“ХҮҮХДИЙН АРИУНТУЯА”

img

Тэр төөрсөн хүүхдийг гэрт нь хүргэж аав шиг нь, харуй бүрийгээр хаягдсан нярайг бөөцийлөн, тэвэрч ээж нь мэт, гэм хийсэн хүүхдийг гаднаа зэмлэвч, дотроо өрөвдөн эмтэрч, амьдралынхаа 17 жилийг хүүхдийн дунд өнгөрүүлжээ.

Одоо ч хүүхдийн төлөө ажилласаар буй, бидэнтэй ярьж суухдаа ч “Хүүхдийн харцнаас бүгдийг мэдэж болдог” гэж бодлогошронгуй хэлсэн цагдаагийн хошууч эмэгтэй.

 

Түүнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, Цагдаагийн хошууч Т.Ариунтуяа гэдэг.

 

Харин би  “Хүүхдийн Ариунтуяа” гэж нэрлэв. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо. Энэ өдөрт зориулан түүнтэй ярилцлаа.

 

 

-Сайн байна уу. Танд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.

 

-Баярлалаа. Танай сайтын хамт олон, уншигчдад энэ өдрийн мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

 

-Таны мөрдэст бүсгүй болж, цагдаагийн албатай ажил, амьдралаа холбосон цагаас ярилцаж эхэлье хоёулаа.

 

-Би цагдаагийн байгууллагад ажиллаж, алба хааж эхлээд 20 жил болох гэж байна. 1996 оны дөрөвдүгээр сард цагдаагийн байгууллагад анх ажилд орж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс ажлын гараагаа эхэлж байлаа. 1988 онд Хууль цаазын дунд сургууль, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн би анх цагдаагийн байгууллагад энгийн алба хаагчаар ороод, долоон сарын дараа ахлагч цол авч байсан. Хангалтаас хувцсаа аваад өмсөж үзэхэд эвгүй ч юм шиг, гоё ч юм шиг, хувцсандаа дасахгүй байсан. Тэрнээс хойш удаан хугацаа өнгөрсөн ч дөнгөж цагдаад орж байсан минь саяхан мэт тодхон байна.

 

-Танд цагдаагаас өөр сонголт байсан уу?

 

-Үнэнийг хэлэхэд цагдаад ажиллана гэж бодоогүй. Их сайн эмч болно л гэж боддог байсан. Тэгээд хуулийн сургуулиуд төгсөөд, цагдаагийн байгууллагад ажиллах боломж гараад орсон. Намайг орох үед эмэгтэй алба хаагч цөөхөн байсан даа. Манай оюутан ангийнхан шүүгч, прокурор, өмгөөлөгч, яам, тамгын газрын хуулийн хэлтэст ажиллаж байна. Би ганцаараа цагдаагийн албанд орсон. Гэхдээ энэ албанд ажиллаж буйдаа сэтгэл хангалуун явдаг.

 

ЭНЭ АЛБАНД ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙН ЯЛГАА БАЙХГҮЙ

 

 

-Эрчүүдтэй мөр зэрэгцэн цагдаагийн албанд зүтгэхэд ямар байдаг вэ?

 

-Цэрэг, цагдаа, тагнуул зэрэг байгууллагад эмэгтэй хүн алба хаахад амаргүй шүү дээ. Адилхан сургуулийг нь төгссөн, цол хэргэмийг нь зүүгээд, тангараг өргөсөн болохоор эрэгтэй, эмэгтэйн ялгаа байдаггүй. Шаардлагатай үед өдөр, шөнө хамаагүй ажл үүргээ гүйцэтгэнэ, бэлэн байдалд байх ёстой. Эмэгтэй хүн байна хамгаалалтад гаргаад юухэв, эмэгтэй алба хаагчийг шөнө ажиллуулахгүй гэсэн юм байхгүй. 

 

-Хэцүү юм гэж бодох, мохох үе гарч байв уу?

