“Хуучин хүү” өнөөдөр Лексүс 570 унан зүсээ хувиргасан

“Экспертүүд ярьж байна” ярилцлагын булангийн анхны зочноор зохиолч, орчуулагч Д.Оюунчимэгийг урьж ярилцлаа. Цаашид бид энэхүү булангаараа салбар салбарын мэргэшсэн шинжээч, судлаач, бизнесмэн, соён гэгээрүүлэгч нарыг урьж оролцуулан тэдний байр суурь, үзэл бодол, дуу хоолойг уншигч Танд хүргэх болно.
-Зохиолч хүн гэж хэн бэ? Оюун санаа, бодол төсөөлөлдөө бий болгосон хийсвэр зураглалыг ном болгож хэвлүүлснийг зохиол гэж нэрлээд байна уу?
-Зохиолч гэдэг үгийг манай монгол хэлэнд арай өөрөөр хэрэглээд байх шиг надад санагддаг. Жишээ нь, орос, англи хэлний аль алинд энэ нь дандаа бичгийн хүн гэдэг утга заадаг. Зохиол гэхээр монгол хэлэнд оносон оноогүйг би мэдэхгүй. Гэхдээ яг бичээд ирэхээр ямар ч зүйл зохиогддоггүй, зохиол гэдэг бол аливаа уран бүтээлчийн амьдралаас олж авсан мэдлэг, туршлага энэ бүхний л үр дүн гэдгийг олж харах юм билээ. Дүрээр бүтээхийг урлаг гэнэ гэж ярьдаг. Тэгэхээр ганц зохиолч гэлтгүй урлагийн салбарт ажиллаж байгаа хүмүүс сэтгэлгээний ертөнцийг бий болгодог. Сэтгэлгээний ертөнц гэдэг маань энерги мэдээллийн орон зай юм л даа. Энэ нь эргээд тухайн хүнийхээ ажил амьдралд, цаашлаад тухайн үндэстэндээ нөлөөлж болдог. Урлагийн бүтээлүүд маш эрчим хүчтэй байдаг шүү дээ. Тэгэхээр ялангуяа зохиолчид бичиж байгаа зүйлдээ болгоомжтой хандах хэрэгтэй юм шиг санагддаг. Чухам юу руу уншигчдыг хөтлөөд байгаа юм, тэр бий болгосон хийсвэр оюун санааны ертөнцөд очсон хүн багтраад амиа хорломоор болох юм уу, эсхүл маш сайхан амгалан таашаалыг авч ямар нэгэн зүйлд итгэж найдаж эхлэх үу гэх мэтээр. Зөвхөн энд гэхэд л зохиолчийн асар өндөр хариуцлага явж байгаа.
Өнгөрсөн хэдэн жилд манай нийгэмд ийм нэг хандлага ажиглагдсан. Тэр нь зохиол гэдэг бол ээмэг бөгжтэй адилхан юм, зөвхөн таашаал авах төдий зүйл, хүн уншихгүй ч байсан болно гэсэн үзэл хандлага. Харин миний залуугаасаа баримтлаж ирсэн зарчим бол зохиолч, яруу найрагч зэрэг үндэстний оюун санааг авч явж байгаа хүмүүс ард түмэн, эх хэлнийхээ өмнө асар өндөр хариуцлагыг үүрэх ёстой. Нөгөөтэйгүүр уран зохиол нь цаашлаад үзэл суртлын маш хүчтэй зэвсэг болдог. Үзэл суртлын зэвсэг болоод зогсохгүй ард түмний оюун санааны цэнэг юм. Тэгэхээр би ард түмнийхээ оюун санааг юугаар дүүргэх вэ, тэднийг хаашаа дагуулах вэ гэдэг өөрөө зохиолчийн өмнө тавигдаж байгаа маш том хариуцлага.
-Зохиолчид ард түмний оюун санааны цэнэг байх ёстой гэж та сая хэллээ. Монгол зохиолчид энэ үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?
