Үргээлэг 2-ыг хүлээхийн учир

Кино бол тасралтгүй хэмнэл. Үргэлжлэл орхисон ээдрээг үзэгчид сэтгэлдээ ургуулсаар театраас гарцгаана. Харин хэн бүхний санаанд ороогүй ер бусын агаад урлагтай өрнөлийг цааш хөврүүлэх эрмэлзлэлээр цуврал кинонуудын удаах ангиуд хийгддэг юм.
Үргээлэг-ийн хоёрдугаар анги хийгдэх болсон тухай сураг чимээг би бүр оны өмнө дуулсан юм. Хамгийн олзуурхууштай нь миний хүндэтгэдэг чимхлүүр шаглаатай зохиолч Т.Бум-Эрдэнэ зохиолыг нь бичиж байгаа гэсэн мэдээ байлаа. Сүүлийн үед шинээр гарч буй Монголын уран сайхны кинонуудын гол бөгөөд хамгийн том алдаа бол зохиолчийг “хэмнэчихдэг” явдал гэдгийг мэргэжилтнүүд бүү хэл үзэгчид ч хэлцгээнэ. Уран зохиолын суурь ойлголт, ухагдахуунгүй хүмүүс дөрвөлжин хүрээн дотор үзэгдэх харагдацуудыг сэтгэх аргаар кино зохиол бичиж, түүнийгээ асар хүчилсэн байдлаар холбон дүрсжүүлэх гэж оролдсоноор, үнэнийг хэлэхэд, монгол киноноос үзэгчдийг түлхэлцгээж байна гэчихвэл гүтгэлээ, гүжирдлээ гэхгүй л байх.
Зохиолчийг “хэмнээгүй” нь Үргээлэг 2-ыг хүлээхийн минь тэргүүн шалтгаан гэж болно. Мотор дуугарч, зураг авалт эхэллээ, найруулагчаар Г.Эрдэнэбилэг ажиллах боллоо, Хятадад зураг авч байна гэх мэт үйл явцын мэдээнүүд намайг улам гижигдэж байсан. Гэхдээ надад хүлээлтдээ эмзэг хандах учир бас байна. Хэт их хүлээлт өнөө “эдийн засгийн хөөсрөл” гэдэг шиг тухайн бүтээлд тавих үнэлэмжийн босгыг өндөрсгөчихдөг “сул талтай”. Өндөрссөн үнэлэмжид хүрэхгүй бол сэтгэлээр унана шүү дээ. Харин саяхан болсон урьдчилсан үзлэгээр кинотеатрууд “эрхийгээ гозойлгосон” дуулдаж, сонирхлыг минь улам бүр гозолзуулаад байна. Үзвэрийн бизнес эрхэлдэг улсууд ханатай л дүгнэсэн байж таарна.
Үйл явдал ч юм уу, үзэгчдийн хайртай баатрыг үргэлжлүүлэн “амьдруулах” уран туурвилын энэ арга цоо шинэ зүйл биш. Гэхдээ Монголд төдий л хийгдэж байгаагүй гэж хэлж болно. Цөөн зарим оролдлого, туршилт өмнө нь гарч байсантай харьцуулан дүгнэвэл, Үргээлэг 2-ыг хийхийн сэдэл, төлөвлөлт тэдгээрээс тэс өөр болох нь харагдахаар. Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээсэн Үргээлэг хоёр жилийн өмнө үзэгчдийг үнэхээр байлдан дагуулсан. Ашиг орлого, үзэгчдийн тоогоороо ч тэргүүлсний дээр тухайн жилийнхээ “Академи Авардс”-ын “Шилдэг кино”-ноос гадна хэд хэдэн номинациар шагнал хүртсэн. Үндсэндээ дэлгэцийн урлагийн зах зээлийн төлвийг цоо шинээр зураглаж, ахисан түвшнийг тогтоосон гэвэл хилсдэхгүй. Киноны бизнес рүү өндөр зохион байгуулалт, маркетингийн болон продюсингийн нарийвчилсан модультайгаар орж ирж буй Прайм Пикчэрс Үргээлэг-ийн үлдээсэн боломжийг зүгээр л “олж харжээ” гэхээсээ илүүтэй тооцоолон боджээ гэвэл зохино. Нэг үеэ бодвол дэлгэцийн тоо боломжийн болж, уран бүтээлийн чанар, стандартын болон урлал, үйлдвэрлэлийн эрүүл саруул өрсөлдөөнийг бий болгоод байгаа. Эдийн засгийн өсөлт саарч, үзэгчдийн эрэлт буурсан өнөөдрийн нөхцөлд шинэ адал явдал, шинэ баатруудыг танилцуулсанаас Монголын бокс оффисыг хэдэн долоо хоногийн турш тэргүүлж, ашиг орлогоороо толгой цохисон, өөрөөр хэлбэл, үзэгчдэд хамгийн их хүрсэн бүтээлийг үргэлжлүүлэх нь маркетингийн хувьд тун зөв шийдэл гэж би хувьдаа харж байгаа. Мэдээж эрсдэл бий. Тэр тусмаа надад илүү сонирхолтой байгаа юм.
