Ц.Нацагдоржийн уран бүтээлийг цувралаар тоглоно

img

 

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэслний 65 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хөгжмийн зохиолчийн шавь, хамтран зүтгэгч, гэр бүлийн хүмүүс хамтран уран бүтээлийн цуврал тоглолтыг толилуулахаар зэхэж байна. Дөрөвдүгээр сарын 2-9-ний өдөр Ц.Нацагдоржийн “Хөгжмийн өдрүүд” үргэлжлэх юм. Эл өдрийн хүрээнд

 

Дөрөвдүгээр сарын 2-нд Ч.Лодойдамбын зохиолоос сэдэвлэн, Д.Төрбат, Т.Зөнбилэг нар цомнолыг нь бичсэн “Тунгалаг тамир” мюзиклийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа тавих юм.

 

Дөрөвдүгээр сарын 4-нд Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид, удирдаач УГЗ Н.Буянбаатар нар Д.Баярбаатарын дэглэлт “Нүүдэл” бүжгэн жүжгийг толилуулна. Бүжгэн жүжгийг ҮДБЭЧ-ийн тайзнаа тоглох юм.

 

Дөрөвдүгээр сарын 5-нд Ц.Нацагдоржийн шавь нарын “Аялгуун мандал” хамтарсан тоглолт Улсын Филармонийн тайзнаа эгшиглэх аж. Түүнчлэн дараа өдөр нь Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд УГЗ Ч.Чинбатын удирдлагаар “Нутгийн чулуу” тоглолтыг ХБК-ийн концертын танхимд тоглоно. Тоглолтоор хөгжмийн зохиолчийн сургалтад зориулсан дан хөгжмийн бүтээлийг толилуулах аж.

 

Дөрөвдүгээр сарын 7-нд Д.Төрбат, Т.Зөнбилэг нарын цомнол, Ц.Нацагдоржийн хөгжмөөр бүтсэн “Гүн гэрийн гүнж” гурван бүлэг, таван үзэгдэлт түүхэн дуурийг УДБЭТ-ын уран бүтээлчид тоглох нь ээ.

 

Дөрөвдүгээр сарын 9-нд “Хувь тавилангийн симфони” хүндэтгэлийн тоглолтыг хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, хөгжмийн удирдаач шавь нар болон хамтран зүтгэгчид нь зохион байгуулах гэж байна. Ц.Нацагдоржийн талаар ангийн багш Цэрэндолгор нь “Богинохон наслахдаа бүхнийг бүтээхсэн гэж зорьж явсан болов уу. Би түүнийг бэлтгэн төгсгөсөн ч тэр надаас илүү олон шавьтай багш байсан. Тэр хэрээрээ Монголын урлагт барлашгүй мөрөө үлдээжээ” хэмээн дурсан ярьсан.

 

Ц.Нацагдорж нь 1970-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, “Үүлэн заяа”, “Өгөдэй хаан”, “Гэсэр,” “Гүн гэрийн гүнж” зэрэг дуурь, “Нүүдэл” бүжгэн жүжиг, “Хөдөөгийн сайхан” дөрвөн ангит чуулбар зэрэг нийтдээ 350 орчим бүтээлийг туурвижээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