-Манай монголчуудад нэг онцлог бий. Энэ нь юу вэ гэхээр бид нүүдэлчин ард түмэн. Нүүдэлчин ард түмэн хэзээнээс нааш ачаа болох ямар нэгэн юмыг бий болгоогүй. Бүх өв, соёлоо уураг тархиндаа товч, тодорхой код маягаар тээж ирсэн. Гэтэл бид бичгийн уран зохиолтой болоод 100 жил ч болоогүй байна. Бичгийн уран зохиол манай хөрсөн дээр суугаад удаагүй байгаа нь үндэсний хэмжээний том зохиолчийг төрүүлж амжаагүй, зохиолчид бол тухайн ард түмний оюун санааг авч яваа уураг тархи юм гэдгийг уншигчид ойлгох болоогүй байна. Өнөөдрийн байдлаар нийгэм маань зохиолчид гэдэг архи уусан, ядуу дорой, худлаа сагсалзсан хэдэн этгээд, хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу гэж л харж байна. Уран зохиол одоо хэнд ч хэрэггүй гэж үзээд сургалтын хөтөлбөрөөс хүртэл аваад хаячих шиг боллоо. Аливаа улс үндэстэн оршин тогтнохын тулд өөрсдийн гэсэн итгэл үнэмшил, эрхэмлэх зүйл, үзэл санаатай байдаг. Утга зохиол бол хэн нэгэн дарга сайдын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөөгүй чухам үүний маш хүчтэй зэвсэг байсаар ирсэн, байсаар ч байх болно. Нийт ард түмэнд хүрдэг, хүртээмжтэй зөв хэлбэр нь хүний сэтгэлийг татах яруу тансаг хэллэгтэй, дүрээр илэрхийлэн өгүүлж байдгийнхаа хувьд утга зохиол олон түмнийг араасаа дагуулах асар их дотоод хүчтэй. Үндэстний хэмжээний том зохиолч бий болсноороо Монголын оюун санаа дэлхийн тавцанд гарах юм. Энэ чинь Олимпийн алтан медалиас ч илүү чухал зүйл. Тийм зохиолчийг төрүүлэхийн төлөө л бид бичиж байна.
-Монгол зохиолчдын дэлхийд уншигдах үнэт зүйл нь нүүдэлчдийн ахуй амьдрал, өв соёл мөн үү?
-Зөвхөн ахуй амьдралаар хязгаарлаж болохгүй. Өнгөц харахад бол яахав морь унасан, мал малласан, гэрт амьдардаг хүмүүс гэх мэтээр ахуй харагдаад байгаа юм. Харин энэ ахуйн цаад талд оюун санаа байгаа. Нүүдэлчдийн сэтгэлгээ, оюун санаа гэдэг бол асар үнэтэй эрдэнэс юм. Өнөөдөр болтол бид түүнийгээ зүлгэж өнгөлж, олж харахгүйгээр хэдэн мал дагаж явдаг малчид л гэж яриад, ойлгоод яваад байгаа. Магадгүй Улаанбаатарт амьдарч байгаа өнөөгийн нэг сая монголчууд нүүдэлчдийн сэтгэлгээ, өвөө өнгөлөөд гаргаад ирэх юм бол бид бусдаас ялгарах хөгжлийн түлхүүрээ ч олж болох юм.
-Яруу найрагч Ломбын Нямаа “Нүүдэлчдийн ёс суртахуун бол хүн төрлөхтний хамгийн сүүлчийн оршихуй. Энэ агуу санааг уншигч та “Оройн ганц мод” романаас олж уншаарай” гэж бичсэн байсан. Энэ номыг бичих болсон санаа сэдэл хэрхэн төрсөн бэ?