 

-Хүнд хэцүү юм байлгүй яахав. Ялангуяа хүүхэд бага үед амралтын өдрүүдэд ажиллах, шөнө орой гэнэт дуудагдах, оройтож ажиллахад зарим үед хэцүү л байдаг байсан. Дүүргийн цагдаагийн хэлтэст 17 жил ажилласан. Дүүргийн цагдаагийн хэлтэс бол цагдаагийн байгууллагын гол ачааг үүрч байдаг. Хэрэг илрүүлэх, шалгах, урьдчилан сэргийлэх, иргэдтэй уулзах гээд бүх л юм тэнд болж байдаг. Зарим үед яагаад цагдаад орчихов доо гэж бодогдож ч байсан. Харин одоо хүүхэд том болчихоор асуудал байхаа больсон шүү /инээв.сур/.

 

-Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн чиглэлээр та ажилладаг. 20 жил энэ чигийн ажлыг хийж байна уу?

 

-Тийм ээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдийн байцаагчаар ажлын гараагаа эхэлсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдийн байцаагч, Баянзүрх дүүргийн цагдаад хүүхдийн ахлах байцаагч гээд нийтдээ 17 жил хүүхдийн байцаагчаар ажилласан. Хүүхдийн ажил хийнэ гэдэг бол цагдаа дотроо тусгай мэргэшил шаардсан нарийн ажил байдгийг энэ явцдаа л мэдэрсэн дээ. Хүүхдийн үйлдсэн хэрэг, зөрчлийг шалгана, хараа хяналтгүй, тэнэсэн, төөрсөн хүүхдийг асуудлыг шийдвэрлэнэ гээд олон ажиллагаа байдаг.

 

-Төөрсөн хүүхдийг хэрхэн зохицуулах вэ. Хаяг тогтооход эсвэл гэрт нь хүргэх үү?

 

-Би нэг тохиолдол ярья л даа. 11-12 орчим насны нэг төөрсөн хүүг гэрт нь хүргэж өгөхөөр бид хоёр ханилаад нэг өдрийн хагас явсан. Ерөөсөө хуулиа дагахаар төөрсөн хүүхдийг гэрт нь хүргэж өгөх эсвэл гэртээ дагуулж аваачих гэсэн хоёрхон сонголттой болчихдог. Тэр хүү надад гэрээ зааж, би хүргэж өгөхөөр “Дэнжийн мянга”-д уул, гүвээ давж алхсаар байтал бүр орой болчихсон. Гэхдээ гэрийг нь олж хүргэж өгсөн л дөө. Тэгээд эцэг, эхэд нь хүүхэд чинь ийм асуудалд орооцолдсон. Маргааш бичиг баримттай нь хэлтэс ирээрэй гэж хэлнэ. Тиймэрүү асуудал зөндөө гардаг. Хамгийн ярвигтай нь нялх хүүхэд хаягдах.

 

ХҮҮХДИЙН ХАРЦ БҮГДИЙГ ХЭЛДЭГ

 

 

-Тэднийг чинь одоо тэврээд л явна биз дээ?

 

-Хүмүүс чинь өдөр бол хүүхдээ хаяхгүй. Харуй бүрий болсон хойно юмуу шөнө хүүхдээ хаясан тохиолдол ихэнхдээ гардаг. Шөнө дуудагдаад хэдхэн хоног, сартай хүүхэд тэврээд л явдаг. Манай цагдаад чинь унааны асуудал хэцүү. Жижүүр дуудлагадаа явчихна. Нярай хүүхдийг хамгийн түрүүнд хүүхдийн түргэн дуудаж үзүүлнэ. Тэгээд эрүүл бол холбогдох материалыг бүрдүүлээд, унаа тэрэг зохицуулж аваад Нялхсын клиник сувилалд хүргэж өгнө. Хүүхэд эрүүл, сувилал хүлээгээд авчихвал бөөн баяртай. Амьсгалын замын болон арьсны халдвартай хүүхдийг сувилалд хүлээж авахгүй. Тийм хүүхдээ тэврээд л эмнэлэг явна. Эмнэлэгт хэвтүүлэх гэхээр “Сахиур хэрэгтэй. Та нар сахих юм уу” гэнэ. Бид чинь ийм ажлынхаа хажуугаар хүүхэд сахина гэдэг хэцүү.

