А.Наранбаатар: Монгол бүтээлийг яагаад Италид дуулж болохгүй гэж...

img

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын дэргэдэх “Консонанс” хамтлагийн залуус "Дэлхийн театрын өдөр"-т зориулан "Consonans Crossover" сонгодог тоглолтыг толилуулах гэж байна. Тус хамтлагийн ахлагч А.Наранбаатартай уулзаж, ярилцлаа.

 

-“Консонанс” хамтлагийг “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож байсныг мэднэ. Харин УДБЭТ-т харьяалагддаг гэж мэдсэнгүй.

 

-Юуны өмнө хамтлагийнхаа тухай ярих нь зөв болов уу. Манай хамтлаг төдийд байгуулагдсан гэж тодорхой цаг хугацаа хэлж болохгүй байна. Бид гурав оюутан цагийн найзууд. Бид ХБК-ийг Дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн. Тэр үеэс л мэргэжил нэгтэй учраас хамтлаг байгуулах санааг Хөгжим бүжгийн коллежийн жүжигчний багш, МУСТА урлаг судлалын ухааны доктор, Б.Сүхээ гаргаж, манай хамтлагийг байгуулсан. Бид хамтлаг болоод 2015 оны есдүгээр сард анхны уран бүтээлээ дэлхийн алдарт “Карузо” гэдэг бүтээлээр гаргасан. Уран бүтээл хийгээд үндсэндээ хоёр жилийн нүүр үзэх гэж байна. Энэ хугацаанд 20 уран бүтээл, гурван клиптэй болжээ. Одоо манай хамтлаг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт харьяалагдаж байна.

 

-Хоёр жилийн хугацаанд 20 уран бүтээл туурвиж амжсан хэрэг үү?

-Эдгээр уран бүтээлээ анхны бие даасан энэхүү тоглолтод зориулан туурвиж эхэлсэн. Хамгийн анхны бие даасан тоглолтоо чанартай байлгах үүднээс шаргуу хөдөлмөрлөсөн гэж хэлж болно.

 

-Ирэх амралтын өдрөөр “Consonans Crossover” тоглолтоо хийнэ?

 

-Поп опера урсгал жанрыг Монголынхоо залуучуудад хүргэх, өрнөн дэлгэрүүлэхийг бид зорьж байна. Түүнчлэн Монгол залуусыг сонгодог урлаг сонсохыг бид гурвын зүгээс маш их хүсдэг. Түүний төлөө уран бүтээл хийж байна. Үүний хамгийн том илэрхийлэл болгож энэхүү тоглолтыг хийх гэж байна. Гуравдугаар сарын 27-нд “Дэлхийн театрын өдөр” тохиодог. Анхны бие даасан тоглолтоо театрын өдрийг тохиолдуулан тоглох гэж байна.

 

-Итали, Испанийн сонгодог бүтээлээс дуулах болов уу гэж бодож байна.

 

-Тэгэлгүй яахав. Тоглолтод нийт 20 дуу дуулах юм. Испани, Итали, Английн сонгодог 19 бүтээл нэг Монгол дуу дуулна. Тэр бол “Үл таних эмэгтэй” киноны дуу цэвэр Итали хэлнээ орчуулсан хувилбар. Энэ тэнд очоод дуулахад Италийн нэртэй бүтээлээс илүү “Үл таних эмэгтэй” киноны дуу илүүтэй хүнд хүрдэг шүү. Илүү гарна уу гэхээс дутах зүйл байхгүй. Мөн дэлхийн сор болсон бүтээлүүдийг орчин үеийн хөгжимтэй хослуулж, операг поптой хослуулан дуулна. Тиймээс залуучуудыг ирж үзээрэй гэж уриалмаар байна.

 

-Тоглолтын нэрний тухайд?

 

-Монголчууд поп опера гэж л яриад байна. Опера стиль жанрын дуучид поп гэдэг урсгалыг холиод поп опера урсгал гээд тайлбарлаад байгаа. Хүмүүст энгийнээр илэрхийлэхэд амар байдаг учраас, поп опера гээд нэрлээд сурчихаж. Бид гурав ч өөрсдийн дуулдаг төрөл, жанраа ингэж л тайлбарлана. Гэтэл үнэн хэрэгтээ дэлхийд энэ урсгалыг “Crossover” гэж нэрлэдэг юм. Поп опера гэж манай Монголд л нэрлэдэг. Америк, Орос, Италид ингэж хэлдэггүй. Тэгэхээр одоо тоглох гэж буй бидний бие даасан энэ тоглолтын дараагаас “Crossover” гэдэг энэ урсгалыг дэлхий нийтэд хэлэгдэж болохоор энэ нэрээр нь нэрлэдэг болоосой, байгаасай гэдэг үүднээс тоглолтоо ийн нэрлээд байна.