-Хэдэн жилийн өмнө би Оссендовскийн “Хүн араатан, бурхад” гэж ном уншиж байлаа. Тэрийг уншиж байхад надад сэрхийгээд нэг өгөгдөл ирэх шиг болсон. Тус номонд дүрслэн бичсэн шиг XX зууны эхэн үеийн монголчууд сөнөл мөхлийн ирмэг дээр байсан нь үнэн. Гаднаас нь харахад шүү дээ. Гэтэл тэр үеийн монголчууд оюун санааны хувьд асар их өндөрлөгт байсан болох нь илэрхий байдаг. Тэгээд би өөрийнхөө өссөн орчин, сонсож дуулсан домог, хуучаа эргэн санаж эхэлсэн. Хууч домог гэдэг зүйл аль ч нутагт, ямар ч гэр бүлд байдаг. Тэр лүүгээ анзаарч харж байгаа юм. Улмаар зохих судалгааг хийгээд хүмүүстэй уулзаж түүхийн үүднээс нь янз бүрийн асуудлыг нь ухсан. Тэгэхэд нүүдэлчдийн сэтгэлгээ, язгуураасаа өвлөж ирсэн үнэт зүйл, дээр нь буддын гүн ухааныг хүлээж авсан зэргээс XX зууны монголчуудын сэтгэлгээ маш өндөрт байсан болох нь анзаарагддаг. Ер нь бол үүнийг бид өнөөдөр гаргаж ирэх ёстой. Болж өгвөл өнгөрсөн гэж бодохгүйгээр үүнийгээ бид өөрийн болгоод авчихмаар байна. Энэ үндсэн дээр янз янзын түүх домог ухсан ухаантай юм л даа.
-Таныг “Оройн ганц мод” романаа бичихээс өмнө баруун аймгуудаар явж багагүй судалгаа хийсэн гэж дуулсан?
-2011 оноос хойш Ховд аймаг руу гурван удаа явсан. Баян-Өлгийн Булганаар ч бас явсан. Нийтдээ энэ хугацаанд 60 орчим хүмүүстэй уулзах шиг боллоо. Миний тухайд нэг хошуу нутгийн л түүх ухаж төнхөөд байгаа мэт харагдавч цаагуураа язгуурын монголчууд гэж хэн байсан бэ, 100 жилийн өмнөх монголчууд юуг эрхэмлэж, юунд тэмүүлж явж байсан бэ гэх мэт зүйлүүдийг гаргаж ирэхийн төлөө зүтгэсэн л дээ. Одоо ч дуусаагүй байна. Яагаад гэхээр сая хэвлүүлсэн номд л гэхэд миний хүч, мэдлэг дутаад оруулаагүй орхисон зүйлүүд бий. Үргэлжлэлийг нь бичихийн тулд дахиад л судална, өөрийгөө боловсруулна, хилийн гадна байгаа монголчуудаас эрж хайна. Яагаад гэхээр яг одоо би үүнийг барьж авахгүй бол хэдэн жилийн дараа мартагдаад алга болчих гээд байгаа учраас. Энэ үүднээсээ үүнд нэлээд ач холбогдол өгч, араас нь явж байна даа.
-Романыхаа судалгаанд ихэнх цаг хугацаагаа зарцуулж, бичихдээ харин асар богино хугацаа зарж бичсэн гэж дуулсан. Ийм хэмжээний томоохон романыг гурван сарын дотор бичнэ гэхээр зарим хүмүүст сонин санагдаж байгаа байх?