 

Тэгээд эмч, сувилагчтай нь зовлон, жаргалаа ярьж гуйгаад хэвтүүлдэг. “Эрүүл боллоо. Хүүхдээ ав” гэхээр нь очиж аваад  сувилалд хүлээлгэж өгдөг байлаа. 1-2 хоногтой нярайг хаячихаж байгаа байхгүй юу. Тэдэнд чинь хамаагүй юм өгч болохгүй, Төрөх рүүгээ авч ороод глюкоз авч уулгах, төрсөн эхийн сүү уулгах зэрэг туслалцааг маш их авдаг байсан. Энэ дашрамд ачаа, хүндрэлийг минь хамт үүрэлцэж байсан Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Хүүхдийн тасгийн хамт олон,  хуучнаар Гуравдугаар төрөх эмнэлгийн хамт олондоо баярлаж явдгаа хэлье. Бүсгүйчүүдэд нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.

 

-Танд гэртээ хүүхэд дагуулж харьсан тохиолдол бий юу?

 

-Байхгүй. Хаяг тогтоох төв, сувилалд хүлээлгэж өгөх, гэрт нь хүргэх гээд зохицуулдаг байсан. Манай хүүхдийн байцаагч хийж байсан зарим эмэгтэй алба хаагчид тийм тохиолдол байдаг шүү.  

 

-Эмзэг асуулт байж болох юм. Эцэг, эхдээ хэрэггүй гээд хаягдсан хүүхдэд амьдрал бэлэглэх гээд тэврээд эмнэлгийн, сувиллын хаалга татаад явж байхдаа таны сэтгэл ямар байдаг вэ?

 

-Үрээ хогоос дор үзээд хаяж байгаа хүн, тэр тусмаа эмэгтэй хүн байна гэж бодохоор хэцүү байдаг. Ер нь бол байж боломгүй асуудал. Би байсан бол яасан ч хүүхдээ хаяж чадахгүй дээ гээд өөртэйгөө зүйрлүүлж боддог. Хүүхдийнх нь нүд харагдаад унтаж ч чадахгүй баймаар. Ямар бөх зүрх, зориг, тэвчээр вэ, эмэгтэй хүнд байж боломжгүй үйлдэл. Эрүүгийн хуульд заагдсан гэмт хэрэг. Тэр хүнийг бурхан харж буй. Үрийн заяа гомдоно шүү дээ.

 

-Хүүхэд холбогдсон гэмт хэргийг шалгана гэдэг онцгой ажиллагаа юм шиг санагддаг.

 

-Тийм шүү. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиндаа байцаан шийтгэх онцгой ажиллагаа явагдаж байдаг. Хүүхэд эрх зүйн чадамжийн хувьд хязгаарлагдмал учраас хүндрэлтэй зүйлүүд гардаг. Хүүхдийг хамаагүй хорьж, саатуулж болохгүй. Заавал эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгөх, мэдүүлэг, байцаалт авахдаа ганцааранг нь ирүүлэхгүй гээд хуульд заагдсныг хэрэгжүүлж ажиллана. Хүүхдийн гэмшиж, харамсаж байгаа нь, санамсар болгоомжгүйгээр хэрэг зөрчил гаргасан, эцэг, эхийн буруугаас болсон уу гэдэг харцнаас нь мэдэгддэг. Хүүхдийн харц бүгдийг хэлдэг. Хүүхэдтэй олон жил ажиллахаар тиймэрхүү юмыг гадарладаг болдог юм байна.

 

ХҮҮХДЭД 10 ХУВИЙН Л БУРУУ БИЙ

 

-Таны ажил дотоод сэтгэлтэйгээ зөрчилдөх үе байсан уу. Гэм хийсэн хүүхдийг дотроо өмгөөлж, хайрлах сэтгэл төрж байв уу л гэж.

 

-Хүн, хүн өөр байдаг байх. Би хүүхдийн хэрэг материал шалгаж байхдаа хуульд заасан үүргээ гүйцэтгэж байгаа ч хүүхдийг дотроо их өрөвддөг байсан. Нүд рүү нь харна, өрөвдөнө. “Эгчээ, байцаагчаа, битгий хэрэг үүсгээч. Би буруутай. Аав, ээж хохирол барагдуулах боломжгүй. Би нөгөө хүүхдээсээ уучлал гуйвал хэрэг үүсгэхгүй байж болох уу. Хохирлыг нь төлчихвөл хэрэг үүсгэхгүй байх боломжтой юу” гээд өрөвдөлтэй.

