз, зөвшөөрөл олгож ажиллахаар боллоо. Тэгэхээр телевиз, радиогийн уран бүтээлчид 1993 оноос өмнө зохиогдсон дуу, хөгжмийг нэвтрүүлэгтээ ашиглахдаа зайлшгүй MOSCAP-аас тусгай зөвшөөрөл авч байж ашиглах болж байгаа юм. Тэгэхээр алтан үеийн уран бүтээлчдийн дууг улсын өмч гээд эзэнгүй орхичихсон хэн дуртай нь авч хэрэглэж байсан бол одоо эзэнтэй, MOSCAP-ийн өмч болж байна гэсэн үг.


 

“CISAC”-ийн Ази номхон далайн бүсийн дэд дарга Сатоши Ватанавэ: Монгол дуу Японд дуулагдвал зохиогчийн эрхээр хамгаална


-Би “CISAC”-аас гадна Японы зохиолч, хөгжмийн зохиолч нийтлэгдчийн нийгэмлэгт /JASRAC/ ажилладаг. MOSCAP, JASRAC хоёр байгууллага хамтран ажиллах гэрээтэй. Гэрээний хүрээнд Монгол дуу Японд дуулагдавал зохиогчийн эрхийг нь JASRAC хамгаална. Харин Япон дуу Монголд дуулагдсан тохиолдолд MOSCAP түүнийг зохиогчийн эрхээр хамгаалж ажилладаг. Энэ хоёр байгууллага Зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн олон улсын холбоонд /CISAC/ бүртгэлтэй. Эл байгууллагад нийтдээ 230 орны байгууллага гишүүнчлэлтэй бөгөөд дээр хэлсэнчлэн эдгээр байгууллага хамтын гэрээ байгуулан улс орондоо тухайн орны дууг зохиогчийн эрхээр хамгаалдаг системтэй. Хөгжмийн зохиолч, яруу найрагчийн эрхийг Монгол улсад зохиогчийн эрхээр хамгаалдаг юм байна. Харин олон улсын энэ байгууллагын системд нэгдсэнээр уран бүтээлч бүтээлээ хамгаалуулахын тулд MOSCAP-д гишүүнчлэгдэх хэрэгтэй болно. Гишүүнчлэгдсэнийг MOSCAP итгэмжилснээр бүтээл ашиглагч буюу телевиз, радиогийн уран бүтээлчид тусгай лиценз авч, итгэмжлэгдсэн дуу, уран бүтээлийг ашиглах системд шилжиж байна. Хөгжмийн уран бүтээл бол үнэгүй зүйл биш. Тэгэхээр зохиогчийн эрхийг хүндлээсэй гэж хүсч байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