Б.Нагнайдорж: Залуус түүхээс их алслагдсан байна

img

“Тэр жилийн тэр өдөр” түүхэн уран сайхны кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Уг киноны ерөнхий найруулагчаар ажилласан “Хүний сайхан сэтгэл”, “Мандухай сэцэн хатан” зэрэг хуучин цагийн олон киног найруулан тавьсан УГЗ Б.Нагнайдоржтой уулзаж, ярилцлаа.

 

-Кино найруулагч мэргэжлийг ямар учраас сонгосон бэ? Эндээс яриагаа эхлэх үү?

 

-Би 196З-1969 онд арван жилийн сургуулиа төгсөөд л хүссэн газартаа, өөрөөр хэлбэл, “Монгол кино” үйлдвэрт гэрлийн техникч, туслах, ассистент найруулагчаар ажиллаж эхэлсэн юм. Тэнд ажиллах хугацаандаа ЗХУ-ын Кино урлагийн дээд сургуульд суралцах завшаан олдож 1969-1972 онд ОХУ-ын нэрт кино найруулагч И.В.Таланкины удирдлаган дор суралцан төгссөн. Оюутан байхдаа их толгой томтой хүн байсан. Яагаад гэвэл би энд ажиллаж байсан хүн учраас монтаж гэж юу байдаг, дуу яаж оруулдаг зэрэг миний хийдэг ажлыг заадаг байлаа. Төгсөхдөө зохиолч Ч.Бадарчийн “Хүжийн гал” хэмээх алдартай өгүүллэгээр кино зохиол бичиж, дипломын бүтээл хийхээр шийдлээ. Тэгсэн сургуулийн захирал А.Громов миний зохиол, санааг ихэд сонирхон тус сургуулийн түүхэнд анх удаа 6000 км хол “Гусийный озер” хэмээх газрын Хамбын дацанд зураг авах томилолт өгч, бас мэргэжил бүрийн 11 оюутан дагалдуулан явуулж байлаа. Дипломоо амжилттай хамгаалж ирээд 196З-199З онд “Монгол кино” үйлдвэрт найруулагчаар ажилласан. 1999 оноос “Харцага” кино урлагийн дээд сургуульд багшаар ажиллаж байсан. Нэг ийм л ажил, амьдралын зам мөртэй 70 хүрч яваа өвгөн хүн дээ би.

 

-Аравдугаар ангиа төгсөөд л хүссэн газраа ажилд орно гэдэг их хувь тохиол оо?

-Надад тохиолдсон аз завшаантай, баяртай явдал бол энэ байсан. “Монгол кино” үйлдвэрт гэрэлтүүлэгч хийж байхаас л миний баяр зол, гуниг, харуусалтай амьдрал эхэлсэн юм. Бурхны оронд одсон олон гайхамшигтай хүмүүстэй танилцаж, олон билэг авъяастнуудтай хамтран уран бүтээл туурвих завшаан олдсонд би баярлаж явдаг. Олон газар оронд зорчиж, хэдэн арван хүнтэй танилцан мэдлэг, оюун ухаан, сэтгэлгээнийхээ цэнэгийг баяжуулж байсан маань баяртай хэрэг байсан. Энэ бүхэн бол Монголын кино урлагийн төдийгүй тэнгэр бурхны надад өгсөн хишиг буян, миний аз завшаан байлаа. Нэрт найруулагч Д.Жигжид гуай хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэж, амьдралын утга учрыг зааж өгсөн буянтай их том уран бүтээлч байсан. Гэвч надад харамсмаар зүйл байдаг.

 

-Юунд тэр вэ?

-Монгол киноны аваргуудаас ихийг сурах өчнөөн боломж байсан боловч түүнийг ашиглаж чадалгүй бага юм олж авч дээ гэж боддог. Өнөө үед киноны техник санаанд оромгүй хүчтэй хөгжиж их хол явж дээ. Үүнийг цаг үед нь мэдэрч бага ч болов зүйл мэдээд авахгүй яав даа гэж л харамсдаг юм.

 

Орчин үеийн киноноос сэтгэлд хүрсэн нь ганц нэг л байна


-1980 онд “Хүний сайхан сэтгэл” киног найруулсан явдал таны уран бүтээлийн нэг том алхам байв уу?