 

Ялангуяа татгалзаад материал хаахад учиртай. Эрүүгийн хэрэг үүсгээд шүүх рүү шилжүүлэхэд “Одоо яана аа. Энэ хүүхэд ял хойшлогдоод өнгөрдөг болов уу. Яадаг бол” гээд их санаа зовдог байсан. Хүүхдийн буруутай үйлдлийн 90 хувь нь түүнд зөв, бурууг хэлж, боловсрол, соёл сургаж, хүмүүжүүлж чадаагүй томчууд бидний буруу санагддаг. Яахав 10 хувь нь хүүхдийн буруу байдаг байх. Ер нь эцэг, эхчүүд хүүхдийг багаас нь зөв, буруугийн учрыг хэлж, ойлгуулах, хүмүүжүүлэх тэдний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй байгаа юм. Хүүхдэд “Хүний эрхэнд халдах бол Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг” гэдгийг боловсролын байгууллага, эцэг эх, хуулийн байгууллагаас хэлж өгдөггүй л байгаа байхгүй юу.

 

-Таны шалгаж байсан хүүхэд ял авсан ч юмуу. Одоо ч харамсдаг явдал байдаг уу?

 

-Харамсдаг, санаанаас гардаггүй нэг хэрэг бий. Сүхбаатар дүүргийн цагдаад ажиллаж байхад яалт ч үгүй нэг хүүхэд 1-2 жилийн ял авсан. Танхайн хэргээр. Тэр хүүхэд миний сэтгэлээс ерөөсөө гардаггүй. Хуульд заасан ажлаа хийж байгаа би хүүхдийг аль болох цааш нь явуулахгүй юмсан л гэж боддог байсан. Хүүхэд л юм чинь хэцүү шүү дээ.   

 

-Хүүхдүүдээс “Баярлалаа” гэдэг үгийг олон сонсож байсан байх.

 

-Шалгагдаж байсан, төөрөөд ирсэн нь ч бай “Баярлалаа эгчээ” гэж хэлдэг. Тэр бүр нь урам авч, баярладаг. Тухайлбал, манай Баянзүрх дүүрэг чинь хүн ам ихтэй. Өглөө ажилдаа ирэхэд төөрсөн, хараа хяналтгүй гээд ирээд хоночихсон нэг хүүхэд бол байж л байдаг. Манайхан чинь шөнө “Хаяг тогтоох”-д хүргэх боломжгүй, биднийг очингуут “Хүүхдээ ав” гээд хөтлөөд ороод ирдэг.

 

Хүүхэд нойрмог, ядарч, өлсчихсөн. Усаа буцалгаж цай хийж өгөөд, шургуулганд юу байна, гэр орноос авчирсан боорцог талхаа хувааж иднэ. Хэлтсийн цайны газар онгойнгуут хүүхдэд өгчихмөөр юу байна авч өгнө. 5-6 настай нэг хөөрхөн хүү байсан. Хэдэн удаа ирэхээр нь бид таньдаг болчихно, тэр хүү их хөөрхөн дуулна. Нэг удаа “Би том болж байгаад таныг зөндөө их баярлуулна” гэж хэлж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Хүүхдийн үнэн сэтгэлээсээ хэлэх талархлын үгийг олон удаа сонсож байсан. Хүүхдийн ажилдаа дуртай. Хүүхдийн буян ивээж байдаг байх.

 

-Та цагдаагийн ямар цолондоо хайртай вэ?

 

-Дэслэгч цол шагнуулахад их гоё байсан. Дэслэгч цолондоо хайртай. Офицер болоод бөөн баяр.

 

-Цол нэмээд, Монгол Улсын төлөө зүтгэе! гээд ёслох агшны баяр, жавхааг юутай ч зүйрлэм юм бэ дээ.

 

-Цэрэг, цагдаагийн хүмүүст цол нэмнэ гэдэг хамгийн сайхан. Цол нэмээд мөрдэс зүүж байх агшин үнэхээр мартагдахгүй сайхан. Алба хаагчийн гэр бүл цолны эзнээсээ дутахгүй баярлаж, баглаа цэцэг барьчихсан хүлээгээд, догдлоод л зогсож байна шүү дээ.

