Г.Батчимэг: Болзоонд урьж чаддаг, соёлтой бол жинхэнэ эр хүн

img

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын балетын гоцлол жүжигчин, СТА Г.Батчимэгтэй ярилцлаа.

 

-Заримдаа таныг МУГЖ, гоцлол балетчин Ч.Ганчимэгтэй андуурдаг. Адилхан юм аа.

-Бид хоёр их төстэй царайтай бас нэртэй. Ч.Ганчимэг эгч бид хоёр Хөгжим бүжгийн коллежийг хоёр жилийн наана цаана төгссөн. Заримдаа би өөрийнхөө бичлэгийг үзэж байгаа хэр нь “Ганаа эгч байна” гэж хүртэл андуурч байсан тохиолдол ч бий. УДБЭТ-т гоцлол бүжигчнээр хамтдаа ажиллаж яваа нэг үеийнхэн. Бас нэг өрөөнийхөн/инээв.сур/.

 

-Балетын жүжигчин болох таны багын мөрөөдөл байв уу?

-Би 2003 онд Хөгжим бүжгийн коллежийг балетын жүжигчин мэргэжлээр төгссөн. Бага байхаасаа л бүжиглэх дуртай хүүхэд байсан даа. Манай ээж төрөлхийн түнхний мултрал буюу бага зэргийн хөгжлийн бэрхшээлтэй ч бүжигчин болохыг маш их мөрөөддөг хүн байсан юм. Тийм учраас намайг бага байхаас л бүжигчин болгоно гэж ярьдаг байлаа. Ээжийнхээ мөрөөдлийг биелүүлж, өөрөө ч дуртай болохоор энэ мэргэжлийг сонгосон.

 

-Балет бол бүжгийн урлаг. Хажуугаар нь жүжиглэнэ гэдэг амаргүй байх.

-Бид бүжигчин гэхээсэ илүү бүжгээр дамжуулан жүжиглэдэг учраас, мэргэжлийн жүжигчний үүрэгтэй. Жүжиг авч явна гэдэг гоцлол балеринагаас маш их тэвчээр, хувийн бэлтгэл олон зүйлийг шаардаж байдаг. Найз нөхөдтэйгээ гадуур хооллохдоо хүртэл “Энэ долоо хоногт Дон Кихот жүжигт тоглоно” гэж бодож, хүнсээ хүртэл зохицуулдаг.

 

Балетын шоу үзүүлнэ

-Энэ мэргэжлийн гоё сайхан нь юу вэ?

-Тэр чигээрээ эзэндээ маш гоё, сайхан зүйлсийг өгч байдаг. Тухайлбал, биеэ авч явах байдлаас эхлээд гоо зүйн олон сайхан мэдрэмжийг өгдөг юм. Хүмүүс стрессээ тайлна гээд л ярьдаг. Бидний хувьд гадуур бүжиглэх ч юм уу өөр байдлаар стрессээ тайлах шаардлага байдаггүй. Энэ мэргэжлээс эргүүлээд авах таашаал, сайхан энерги нь маш их байдаг учраас би мэргэжилдээ хайртай, дуртай.

 

-Эсрэгээрээ хэцүү зүйл бий юу?

-Дэлхийн хэл Англи хэл гэдэг шиг бүжгийн дэлхийн хэл бол сонгодог бүжиг, балет байдаг. Ямар ч бүжгийн төрөл сонгодог суурьтай тавигдаж байж хөгждөг. Тэгэхээр дэлхийн хэлээр ярихын  тулд дуудлагыг нь хүртэл зөв хэлэхэээс эхлээд маш олон шалгуур байдаг шүү дээ. Үүнтэй адил балетын урлаг ч амаргүй. Бид Монголын балетын урлагийг дэлхийн жишигт хүртэл нь бэлтгэл сургуулилтаа хийх ёстой. Энэ хэцүү. Яахав улсынхаа хэмжээнд хийгээд явж болно. Гэвч дэлхийн стандартаар бид хөгжих ёстой шүү дээ. Англид тоглож байгаа “Хунт нуур”, “Жизель”-ийг ч манайх тоглож байна. Бид зэрэгцэж яваа. Энэ бүх үүрэг, хариуцлага бидэнд эргээд дарамт ачаа болдог гэх үү дээ. Маш их хөлс, хүч гардаг ч үзэгчдийн алга ташилтаар урам зориг олж, эргээд цэнэглэгддэг.

 

-Ирэх сард “Дөрвөн өнгө” шинэ балетыг гоцолно гэсэн. Энэ талаар?

-Би энэ балетад гурван эрэгтэй балетчинтай ажиллаж байна. Би нялх хүүхэдтэй болохоор балетын аяны сонголтоо хийж амжихгүй л яваад байлаа. Ажил тараад гэртээ харьсан чинь том хүү маань “Маша баавгай” хүүхэлдэйн киног үзэж байна. Тэгсэн тэр кинон дээр нэг л танил их гоё аялгуу сонсогдохоор нь судлаад үзсэн чинь Норвегийн алдартай хөгжмийн зохиолч, классик болон романтик урсгалын төлөөлөл Эдвард Григ гээд алдартай хөгжмийн зохиолчын бүтээл байж таарсан. Энэ алдартай хөгжмийг хүүгийнхээ үзэж байсан хүүхэлдэйн киноноос олж сонсоод балетдаа ашиглаж байна.