-Тухайн үед уран бүтээлийн арга барил тэгширч, бүтээж туурвих эрч хүч цалгиж ирсэн үе байлаа. Нэрт зохиолч Д.Мягмарын “Үер” туужийн уянгалаг шинж төрх энэхүү киног найруулахад ихэд нөлөөлсөн. Энэ кинонд зөвхөн хүн чанарын нарийн нандинг харуулаад зогсохгүй орчлонт ертөнцийн эргэж хөрвөх гүнзгий утга учрыг уран сайхны хэлээр дүүрэн харуулснаараа үзэгч, судлаачдаас өндөр үнэлэлт авсан болов уу гэж би боддог юм.

 

Дэнзэн өвгөн “Хойтонгийн цагаан сараар охиныг минь авчирч золгуулаарай” гэдэг. Энд тэр хүний агуу их итгэл шингэсэн байдаг. Жинхэнэ үнэнч шударга зантай, гүндүүгүй сайхан монгол эр хүний үг мөн дөө.

 

-Энэ киноноос хүнлэг сэтгэлийг магтан дуулсан өнгө аяс хурц тод харагддаг.

-Аливаа бүтээлээс найруулагчийн бодол санаа, зан төрх, аяг ааш, уран бүтээлийн арга барил ч мэдрэгддэг. “Хүний сайхан сэтгэл” кинонд хүмүүний хувь тавилангийн сонин зураг ерөөлийг харуулснаараа онцлог болсон. Хүн өөрөө төрүүлээгүй ч өрөөлийг төрүүлсэн шиг хайрладаг. Дэнзэн өвгөн “Хойтонгийн цагаан сараар охиныг минь авчирч золгуулаарай” гэдэг. Энд тэр хүний агуу их итгэл шингэсэн байдаг. Жинхэнэ үнэнч шударга зантай, гүндүүгүй сайхан монгол эр хүний үг мөн дөө.

 

-Орчин үеийн киночид хүний дотоод сэтгэлийн мөн чанарыг уудлан илэрхийлж чадахгүй байх шиг?

-Миний насныхан залуучуудын киног үзээд яахав гэж л байдаг юм. Би мэргэжлийн хувиар заримдаа үзнэ. Гэхдээ бага даа. Орчин үеийн киноноос сэтгэлд хүрсэн нь ганц нэг л байна. Ихэнхи нь мөнгийг урьтал болгоод байх болж. Үүнийг үгүйсгэх аргагүй. “Босуул”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг киног хүмүүс гайгүй сайн болсон гэж ярьж л байна. Бүх кино сайн байх албагүй л дээ. Гэхдээ кассын кино, мөнгө олох зорилгоор хийгдсэн кино олон  болжээ. Би бол ийм кино хийж чадахгүй. Яагаад ч хийж чадахгүй.

 

-“Мандухай сэцэн хатан” кинонд найруулагчаар ажилласан. Тэр үеийн дурсамж, алдаа оноогоо эргэн санавал?

-“Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг уран сайхны киноны ерөнхий найруулагчаар Б.Балжинням ажилласан юм. Би туслах найруулагчаар ажиллаж хамт хүчин зүтгэж, тэрхүү Монголын кино урлагийн түүхэнд төдийгүй дэлхийн түүхэн сэдэвт бүтээлүүдийн өндөр сэнтийд хүрсэн агуу бүтээлүүдийг туурвихад хувь нэмрээ оруулсан л төдий юм.

 

“Босуул”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг киног хүмүүс гайгүй сайн болсон гэж ярьж л байна. Гэхдээ кассын гэж хэлэгдэх мөнгө олох зорилгоор хийгдсэн кино олон  болжээ. Би ийм кино хийж чадахгүй. Яагаад ч хийж чадахгүй.

 

-Дурсамж гэснээс та хацрынхаа холцрууг сахлын хутгаар авч байсан гэдэг?