 

ТАРИАН ТАЛБАЙ ДУНД БАГА НАС МИНЬ ӨНГӨРСӨН

 

Гурван сая дахь иргэний үе чацуутан, түүний 2 ихэр зээ дүү -Одоо хоёулаа таны ажлаас түр хөндийрч, амьдрал руу тань жаахан хазайя. Мэдээж таны гэр бүлийн талаар эхэлж асууя.

 

-Би нөхөр, охиныхоо хамт амьдардаг. Манай гэр бүлийн хүнийг н.Цэрэндорж гэдэг. Холбооны инженер мэргэжилтэй одоо нэг хувийн компанид ажилладаг. Охин Ц.Дөлгөөн Орос элчингийн 14 дүгээр сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. Аав, ээж минь 80 дөхөж буй хоёр буурай бий. Аав минь Завхан аймгийн Нөмрөг сумын хүн. Насаараа удирдах албан тушаалд ажилласан. Хожим Төв аймгийн Атарын сангийн аж ахуйд дарга хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Ээж нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээрээ ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан.

 

Энэ насандаа аав, ээжтэйгээ байна гэдэг сайхан. Би зургаан хүүхэдтэй айлын дөрөв дэх охин. Бага дүү маань Монгол Улсынхаа гурван сая дахь иргэний үе чацуутан хоёр ихэр хүү төрүүлсэн баярт үйл явдлыг энд дурдахгүй байхын аргагүй. Тэд маань АНУ-ын Санфранциско хотод гэр бүлээрээ амьдардаг юм. Гурван сая дахь иргэний үе чацуутан, ирэх хөвгүүд угтсан манай гэр бүлийнхэн бөөн баяр болсон шүү дээ /инээв.сур/.

 

-Арвай буудай, тариан талбайд ойрхон өсчээ.

 

-Аав маань үр тарианы сангийн аж ахуйн дарга байсан. Аавыгаа дагаад тариан талбай дундуур явна. Одоо зун амралтаараа хөдөө явахаар тариан талбай гоё харагддаг. Гэртээ үр тариа вааранд хийгээд тавьчихсан байдаг. Тариан талбай дунд бага нас минь өнгөрсөн, аавын минь хийж байсан ажил болохоор үр тарианы үнэрт дуртай, хайртай байдаг.

 

-Та хэр сайн гэрийн эзэгтэй вэ?

 

-Аз болоход би сайн хүнтэй ханилсан. Цагдаагийн албыг ойлгодог. Би чинь шөнө, орой, хагас, бүтэн сайнд ажиллана. Шөнө дуудагдаад явна энэ бүхэнд төвөгшөөдөггүй. Ажил тараад очиход хоол хийчихсэн байдаг. Үнэнийг хэлэхэд ичмээр л байна /инээв.сур/.  Намайг хүлээвэл манай гэр орон бүтэхгүй. Манай хүн хоол сайн хийнэ, талх барина, варень хийнэ. Гэр орны юмаа засаж янзална. Би бэлэн юм идчихээд хоноод л гарч ирж байдаг. Миний хийж чаддаг юм гэрээ цэвэрлэж, хувцсаа угаадаг. Харин хүүхдийнхээ хичээл, сургуульд анхаардаг юм.

 

-Та тэгвэл ямар хоолоор гэрийнхнээ дайлах дуртай вэ. Хааяа ч гэсэн. 

 

-Хоол хийх зав болдоггүй гэж ярьж байгаадаа эмэгтэй хүмүүсээс санаа зовж л байна. Будаатай, банштай цай хийх дуртай. Заримдаа сайхан хуушуур хийнэ. Гэхдээ тэр бүр хийгээд байж чаддаггүй.

 

ОХИНЫХОО ЭЦЭГ, ЭХИЙН ХУРЛЫГ ТАСАЛЖ ҮЗЭЭГҮЙ

 

-Ээжийнхээ үүргийг хэрхэн гүйцэтгэж байна.