 

-Классик биш энтертаймент хэлбэрээр тавина гэсэн үү?

-Энэ удаагийн балетыг цоо шинэ, шоу тал руугаа найруулж байгаа. Олон балетмейстерүүд дэглэж өөр өөр өнгө аяс оруулна гэдэг бол балетын хувьд маш том шоу юм. Бид дүрд хувираад л “Хунт нуур”, “Жизель” гэх зэрэг балетын жүжиг тоглодог. Эдгээр балет маань 200-300 жилийн настай, он цагийн шалгаралд ороод шилдэг бүтээлүүд болчихсон байдаг. XVIII зууны үеийн балет хүртэл тоглогдож байна. Тэгэхээр шинэчилж үзье, залуучуудад зориулан илүү шинэлэг, энтертаймент хэлбэрээр найруулж үзье гэж зорьж, ажиллаж байгаа юм. Балетын шоу үзүүлнэ.

 

-Өвлийн улирлыг илэрхийлнэ гэсэн. Хэрхэн бууж байна вэ?

-Өвлийн гоё өглөөг илэрхийлнэ. Өвөл гэхээр хүйтэн мэдрэмж төрдөг шүү дээ. Тэгэхээр бие биедээ хайргүй хосуудын хүйтэн харилцаа талаас нь, мөн өвлийн цан, чаргаар гулгадаг хөгжилтэй утга санааг оруулж өгч байна. Миний ерөнхий тавилтад 17 эмэгтэй хоёр эрэгтэй бүжигчин оролцоно. Эрэгтэй хүн бол амьдралын түшиг тулгуур. Хичнээн бид хүчтэй гэдэг ч эр хүнгүйгээр байж чадахгүй. Тийм учраас нарны цацрагаар эр хүний түшиг тулгуурыг илэрхийлэх байдлаар далайцтай, том хөдөлгөөнийг оруулж өгөхийг хичээж байна. Зураглал байдлаар миний тавилт явагдах юм. Зураглал гэхээр нэг утга санаанд баригдахгүй гэсэн үг юм. Классик гэхээр алдаж болохгүй, унаж болохгүй гэсэн байдаг бол шинэлэг болгож инээдтэй, хөгжилтэй байдлаар дүрслэлээ оруулж ирсэн байгаа.

 

Театр биднийг хүмүүжүүлдэг

 

-УДБЭТ-ын уран бүтээлчдийн 60 хувь нь 30-аас доош насны залуучууд байдаг гэдэг.

-Театрт маш залуу уран бүтээлчид ирдэг. Би гэхэд 17 настайдаа анх хөл тавьж байлаа. Одоо ч шинээр төгсөж ирж байгаа бүжигчид маань бүгд залуучууд байна. Тэгэхээр театрын уран бүтээлчид үргэлж залуу үеэр сэлбэгдэж байдаг гэж хэлж болно. Балетмейстерүүдын хувьд  бид нэгэн үеийн залуу төлөөлөл болж гарч ирж байна. Урьд нь бол нэг хүн бүх уран бүтээлээ даагаад, хариуцаж ажилладаг байсан. Одоо харин олон балетмейстер нийлээд ажилладаг болж байна. Олон хүний санаа, олон өөр амьсгаа орж ирэхэд сонирхолтой байх болов уу гэж би хувийн зүгээс бодож байна.

 

-Театрт ирэхээр буй бүхэн нь дээдсийн хүрээг санагдуулам. Ажилладаг хүмүүс нь ч эрхэмсэг харагддаг.

-Театр өөрөө биднийг хүмүүжилдэг. Ялангуяа классик, сонгодог бүтээлд тоглодог, дуулдаг охид, хөвгүүд их зөв хүмүүжилтэй байдаг. Ер нь театрын уран бүтээлчид цэрэгжилтийн дэглэмтэй. Доод үеийн дуу нартаа үлгэр дуурайлал болж, сургах ёстой байдаг.

 

-Театр таныг хэн болгов?

-Миний дотоод хүн бол их тийм сахилгагүй, шинийг эрэлхийлдэг, олон зүйлийг сонирхдог хүн. Гэхдээ миний сонгосон мэргэжил маань намайг буурь суурьтай, цэгцтэй байхыг шаарддаг. Гол дүр бүтээхэд хувь хүний зохион байгуулалт маш чухал. Гэмтэл, бэртлээ яаж аргалах, хоолоо хүртэл хэрхэн зохицуулах зэргээр олон зүйлийг төлөвлөх шаардлагатай. Гэхдээ “Хар хун” кинон дээр гардаг шиг дарамт үүрээд байгаа юм бол биш. Хувийн зохион байгуулалт маш чухал. Би одоо бага насны хоёр хүүхэдтэй. Гэр бүлийн асуудлаа ч нарийн төлөвлөж байх нь зөв. Бага хүүгээ гаргачихаад 45 хоногийн дараа театр руугаа яараад л дасгалаа хийж эхэлсэн. Тухайн үед театртаа ирэхэд их гоё аз жаргал мэдрэгдэж байсан шүү.

