Э.Эрдэнэжамъян: Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй гэсэн санаатай үйлдэл

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилуулах саналыг УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг өргөн бариад буй. Гэвч АТГ-аас Н.Энхбаярыг ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэсэн албан бичгийн Засгийн газарт ирүүлснээс эл асуудал гацаанд ороод байгаа юм.
Харин энэ бүх асуудал анхнаасаа хууль бусаар явагдсан гэдгийг МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян хэвлэлийн хурал хийж, мэдэгдэв.
Тэрбээр "Шадар сайдыг томилж, чөлөөлөх эрх УИХ-д бий. Тиймээс ч УИХ томилох хүнийхээ ашиг, сонирхлыг шалгуулах хүсэлтийг АТГ-т явуулдаг. Гэтэл Н.Энхбаярын хувийн ашиг, сонирхлыг шалгуулах хүсэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас явуулсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газар ийм асуудлаар АТГ-т хандах эрхгүй. Нөгөө талаас эрхгүй байгууллагын явуулсан бичигт АТГ хуулийг буруу ойлгож, хууль зөрчсөн хариу өгсөн. Тухайн хүний ялтай эсэх тодорхойлолтыг Цагдаагийн ерөнхий газар гаргадаг. АТГ зөвхөн хувийн ашиг, сонирхлыг нь хуулийн хүрээнд хянах ёстой" гэсэн тайлбарыг өгөв.
Тэрбээр:
- Анхан шатны шүүхийн тогтоолын хаагуур нь зөрөөд та нар ялтай байна гэж тооцоод байгаа юм бэ.
- 2009 онд гарсан Өршөөлийн хуулийн аль заалтыг нь буруу ойлгоод ялтайд тооцоод байгаа юм бэ
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн зарлигийн хаагуур нь зөрөөд ял шийтгэлтэй үлдсэн гэж үзээд байгаа юм бэ
- 2015 онд батлагдсан Өршөөлийн хуулийн ял шийтгэлтэйд тооцох хугацааг өршөөсөн тэр заалтын хаагуур нь зөрөөд байгаа юм бэ
- Эрүүгийн хуулинд байхгүй болсон харилцааг өнөөдөр гаргаж ирж, хэрэглээд байгаа юм бэ гэсэн таван асуултыг АТГ-т тавихыг хүссэнээ сэтгүүлчдэд дуулгав.
Мөн тэрбээр Н.Энхбаяр гэдэг хүнийг ялтайд тооцох хугацаа дууссан эсэх асуудлаар хаана ч, хэнтэй ч мэтгэлцэхэд, ярилцахад бэлэн гэдгээ хэлэв. Энэ бол санаатайгаар, улс төрийн зорилгоор хүний эрхзүйн байдлыг дордуулж байгаа хэлмэгдүүлэлт. Н.Энхбаяр гэдэг хүнийг ямар нэг байдлаар УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэсэн зорилгоор хийгдэж буй ажил. Энэ бол хүний Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг гэдгийг энэ ажлыг зохион байгуулж байгаа хүмүүст анхааруулъя. Хэрвээ хуулиа мэдээгүй, хараагүй бол надаас аваарай. Хуулиа харахгүйгээр дахин давтан энэ үйдлүүдээ хийгээд байвал гэмт хэрэг болж, хэзээ нэг цагт та бүхэнтэй хариуцлага тооцно гэдгийг Э.Эрдэнэжамъян тодотгов.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