-Үүнийг чи хаанаас, яаж мэдэв ээ/инээв.сур/. Хаврын тариалалтад яваад буцаж явах үед юм. Манай нэг үеийн найз даг дайр болтлоо дарайсан холцрууг сахлын хутгаар авч болно хэмээн зөвлөсөн хэрэг л дээ. Тэгсэн улаан цус шүүрдэг юм байгаа биз дээ/инээв.сур/. Бид тийнхүү ажил хөдөлмөр, оюун ухааны амтанд орж байснаараа амьдралын хатуу хөтүүг мэдэрч, оюун ухаан, бие, сэтгэлээрээ хатуужиж байсан маань өдий зэрэгтэй явахын үүдэл байж дээ. Одоогийн хүүхдүүд хацраа холцруутуулж, бидэн шиг гарынхаа арьсыг хууртал хүрз, зээтүү, лоом барин ажилладаг бил үү дээ. Үнэхээр танхи болж дээ.

 

Түүхэн киног санхүүжүүлдэг хүн алга

 

-“Тэр жилийн тэр өдөр” киног  найруулах шалтаг, шалтгаан юу байв?

-Энэ бол маш том түүхэн кино. Том гэхээр би том юм хийчихсэн юм биш. Чөлөөлөх дайны 70 жилийн ойг дэлхий дахинаараа тэмдэглэж байна. Тэгэхээр түүх нь өөрөө том шүү дээ. Олон жил үргэлжилсэн их дайныг манайхан Зөвлөлтийн ард түмэнтэй нэгдэж ялалтаар дуусгасан. Манай ялалт Зөвлөлийн ард түмний хүч, Улаан армийн тусламжтай салшгүй холбоотой. Тэгэхээр Халх гол, чөлөөлөх дайны түүхийг бичихэд Зөвлөлийн ард түмний тухай дурсахгүйгээр явахгүй. Гол утга зангилаа нь 1939-1945 оны дайнд оролцож явсан Д.Норовдаваа хэмээх сувилагч бүсгүйн бодит түүхээс бүтсэн кино юм. Түүний охин Батчулуун гэх бүсгүй ээжийнхээ намтрыг бичсэн жижигхэн зохиолтой над дээр хүрч ирлээ. Би хийхгүй гэсэн. Учир нь би үүнээс өмнө Хил хамгаалах байгууллагын ойн баярт зориулсан “Босго тотго” гэх түүхэн кинонд зөвлөхөөр ажиллаж байсан.

 

Ерөөсөө Монголчууд тусгаар тогтнол, бүрэн эрхийн төлөө хичнээн олон зүйлийг туулж, баатарлаг гавьяа байгуулж вэ гэдгийг залуус мэдээсэй л гэж хүсэх байна.

Тэндээс би одоо үед түүхэн, ялангуяа дайн байлдаантай, цэргийн холбогдолтой кино хийхэд маш их хэцүү болж гэдгийг ойлгож авсан юм. Яг үнэнээр гаргах ёстой байтал наад захын буу, шийдэм Монголд их ховордсон байна. Бид түүх болж үлдэх ёстой юмаа хадгалдаггүй юм байна. Яахав Цэргийн музейд буу, хувцас хэрэглэл янз янзын л юм байгаа. Гэхдээ тэрийг кинонд тоглуулахгүй шүү дээ. Ийм зүйлсээс болоод би ер нь хүний зохиолыг баллачих вий гэж эмээсэн хэрэг. Хоёрдугаарт, түүхэн киног санхүүжүүлдэг газар хаа байна вэ. Монголд мөнгөтэй хүн олон, тэрбумтанууд гэж олон л хүн хэлэгдэх юм. Гэвч урлагийг дэмжиж, санхүүжүүлэх байгууллага, хүн ерөөсөө ч харагдахгүй байна. Байдаг л байх. Уучлаарай, гэхдээ би мэдэхгүй юм. Гэхдээ л Монголын түүхтэй холбоотой уран бүтээлийг санхүүжүүлэх хүн их ховор байна.

 

-Энэ нь түүхээ сонирхох хүн ховордож буйг харуулж байна уу?