 

-Хүүхэд зөв хүн болж төлөвшихөд сонгодог урлаг эерэгээр нөлөөлдөг гэдэг.

-Мэдээж тэгэлгүй яахав. Би “Ла Донна” гэдэг балетын сургууль, студи ажлуулдаг. Бяцхан шавь нартай. Олон охидуудад хичээл заадаг. Тийм болохоор сонгодог хөгжим, бүжиг, урлаг хүүхдийн төлөвшилд яаж нөлөөлдөг болохыг нүдээрээ харж байна. Айл айлын эрх хүүхэд орж ирнэ. Тэднийг огтхон ч загнаж, зандралгүй, зөвхөн урлагаар дамжуулан төлөвшүүлж  багаар ажиллаж чадварт сургаж, тэд ч суралцаж байгааг нүдээрээ харж байгаа. Балетын сургуульд дандаа охидууд ирдэг. Эрэгтэй хүүхэд ирээсэй гэж би боддог юм. Дахиад ганц охинтой болвол бүжигчин болгоно/инээв.сур/. Гэхдээ бага хүүгээ балетчин болгоно гэж бодож байгаа.

 

-Тэр нь учиртай биз?

-Эрэгтэй хүн балетаар хичээллэвэл надад их ирээдүйтэй санагддаг. Манай балетын эрчүүд их соёлтой, эмэгтэй хүнийг хачин гоё хүндэлдэг. Театрт байгаа манай балетчин залуус эмэгтэйн түрүүлж гарах ёстой гээд хаалга онгойлгож өгдөг, эмэгтэй хүний нүдрүү нь хараад гараа өгөөд бүжгэнд, болзоонд урьж чаддаг тийм эрчүүд байдаг. Энэ бүхнийг хөвгүүдэд заахсан, хүмүүжүүлэхсэн гэж би хувьдаа боддог юм. Болзоонд урьж чаддаг соёлтой эрийг би жинхэнэ эр хүн гэж үздэг. Одоо манай нийгэмд наад захын ийм соёл дутагдаж байна.  

 

Манай хань, том хүү хоёр миний шүтэн бишрэгч

 

 

-МҮОНТ-ын сэтгүүлч Мөнхбаатар таны гэр бүлийн хүн. Тэр тийм л эр хүн биз?

-Тэгэлгүй яахав. Миний хань соёлтой, боловсон тийм л эр хүн дээ. Манай том хүү, хань хоёр миний шүтэн бишрэгч. Саяхан “Хунт нуур” балетыг манай хоёр үзсэн. Би төрж орж ирээд, хамгийн хүнд балет “Дон Кихот”-д тоглосон. Яагаад хүнд вэ гэхээр эмэгтэй хүний хувьд үсрэлт, харайлт зэрэг маш их техник шаардсан балет. Тэр балетыг ирж үзээгүй дээ манай хүн их харамссан гэсэн. Тоглолт тараад гэртээ харьсан чинь уучлалт гуйчихсан хоолоо хийгээд сууж байсан/инээв.сур/.

 

-Балетчин хүний хувьд баримталдаг зарим бий болов уу?

-Би тайзан дээр гарахдаа ямар ч дүр байсан голохгүйгээр хичээж ажиллахыг эрхэмлэдэг. Байнга гол дүр бүтээгээд байхгүй шүү дээ. Жижиг ч бай оноогдсон дүрээ тайзан дээр жинхэнэ мэт амилуулахсан гэж зорьдог. Би өөрөө бүжигчин гэхээс илүү тайзан дээр жүжиглэж байгаа балеринаг үзэх их дуртай.

 

Ярилцсанд баярлалаа. Таньд амжилт хүсье

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Byambasuren Zorigt:
Saihan yariltslaga boljee
2016-03-24
Zochin:
Saihan ger bul shuu, iim humuusiin yarilclagiig unshihad hurtel uramtai gj. Erdemtei hun daruu ih murun dulgoon gj. Amjilt husie!!! Ene door bichsen humuus temee gheer yamaa gh yum aa kkkk
2016-03-24
Зочин:
зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэдэг шиг сэтгүүлчийн өгсөн гарчиг нь ярилцлаганд орсон хүнээ эвгүй ойлгогдохоор болгосон байна эсвэл энэ хүн өөрөө хувь хүний ёс суртахуун боловсролын хувьд дутагдалтай байсан өмнөх үеэ дурсаж хэлнэ гэдэг асуудалтай шүү олон хүнээс санал авч уулзаж байсан гэж ойлгогдож байна тэр дотроос нэг дон жуан их л хичээсэн байна
2016-03-24
Turshlaga:
Olon emegtei huntei bolzoj baisan turshlagatai hun l goeor emegtei huniig bolzoond uridag ium. Tegeed araar tavih aiulitai erchud olon. Baletiinhan bol dandaa ohiduudiin biend hurch baidag bolohoor mundag ium bn l daa.
2016-03-24