Б.Анар: Сонгодог хөгжим сэтгэлгээ задалдаг

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр “Итали” сонгодог уянгын үдэш тоглолт болно. Тус тоглолтыг зохион байгуулж буй “Гранат мюзик” продакшны уран сайхны удирдаач, төгөлдөр хуурч Б.Анартай уулзаж ярилцлаа.
-Таныг “Никитон” хамтлагийн төгөлдөр хуурч байсныг мэдэх юм байна?
-Тийм ээ. Одоогоос 12, 13 жилийн өмнө “Никитон” хамтлагт хоёр, гурван жил тоглосон. Би өөрөө ч Монголын рок попын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, хамтлаг ч байгуулж явсан. 2005 онд “Лемонс” хамтлагийг байгуулсан юм. Яг мэргэжлийн чиглэлээрээ буюу төгөлдөр хуурч, удирдаачаар 2007 оноос уран бүтээл туурвиж, Улсын филармонийн хөгжмийн найруулагчаар 2013 оныг хүртэл ажилласан.
-Хүүхэд байхаасаа төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэж эхэлсэн гэдэг.
-Би долоон настайгаасаа л төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэж эхэлсэн. Одоо 26 жил болж байна. Хүүхдүүд мэргэжлээ сонгох гэж их юм болдог. Миний хувьд мөрөөдөл бас мэргэжил минь бага байхаас л тодорхой байсан юм. Манай гэрийнхэн бараг бүгд урлагийн хүмүүс. Өвөө маань хөгжмийн зохиолч С.Задгай, эмээ дуурийн дуучин, ээж улсын филармонийн хийлч гээд ухаан орсон үеэсээ л урлагтай холбогдож, урлагийн сайхныг мэдэрч өссөн. 1992 онд Хөгжим бүжгийн коллежид орж байлаа. Хөгжим бүжгийн коллеж төгсөөд Оросын холбооны улсын мэргэжлийн сургуульд суралцсан. Дараа нь Соёл урлагийн их сургуулийг Ардын жүжигчин, профессор Т.Цолмон багшийн удирдлага дор төгссөн юм. Төгөлдөр хуур бол миний амьдралын салшгүй хэсэг. Хөгжим бол үгээр илэрхийлж боломгүй сэтгэлийн их таашаал, гоо зүйн дээд мэдрэмж.
-Хөгжим хүүхдийн төлөвшилд нөлөөлдөг гэдэг. Таны хувьд?
-Ер нь хөгжимтэй ойр өссөн хүнээс харгис хэрцгий, муу зан чанар гарах нь маш ховор. Харин ч хүнлэг, тэвчээртэй болж, аливаа зүйлийг олон талаас нь дүгнэж цэгнэх чадварт суралцдаг. Энэ мэт сайн талуудыг нь мэддэг болохоор хүүхдүүдийг багаас нь хөгжимтэй ойр өсгөдөг байх. Миний төлөвшилд хөгжим асар их нөлөөлсөн. Сонгодог хөгжим хүнийг хүмүүжүүлэхээс гадна сэтгэлгээг нь задалдаг. Нэг симфони сонсвол нэг роман уншсантай адил шүү дээ.
-Хоёулаа яриагаа энэ оройн тоглолт руу эргүүлье.
-Манай улсад Италийн Элчин сайдын яам нээгдэж буйг тохиолдуулан “Итали” сонгодог уянгын үдэш тоглолтыг манай продакшн, Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран зохион байгуулах гэж байна. Тоглолтын бэлтгэл гурван сарын өмнөөс эхэлсэн. XIX-XXI зууны үеийн Италиас гаралтай дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын дуурь болон киноны хөгжмийг албан ёсны эрхтэйгээр толилуулна. Хөгжмийн зохиолчдын албан ёсны ноотыг нь гурван жилийн хугацаатай худалдаж аваад байгаа. Агуу түүхт дуурийн урлагийн мастеруудын алдарт бүтээл болоод орчин цагийн Италийн нэрт хөгжмийн зохиолчдын киноны шилдэг уран бүтээлээс тоглолт бүрдэнэ. Энэ тоглолтод 100 гаруй хүн оролцох юм.
-Венецийн удирдаач оролцоно гэж сонссон?
-Тоглолтын онцлог гэвэл дуурь болон киноны хөгжим гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Дуурийг нь Италийн Венецээс ирсэн удирдаач Роберто Салвалаио дохино. Тэрбээр хоёр орны дуурийн театрын хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу ирж оролцож байгаа юм. Харин киноны хөгжмийг би өөрөө удирдана.
-Залуу хүн оркестр удирдана гэдэг том хувь тохиол.