-Өнөөдөр залуус түүхээс их алслагдсан байна. Энэ их муу. Бид өнгөрсөнөө хэдий чинээ мэдэж авна ирээдүйд төдий чинээ тодорч ирнэ шүү дээ. Өнөөдөр мөнгөний кино л хийдэг болж. Хийгдэж байгаа болохоор үздэг болж. Миний кино мөнгө олохгүй байж болно. Кинонд айхтар хүн алаад ч юм уу, олон хүн баривчлах үзэгдэл байхгүй. Баатарлаг гавьяа хүний сэтгэл дотор л байсан байгаа юм. Үүнийг Япон цэрэг сувилагчийг аварч, сувилагч Япон цэргийг аварч байгаа тэр үйлдэл л харуулна. Ерөөсөө Монгол эмэгтэй хүний сэтгэл дотор байдаг тэр их нандин зүйл л энэ юм даа. Киногоор дамжуулан хэлэх гэсэн хамгийн гол санаа бол Тусгаар тогтнолын үнэ цэнэ. Энэ их эрх чөлөөт тусгаар улс болох гэж хэдий хэр зовлон жаргалыг туулж вэ гэдгийг нэг л сувилагчийн бодит түүхээр харуулж байгаа юм. Ерөөсөө Монголчууд тусгаар тогтнол, бүрэн эрхийн төлөө хичнээн олон зүйлийг туулж, баатарлаг гавьяа байгуулж вэ гэдгийг залуус мэдээсэй л гэж хүсэх байна.

 

-“Тэр жилийн тэр өдөр” гэж яг аль цаг хугацааг онцлов?

-Кинонд олон нэр өгсөн. Кино зохиолыг “Мартагдсан дууль”, “Суварган цэнхэр уулс” зэрэг алдартай зохиолыг бичсэн манай С.Пүрэв бичсэн. Тэр анх “Тэр жилийн тэр өдөр” гэдэг нэртэй зохиол бичээд аваад ирсэн. Тэгэхээр нь би нэг их тоогоогүй юм. Яваандаа өөрчилнө гэж бодож байсан. Киногоо эвлүүлчихээд харсан яах аргагүй тэр жилийн тэр өдөр л байсан юм. Үүнд он, сар өдөр бол заагаагүй. Нэг л өдөр байсан. Тэр өдөр тэр хоёр хүн учраагүйсэн бол, бие биенээ авраагүй бол, тэр өдөр тийм сайхан сэтгэл гаргаж Япон цэрэг Монгол бүсгүйг амьд үлдээгээгүй бол гэдгийг л киног үзээд ойлгоно.

 

-Япон хүнийг алдаршууллаа гээд загнуулах вий дээ.

-Хэрвээ 1980-аад онд ийм кино хийсэн бол тэр даруй хаагаад, би төлбөрийг нь төлөөд нэг тийшээ явах байсан. Яагаад гэвэл тэр үед Япон хүнийг, Япон хүний хүнлэг сэтгэлийнх нь тухай кино хийх нь битгий хэл дурсаж ч болдоггүй байлаа. Хэрэв ийм зүйл яривал дайсныг магтаж, эх орноосоо урвасанд тооцогдох байсан. Социализмийн үеийн кинонд Япон гарвал л ялагддаг, Япон гарвал л тэр хүн жаахан ухаан муутай, аймхай байдаг байлаа. Би дайнд яваагүй болохоор мэдэхгүй юм. Тухайн үед биеэр оролцож явсан хүмүүстэй ярилцахад аль аль талд нэг тийм бүтэл муутай нөхөр байсан байгаа юм. Монголчууд 1939-1945 оны дайны тухай “Дайсны цэргүүдээ сонсцогоо”, “Говь хянганд тулалдсан нь” зэрэг хэд хэдэн сайхан кино хийсэн. Энэ кино эдгээр киноны л үргэлжлэл юм. Гэхдээ дээрх кинонуудад дайны тухай, фронтын тухай, монголын морин цэрэг хаа хүрсэн, хаанахыг эзэлж байсан зэргийг тусгасан байдаг. Харин “Тэр жилийн тэр өдөр” гэдэг энэ кинонд дайны ар тал, ард талд ажиллаж байсан сувилагчийн тухай өгүүлэхээр онцлог юм.

 

-Кино зургийг аль аймагт авсан бэ?