-Үүнд хариулт болгож нэг жишээ хэлье. Пикассо дээр нэг хүн өөрийнхөө зургийг зуруулахаар ирж л дээ. Тэгсэн чинь тун хялбархан хоёр, гурван зураас татан зураад маш өндөр өртөг нэхжээ. Нөгөө хүн гайхаад “Та яагаад ийм хялбар зурчихаад надаас ийм өндөр төлбөр шаардаад байгаа юм” гэж асуухад Пикассо “Ингэж зурж сурахын тулд намайг хичнээн жил зарцуулсныг чи мэдэх үү” гэж хариулсан байгаа юм. Тэгэхээр миний тухайд өрөөндөө гурван сар үүдээ түгжиж суугаад роман биччихсэн нь их хялбархан мэт харагдавч ингэж бичихийн тулд намайг хэдэн жилийн хөдөлмөр зарцуулсныг баргийн хүн мэдэхгүй. Ерөнхийдөө өмнө нь нэлээд их материал цуглуулчихсан байсан болохоор бичихэд хялбар байсан. Ер нь бол зохиол бичнэ гэдэг өөртөө ирж байгаа эрчим хүчний урсгалыг л барьж авахын нэр шиг байгаа юм. Үүнийг магадгүй онгод гэж нэрлээд байх шиг. “Тэнгэрийн цаг болоогүй” гэдэг туужаа мөн л их богино хугацаанд бичсэн. Америкт дэлгүүрт цэвэрлэгч хийж байхдаа шөнийн цагаар хоёр гурван цагийг илүү гаргаад л зургаан шөнийн дотор биччихсэн. Энэ тууж яагаад хүмүүст тэгж таалагдаад уншигдаад байгаа тухай сүүлд бодоод байхад тухайн үед надад орж ирсэн эрчим хүчний урсгалыг алдалгүй барьж авч чадсан юм болов уу.
-Таны хувьд дөрвөн улирлын алинд нь илүү зохиол дээрээ төвлөрч ажилладаг вэ?
-Сая хэвлүүлсэн “Оройн ганц мод” номоо өвөл сууж бичсэн. Бидний хувьд ажил, амьдралын хэмнэл, улирлын онцлог ингэж таараад байх шиг байна. Зуны дэлгэр цагт хэн л өрөөгөө түгжээд суухыг хүсэх вэ дээ. Холхон гарч уужим амьсгаа авмаар санагдана. Ер нь бол хүний сэтгэлийг хөдөлгөдөг улирал бол мэдээж хавар, намар. Намрын улирал хүссэн хүсээгүй ертөнцийн жам ёсны тухай хүнд бодогдуулж байдаг. Энэ үүднээсээ уран бүтээлч хүмүүст намрын улирал өөрөө нандин мөч хором нь юм болов уу гэж дотроо боддог. Намрын улиралд хэн боловч ирэх буцахын жамыг эргэцүүлнэ. Амьдрал гэдэг чинь алга урвуулахын хооронд л өөрчлөгддөг зүйл шүү дээ. Үүнийг намрын байгаль өөрийнхөө хэлээр хэлж байх шиг. Хэрэв би байгалийн хэлийг ойлгодог бол надтай хамгийн сайн нэвтрэлцэх улирал нь намар юм болов уу.
-Оройн ганц мод романы зохиол доторх дүрүүд нь их сонирхолтой санагдсан. Зохиолынхоо дүрийн судалгааг хэрхэн хийдэг вэ?
-Энэ роман дээр гарч байгаа дүрүүд бүгд бодит. Нэг нөхөр хөршүүдийнхээ амьдралыг бичээд өөрөө их алдартай зохиолч болсон гэдэг. Үүний дараа мань зохиолчийг хөршүүд нь ад үзээд хөөчихсөн тухай нэг яриа бий. Тэгэхээр юуг ч санаанаасаа зохиолгүй, бодит амьдралын мөн чанарыг гаргаж чадвал тэр зохиол амин сүнстэй болох байх л даа. Зохиолыг амьд болгодог бас нэг хүчин зүйл мэдээж уран сайхны сэтгэлгээ, хийсвэрлэл. Уран зохиолын бас нэг үнэт чанар хүлээн зөвшөөрөгдөхүйц үнэмшил байдаг шүү дээ. Өөрийн бодож олсноо наана, цаана нь оруулах зүйл байлгүй л яахав. Гэхдээ зохиолд бараг л юу ч зохиогддоггүй юм билээ гэдгийг дахин хэлье.
