Эцгийн тэнэглэл...эх орны дайн

img

 

Найруулагч УГЗ Б.Нагнайдоржийн бүтээл “Тэр жилийн тэр өдөр” түүхэн уран сайхны кино, найруулагч У.Уранчимэгийн бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киног үзлээ. Кино болгон цаанаа хэлэх гэсэн далд санаа агуулсан байдаг. Тиймээс кино үзэж баясах гэж биш, хэлэх гэсэн санаа, хөндсөн сэдвийг тогтож үзэв.

 

Ааштай найруулагчийн адармаат зохиол


 “...Хүүхэн цувуулсан арслан байсан дор

 

Үнэрлэх хүүтэй заан байсан нь дээр”.

 

Мөнхийн өрсөлдөгч аймгийн заан Балжирын хэлсэн эл үгнээс үүдэн удахгүй мэндлэх үрээ “Хүү л төрөх ёстой” гэж мунхаглаж итгэсэн Цэвээн аваргын хүлээлт талаар болж охин төрөв. Гэсэн ч тэрбээр “Удам залгах хүүтэй боллоо” гэж нутгийн олонд зар тарааж, охиныхоо хувь заяаг эр хүнийхээр сольж, тавилан заяаг нь хэлтийлгэх аж.

 

Ерөөс киноны утга санаа үүнд л оршино. Хайр сэтгэл, үзэн ядалт, хардалт, ашиг хонжоо, өгөө, аваа, үхэл. Ер нь юм бүхнийг өгүүлэх өнөө цагийн кинонуудтай харьцуулахааргүй баялаг өгүүлэмжтэй кино болжээ. Олон зууны турш эмэгтэйчүүд нийгмийн бурангуй тогтолцоо, ёс заншил, эрчүүдийн давамгайллын золиос болж, элдэв төрлийн хүчирхийллийн хохирогч болсоор ирсэн. Энэ санааг барьж авч, нийгмийн, хүн төрөлхтөний эмзэг сэдэв болох хүйс, бэлгийн чиг хандлагын тухай асуудлыг хөндсөн нь, чухаг санагдав.

 

Зураг авалт, техник хангамж ч ярих зүйлгүй сайн болжээ. Америкийн “Mongus pictures”, “Efilm” кино компанитай хамтарч ажилласан. Манайд ашиглаад байгаа “Moving roinig” төхөөрөмжөөс арай өөр М-15 техникийг ашиглаж зураг авалтаа хийсэн. Өнгө, дуу шүүлтийг АНУ-д очиж хийсэн зэргээс санхүүгийн хувьд гар татаагүй, бас ч үгүй нөр их хөдөлмөр гаргаж ажилласан нь харагдаж байлаа.

 

 

Харин жүжигчин Д.Ганцэцэгийн тоглолт нэг л эвлэж өгсөнгүй. Нутгийн сайхан бүсгүй, хавийн залуусын нүдний чимэг Ягаанцэцэг охины дүрд “Хувьсал” продакшны жүжигчин СТА Д.Ганцэцэг тогложээ. Ялимгүй аальгүй, адтай, зав зуурын хөнгөхөн хов дуулах, дуулгах дуртай томоогүй охины дүрд түүний нас ахадсан санагдав. Нэг л бууж өгсөнгүй. Өөрийн эхнэрээ кинонд тоглуулах нь найруулагчдын хувьд элбэг болоод буй. Харин У.Уранчимэгийн хувьд өөрийн бүтээлдээ продакшныхаа л жүжигчин тоглуулахыг зорьдог бололтой юм.

