Шүүх байгуулах дөрвөн хувилбар

img

 

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийг, 2 дугаар зүйлээр дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон.

 

Гэвч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн цэц уг хуралдаанаар үзсэн.

 

Ингэснээр аймаг бүрт давж заалдах шатны шүүх, дүүрэг болгонд анхан шатны шүүх байгуулснаар Үндсэн хуульд нийцнэ гэсэн үг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүх байгуулах тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газартай зөвшилцөн, Ерөнхийлөгчид танилцуулан, УИХ-д өргөн барих ёстой болоод байгаа юм. Тэгвэл хэд хэдэн хувилбарыг дэвшүүлэн ажиллаж буй аж.

 

Хувилбар-1. Цэцийн дүгнэлтийн дагуу Давж заалдах шатны шүүхийг аймаг бүрт байгуулна. Энэ нь эдийн засгийн хувьд асуудалтай. Их хэмжээний мөнгөн хөрөнгө  шаардагдаж байна. 2016 оны улсын төсөвт үүнд шаардагдах хөрөнгө суугаагүй учир хүндрэлтэй асуудал болоод байгаа аж. Харин шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах бололцоо бий гэдэгт найдаж буйгаа ШЕЗ-ийн Төрийн захиргаа удирдлагын газрын дарга С.Санчир хэлэв.

 

Мөн дүүрэг бүрт шүүх байгуулах шаардлагатай болсон нь орон тоо, байр сав гээд нэлээн асуудлыг дагуулах юм. Тухайлбал, 3000 хүрэхгүй хүн амтай Баганхангай дүүрэгт хэргийн ачаалал харьцангуй бага байдаг. Сүүлийн таван жилийн судалгаанаас үзэхэд эрүүгийн таван хэрэг, иргэний 12 хэрэг шүүхэр шийдвэрлүүлсэн тоо баримт гарчээ. Уг дүүргийн нутагт гарсан хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны дөрөвдүгээр шүүхэд хамааран шийдэж байгаа билээ.

 

Хувилбар-2. Давж заалдах шатны шүүхийг аймаг тус бүрт байгуулна. Гэхдээ шүүгч нар шүүх хооронд явж, нүүдэллэн ажиллана. Энэ бол АНУ, Тайвань зэрэг олон улсын жишиг болсон хувилбар.

 

Хувилбар-3. Шүүхийг хуучин тогтолцоогоор байгуулах. Гэвч энэ нь шүүхийн шинэтгэлээс ухарсан тогтолцоо. Тиймдээ ч энэ хувилбарыг иргэд, шүүгч нар дэмжихгүй байгаа аж.

 

Хувилбар-4. Шүүгчид шүүх бүр танхимтай байх хувилбарыг санал болгож байна. Гэхдээ үүнийг сайн судалбал анхны хувилбар болох аймаг бүрт давж заалдах шатны шүүх байгуулахтай адил хүний нөөцөд асуудал үүсгэж байгаа юм.

 

Эдгээрээс олон нийт, хуульчдын дунд хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрийг сонгох байр суурийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баримталж байгаа аж.

 

Монгол Улсын шүүхийн тогтолцоо Үндсэн хуульдаа нийцсэн байх, хүртээмжтэй буюу иргэдэд ойрхон, үйлчилгээ нь хялбар дөхөм, зардал багатай байх. Чанартай үйлчилгээ үзүүлдэг буюу шүүгчид дагнаж мэргэшсэн байх ёстой. Ухаалаг буюу эдийн засагт хэмнэлттэй, татвар төлөгчийн мөнгийг хэмнэж байх учиртайг ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан онцолсон.

 

3000 хүрэхгүй хүн амтай, сүүлийн таван жилийн судалгаагаар эрүүгийн таван хэрэг, иргэний 12 хэрэг шүүхээр шийдвэрлүүлсэн тоо баримттай Багахангай дүүрэгт шүүх байгуулах нь хэр ухаалаг тогтолцоо вэ?

 

 

Ухаалаг байна гэдэг нь шүүхийн ачаалалтай шууд холбоотой. Монгол Улсын Шүүхийн тогтолцоо хяналт, давж заалдах, анхан шат гэж бүрдэж байгаа. Давж заалдах шатны шүүхийн ачаалал бага, ялангуяа хөдөө орон нутагт харьцангуй бага байна.

 

Өнөөдрийн байдлаар эрүүгийн хэргийн давж заалдах шатны 19, сум дундын 64 /дагнасан/, сум дундын 8 /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр дагнан байгуулаагүй/, дүүргийн 8 шүүх болон хяналтын шатны шүүх гэсэн нийт 100 шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрэгжүүлж байна.  

 

Анхан болон давж заалдах шатны шүүхэд 495 шүүгч ажиллаж буйгийн 388 нь анхан шатны шүүхэд, 107 нь давж заалдах шатны шүүхэд ажиллаж байгаа юм. Анхан шатны шүүх 2015 онд нийслэлд 27711 хэрэг шийдвэрлэсэн бол орон нутагт 21158 хэрэг шийджээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй анхан шатны шүүхийн шүүгч жилд дунджаар 208 хэрэг, орон нутгийн шүүгч дунджаар 82 хэрэг шийдвэрлэсэн байна.

 

Харин давж заалдах шатны шүүхийн ачаалал харьцангуй бага байна. Нийслэлд 64, орон нутагт 40 хэрэг шийдвэрлэсэн тоо дунджаар гарчээ. Шүүгчийн ачааллыг шүүх тус бүрээр гаргавал дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгч 354 хэрэг /Багануур, Багахангай, налайх-197 хэрэг/ шийдвэрлэснээр хамгийн өндөр ачаалалтай байна.

 

Гэхдээ Үндсэн хуулийн Цэц аймаг бүрт давж заалдах шатны шүүх байх ёстой гэдэг шийдвэр гаргасан. Энэ тухай ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан “Цэцийн аймаг бүрт давж заалдах шатны шүүхтэй байх шаардлагыг хангана. Гэхдээ чанартай гэдэг шаардлагаа хангахын тулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр дагнасан шүүхээс татгалзахгүй гэсэн байр суурьтай байна. Эрүүгийн, иргэний давж заалдах шүүхийг аймаг бүрт байгуулна. Дээр дурдсан дөрвөн хувилбар, мөн олон гарц байна. Цэцийн дүгнэлт болон хүртээмжтэй, чанартай, ухаалаг байх шаардлагыг хангасан шүүх байгуулах бололцоо бий” гэсэн юм.

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Shineer shuuh baiguulj irgedee shiitgeh shoronjuulah bodlogoo boliod yaval shuuhed ochuulahgui irgedee hamgaalj gemt hereg zurchild holbogdhoos ni uridchilan sergiileh ajild ni naad tusuviin hurungu ard irgediin tatvariin mungiig zartsuul
2016-02-29
Зочин:
тэмүүжин гэж нэг алиалагчийн хийсэн бантан, манай улсад тохирохгүй гадны баахан юм хуулж ирчээд нэг их шинэчлэл хийсэн гээд гуцаад байсан муу новш чинь, салтаандахаа захирч чадахгүй тэрний хийдэг шинэчлэл гэж юу байдын
2016-02-29