Боксчид Орхон аймгийг зорьжээ

img

МОБХ-ны үндэсний шигшээ багийн тамирчид өчигдөр орой Орхон аймгийг зорьсон байна. Тэд 10 хоногийн бэлтгэл хийгээд нийслэлд ирэх ажээ. МОБХ-ноос энэ сарын 30-наас 2-р сарын 04-ний өдрүүдэд боксын насанд хүрэгчдийн 2011 оны УАШТ-ийг зохион байгуулна. Энэ тэмцээнээс шалгарсан тамирчдыг 1, 2-р баг болгон хувааж Европын цуврал тэмцээн рүү илгээх гэнэ. Европын цуврал 6 тэмцээн байгаа аж. Тэгвэл манай ширэн бээлийтнүүдэд Европын 6 орноос энэ цувралуудын урилгаа иржээ. Одоогийн байдлаар олимпийн мөнгөн медальт, МУ-ын Хөдөлмөрийн баатар, МУГТ П.Сэрдамба, МУГТ У.Мөнх-Эрдэнэ нар өнгөрсөн оны 10-р сард болсон боксын ДАШТ-ээс Лондонг зорих эрхээ авсан. Харин бусад боксчдод 3-р сарын сүүлчээр 4-р сарын эхэн хүртэл Казахстаны Алматыд явагдах ААШТ хүлээж байна. Энэ тулаан бол Лондон-2012 олимпийн эрх авах сүүлчийн найдвар юм. Саяхан оны өмнө боксчид Казахстаны Алматыд очиж хамтарсан бэлтгэл сургуулилт хийж, хоёр ч тэмцээнд оролцоод ирсэн нь үр дүнгээ ААШТ-ээр өгнө гэдэгт МОБХ-ныхон найдаж байна. Тамирчид Азийн аваргын өмнө Казахстанд очиж бэлтгэл хийсэн нь тэмцээн болох оронтой танилцаж тэндэхийн тамирчдаас харилцан туршлага судлах, цаг агаар, уур амьсгалтай нь дасан зохицоход маш гол нөлөө үзүүлсэн гэж боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГД Д.Ганзориг ярьж байв. Олимпийн аварга, МУ-ын Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Бадар-Ууган ч бэртэл гэмтлийн дараа анхныхаа тэмцээнд оролцож алтан медаль хүртсэн нь их спортдоо эргэн ирсэнийг ард түмэн болон бусад өрсөлдөгч нартаа мэдрүүлсэн. Тэрээр формондоо ч оржээ. Харин түүний өмнө олимпийн эрх авах гол зорилго байна. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