 

 Бас нэг зүйл. Киноны төгсгөлд Цэвээн аварга буруугаа ухаарч, охиныхоо хүслийг боймлохоо болив. Гол дүрийн залуус хөтлөлцөн алхах аясад цагаан азарга хажуугаар нь давхин өнгөрч буйгаар кино төгсөх аж. Гэнэтийн ийм үнэмшилгүй шийдэл “Алтан-Овоо”-ны эзэн савдаг нь азарга байдгыг харуулах зорилготой юу эсвэл  аз жаргалтай төгсгөлийг илэрхийлж буйн алин болохыг ялгахад бэрх байв. “Ааш муутай” хэмээн өөрийгөө тодорхойлдог У.Уранчимэгийн тийм зоргоороо, тийм өөрийнхөөрөө найруулга гайхмаар ч юм шиг...

 

 

 Харин залуу жүжигчин Б.Шинэбаяр киног чимэх шиг болов. Тэрбээр өглөө эртлэн босооод эмээлээ үүрээд чөдрийн мориндоо алхах, адуугаа бөөгнүүлэн бугуйл шидэж, эмнэг сургаж эд хаваа гайхуулах залуусийн дүр зургийг элдэв маяггүй дүрсэлж чаджээ. Кинонд байдаг л нэг хайрын түүхийг хөдөөгийн ахуйд буулгасан ч Б.Шинэбаяр, А.Ганчимэг нарын энгийн, үнэн тоглолт монголын сүүл үеийн кино урлаг дахь хэт хэтрүүлэгтэй, драмлаг жүжиглэлтийн хэнээнээс ангид байсанд талархууштай.

 

Бүтэлгүй дурлал, азгүй тэнэг сайхан амьдардагийг харуулах, эсвэл шаардлагатай үед тэнгэрээс мөнгө унаж болно гэх зэрэг нэвт гарсан санаа, утга ойлгомжгүй киног үзсээр уйдаж байв. Хамгийн сүүлд хэзээ ийм Монгол ахуйтай кино үзсэнээ мартах шахаж. Харин “Атганд үлдсэн эрдэнэ” киноноос гүүн зэлний тийм гэхийн тэмдэггүй өвөрмөц үнэр, адуу мал зүс зассан хачин гоё зуныг олж харлаа. Хэлэх гэсэн санаагаа ерөөс хөдөөгийн буй бүхнээр шигтгэж баяжуулсанд олзуурхав.

 

Ахмад найруулагчийн чамбай бүтээл

 

“...Өнөөдөр залуус түүхээс их алслагдсан байна. Энэ их муу. Орчин үеийн залуус мөнгөний кино л хийдэг болж. Хийж байгаа болохоор үздэг ч болж. Миний кино мөнгө олохгүй байж болно. Кинонд маань далавч ургаж нисэх, хүн алах зэрэг ангаймаар үзэгдэл байхгүй. Ерөөсөө баатарлаг гавьяа хүний сэтгэл дотор л байсан. Үүнийг Япон цэрэг сувилагчийг аварч, сувилагч Япон цэргийг аварч байгаа тэр үйлдэл л харуулна. Миний киноноос залуус Тусгаар тогтнолын үнэ цэнэ, энэ их эрх чөлөөт тусгаар улс болох гэж хэдий хэр зовлон жаргалыг туулж вэ гэдгийг мэдээсэй л гэж хүсэх байна...” Энэ бол өчигдөр “Хүннү молл” цогцолборт нээлтээ хийсэн “Тэр жилийн тэр өдөр” түүхэн уран сайхны киноны ерөнхий найруулагч УГЗ Б.Нагнайдоржийн нээлтийн үеэр хэлсэн үг. Тэрбээр хэд хоногийн өмнө уулзахад “Түүхэн киног санхүүжилдэг хүн ч байхаа больж, үздэг хүн ч ховор болж” хэмээн гоморхож ярьсан юм.