-“Оройн ганц мод” романы зэрэгцээ шугам их сонирхолтой санагдсан. Мөн хүмүүс таны номыг хэр шүүмжилж байна?
-Тэр бол Л.Нямаа гуайн өгсөн даалгавар байгаа юм. Би олон сонирхолтой сайхан материалууд цуглууллаа гэж хэлэхэд Л.Нямаа гуай чи ямар ч байсан наадхаа орчин үетэй холбож хийх ёстой шүү гэсэн. Орчин үетэй холбож авчирснаараа бидний өнөөгийн бодол санаа романд тусах боломж гарч ирсэн л дээ. Цаашид номоо үргэлжүүлэхдээ энэ хоёр шугамаа авч явъя гэж бодож байна. Алдаа бол мэдээж хэрэг байгаа. Бусдын шүүмжээс ч тэр, би өөрөө ч тэр олж харж байна. Ш.Гаадамба багш маань анхныхаа хичээлээр “Биеэ мэдвэл хүн. Бэлчээрээ мэдвэл мал” гэсэн зүйр цэцэн үгийг тайлбарлаж байсан. Түүн шиг хүмүүс намайг магтлаа гэхэд баярлахгүй, мууллаа гэхэд огтхон ч гутарч гомдохгүй. Гэхдээ энэ номын тухайд мэргэжлийн хүмүүс шүүмжлээсэй гэж бодож байна. Яагаад гэхээр энэ ном маань цааш үргэлжлэх учраас би алдаагаа олж харах ёстой. Дараагийн номдоо болж өгвөл бага алдаа гаргамаар байна. Энэ үүднээсээ бусдын шүүмжийг таатай хүлээж авч байгаа.
-Зохиолчдын тухайд өөрийгөө давтахаас айдаг гэсэн ойлголт бий. Танд бас ийм айдас байдаг уу?
-Миний хувьд хүүрнэл зохиол одооноос бичиж эхлэх гэж байгаа болохоор өнөөхөндөө тийм айдас алга. Дотроо бодсон хэд хэдэн санаа бий. Яруу найргийн тухайд бол надад ийм зүйл үнэхээр тохиолдсон. Миний шүлэг бичихээ больсон шалтгаан маань ч үүнтэй холбоотой. Магадгүй өөрийн арга барил, сурц гэдэг зүйлээрээ бичээд л байсан бол өнөөдөр 10 шүлгийн номтой сууж байхыг ч үгүйсгэхгүй. Хамгийн гол нь өөрийгөө давтахаас айсан. Аливаа уран бүтээлч хязгаарыг мэдрэх л их чухал юм шиг санагддаг. Өөрийнхөө хувьд хязгаартаа хүрлээ гэж бодсон бол жолоогоо татаж чадах зоригтой байх хэрэгтэй. Илүү шунах хэрэггүй гэсэн утгаараа. Яагаад вэ гэхээр яруу найрагч хүн өөртөө байсан, шүлгээр илэрхийлж гаргах гээд хүсээд байсан тэр зүйлээ уудлачихаад, дахиад бичээд эхэлвэл өмнө бичсэнээ л давтаад байдаг байж тун магадгүй.
-Та саяхан оюутнуудтай уулзсан нэг уулзалт дээрээ залуу хүн, тэр тусмаа хөөрхөн хүүхэн зохиол бичдэггүй гэж хэлсэн юм аа даа. Яагаад ингэж хэлэх болов?
