Цагаа олоогүй НӨАТ-ын хууль аж ахуйн нэгжүүдийн дампуурах шалтгаан болох нь
2016-03-16

Далд эдийн засгийг бууруулах, улмаар төсвийн орлогыг бодитой төвлөрүүлэх хөшүүргийг бий болгох зорилготой НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас өнгөрсөн оны долдугаар сарын 09-нд баталсан.

Улмаар нэгдүгээр сарын 01-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд орлогын төлөвлөгөө давж биелэсэн буюу 160 тэрбум төгрөг төвлөрөх төлөвлөгөөтэй байсан бол 22 тэрбум төгрөгөөр төлөвлөгөө давсан “том амжилт” гарчээ. Мөн аж ахуйн нэгжүүдийн орлого иргэдийн шахалтаар ил болж байгаа, хууль амжилттай хэрэгжиж эхэллээ гэх мэдээллийг Сангийн яамнаас өгч байгаа юм.



Гэтэл төрд ашиг орлого авч ирж байгаа гэх уг хууль нөгөө талдаа иргэд буюу жижиг бизнес эрхэлдэг иргэдийг дарамтад оруулж эхэлжээ. Учир нь иргэдийг НӨАТ-ын баримтын сугалаа гэх зүйлээр “хахуульдаж” тэднийг шахалтад оруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэдийг сар бүр төлсөн НӨАТ-ын баримтаар сугалаанд хамруулж 20000-аас 100 сая төгрөг хүртэл мөнгөн урамшуулал авах боломж бүрдүүлсэн талаар сурталчилж ганц нэг иргэдийг 20 мянган төгрөгөөр урамшуулах төдий болсон. Иргэдэд “долоолгосон” хортой чихрийн үрээр бүх жижиг бизнес эрхлэгчдээс НӨАТ-ын баримт нэхэж, өгөхгүй бол Татварын тусгай дугаарын утсанд холбогдож, гомдол мэдүүлдэг болжээ.

Улмаар тухайн аж ахуйн нэгжид  дүрэмт хувцастай төрийн “дарамтлагч” ирж, кассын машин авч, иргэдэд НӨАТ-ын баримтаар үйлчлэхгүй бол захиргааны хариуцлага тооцно, торгоно гэх зэргээр дарамталдаг болсон гэх. Иргэд өдрийн од шүүрэх мөрөөдөлдөө хөтлөгдөж дэлгүүрүүдийг маш хүнд байдалд оруулдаг болсон жишээ тун олон.

Ерөнхий сайдаасаа эхлээд хуулийг сурталчлагч этгээдүүд “Та бүхэн нэг талх авсан ч баримтаа авч бүртгүүлээд азтан болоорой” хэмээсэн учраас иргэд дэлгүүрээс худалдан авалт хийхдээ бараг бүх бараа бүтээгдэхүүнээ нэг нэгээр нь худалдан авч олон баримттай болохыг хичээдэг болжээ. Өөрөөр хэлбэл, сугалаанд оролцохын тулд нэг талх, нэг сүү гээд бүгдийг нэг нэгээр нь кассанд бичүүлэх арга сэдэх болсон талаар худалдаа эрхлэгчид ярьж буй. Тиймээс тухайн дэлгүүр 800 төгрөгийн баримтын цаасаараа 2-3 хүнд л үйлчилгээ үзүүлэх болж байгаа. Жижиг дэлгүүрт энэ мэтээс эхлээд маш олон төрлийн дарамтыг НӨАТ-ын хууль авч иржээ.

Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, баримт дээр бичигдсэн үнийг цахим сайтад бүртгүүлэхэд гацдаг, эсвэл үнэ зөрж байгаа гэсэн хариу өгөөд бүртгэдэггүй гээд сүржин эхлүүлсэн хууль эцэстээ утга учиргүй болж, төрийн иргэдээ дарамтлах нэг зэвсэг болон хувирчээ. Тэгвэл өчигдөр Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо, “Нарантуул трейд”, “Да Хүрээ трейд” ХХК-ийн түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, Монголын кафе, баар, ресторан үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн холбоо гээд нийтдээ 2000 гаруй бизнес эрхлэгчдийн хүсэлтээр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд "НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд" уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтад хүсэлт гаргасан холбоодын төлөөлөгчдөөс гадна Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дэлгүүр ажиллуулдаг иргэд оролцлоо. Хэлэлцүүлэгт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нар оролцож, иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн санал бодлыг сонсч, шийдэх арга зам, гарц гаргалгааг хамтдаа эрэлхийллээ. Уулзалтын эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Уг нь ард иргэдийн амьжиргааг аль болох дээшлүүлэх учиртай. Харамсалтай нь манай эрх баригчид шинээр татвар бий болгох, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, хүү торгууль тавих байдлаар дарамт нэмж байгаа. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилийн дотор татварын хүү торгуулийн хэмжээ гурав дахин нэмэгдэж 181 тэрбум төгрөг болсон. Энэ нь татварын дарамт шахалт иргэдийн нуруун дээр бууж байгаа юм” гэв.