 

-Ээжийнхээ үүргийг гайгүй гүйцэтгэж байгаа гэж боддог. Охиноо ээж, ааваараа харуулалгүй өөрөө өсгөсөн. Нэгдүгээрт хүүхдийн хүмүүжил, боловсрол дараагийн асуудал гэдэг зарчимтай. Зөв хүмүүжил олгохын сацуу боловсрол, соёлд суралцуулж, зөв, сайн хүн болгохыг хичээдэг. Бүх зүйлд тэгшхэн байвал зүгээр гэж боддог учраас охиноо бүжиг, хөгжим, спорт, гадаад хэл, оюун ухааны гээд янз бүрийн сургалтад явуулдаг. Цалингаа аваад л.

Миний охин ч ээж, аавынхаа итгэлийг алдахгүй сайн байдаг. Би ч сургуультай нь байнгын холбоотой, эцэг эхийн хурлыг нь ганц ч удаа тасалж үзээгүй. Долоо хоног бүр дүнгийн дэвтэртэй нь танилцаж гарын үсэг зурдаг. “Сайн байна миний охин” гээд л. Би хүүхдээ загнадаггүй. Зодож үзээгүй. Илэн далангүй харилцдаг. Мэргэжлийн онцлогоор гадуур нөхцөл байдал ийм байна гээд охиндоо сэрэмжлүүлдэг. Охин маань ч цагдаагийн ажлыг сайн мэддэг.

 

-Баяраар гэртээ байхгүй байсаар бүр сурчихсан байх даа?

 

-Гэрийнхэн, аав ээж бүгд сурчихсан. Сая цагаан сараар гэртээ байлаа. Шинэ жилээр талбай дээр он гаргасан. Наадмаар бол манайхан зусландаа ч юмуу хотоос зайдуу хорхог, боодог хийгээд нийлж байна л гэдэг. Аав, охин хоёр л явж байдаг. Би ч, тэд ч сурчихжээ.  

 

-Баяраар таны хувьд өөрөө баярлахаас илүүтэй ээжийгээ баярлуулах нь чухал байдаг юм болов уу гэж бодогдлоо.

 

-Тэгэлгүй яахав. Баяраар ээжийгээ, аав, ээжийн талын настай хүмүүсээ баярлуулахыг илүүд үздэг. Цалин буусан өдрөө ч хөгшчүүдээ баярлуулъя гэж бодоод чихэр, жимс аваад л гэнэт яваад очдог.

 

-Таны энэ эелдэг, эвлэг зан ааль төрөлхийн чанар уу. Эсвэл хүүхэдтэй олон жил ажилласантай холбоотой юу?

 

-Энэ төрөлхийн зан чанар шиг байгаа юм. Багаасаа л юманд эелдэг, энэрэнгүй хүүхэд байсан. Том болсон хойноо ч хүүхэдтэй ажиллаад, хүүхдийг загнаж, ширүүлээд байж чаддаггүй.

 

НЭГДҮГЭЭРТ ХҮМҮҮЖИЛ

 

-Эмэгтэй хүн ямар байвал сайн, сайхан гэж та боддог вэ?

 

-Хүн, хүний бодол өөр. Минийхээр хүмүүжилтэй, боловсролтой байх ёстой. Өөрөө хүмүүжил сайтай хүн үр, хүүхдээ үлгэр дуурайлтай өсгөж, хүмүүжүүлнэ. Мөн эмэгтэй хүний өрөвч зөөлөн сэтгэл, зан араншинтай байвал сайн гэж боддог. Би ширүүн дориун эмэгтэйг хараад айдаг, ямар ширүүн юм бэ гэж боддог юм. Мэдээж, эмэгтэй хүн юм чинь гоо сайхандаа анхаарч, үнэтэй юм өмсөхгүй ч гэсэн биедээ таарсан, цэвэрхэн хувцаслаад явах хэрэгтэй гэж боддог. Би хүнд хүчир ажилтай гээд өөрийгөө орхиж болохгүй.

 

-Эмэгтэй хүнийг эдийн шуналтай гэдэг. Та хэр зэрэг шуналтай хүн бэ?

 

-За айхтар шуналтай ч биш. Бас огт шуналгүй ч гэж хэлэхгүй байх /инээв.сур/. Эмэгтэй хүн юм болохоор гутал, цүнх харж л явна. Хааяа хагас, бүтэн сайнд амарвал охинтойгоо дэлгүүрээр явах дуртай. Заримдаа тэгж явж байгаад гутал, хувцас авчихдаг л даа.