 

-“Увертура” хамтлаг поп опера урсгалаар уран бүтээл туурвидаг. Энэ буруу нэршил гэж үү?

 

-Буруу нэршил биш л дээ. Бидний дуулж байгаа стиль, жанрыг хамгийн энгийнээр ойлгуулах нэршил бол энэ. Монголдоо бол ингэж нэрлээд, яриад явж болно л доо. Гэхдээ дэлхий дахинд поп опера гэж нэрлэдэггүй. Янз бүрээр л нэрлэдэг. Бид бол өөрсдийнхөө төрөл жанрыг “crossocer” гэдэг нэрэн дор тодорхойлж эхэлж байгаа юм. Учир нь бидний цаашдын зорилго олон улсын түвшин дуулах гэсэн чин хүсэлтэй байгаа учраас олон улсын нэршил, хэв маяг, стандартаар нь явах гэж хичээж байна.

 

-Олон улсын түвшинд үнэлэгдэхүйц уран бүтээл туурвиж байна уу?

 

-“Авьяаслаг Монголчууд” шоунд оролцохдоо бид “Үл таних эмэгтэй” киноны дууг дуулсан. Тэр бол бидний “Сrossover” урсгалаар туурвисан хамгийн анхны уран бүтээл. Манай хамтлагийн хамгийн анхны дуу “Карузо” ч цэвэр поп дуучны поп уран бүтээл. Энэ дууг дэлхийн том том опера, дуурын дуучид сонгож авч дуулдаг. Харин “Үл таних эмэгтэй” бол монгол поп дуу. Монголын поп дуучин дуулсан. Үүнийг нь опера буюу классик урсгалтай хольж стиль жанрыг гаргаж ирж байгаа тодорхойлолт юм даа.

 

 

-“Авьяаслаг Монголчууд” шоунд оролцсон тухайгаа ярих уу?

 

-Тэр шоунд оролцсон шалтгаан бас л бидний зорилготой хамаатай. “Авьяаслаг Британчууд”, “Авьяаслаг Америкчууд” гээд тухайн шоу бол аливаа улс оронд зохиогддог хамгийн том хэлбэрийн нэвтрүүлэг шүү дээ. Тэр утгаар нь бид улсдаа зохиогдож буй хамгийн том шоунд хүч сорих гэж, өөрсдийн төрөл жанрын дууг олон нийтэд хүргэе, хэрхэн хүлээж авахыг нь тольдоё гэж л зорьсон хэрэг. Түүнчлэн поп опера буюу “Crossover” гэдэг урсгалыг Архангайн нэг суманд байгаа хүн үзэг, ойлгог гэж танин мэдүүлэх зорилготой орсон. Зорилго маань тодорхой хэмжээгээр биелэсэн болов уу гэж бодож байна. Тэрнээс өмнө бид уран бүтээлээ хийсэн, цаашдын зорилгоо тодорхойлчихсон байсан. Урлагийн байгууллага, найз нөхөд л “Консонанс” гэж ийм хамтлаг байдаг гэж мэддэг байсан юм. Харин “Авьяаслаг Монголчууд” шоунд орсноор бүх аймаг, суманд хамтлагаа танилцуулж, дэлхийн сонгодог бүтээлийг орчин цагийн хөгжимтэй хослуулан дуулдаг залуучуудын хамтлаг байна гэдгийг хүмүүс мэдэж авсан болов уу.

 

-“Үл таних эмэгтэй” киноны дууг Итали хэлээр дуулсан нь сонин шийдэл байсан.

