Хилчний зүрхэнд эх орон уяатай байдаг

img

Монгол цэргийн өдөрт зориулав.

 

 

Өнөөдөр Монгол цэргийн өдөр. Энэ өдөрт зориулан Хилийн 0303 дугаар тусгай салбарын сэтгэлзүй, мэдээлэл, соёл сурталчилгааны ахлах ажилтан, ахмад Б.Ганбаяртай ярилцлаа.

 

Тэрбээр эх орны торгон хилээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн хилчин, мөрдэс дүүрэн ахмад цолтой офицер, гурван төрлийн спортын мастер зэрэгтэй тамирчин юм.

 

-Сэлэнгэ нутгийн хүү эх орны зүүн хязгаарын хилийн отрядад томилогдож ажил, амьдралын гараагаа эхэлсэн үеэс ярилцаж эхэлье хоёулаа.

 

-Би 2009 онд Хилийн цэргийн дээд сургуулийг төгсөж, хилийн 0198 дугаар ангиас ажлын гараагаа эхэлсэн. Багадаа цэрэг, цагдаагийн хүн болно гэж мөрөөддөг байлаа. Харин намайг дунд сургуулиа төгсөхөд цагдаагийн сургуульд дөнгөж төгссөн хүүхэд авахгүй гээд шалгалт өгүүлээгүй. Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургууль, ХЦДС-д элсэлт авч байна гэж сонсоод шалгалтад орсон. Тухайн үед Хилийн цэргийн дээд сургуулийн талаар ойлголтгүй байсан. Гэтэл тэр сургууль элсэлт авах гэж байна гэж дуулаад юунд орж байгаагаа ч мэдэхгүй ямар ч байсан офицер болно гээд бөөн баяр болж, шалгуулаад тэнцсэн дээ.

 

Тэгээд л удахгүй сургалтын төвд гарч анх цэргийн хүн болсон. Түүний дараагаар хилийн заставт танилцах дадлагад гарсанаар, би хилчин хүний замналаар явж,энэ албатай л амьдралаа холбох ёстойгоо бүрэн мэдэрч, миний сонголт зөв гэдэгт бүрэн итгэсэн. ХЦДС/одоогоор ХСИС-д нэгдсэн/-д эрдэмтэн багш нар, ах нар, он жавуудаасаа их зүйлийг сурч,   олон сайхан дурсамжтай мөчүүдийг өнгөрөөсөндөө үргэлж баярлаж бахархаж явдаг. Анх ажлын гараагаа хилийн 0198 дугаар ангийн Их бурхантын заставаас эхэлсэн. Их сайхан газар даа. Ийм сайхан газраас ажил, амьдралын гараагаа эхлүүлсэндээ баяртай явдаг. Зөв ч эхэлсэн гэж боддог. Уйгагүй ажилладаг сайхан хамт олны дунд байлаа. Тэнд байсан дарга, найз нөхдөөсөө олон зүйлийг сурч хамтран ажилласандаа үргэлж баярлаж явдагаа энэ дашрамд хэлье.

 

-Цэрэг, цагдаагийн хүн болох гэж ингэтлээ шимтснийг бодоход танай гэр бүлд мөрдэстэн байжээ.

 

-Өвөө маань дэд хурандаа цолтой цагдаагийн алба хаагч байсан. Одоо тэтгэвэртээ гарсан. Аав биеийн тамирын багш, цэргийн хэргийн боловсролтой хүн байдаг. Ер нь манай гэрийнхэн монгол цэргээ дээдэлдэг, бахархдаг хүмүүс .

 

-Хил гэхээр  шууд эх орон гэж буудаг. Хилчин хэмээн овоглуулаад хилийн манаанд үүрэг гүйцэтгэхэд ямар байдаг юм бол.

 

-Хилчин гэдэг нэр чинь агуу, хилийн алба гэдэг ариун алба. Монгол Улсыг тойроод хил, хил дээр хилчид нь манаанд гарч, торгон хилээ халдашгүй дархан байлгаж эх орноо хамгаалж байна. Хил тайван бол улс амгалан. Морио унаж, буугаа үүрээд хилийн манаанд гарах хийморьтой шүү дээ. Дархан  хилээ хамгаалж түүгээрээ огших сэтгэл хилчин хүнд байдаг. Хил манаж эх орноо хамгаалах, хилчин байна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг.

 

-Халх голын отряд руу томилогдлоо. “Торгон хилийн зүг алхаад марш” тэр үед ямар байв.