-Юуны өмнө буруу үг хэрэглэсэн байж магадгүй. Зохиолыг амар хялбар бичдэггүй юм аа гэдгийг л хүний настай харьцуулж хэлээд байгаа юм. Ухаан нь роман гэхэд л олон янзын дүртэй. Нийгмийн янз янзын байр суурь, давхаргыг илэрхийлэх хөгшин, залуу, баян, ядуу, эрэгтэй, эмэгтэй хүмүүс гарна. Энэ бүх хүний өмнөөс бодож сэтгэхийн тулд зохиолч өөрөө тийм дайны туршлага хуримтлуулсан байх ёстой. Тэр үүднээс л тэгж хэлсэн. Өөрөөр хэлбэл, дотооддоо зовлон бэрхшээл үзэж, ертөнцийн мөн чанарыг бага сага таньж бэлэн болсон хүн л үргэлжилсэн үгийн зохиол бичнэ. Хүүрнэл зохиол гэдэг өөрөө яруу найргаас их хол, дээд шатны урлаг. Үүний дараа жүжгийн зохиол байдаг. Зөвхөн харилцан яриагаар дүр гаргана гэдэг үнэхээр чадвар шаардсан ажил шүү.
-Та гэр бүлийнхээ хүний хамтаар “Хөх дэвтэр” цуврал, хүүхдийн сонгодог зохиолын “Эрдэнэсийн сан” нэртэй 100 хол давсан номыг орчуулж хэвлүүлжээ. Уран зохиолын орчуулгыг ийм эрчтэй хийх болсон шалтгаан нь юу байсан бэ?
-Яг өнөөдрийн байдлаар хүүхдийн сонгодог зохиолын 50 боть ном хэвлэлд бэлтгэгдэж байна. Бид орчуулж хэвлүүлсэн нийт 140 гаруй том, жижиг номоо нэгтгээд 50 боть болгосон. Өнөө маргаашгүй хэвлэлд шилжих асуудал яригдаж байна. Яагаад ийм их орчуулга хийсэн бэ гэж үү? Яагаад гэвэл би цөөн хүн ярьдаг хэлтэй, толгой дээр нь эх орноо огт боддоггүй харийн гэмээр хүмүүс ирээд суучихсан, ядуу буурай орны зохиолч учраас тэр. Хэрэв би америк, хятад, орос хүний аль нэг байсан бол хэзээ ч ийм зүйл хийхгүй байсан. Надтай надгүй тэр ажил болно. Монголын өнөөгийн нөхцөл зүрх шимширмээр, багтарч үхмээр байна шүү дээ. Хэдий болтол бид хөмөрсөн тогооны дотор байх юм бэ. Их Нацагдоржийн “Хуучин Хүү” өнөөдөр Iphone 6 барьж, Лексүс 570 унан зүсээ хувиргасан ч мөн чанар нь хэвээрээ байна. Чухам ийм болохоор л дааж давахын аргагүй их ачаа үүрэн зүтгэлээ дээ. Намайг өрөвдөхгүй ч байсан болно, гагцхүү маргаашаа бодоцгооё. Ирээдүйн монгол хүн хэн болох вэ гэдэг асуултын хариулт яг өнөөдөр уншигдаж байгаа номоос 80 хувь хамааралтай.Үүнийг номын тендер, хэдэн компанийн хэвлэсэн ном шийдэхгүй. 30, 40 жилийн дараа монгол орныг эзэн нь болоод аваад явах тэр хүмүүс өнөөдөр бэлтгэгдэж байна. Тэдэнд зориулж орчуулсан юм.
Социализмын он жилүүдэд манайд соён гэгээрлийн ажлууд маш эрчимтэй хийгдсэний үр дүнд бид зохих хэмжээнд унших номтой болж чадсан байсан. Нийгэм хувьсч, тэр үеийн номууд гэхэд л цаасны хаягдал нэрийн дор урд хөрш рүү ачигдсан. Бүх сум номын сантай байсан, одоо тэнд тоос товрог ч үлдээгүй. Ингээд маш богино хугацаанд бид XX зууны эхэн үеийн харанхуй мунхаг үе рүүгээ орох эгзэгтэй босгон дээр ирсэн. Гэхдээ ард түмэн гэдэг агуу, тэр дундаа монголчууд бид цөөхүүлээ ч гэсэн тэгж амар зажлагдахгүй. Хэдийгээр төр засаг маань соён гэгээрлийн эсрэг бодлого явуулж байгаа ч хөөрхий муу орчуулагчид бор зүрхээрээ зүтгэж, тэр дундаа олон сайхан залуучууд орчуулга хийн, дэлхийн соёлоос эмтэлж байгааг хараад баяртай байдаг.
