Стефан Жеймс: Амжилтад хүрэх эхний алхам бол бага унтах

Найруулагч Стивен Хопкенсийн бүтээл “Race” буюу “Уралдаан” кино энэ сарын 19-нд нээлтээ хийлээ. Олимпийн аварга, хөнгөн атлетикч Жессе Овенсийн бодит амьдралаас сэдэвлэсэн уг бүтээлийн гол дүрийг бүтээсэн Стефан Жеймсийн “www.comingsoon.net” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Жессе Овенс бол баатар. Тэрбээр 1936 оны Берлиний зуны олимпод дөрвөн алтан медаль хүртэж, рекорд тогтоосон нэгэн. Тэр цаг үедээ “Дэлхийн хамгийн хурдан хүн” гэх тодотголтой байсан. 2012 онд найруулагч Стивен Хопкенс уг эрхмийн талаар кино хийнэ хэмээн мэдэгдсэн. Харин та энэхүү гайхалтай эрхмийн дүрийг бүтээлээ?
-Том ажлын ард гарч, уран бүтээл минь нээлтээ хийсэнд талархаж байна. Анх удаагаа л өөрөөрөө бахархаж байна. Бодит хүний дүрийг бүтээх үнэхээр бэрх байдаг. Алдаа гаргах эрхгүй.
-“Уралдаан” киноны гол дүрд сонгогдох ямар байсан вэ?
-Их баярласан. Олон залуустай өрсөлдөж байж энэхүү дүрд тоглох болсон. Үнэнээ хэлэхэд хэд хэдэн удаа шалгаруулалтаас хасагдаж байсан. Их хэцүү байсан. Амжилтад хүрэхийн тулд бууж өгөхийг хүсээгүй.
-Жессе Овенс бол олимпийн алтан медаль хүртсэн хөнгөн атлетикийн анхны өнгөт арьст тамирчин. Мэдээж хэрэг энэ эрхэм бурхнаас заяасан гайхалтай ур чадвартай нэгэн. Дүрдээ хэрхэн бэлдэв. Дүрээ бүтээхийн тулд юун дээр гол анхаарлаа хандуулав?
-Мэдээж хэрэг дүрээ бүтээхийн тулд Жессе Овенсийн гэр бүлтэй уулзсан. Түүний эд хэрэглэлд гар хүрэх алтан боломж олдсон. Зохиолоо хүлээн аваад хамгийн эхэнд гүйж сурсан. Хэдэн км ч гүйсэн цуцахгүй байхын тулд их хичээсэн. Өглөө 6.00 цагт сэрээд хоёр цаг орчим гүйдэг байсан. 12.00, 14.00, 16.00, 19.00 цаг болгонд гүйсэн. Энэ бүхэн хоёр сар үргэлжилсэн. Амьсгаагаа задлах, цуцахгүй байхын тулд их хичээсэн. Миний хичээл зүтгэл найруулагч болон кино багийнханд их таалагдсан. Би боломжоо алдахыг хүсээгүй учир хөдөлмөрлөсөн. Агуу хүмүүс яагаад хөдөлмөрлөх дуртай, бага унтдаг шалтгааныг би ойлгосон.
-“Хэрвээ чи чадваргүй бол өөрийгөө үхдэлтэй харьцуул. Тиймээс амиа авч үлдэх чадварт суралц” хэмээн Жессе Овенс нэгэн цагт хэлж байсан. Энэ үгтэй санал нэгдэх үү?
-Мэдээж хэрэг. Залхуурал бол бидний дайсан. Амжилтад хүрэх эхний алхам бол бага унтах. Би энэхүү кинонд тоглож байхдаа өдөрт 4-5 цаг л унтдаг байсан.
-1930-аад он бол өнгөт арьстай хүмүүсийн хувьд хар дарсан зүүд шиг л тийм үе байсан. Олимп байтугай гудамжаар хүртэл дээшээ харж явах боломжгүй тийм л шударга бус он жилүүд. Жессе Овенс энэ бүх шударга бус зүйлийн эсрэг тууштай тэмцэгч байсан. Тэрбээр анхны алтан медалиа авах үедээ “Өнгөт арьстнууд” хэмээн хашгирсан. Түүнийг ийнхүү хэлэхийг Гитлер хүртэл сонссон гэдэг?
-Тиймээ, дүрийн судалгааны явцад энэ бүх гайхалтай зүйлийг олж мэдсэн. Үнэхээр гайхалтай. Би дүрээ бүтээх явцдаа энэ бүхнийг санаж байлаа. “Тиймээ, чи бол Жессе Овенс. Чи бол агуу нэгэн” гээд л өөрийгөө урамшуулдаг байлаа.
-Хэрвээ та 2016 он бус 1936 онд амьдарч байсан бол түүн шиг зориг гаргаж чадах болов уу?
-Үнэнийг хэлэхэд, би их аймхай. Би энэ амьдралдаа хэзээ ч томоохон шийдвэр гаргаж байгаагүй. Тиймээс өөрийгөө Гитлерийн өмнө үг хэлж буйгаар төсөөлөхгүй байна. Онцгой нэгнийг бурхнаас илгээдэг. Хараахан би онцгой болоогүй байна. Гэхдээ би онцгой нэгэн болохын тулд хичээх болно.
-Мэдээж Америкийн түүхийг бичиж буй олон агуу эрхэм байна. Яагаад Жессе Овенс тэднээс онцгой гэж?
-Агуу учраас. Баатар учраас.
-Энэхүү уран бүтээлээс залуус юуг ойлгох вэ?
-Хүн чанар, зориг тэвчээр, хайр, хөдөлмөр. Хөлс ямар үнэтэйг олж мэдэх болно.
-Та өнгөрсөн онд хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн тухай өгүүлэх “Селма” кинонд тоглосон. Залуу уран бүтээлч гэхэд гайхалтай уран бүтээлд хамтран ажилласан?
-Тиймээ. Үнэхээр гайхалтай уран бүтээлчидтэй хамтран ажилласан.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