-Залуу хүн оркестр удирдахаар нэг л далайцгүй, чадваргүй юм шиг харагддаг байж болох юм. Гэхдээ ур чадвар бол хэнд ч бий. Харин туршлага бол наснаас хамаардаг. Залуу хүн, ахмадаасаа туршлага дутмаг байлаа ч ур чадвар сайн байж болно. Тиймээс бие биеэсээ суралцах хэрэгтэй. Удирдаач хүн хөгжмийг уран сайхны аргаар нэг амьсгаатай болгодог учраас туршлагаас илүү авьяас чадвар, мэдрэмж чухал. Авьяас төрөхөөс заяадаг бол хөдөлмөрлөсний үр дүнд мэдрэмжтэй болдог.
-Киноны дан хөгжим болон дууны уран бүтээлийн тоглолт сүүлийн үед тоглох нь ихэсчээ.
-Киноны хөгжмийг дууриас гаралтай гэдэг. Миний бодлоор хүмүүсийг сонгодог урлагийн боловсролтой болгоё гэвэл Моцарт, Бах, Бетховен гэхээсээ түрүүлж киноны хөгжмөөр дамжуулан сонгодог хөгжмийг ойлгуулах хэрэгтэй. Киноны хөгжим бол зөвхөн хөгжмөөс гадна уран зохиол, уран сайхны мэдлэг, мэдрэмжтэй болгодог. Монголчууд кино их үздэг болсон. Тэр хэрээрээ энэ талын мэдлэг нь өндөр болж байна. Би ч кинонд дуртай. Романтик, бодит түүхээс сэдэвлэсэн, зөгнөлт киног илүү сонирхдог. Тиймээс киноны хөгжмийг онцолдог юм. 2009 оноос эхэлж, “Cinema night” , “Christmas night”, “Best of Hollywood” гэсэн цуврал тоглолтыг санаачлан, хөгжмийг нь найруулсан.
-Тоглолтын завсарлагаанаар уран зураг сонирхох боломжтой гэсэн?
-Санкт-Петербургийн И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академид багшилдаг, зураач Б.Отгонтүвдэнтэй би багын найз. Түүний 2014 оноос Италийн гурван хотод ажиллаж амьдарч байхдаа зурж байсан сонгодог зургийг сонирхох боломжтой юм. Түүнтэй хамт алдартай зураач нартай уулзаж, яриаг нь сонсоход уран зургийг ойлгохгүй, дурлахгүй байх аргагүй юм билээ. Бид олон ажил хамтарч ажиллана.
-Та Санкт-Петербургийн Хөгжмийн дээд сургуульд суралцдаг гэсэн үү?
-Тийм ээ, дуурь, симфони найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр суралцаж байна. Санкт-Петербургт сурч байгаа болохоор гадны уран бүтээлчидтэй холбоо тогтооход ойр байдаг. Учир нь хичээлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон тоглолтуудыг байнга үздэг болохоор уран бүтээлчид болон театр, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн менежерүүдтэй танилцах боломж олддог юм. Мөн багагүй хугацаанд сонгодог хөгжмийн ертөнцөд хүчин зүтгэж буйн хувьд сонгодог хөгжмийн гарцыг харж, манайханд ямар хөгжим сонирхолтой хийгээд сонсголонтой, мэргэжлийнхэнд үр өгөөжтэйг харж, урьж авчрахыг зорьдог. Ирэх жил Япон, ОХУ-аас уран бүтээлчид урихаар төлөвлөж байна.
-Тухайлбал?
-Италийн нэрт хөгжмийн зохиолч, “Америкт нэг удаа” киноны хөгжмийг зохиосон Эннио Морриконег Монголд урихаар санал тавьсан. Өдгөө 88 настай энэ агуу хөгжмийн зохиолч манай улсад ирвэл Монголын урлагийн түүхэнд чухал үйл явдал болно. Эннио Морриконе бол аялгууны энэ цаг үеийн хаан. Манай продакшн Москвагийн филармонитой хамтарч ажиллах гэрээ байгуулсан юм. Үүний хүрээнд санхүүгийн асуудлаа шийдчихвэл урьж авчрах бүрэн боломжтой.
-Би сонгодог урлагийнхныг дотогшоо хүмүүс гэж боддог. Таньтай ярилцахад үгүй шиг санагдлаа.
-Хүмүүс тэгж боддог. Миний хувьд эсрэгээрээ. Би илүү нээлттэй байхыг хичээдэг. Сүүлийн үед тоглолтуудаа өөрөө хөтөлдөг болсон. Энэ нь хүмүүст илүү ойлгомжтой хүрэх юм шиг санагдсан. Би киноны хөгжмийг сонсоод үйл явдлыг төсөөлөхийг хичээдэг. Ая аялгуугаар нь дамжуулж юу илэрхийлэх гээд байна вэ гэдгийг урьдчилан сонсох дуртай. Ер нь кино урлагийг хөгжимгүйгээр төсөөлөхөд бэрх. Хөгжим өөрөө өгүүлэмж, дүр дүрслэл болох үе ч бий. Кино, театр гээд бүх урлаг хөгжимтэй холбоотой. Тэгж байж төгс амилдаг.
Ярилцсанд баярлалаа. Тоглолтод нь амжилт хүсье.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