-Орчин үеийн кино бол нэг айлын буланд ч юм уу зураг авчихаж болно. Түүхэн кино бол тийм биш. Зайлшгүй ямар нэгэн фронтыг байгуулна. Дайны талбарыг ч бий болгох учиртай. Киноны зургийг хоёр сарын турш хоёр газар л авсан. Нэг нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын “Молцог” элсийн тэнд авсан. Нөгөөхийг нь Д.Норовдаваа гэж хүний төрсөн нутаг Хэнтий аймгийн Гал шар сумын нутагт төгсгөлийн хэсгийн зургийг авсан. 

 

Хүнээр л заалгуулаад бэлэн будаа идээд байна


-Ахмад найруулагч орчин үеийн залуустай ажиллахад хэр байв?

 

-Кино хийнэ гэдэг ерөөсөө л баг бүрдүүлнэ гэсэн үг шүү дээ. Баг бүрдүүлэхэд жаахан хэцүү байсан. Би 70 гарчихаад кино хийнэ гээд явж байдаг. Гэтэл киног хийлцэх хүмүүс маань дандаа залуучууд. Нэлээн туршлага багатай хүмүүстэй хамтарч ажилладаг юм байна. Гэхдээ тэд маань миний үгэнд ороод хоёр сарын турш ээрэм их тал, элсэн маханд өдөр шөнийг умартан ажилласанд би залуустаа маш их баярлаж байгаа. Би хуучин шигээ санаад зарим зүйл дээр болох юм уу үгүй юм уу гээд бухимдаж л байсан. Залуус болно л гэсэн. Нээрээ л зарим зүйлийг үнэхээр амарчилдаг л юм байна. Гэхдээ Дэлхийн кино шиг компьютерийн монтажийг хийж байхдаа хиймлээр орлуулж дуу дүрс оруулахыг аль болох зайлсхийх хэрэгтэй. “Мандухай сэцэн хатан”, “Тэр жилийн тэр өдөр” кино багийн дунд ялгаа их байна. Ухаандаа бид хуучин нэг кино хийхэд жил болдог байлаа шүү дээ. “Байлдааны даалгавар” киног ч жил бэлдэж байсан. Одоо бол техник хөгжчихсөн учраас нэг онгоц авчирч нисгээд л зургаа авчихаж байна. Техникийн дэвшлээс шалтгаалаад зарим зүйлийг алгасч ч болж байх юм.

 

-Залуу уран бүтээлчид чадварын хувьд?

-Боловсрох хэрэгтэй л байна. Монголд сард нэг шинэ кино гарч байна гэнэ. Энэ сайн. Гэхдээ чанартай юм хийх хэрэгтэй. Киног нэг удаа хийгээд мэргэшинэ гэж байхгүй. Хэд хэдэн кино хийж байж их мэргэжил рүү сая арай гэж дөхөж очдог юм. Тэгэхээр өндөр мэргэших хэрэгтэй. Дандаа хүнээр л заалгуулаад бэлэн будаа идээд байна. Үг, хөдөлгөөнийг уран сайхны аргаар арвижуулах нь дутуу харагдлаа. Гадна талаасаа харахад болж л байна. Гэхдээ аливааг хийхдээ гүйцэд хийхийн төлөө хичээх нь зүйтэй. Жүжигчдийг өглөө 7 цагт босгоод цэргийн ёсоор хувцаслуулж сургалаа. Ёсолж, хэвтүүлж, буу шагайлгаж, цэргийн хоолыг зэрэг идүүлж сургаж байв. Яагаад гэвэл цэрэг гэдэг бол дарга, цэрэг гээд л болох асуудал биш, том шинжлэх ухаан шүү дээ. Залуучууд хөдөө, гадаа их явна. Хөлөө жимбийтэл ороогоод сурчихвал өөрт нь хэрэг болно. Энэ мэтчилэн амьдралын ухааныг давхар зааж л явлаа.  

 

-Их дагинын дүр бүтээсэн Б.Батсумъяа гол дүрд тогложээ. Дүр сонголтын хувьд  юу хэлэх вэ?

