
Австрийн Инсбрук хотноо энэ сарын 13-22-ны өдрүүдэд залуучуудын өвлийн олимпийн анхдугаар наадам болно. Энэ наадамд гүйлтийн тэшүүрийн төрөлд спортын мастер А.Энх-Ариун, гүйлтийн цанын төрөлд дэд мастер Д.Өсөхбаяр нар оролцохоор эх орноосоо мордсон билээ. Харин өвлийн олимпийн наадам эхлэхэд 6 хоног үлдээд байна. Өнгөрсөн 2010 онд Сингапурт болсон залуучуудын зуны олимпийн анхдугаар наадамд манай улсаас хоёр тамирчин оролцож олимпийн аварга болсон юм. Чөлөөт бөхийн төрөлд ОУХМ Б.Батцэцэг, спортын гимнастикийн төрөлд ОУХМ Г.Эрдэнэболд нар алтан медаль хүртсэн нь спортоор хичээллэдэг хүүхэд залууст маш том урам дэм өгч эрч хүч хайрласан явдал болсон. ОУОХ-ноос залуучуудын өвлийн олимпийн анхдугаар наадмыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл үүний дагуу анхны наадмын галт бамбар Австрийн Инсбрук хотноо бадамлахад 6-хан хоног үлдээд байна. Монголын тамирчдын тугчаар цанын төрөлд өрсөлдөх Д.Өсөхбаяр оролцоно. Харин цуврал тэмцээнд оролцож энэ наадмын гүйлтийн тэшүүрийн төрөлд өрсөлдөх спортын мастер А.Энх-Ариуны багш, дасгалжуулагчаар тэшүүрийн шигшээ багийн зөвлөх, МУГТ Л.Цэнд ажилласан. Тэрээр шавийгаа 6 жил тасралтгүй дасгалжуулж байгаа аж. Харин МУГТ Л.Цэнд өөрөө 164 онд Австрийн Инсбрук хотноо болсон өвлийн олимпийн наадамд Монгол улсын тугчаар оролцож байлаа. Энэ наадмын гүйлтийн тэшүүрийн төрөлд ч өөрөө оролцож байсан юм. Тэртээ 48 жилийн өмнө Монгол улс анх удаа олимпод оролцохдоо Инсбрукийн цас, мөсөн замд мөрөө татуулж байсан юм. Төв аймгийн Борнуур сумын харьяат Д.Өсөхбаяр нь спортын дэд мастер цолтой, сумынхаа сургуулийн 11-р ангид сурдаг, тав дахь жилдээ цанын спортоор хичээллэж байгаа юм. Түүний багш спортын мастер Д.Ичинхорлоо энэ сумын сургуулийн биеийн тамирын багш бол аймгийн цанын шигшээ багийн дасгалжуулагчийн албыг давхар хашдаг юм. 2010 оны улсын хошой аварга Д.Өсөхбаяр олимпийн наадамд оролцох эрхээ өнгөрсөн жил Эстонид болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авчээ. 15 настай А.Энх-Ариун нь нийслэлийн арван жилийн нэгдүгээр сургуулийн аравдугаар ангийн сурагч. Гавьяат тамирчин Л.Цэнд, Г.Болд, Д.Энхбаяр нарын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг юм. Австрийн Инсбрук хотноо болох өвлийн олимпийн анхдугаар наадамд 60 гаруй улсын 1050 тамирчин спортын 15 төрөлд 63 багц медалийн төлөө тэмцэлдэнэ. Инсбрук хот өмнө нь 1964, 1976 онд өвлийн олимпийн наадмыг зохион байгуулж байсан туршлагатай хот юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