 

-Бидэнд хаана очиж ажиллахаа сонгох эрх байхгүй. Хилээ дагаад хаана ч очиж үүрэг гүйцэтгэнэ гэдэг хилчин хүний амьдрал. Шинэхэн дэслэгч хаана ажиллахаа хүлээгээд л догдолцгоож байсан мөч одоо ч саяхан юм шиг санагдаж байна. Би ч гэлтгүй цэргийн сургууль, дамжаа төгссөн бүх эрчүүд догдолсон, эрч хүч амтагдсан тэр үеэ санадаг байлгүй. Би ч хаана ямар газар очиж байгаагаа ч мэдэхгүй Халх гол руу явсан даа. Замдаа Мэнэнгийн талаар дайрдаг. Нэг их уудам цэлийсэн тал, за энд яаж шуухан амьдарна даа гэж бодогдоод л. Тэнд мөн хилчид улсын хилийг хамгаалж, тэр сайхан талд ажиллаж амьдардаг.  

 

Хангай газар өссөн болохоор мод, устай газар ажиллах юмсан гэсэн бодол байсан. Тэгээд нүдэнд торох дов ч байхгүй уудам тал газар дуусаад Ялалтын хөшөө сүндэрлээд ирлээ. Цааш уруудахад Халх гол урсаад сайхан ч газар байна. Домогт Халх голын ...отрядад хөл тавин застав руу томилогдсон. Их бурхант хэмээх сайхан газарт очиж, .... дугаар заставын дарга ахмад Д.Наранбаатар гэгч ханагар сайхан даргын гар дээрээс анхны ажил, амьдралын гараагаа эхэлсэн дээ. Одоо хилийн 0303 дугаар тусгай салбарт ажиллаж байна.

 

-Хилчин таны бахархал юу вэ?

 

-Бахархах зүйл зөндөө. Сайхан уул ус, газар шороо, эх оронг үлдээсэн өвөг дээдсээрээ, тэдний үргэлжлэл болсон дархан хилээ хамгаалж байгаа хилчид тэднийхээ гэр бүлээр бахархана. Эх орноо хамгаалж байна, хилчин байна гэдэг хамгийн гол бахархал шүү дээ.

 

-Та хилийн манаанд зогсож байна. Энэ зогсож буй газар шороо минийх, харин шугамын цаадах хүний нутаг гэж бодоход ямар сэтгэгдэл төрдөг вэ?

 

-Монголын үнэртэй салхи гээд сайхан дуу байдаг шүү дээ. Бидний Монгол орон хөх тэнгэр нь ч тэр, амьсгалж байгаа агаар салхи нь мөн ондоо.  Энэ дууг зүгээр нэг  дуулаагүй байх. Хилийн шугамаас дотогш Монгол Улсын нутаг дэвсгэр дээр миний бөгөөд бидний гэсэн ухамсар сэтгэлгээгээр ч тэрүү илүү дотно. Харин шугамын цаадахын хувьд “хүний нутаг бол хүний л нутаг шүү дээ”. Шугамын цаадах гэхдээ л биднийх байсан тийм ээ. /Инээв.сур/.

 

-Хилчний ажиллагаа тэр чигээрээ амьдрах ухаан юм шиг санагддаг.

 

-Жилийн дөрвөн улиралд хилийн хамгаалалт өөрийн гэсэн онцлогтой. Үүнд тохируулж хилчид маань хил хамгаалалтаа зохион байгуулж байна. Бас газар орныхоо онцлогтой дасан зохицож амьдарч байна. Энгийн жишээ дурдъя. Хилийн манаанд өвөл гол усан дээгүүр яаж явах, идэр есийн хүйтэнд биеийнхээ энерги, ачааллыг тохируулах, дулаанаа хадгалах. Аагим халуун зун яаж наранд цохиулахгүй байх, усгүй бол яаж цангаагаа тайлах, чүдэнз асаагуургүй бол яаж гал гаргах, хилчин хүний нэг амь болсон агт морьдоо яаж арчилан үүрэг гүйцэтгүүлэх.

 

Өвлийн цасан шуурга, хаврын хавсарга, аагим халуун зун, аж ахуйн ажил ундарсан намар хил хамгаалалтаа зохион байгуулах гэх мэтчилэн яривал дуусахгүй. Ер нь Монгол хүний онцлог гэж бий. Дэлхийн ямар ч байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицож амьдрах чадвараараа бусдаас илүү. Хилчид ч монгол орны дөрвөн зүг найман зовхист эрс тэс уур амьсгалтайгаа зохицон хилээ хамгаалан ахуйгаа цуг авч явж байна. Тэр хил дээр ажиллаж амьдарч байгаа хилчний үйл ажиллагаа бол хүндрүүлсэн нөхцөлд амьдрах арга ухаан.