-Нэлээдгүй хайсан. “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Мандухай сэцэн хатан” зэрэг түүхэн кинонд ажиллаж гайгүйхэн шиг туршлага хуримтлуулсан учраас би түүхэн киноны уран бүтээлчидтэй их ойр байдаг юм. Б.Батсумъяа бол өсч яваа залуу жүжигчин. Ер нь дажгүй сэтгэлтэй жүжигчин шүү. Бидний урдаа тавьсан зорилгыг биелүүлсэн л гэж бодож байгаа. Тэр өөрийнхөө тоглосон киног үзсэн. Сэтгэгдэл ямар байгааг би асуугаагүй. Өөрөө олж харах ёстой. Ингэх байж дээ гэж бодох зүйл эвлүүлгийн дараа заавал харагддаг. Энэ надад ч байсан. Тэр үед нь бодох минь яав даа гэж харамсах үе ч бий.

 

“Маш нууц” гээд нэг кино гарлаа. Залуучууд зүгээр нэг үзэгдэл байсан, армид байсан доголдолыг нэг их том сэдэв дэлгэчихсэн юм шиг уран сайхны аргаар үзүүлэх юм. Энэ маш том алдаа болно. Энэ мэтчилэн хаашаа ч юм бэ дээ гэмээр кино гараад л байх юм.

 

-Найруулагч хүний хувьд шинээр гарч байгаа киног үзэж, хувьдаа дүгнэдэг болов уу. Та хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?

-“Босуул”-ыг үзлээ. Хийц, ур чадвар, хөндсөн санааны хувьд сайхан кино болсон. Залуучууд марзагналгүй, хошин шог руу оролгүй их сайн тоглосон байна. Намын шахалтаас болоод кино театраас буусан сураг байна билээ. Энэ дэмий юм. Мөн “Маш нууц” гээд нэг кино гарлаа. Залуучууд зүгээр нэг үзэгдэл байсан, армид байсан доголдлыг нэг их том сэдэв дэлгэчихсэн юм шиг уран сайхны аргаар үзүүлэх юм. Энэ маш том алдаа болно. Түүхэн киног их болгоомжтой хийх хэрэгтэй шүү дээ. Зөвлөлтийн армид тийм алдаа байсан ш дээ. Америкийн цэрэгт ч одоо байгаа. Тэр болгоныг кино болгоод байх утгагүй. Ийм кино үзчихээд эх орноо хамгаалах эр цэргийн албанд хүн явах уу. Бас тэгээд шалдар, булдар юмыг түүх болгоод үзүүлээд байвал бид түүхээсээ улам л холдоно. Ийм жижигхэн сэдэв, санаа хөндөж болохгүй л дээ хүүхдүүд минь. Яалаа гэж дээ /бодлогширов.сур/. Энэ бүгдийг хэлж өгье, зааж зөвлөхсөн гээд их юм бодохоор сэтгэл өвдөөд байх юм. Энэ мэтчилэн хаашаа ч юм бэ дээ гэмээр кино гараад л байх юм.

 

-Ярилцлагын төгсгөлд ахмад найруулагчаас асуух зүйл байна. Монголын кино урлаг хөгжиж байна уу?

-Энэ олон кино гарч байгааг бодоход хөгжиж байгаа юм биш үү/инээв.сур/. Нэг хэсэг зогсонги байсан. Одоо бол зүгээр хөгжиж байна. Хойшоо, урагшаа, Америк руу ч киногоо явуулна, гаргана л гэж байна. Энэ ч зөв л дөө. Олон юм хийж хөдлөх ёстой. Зарим нь мөнгөний киногоо хийнэ л биз, нөгөө хэсэг нь болиг. Энэ бол хүн хүний сонирхол. Миний хувьд Монголын кино хөгжих байх л гэж боддог. Бүх киног үзэж чадаж байна. Бидний үед бол үзэх эрхийг боймлодог байсан. Үнэнийг хэлэхэд, бид зөвхөн Зөвлөлтийн киног л үздэг байлаа шүү дээ. Энэтхэгийн, Хятадын, Америкийн киног хаадаг байсан. Одоо бол дэлхийн кинотой мөр зэрэгцэх болжээ. Миний найруулсан энэ кино дараа дараачийн кино хийх уран бүтээлчдэд сургамж болооосой л гэж хүсэх байна. Кино бол аль ч улс орны ард түмний баялаг түүх, унтрашгүй соёл. Тиймээс цагийн эрхэнд мартаж, гээж болохгүй.

 

Ярилцсанд баярлалаа. Таньд сайн сайхныг хүсье.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