Уулзалтын үеэр  бизнес эрхлэгчдийн зүгээс өндөр үнэтэй буюу 1.5 сая төгрөгийн /бүх зүйл нь ороод 2.5 сая төгрөг/ үнэтэй машин худалдан авах боломжгүй, авсан ч захын гэр хороололд интернэт сүлжээ байхгүй учир ашиглах боломжгүй, хуулийг хэрэгжүүлж эхэлсэн гэх томоохон аж ахуйн нэгжүүд нь бараа бүтээгдэхүүнийхээ үнийг аль хэдийнэ нэмээд эхэлчихсэн, энэ нь бизнес эрхлэгчид болоод иргэдэд үнэхээр хүнд байгаа талаар учирлаж байлаа. Нөхцөл байдал ийм байтал татварын байцаагчид орлогоо бүрдүүлэхийн тулд 500 мянган төгрөгөөр торгож, дампууруулахад хүргэж байна гэсэн юм. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт дэлгүүр ажиллуулдаг иргэдийг төлөөлөн уулзалтад ирсэн н.Алтанцэцэг “Би кассын машин аваад тавьчихсан.

Зээл тавьж байгаад үнэтэй машиныг нь авсан ч гэр хороололд сүлжээ байхгүй учир ажиллуулж чадахгүй байгаа. Иргэдийн гомдлын мөрөөр татварын байцаагчид ирэхээр нь ажиллуулж өгөөч гэж хэлсэн. Гэтэл тэд “авчихсан байхад учиртай” гэсэн хариулт өглөө. Энэ нь өртөг өндөртэй кассын машин шахааны бизнес гэдгийг баталж байгаа нэг хэлбэр. Кассын машин баримтын цаас зэрэг нь бүгд нийлээд 2.5 сая төгрөг болж байгаа юм. Гэтэл одоо интернэтийн асуудлаа зохицуулах шаардлага тулгарч байна. Тэр нь хэчнээн төгрөг болохыг мэдэхгүй. Хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш бараа бүтээгдэхүүний үнэ улам бүр нэмэгдэж байгаа.

Тухайлбал, “Стимо” ХХК-ийн 610 төгрөгийн үнэтэй байсан цай 1280 төгрөг болсон. Энэ нь 2.1 дахин нэмэгдсэн гэсэн үг. Үүнийгээ “бид оны өмнө үнээ нэмнэ гэж хэлж байсан” хэмээн тайлбарласан. Энэ мэтээр ихэнх бараа бүтээгдэхүүн багадаа л 90-100 төгрөгөөр нэмэгдчихлээ. Гэтэл иргэдийн цалин нэмэгдээгүй. Тиймээс худалдан авалт эрс муудаж байна.

Тухайлбал, манай дэлгүүр өдөрт 30 талх зарчихдаг байсан бол одоо 15 талх ч зарж чадахгүй байгаа. Захын хорооллын иргэд бэлэн мөнгө байхгүй болчихсон. Өлсөөд уйлж байгаа хүүхдээ хөтөлж орж ирээд, иргэний үнэмлэх, алт, мөнгөн ээмэг, бөгж, гар утас гээд боломжтой бүхнээ барьцаанд тавиад зээл авдаг боллоо. Бид хүнсний дэлгүүр биш бага зэргийн ломбард шиг болж байна. Уг нь энэ Засгийн газар чинь орлоготой, ажилтай монгол хүнийг бий болгоно гээд байсан.

Тэгвэл одоо бид бүгд ажилгүй, орлогогүй боллоо. Хаашаа явах вэ. Уг нь эх орондоо баймаар байна” гэсэн юм. Мөн МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав телевизээр “Миний 10 жилийн мөрөөдөл биелж байна. НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхэд менежмент сайтай буюу чадалтай компаниуд нь үлдэх болно. Харин чадалгүй нэг нь дам­пуураад хаалгаа барих болно. гээд инээгээд байсан. Сэтгүүлч нь “Та бүр баярлаад байгаа юм уу” хэмээн асууж байсан. Ард түмнээ дампууруулахад тэр хүн яагаад тэгж инээгээд, баярлаад байгааг үнэхээр гайхаж бас гомдож байна хэмээн бизнес эрхлэгчид учирлав. НӨАТ-ын хуулийг зарим эдийн засагчид хөгжилтэй томоохон үйлдвэрлэгч улс оронд ашиглагдаж байгаа хуулийг манай улс тэр чигээр нь хуулбарлан ашиглаж байгаа хэрэг гэдгийг онцолж байсан.