 

-Харин одоо Хилийн 0303 дугаар тусгай салбарын сэтгэлзүй, мэдээлэл, соёл сурталчилгааны ахлах ажилтны нэг өдөр хэрхэн эхэлж, яаж өндөрлөдөг вэ?

 

-Манай салбар бол хилийн цэргийн тусгай анги. Хил дээр ямарваа нэгэн зөрчил, эмх замбараагүй байдал үүсч хүндэрвэл хүч нэмэгдүүлж очих үүрэгтэй. Ажил ихтэй манайх чинь. Тусгай салбар хэдий ч ялгаа байхгүй хилийн отрядад хийгддэг бүх л ажлууд явагдаж байна. Өглөө нэгдэж жагссахаас л ажил эхэлнэ дээ. Бид ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, үндсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулна. Удирдлагаас өгсөн тушаал шийдвэрийг хэрэгжүүлж ажилладаг. Би тусгай салбарт ажиллаж байгаа бүрэлдэхүүнийхээ соёлын хэрэгцээ тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд үйл ажиллагаагаа чиглүүлэхээс гадна хүмүүсийн сэтгэл зүй, сахилга, ёс зүйг хариуцдаг. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа хийж ажлын нэг өдөр өнгөрдөг дөө.

 

 

-Та мөн тууз дүүрэн медаль харшуулсан тамирчин хүн аж. Ямар төрлийн спортоор хичээллэдэг вэ. Амжилтаасаа дурдвал.

 

-Багаасаа бие хамгаалах урлаг сонирхдог байсан. Кёкүшин каратэ, боксоор явж байсан. Харин 2011 онд энэ салбарт ирээд л тууштай хичээллэж эхэлсэн. Бие хамгаалах урлагаар хичээллэх нь манай тусгай салбарын үндсэн сургалтуудын нэг. Миний хувьд гардан тулаан, боксоор түлхүү хичээллэдэг. Гардан тулаан, үндэсний бие хамгаалах урлаг болон боксын спортын мастер цолтой. Улсын чанартай 12 тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. 

 

-Ажлын хажуугаар бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ. Дасгалжуулагчтай юу?

 

-Ажил, спорт хоёрыг цуг авч явна гэдэг амархан биш. Ажил гайгүй бол оройдоо бэлтгэлээ хийж л байна. Миний хувьд тэмцээн уралдаанд оролцох бэлтгэл хийгээд спорт хөөгөөд явах цаг зав жаахан хомс. Гэхдээ дуртай юм чинь тэмцээн, уралдаанд даргадаа загнуулаад орохыг л бодно. Огт бэлтгэлгүй байсан ч ормоор санагдаад байдаг юм. Гардан тулааны бэлтгэлийг олон улсын хэмжээний мастер Х.Онолбек удирдаж явуулдаг. Энэ хүний сэтгэл, хөлс хүч, туршлагаа гаргасны хүчинд би энэ спортод амжилт үзүүлж олон зүйл сурч байгаа гэж үздэг. Өнгөрөгч онд манай тусгай салбараас давхардсан тоогоор долоон спортын мастер төрсөн. Бүгд л ажлынхаа хажуугаар өөрсдийгөө хөгжүүлж спортоор хичээллэдэг. Манай бүрэлдэхүүн дан залуусаар бүрдсэн болохоор эрч хүчээр дүүрэн.

 

-Спорт эрсдэл шаарддаг юм шиг санагддаг. Ер нь хилчин офицер дээрээс нь тамирчин байх гэрийнхэнд тань хэр их таалагддаг бол.

 

-Эрсдэлтэй л дээ. Би хамраа хугалж, гар, хуруу, хөлөө гэмтээж л байсан. Гэхдээ өөрөөсөө болсон гэж үздэг. Ер нь эрсдэлгүй спорт гэж хаа байхав дээ. Ялах, ялагдах тохиолдол бишгүйдээ л бий. Гэрийхэн авах юмаа авчлаа одоо болиоч л гэдэг. Би чадахгүй л гэдэг  /инээв.сур/. Ингэж өөрийгөө зовоож байхаар зүгээр ажлаа хийгээд явж байгаач гэдэг юм. Залуу хүн зүгээр сууна гэдэг чинь эмгэнэл биз дээ.

 

-Хаямаар санагдсны зоргоор хаяж чаддаггүй биз дээ. Харин гэрийнхнийхээ үгийг хэр сонсдог вэ?