 

-Нэвтрүүлгийг үзсэн ихэнхи хүмүүст тэр шийдэл таалагдсан байсан. Монголын дууг ингэж дуулах гоё байна, олон олон Монголын сайхан дуугаа ингэж дуулаарай гэдэг урмыг зарим нь өгч байхад нөгөө хэсэг нь дууны сонголтон дээрээ алдчихлаа, сонгодог дуугааа дуулах байж гэдэг зүйлийг ч хэлж байсан. Бидний зорилго зөвхөн Монголдоо төдийгүй олон улсын тайзан дээр гарч уран бүтээлээ дэлхий нийтэд хүргэх явдал юм. Үүний хамгийн том эхлэл нь Монгол дуугаа олон улсын уран бүтээлчдэд хүргэх юм. Тиймээс бид цаашдаа олон Монгол дуугаа орчуулж дуулна. Тэгж байж бид гадны уран бүтээлчдэд үнэлэгдэх болно. Манай хамтлаг, дуучид бэлтгэл хийхдээ гадаадын алдартай дуучны бүтээлийг үлгэрлэн дуурайж, орчуулан дуулж уран бүтээлээ баяжуулдаг. Тэгвэл яагаад “Консонанс” хамтлагийн Итали хэлнээ орчуулан дуулсан “Үл таних эмэгтэй” киноны дууг Италийн нэг хамтлаг дуурайгаад, Монгол бүтээлийг Италид дуулж болохгүй гэж. Бидний зорилго бол энэ л байсан. Монгол дууг дэлхийн сонорт хүргэхсэн гэж зорьж байна.

 

-Шилдэгт үлдэх болов уу гэж олон хүн харж байсан.

 

-Мэдээж бид шилдэг наймд шалгарах, түрүүлэх гэж л оролцсон. Гэхдээ тэр бол тэмцээн. Шударга явагдсан. Харин бид тэр тэмцээнд оролцсоноор өөрсдийн хүсч буй зүйлээ юунаас ч айлгүй хийж, гадны бүтээлийг дуулчихвал манайхан ойлгохгүй байх гэж эмээлгүйгээр, аль болох бодсон төлөвлөсөнөө л хийх нь зөв юм байна гэдгийг л туршлага болгож авч үлдсэн дээ. Нэг зүйлд тууштай зүтгэх, зорьсон зорилгынхоо төлөө хичээх нь чухал гэдгийг шоунд оролцож байх хугацаандаа мэдэрч байлаа.

 

-Сонгодог урлаг хүүхдийг төлөвшүүлдэг гэдэг. Гэтэл одоо цагт сонгодог гэхээсээ илүү хип хопыг илүү сонирхож байх шиг.

 

-Үнэн. Одоо залуучууд сонгодог хөгжим, бүтээл сонсохоос илүүтэй хип хопыг сонсдог болсон байна. Яахав үгүйсгэхгүй. Гэхдээ сонгодог хөгжмийг хажуугаар нь сонсдог, ойлгодог байх хэрэгтэй юм болов уу гэж бодоод байна. Хип хоп сонсоод чихэвч зүүгээд яваад байхаар энгийнээр бодоход хип хоп дууны үгэн дээр хэр олон удаа хайр сэтгэл, хүн чанар, хүний зүрх сэтгэлийг хөндөж чадсан аялгуу мэдрэгддэг билээ дээ. Тэр болгон гэвэл бас үгүй шүү дээ. Эсрэгээрээ хэн нэгнийгээ далдуур муулаад ч байгаа юм шиг, зүхэж хараагаад ч байгаа шиг тийм л утга санаа илэрхийлж байна. Харин сонгодог урлаг хүүхдийг зөв сэтгэлгээтэй иргэн болж төлөвшихөд чухал ач холбогдолтой. Ядаж л сонгодог бүтээлийн сэдэв нь өөрөө шалдар, булдар биш учраас сэтгэлгээ далайцтай болно.

 

-Сонгодог хөгжим, аялгууны юу нь сайхан бэ?

 

-Ер нь аливаа улс орны хөгжил сонгодог урлагаас нь харагддаг гэж би хувьдаа боддог. Хүнийг маш гоё тайвшируулахаас гадна, зөв сэтгэлгээ, эерэг бодол, хайрыг бий болгож чаддаг. Тэр тансаг аялгуу өөрөө хүний сэтгэлзүйд нөлөөлж чаддаг маш том зэвсэг. Театрт ирээд сонгодог сонссон хүн тансаг мэдрэмжээр хөглөгддөг юм шүү дээ. Бид бүгдээрээ сонгодог урлагийн гоё сайхныг урлагийн сургуульд сурсанаараа мэдэж, мэдэрч чадсан. Одоо сурсан зүйлээ бусдад хуваалцах нь зөв юм.

 

Ярилцсанд баярлалаа. Тоглолтод нь амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