Цаг үеэ олоогүй хууль нь манайх шиг эдийн засаг нь хүндхэн байдалд орчихоод байгаа улс оронд ямар байдлаар дампуу хэрэгжих нь тодорхой. Тэгээд ч төр нь төсвийн алдагдлаа татвараар буюу иргэдийнхээ халааснаас нөхөх бодлого барьж байгаа нь маш бохир, болхи арга юм. Нарантуулын зах дээр иргэдийн халаасыг ухдаг хулгайчид хүртэл тэр үйлдлээ далд буюу нууцаар хийдэг. Гэтэл манай төр ичих нүүрээгүйгээр бүр ил тодоор иргэдийн халаасыг тэмтэрч байгаад гомдолтой байгаагаа түрээслэгч иргэд хэлж байсан юм.

Тиймээс өнөөдөр аж ахуйн нэгжүүд яаж орлого олох вэ биш яаж үүдээ барьчихгүй байх вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байгааг уулзалтад ирсэн цөөхөн хэдхэн төлөөллийн ярьж, хэлж байгаагаас бэлхнээ мэдэж болохоор байлаа. Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Бид алдаа хийжээ. Одоо МАН, АН гээд, тэд буруутай бид буруугүй гэж яриад байх зүйл алга. Нэгэнт хууль батлагдаад хэрэгжээд явж байгаа. Маш муу хууль болсон байна. Алдаа гарсан учир одоо бид цаг алдалгүй засах ёстой.

Тиймээс хаврын чуулганаас өмнө хуулийн талаар ярилцаж байгаад хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт өргөн барих болно” хэмээлээ. Бизнес эрхлэгчдийн хувьд ч иргэдийг “сөхрүүлээд” байгаа НӨАТ-ын хуулийг тун удахгүй цэгцлэх нь гэсэн хүсэл тээсээр гарч одлоо. Хэрвээ тэгэхгүй бол татварын албатай харьцдаг 70 мянган аж ахуйн нэгжийн дарга, жижиг бизнес эрхэлдэг бүх иргэд торгуулиа төлөөгүй гэх шалтгаанаар “ялтан” болох цаг ойрхон байгааг бизнес эрхлэгчид онцолж буй юм.

Ж.Отгон


Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
zochin:
er n bol ene huuli jijig biznes erhlegchided mash hund daramt bolj bga.Ergeed ard tumend mash ih hund daramt bolno.Tomoohon biznes erhlegchid gaygui baih umniihaa uniig nemeed l ard tumnees abchihna.
2016-03-16
Зочин:
erguuteed bai. jijig ch bai tom ch bai tatvaraa tuluh yostoi
2016-03-16
Иргэн:
Ер нь бол кассын машины шахааны бизнес гэж ойлгож байгаа. Зөвхөн УБ-т гэхэд том жижиг нийлсэн 100 мянга орчим аж ахуйн нэгж тус бүр нь 2.5 сая төгрөгний кассын машин гээд тооцоолоод үзээрэй. 250 тэрбум хэний бизнес вэ? Иргэдийнхээ нүд, хэл амыг сугалаагаар тагласан аймаар бизнес
2016-03-16
Зочин:
Татвараа төлж сурах хэрэгтэй шүү дээ. Тэртэй тэргүү хэрэглэгчиддээ татвартай үнээр нь бараа бүтээгдэхүүнээ зарж байгаа биздээ. татвараа нуун дарагдуулж хууль зөрчиж байсан хүмүүс бухимдаад эхэлжээ дээ
2016-03-16
бизнес:
татвараа нууж байсан нь ил болоод ирэхээр бачуураад байна ш дэ, татвараа хамтдаа л бөөнөөрөө л төлье л дөө, өмнө нь төлж байгаагүй хүмүүс төлөх болоод ирэхээр сандралдаж үймэлдэж байна ш дэ
2016-03-16
Батаа:
За шаа шаа, орлогоо зөв тодорхойлоод ирэхээр хэдэн гарууд үхэх гэж байна гэнэ, МАН энэ дээр поп хийхгүй шүү, энэ чинь нийт ард түмэн, энэ улсад чинь хэрэгтэй.
2016-03-16
Zochin:
MAN uls ornii hegjliig hoish ny tatah zuiliig manlailah yum, bid unencheer tatvaraa teleh bolson, hun bugd tegsh erhtei, tatvaraa zev meduulj orlogoo il tod bolgohgui bol hair nairgui haah heregtei.delhiinjishgeer amdartsgaay.
2016-03-16