-Та бүхний орчуулж хэвлүүлсэн хүүхдийн сонгодог уран зохиолын номуудыг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын заавал унших номын жагсаалтад салбарын яамнаас оруулсан уу?
-Үнэндээ бол Боловсролын яам, тэдний харъяа томоохон институт, хүрээлэнгийн хийх ажил л даа. Хөгжингүй орнуудын сургалтын хөтөлбөрүүдэд багтсан хүүхдийн сонгодог зохиолуудыг орчуулах ямар хэрэгтэй юм, энэ зохиолуудыг уншсанаараа хүүхэд ямар дэвшилд хүрэх юм бэ гэх мэт асуудлаар боломжийн судалгаа хийсэн. Ямар ч байсан монгол хүн болж төрсний шийтгэл, гавьяа, үүрэг алин болохыг бүү мэд, өөрсдийгөө гололгүй, сайн дураараа зүтгэсээр байж хэдэн ном орчуулах нь орчууллаа. Номуудын хувь заяа харин яах нь харин миний санаа тавих, санаа тавьсан ч хувь нэмрээ оруулж чадах ажил биш шиг байна. Яамны захын нэг түшмэл “Таны орчуулсан ном чанарын шаардлага хангах уу” гэсэн асуултаар намайг нам цохиж унагадаг юм даа. Л.Гантөмөр сайд хүртэл надад хэлж байсан, таны орчуулгууд шаардлага хангахгүй гэж манай яамны хүмүүс хэлж байна, та гадаад хэл мэддэг байж болно, харин монгол хэлээ мэддэггүй юм байна гэж. Уг нь бол миний цорын ганц мэддэг хэл монгол хэл л дээ. Яг үнэндээ надад нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн алдар нэр байдаггүй. Би ч алдаршъя гэж явсангүй, бусад ч намайг алдаршуулъя гэсэнгүй. Үүнийхээ ачаар өнөөдрийг хүртэл сайн дурын уран сайханч шиг л явж ирлээ.
-Хүүхдийн уран зохиолын 50 боть номыг өнөө маргаашгүй хэвлэлтэд шилжүүлэхээр яригдаж байна гэж хэллээ. Тэгэхээр энэ номуудыг хэвлүүлэх санхүү мөнгөтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Хоёр жилийн турш энэ номыг яаж хэвлүүлэх вэ гэдэг асуудлаар хамтарч ажиллах хүмүүс, эсхүл хэдэн төгрөг өгөөд худалдаад авчих компаниудыг хайж үзсэн. Нөхөр бид хоёрын хуурай дүү нэг бизнесмэн залуу байдаг л даа. Тэр маань ямар ч байсан энэ номуудыг хэвлүүлж, Монголын залуу үеийнхэнд хүргэх асуудлыг хариуцаж авъя гэж хэлсэн. Төр засаг анхаарсан анхаараагүй цаг үеийн, ирээдүй хойчийнхны “захиалгаар” хийгдсэн ажил болохоор унших ёстой эзэддээ хүрэх байх. Энэ 50 ботийг уншиж өссөн хүүхэд арай ч “Ногоон нүдэн лам” шиг ном уншдаг уншигчид болохгүй. Тэгж байж л бид үндэсний хэмжээний том зохиолчтой болж, Монголын оюун санаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж чадна.
Ярилцсанд баярлалаа.
Р.Улам-Оргих
СЭТГЭГДЭЛ БИЧИХ