 

-Угаасаа л хаяж чадахгүй нь тодорхойгоос хойш. Дуртай юм чинь хэн юу гэж хэлнэ хамаа байхгүй шүү дээ /инээв.сур/. Ингэж өөрийгөө сорьж, бусадтай өрсөлдөх залуу нас дахиж олдох биш. Хүн зөв гэж бодсон зүйлээ хийх л хэрэгтэй.

 

-Та гэр бүлээ танилцуулах уу. Хилчний гэргий их тэсвэр тэвчээртэй эмэгтэй байдаг шиг санагддаг.

 

-Би эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Эхнэр маань холбоо мэдээллийн инженер мэргэжилтэй. Хилчин хүний эхнэр байна гэдэг том шалгуур, хариуцлага байдаг. Гэр бүлдээ зарцуулах цаг хомс. Ажил ихтэй ар гэр орхигдох үе зөндөө бий. Эх орны хүү хаашаа томилогдоно эхнэр нь дагаад л явна. Ер нь эх орны өнцөг булан бүрт улсын хилийг хамгаалж байгаа хилчдийн ар гэрийг авч яваа хилчин эмэгтэйчүүдээрээ би бахархдаг. Хилчин хүний эхнэр байна гэдэг өндөр хариуцлага тиймээс бахархахгүй байхын аргагүй.

 

-Хилчин офицер, тамирчин байх ямар ялгаатай вэ?

 

-Ялгаа гэхээсээ илүү хоёр тусдаа асуудал. Хилчин офицер гэхээрээ байнгын спорт хөөгөөд ажлаа умартаад явна гэж юу байхав. Хүчний байгууллагууд бүгд спорт хороотой. Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргах сайн тамирчдыг дэмжихийн тулд өөрсдийн хувь нэмрээ оруулдаг байх. Би бол спорт хорооны тамирчин биш. Өөр ажил хийж амьдралаа авч явдаг. Гэхдээ нэг талаараа цэргийн хүн давхар тамирчин байх ёстой гэж сургадаг. Цэрэгжилтийн спорт ч хөгжиж байна. Ер нь хилчин гэлтгүй мөрдэс зүүсэн бүх цэрэг, цагдаагийн алба хаагчид тамирчны адил бие бялдарын бэлтгэлтэй байх ёстой гэж үздэг.

 

-Өөрийн албатай холбоотой хамгийн тод дурсамжаа сөхвөл.

 

-Цэргийн сургуульд ороод сонсогч байх үеийн дурсамжууд. Хамгийн сайхан нь офицер болж дэслэгч цолоо гардан авах шүү дээ. Чингис хааны талбайд бүх цэргийн сургуулийн сонсогчид цуглаад дэслэгч цол авсан үе хамгийн сайхан. Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж үг хэлээд л генералуудаас цол, диплом, ромбоо хүндэтгэлтэйгээр аваад жагсаалаар алхах тэр мөч албатай холбоотой тод дурсамжийн нэг.

 

-Цэргийн алба өөрт чинь юу өгсөн бэ?

 

-Цэргийн хүн болсноор бие болоод сэтгэлзүйн хувьд их зүйл сурна. Энгийн хүнээс бие болоод сэтгэлзүйн хувьд хоёр шат илүү байх ёстой. Цэргийн алба хаагч болоод 10 жил болж байна. Одоо ч суралцсаар л байна. Хилийн цэрэг гэдэг энэ том айл надад их ч зүйлийг өгсөн. Амьдрал, ажил дээр алдаа, оноо дээрээ хүн суралцана. Энэ бүхэнд намайг тулах сайхан хамт олон найз нөхөд, мундаг дарга нартай байгаадаа би өөрийгөө хувьтай хүн гэж боддог.

 

-Өнөөдөр Монгол цэргийн өдөр. Манай сайтаар дамжуулан хилчдэдээ мэнд уламжлах уу?

 

-Мөрдөс зүүсэн бүх цэрэг эрчүүддээ, эх орны өнцөг булан бүрт байгаа нийт хилчид, тэдний гэр бүлд нь аз жаргал, сайн сайхныг хүсье. Босоо заяатай Монгол түмэн минь амгалан байж, Босго өндөртэй ариун хил минь дархан байг. Монгол цэргийн баярын өдрийн мэнд хүргэе. Сайхан баярлаарай.

 

Ярилцсанд баярлалаа.

 

Б.Будхүү

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Б.Болор-эрдэнэ:
neg l tiim mundagb humuus baidag ym hig bna
2023-09-14