Түүнчлэн А группын залууст итгэхийн учир бас бий. Амь өрссөн үйл явдлыг монголчуудын хамгийн жийрхдэг орчин ахуй, олон нийтийн дундуур хөврүүлж, гол дүрүүдийг үхлийн ирмэгт аваачиж дуусгасан энэ киноны үндсэн өнгө төрх нь “эрэлттэй” жүжигчид нь байлаа. Netflix-ийн Марко Поло-д Аригбөхийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Амарсайхан, “Драмын дөрвөл”-ийн нэг Г.Эрдэнэбилэг, Гамлет С.Болд-Эрдэнэ болон продюсер, жүжигчин Ж.Баясгалан нар А группынхэн. СУИС-ын нэг ангийн хүүхдүүд. Мөрөөдлийн театрын жүжигчин Б.Навчаа бас энэ багт бий. Тэгвэл шинэ ангид эдний дээрээс бүр ч олон “тэргүүн дэсийн” жүжигчдээр хүч нэмэгдүүлсэн явдал, магадгүй, А группээр бий болгосон боломжийг улам бататгахыг эрмэлзсэн продюсингийн шийдэл биз. Ардын жүжигчин П.Цэрэндагва, тослог хоолой Н.Ялалт, “Айслинз”-ийн Ramsey Жагаа гэгддэг Ш.Энхжаргал, Элсний нүүдэл-ийн Анхмаа буюу жүжигчин, загвар өмсөгч А.Дэлгэрмаа, Тусгай салаа-ны Түвшингээр охидын харцыг булаасан П.Баттөр, “Шинэ үе”-ийн Э.Одбаяр зэрэг өөр өөрийн өвөрмөц төрхөөрөө танигдсан жүжигчид орж ирсэн нь гайхалтай өнгөлөг бөгөөд үзүүштэй “состав” болон бүрдэж чаджээ. Хэн хэн нь тус тусын зрительтэй. Эднийг чухам ямар шинэ дүр бүтээх нь вэ гэж үзэгчид нь үргэлж харж, анаж суудаг. Ганц миний ч биш, ерөөс олон үзэгчдийн хувьд Үргээлэг 2-ыг хүлээхийн бас нэг шалтгаан яах аргагүй тэд.
Цуврал киноны онцлог нь үндсэн сужет болон дүрүүд эсвэл ердөө гол объект юм уу, утга санааг үргэлжлүүлсэн буюу айхтар гүнзгий шалтгаант холбоо шаарддаггүйгээрээ уран бүтээлчдэд эрэлхийллийн орон зайг хангалттай олгодог. Дүрүүдийн хувь заяаг яаж ч эргүүлж, хөрвүүлж болох үзэгчдийнхээс давж гарсан уран санааг бодож олох нь л цорын ганц хэмжүүр болж мэдэх юм. Басхүү дүн шинжилгээний бэлэн аргачлалыг үзэгчдэд өгнө. Өөрөөр хэлбэл, үзэгчид харьцуулалттайгаар шинэ бүтээлийг үзнэ гэсэн үг. Нэгдүгээр ангийн хийц бүтээц, ур чадварын үнэлэмж үзэгч бүрт суучихсан байгаа. Тэр л хэмжээнээсээ хоёрдугаар ангийг өгсүүлж дүгнэх нь тов тодорхой шүү дээ. Тийм ч учраас цуврал бүтээлд тавигддаг чанарын шаардлага цоо шинэ кинонуудыг бодвол нэгэн алхмаар дээр байдаг.
Ж.Сэнгэдоржийн найруулгыг тааруу гэж хэн ч хэлэхгүй. Мөн л мэргэжлийн зохиолч оролцуулаагүй нийтлэг алдааг давтсан ч гэлээ Үргээлэг тун амжилттай болсон. Амжилттай киног үргэлжлүүлэхдээ ядаж л дордуулахгүй байх зорилго тавьсан нь хэнд ч ойлгомжтой. Үүнийг тун зоримог шийдвэр гэж хэлж болно. Залуусын энэ зориг миний хүлээлтийг өдөөсөн бас нэг өгөгдөл юм. Нээлтийн хугацаа ойртох тусам бүтээлийн эзэд шиг догдлоод сууж болдоггүй. Ямар сайндаа тэрхүү догдлолоо энэ бяцхан бичвэрээр гадагшлуулж байх вэ.
Д.Энхболдбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