 

 

Киноны нээлтэд зорьж очиж, анхны үзэгч боллоо. Өвгөн найруулагч үнэхээр л ур ухаанаа шавхаж чамбай бүтээл хийжээ. Аливаа бүтээлээс найруулагчийн бодол санаа, зан төрх, аяг ааш, уран бүтээлийн арга барил ч мэдрэгддэг. “Хүний сайхан сэтгэл” кинонд хүмүүний хувь тавилангийн сонин зураг ерөөлийг харуулж, орчлонт ертөнцийн эргэж хөрвөх гүнзгий утга учрыг уран сайхны хэлээр дүүрэн харуулснаараа Б.Нагнайдорж найруулагч тухайн үед үзэгч, судлаачдаас өндөр үнэлгээ авч байсан болов уу. Тэрбээр “Тэр жилийн тэр өдөр” кинонд ч хүн чанарын нарийн нандин холбоог тусгажээ. 1980-аад онд Япон хүний тухай кино хийх нь битгий хэл, дурсаж ч болдоггүй байсан гэдэг. Хэрэв ийм зүйл ярьвал дайсныг магтаж, эх орноосоо урвасанд тооцох байсан биз. Социализмийн үеийн кинонд Япон гарвал л ялагддаг, Япон гарвал л тэр хүн сэтгэл муутай, аймхай байдаг байлаа. Харин энэ кинонд тийм биш байв. Япон байлдагч бууны шарх авч, амь тавьж байхад түүнийг Монгол сувилагч аврав. Харин дараа нь Японы цэргүүд өнөөх сувилагчийг баривчилж буудах гэж байхад нь нөгөөх Япон байлдагч түүнийг аврах аж. Эндээс л тэд биесээ хайрлаж эхэлнэ. Дайн дуусч, энх цаг ирэхэд тэд дайны талбарт солилцсон зүүлтний тусламжтай хоёр биенээ олж буйгаар кино дуусах аж. Энэ түүх миний амьдарч буй улсад болж өрнөсөн. Энэ кинонд гарч байгаа байлдагч, сувилагч, баатрууд бүгд өнөөдрийн энэ их эрх чөлөөг бий болгож өгсөн гэж бодохоор бодит хүний түүхээс сэдэвлэсэн кино өгөөжтэй санагдлаа. 

 

Энэхүү киног 1939-1945 оны чөлөөх дайнд оролцож явсан фронтын сувилагчид зориулан бүтээсэн гэнэ. Киноны үйл явдал Хэнтий аймгийн Гал шар сумын уугуул Д.Норовдаваа хэмээх бүсгүйн бодит түүх юм байна. Эл кинонд дайны тухай, фронтын тухай, монголын морин цэрэг хаа хүрсэн, хаанахыг эзэлж байсан тухай биш харин арын албанд ажилласан эмч, сувилагчийн алдар гавьяаг тусгаж өгсөн нь содон санагдав.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ганцэцэг жүжигчний жүжишлэж байгаа нь нэг л хиймэл, өөрийгөө бүр шавхсан хуурмаг хуурамч санагдаад байх болсон,
2016-04-16
nergui:
Triller harhaar ygaad yum ymar neg kinonoos huulsan ch yum shig esvel hen negnii zohiol ch yum shig
2016-03-26
зочин:
Урнаагийн кино заримдаа хэтэрхий театрын жүжиг шиг санагддаг.
2016-03-18
bi bnaa:
urnaa kinoogoo art hous chigleleer hiisen bol dajgui zohoil sanagdav ... er n mungunii kinonii ue ldee odoo
2016-03-17
зочин:
Урнаа яагаад дандаа ууртай юм шиг харагддаг юм бол....гэртээ зүгээр байдаг байлгүй дээ..
2016-03-17
Бат:
Сүүлийн үеийн кино үзэхийн аргагүй садист,цус,үхэл, аллага,дээрэм үүгээр театр орлого олж залуу үеэ хордуулж байна?? Бавуугийн Лхагвасүрэнгийн садизмд төр өндөр шагнал өгсөнөөс ингэж хошуурав уу гэлтэй??
2016-03-17
зочин:
кккккк
2016-03-17
g:
Ene chine Urnaa shuu dee.Uneheer abiyastai saihan busgui shuu
2016-03-17