 

-Хүмүүс хобби гэдэг. Таны хийх дуртай зүйл юу вэ?

 

-Би гэртээ цэцэг тарьж, ургуулах дуртай. Цэцгээ усалж, янзлаад, бордоод нэлээн арчилдаг. Цэцэгт дуртай.

 

-Цагдаа бүсгүйчүүд караокены тэмцээнд оролцон уралджээ. Та хэр авьяастай вэ?

 

-Миний үеийн хүүхдүүд гитар тоглодог байсан. Би ч дутахгүй хөөрхөн тоглодог байсан. Одоо жаахан муудчихсан байна лээ шүү /инээв.сур/. Харин Хьюстоны дууг сонсох дуртай. Гайхалтай дуучин, эмэгтэй байсан.

 

“МИНИЙ ОХИН ЭНЭ МӨНГИЙГ ХААНААС ОЛСОН ЮМ БЭ”

 

-Энэ таны өмнө хадаатай байгаа “POLICE” гэсэн бичигтэй, балаар зурсан бамбарууш миний анхаарлыг татаад байна. Хэний бүтээл вэ?

 

-Манай охин зурсан юм. Ажил дээр сууж байгаад зураад, хайчлаад ширээний өмнө тогтоож өгсөн. Гоё зурдаг байгаа биз.

 

-Харин тийм. Хөөрхөн зурдаг юм байна. Ер нь охины зурж, хайчилж өгсөн энэ мэт бүтээлүүд их бий юу танд?

 

-Байгаа, байгаа. Охин  минь жаахан байхдаа янз бүрийн зураг зураад, “Ээждээ хайртай” гэж бичээд ил захидал дугтуйнд хийгээд өгдөг байсан. Бүгдийг нь хадгалчихсан байдаг юм. Харин одоо том болоод, Мартын 8, цагдаагийн баяраар ээждээ цэцэг авчирч өгдөг болсон. Тэгэхээр би “Хүүе миний охин энэ мөнгийг хаанаас олсон юм бэ” гэнэ. Таны өгсөн мөнгийг цуглуулж байгаад л гэдэг юм /инээв.сур/.

 

-Охиноо эрхлүүлдэг үү?

 

-Эрхлүүлэхээс илүүтэй зөв хүмүүжүүлэхийг эрмэлздэг. Охин ээждээ хайртай шүү л гэдэг юм. Би өглөө ажилдаа гарахдаа охиноо үнсээд “Хичээлээ сайн хийгээд онц аваад ирээрэй” гэж хэлээд гардаг. Үнсэхгүй явах гэхээр сонин санагдаад байдаг. Хүүхдэд хайр энэрэл өгч, мэдрүүлж байх хэрэгтэй. Хайр, энэрэл авсан хүүхэд өр зөөлөн байдаг гэж боддог. Манай эцэг эхчүүд Цагаан сараар л нэг золгож байгаа нь гэж үнэрлэдэг. Тэгээд би хүмүүст зөвлөдөг юм. Хүүхдэдээ хайр энэрэл мэдрүүлж бай гэж. Нэлээд хүн миний хэлснийг биелүүлж байгаа байх. Охин минь эх орондоо хэрэгтэй хүн болж, ээжийгээ баярлуулна л гэдэг юм.

 

Ярилцсанд баярлалаа. Монгол цагдаагийн хийморь өөдөө байг.

 

Б.Будхүү
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Mundag egch shvv nutagiin egch bna Moogii zurag bna
2017-03-12
Tuul:
Ariunaadaa amjilt husiy
2017-03-11
Baaj:
Сайн байна баяр хүргэе
2017-03-11
Зочин:
Saihan emegteid eruul enh hamgiin sain saihniig husie.
2017-03-09
Д:
Баярын мэнд хүргэе.
2017-03-08
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-03-10
zochin:
buh alban haagch nariig tanidag hun hetsu hetsuu orj irehgui bgaz lol
2016-03-08
зочин:
Сайхан ярилцлага байна. Танд ажлын өндөр амжилт хүсье!
2016-03-08
Зочин:
ZA ESTOI HARAAGUI EMEGTEI ALBA HAAGCH BAINA DAA
2016-03-07
zochin:
buh alban haagch nariig tanidag hun hetsu hetsuu orj irehgui bgaz lol