Т.Сэр-Од: Багшаасаа сурдаг багш явлаа

img

“Нацагдорж сан”-ийн санаачлагаар Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Хөгжмийн өдрүүд”-ийг гэр бүл, анд нөхөд, шавь нар нь хамтран зохион байгуулах гэж байна. УГЗ Т.Сэр-одтой хөгжмийн зохиолчийг дурсан цөөн хором хөөрөлдлөө.

 

-Та хөгжмийн зохиолчтой нэг өрөөнд суудаг байсан гэдэг байхаа?

 

-Багшийн сургуулийн хөгжмийн салбараас бидний дурсамж эхэлнэ. Сургуулийн хөгжмийн салбарын 30 жилийн ойгоор тааралдаж, танилцах боломж олдож байсан. Бага залуу насандаа тэр  хүнтэй танилцсандаа их баярлаж явдаг юм. Цаашлаад Дуурь бүжгийн эрдмийн театрын дарга байхад нь “Алтан намар” хөгжмийн наадамд оролцохдоо зөвлөгөө авч уулзаж байлаа. Магадгүй энэ нь хэзээ нэгэн цагт хамт байхын л бэлгэдэл байсан болов уу. Тэгээд 2008 оноос эхлэн амьдралынх нь сүүлийн цаг хугацааг хүртэл СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн, хөгжмийн онол зохиомжийн тэнхимд хоёулаа багшилдаг байлаа. Нэг өрөөнд суудаг жаргал зовлонгоо хуваалцдаг хамтран зүтгэгч байсан. Би багш нэртэй болов ч багшаасаа сурдаг багш явлаа.

 

-Нэг өрөөний хоёр гэхээр хөгжмийн зохиолчийг сайн мэдэх хүний нэг та биз?

-Маш олон сэдвээр Нацагдорж гэдэг хүний тухай ярилцах боломжтой. Багш, сурган хүмүүжүүлэгч, оюуны их манлайлагч соён гэгээрүүлэгч хүн байсан. Хүнийг тэгж нэрлэх нэг ондоо. Тэр нэр алдартаа таарсан хүн байна аа гэдэг өөр. Багш яг л алдар хүнддээ таарсан хүн байсан.  Бас хэдий тийм ч түмэн олны эгэл амьдралын хөтөч байсан. Гэрээсээ хол суугаа хүмүүст аав, ээж нь болж чаддаг. Аль ч насны хүнийг ялгалгүй найз нөхөр байж чаддаг тийм л хүн байсан даа.

 

-Адгаж загнуулж явсан үе бий юу?

- Хамт ажиллаж байхад хатуу ширүүн үг ч сонсоно, урам дэмийг ч авдаг байлаа. Гагцхүү тэр бүхнээс ухаарал олж авч, дараа нь бахархах зүйлтэй, яриад инээж хөөрөлдөх зүйлтэй үлдсэндээ өөрийгаа аз завшаантайд тооцож явна даа. Миний гарын багш Чинзориг хөгжмийн зохиолч. Багшийнхаа 60 насны ойг өнгөрсөн намар тэмдэглэн өнгөрүүлсэн. Тухайн үед багшийнхаа дурсамжыг бичих, номын ажил дээр би хариуцлага алдсан юм. Тэр үед Нацагаа багш надад их хатуу үг хэлж байсан. Надад тун хэрэгтэй үг хэлсэн дээ. Чи оролцох ёстой байтал эрхэм шавь нь байхгүй байлаа. Дааж авсан ажлаа чи цаг хугацаанд амжуулах ёстой байсан юм. Аливаа үүрэг хариуцлагад жижиг томын ялгаа байдаггүй. Нэг хүн л хариуцлага алдвал маш олон ажил эвдэрдэг юм гэж хэлж байсан. Энэ үгнээс хойш би их олон зүйлийг бодож явдаг болжээ.

 

-Та СУИС-д багшилдаг. Багшийнхаа захиж хэлснийг  шавь нартаа зааж байна уу?

-Тэгэлгүй яахав. Тэр хүний зөвлөгөө захиас, эрдэм номыг нь өвлөж явсан хүн дээ би. Маш хөдөлмөр ч, үлгэр жишээ хүн байсан шүү. Энэ мэргэжлийг өвөлж аваад, өдий зэрэгтэй явахад Нацагаагийн тэр зан нь ихэд нөлөөлсөн гэж боддог. Багш нарынхаа гавьяатай үйлийг түмэн олонд мөнхжүүлж үлдээх, шавь нартаа олон зүйлийг зааж сургахын төлөө, урлагийн салбартаа хүчин зүтгээд явж байна. Шавь нартаа ертөнцийг өөрийн өнгө будгаар харж, нээж илрүүлэхийг заана. Түүний өмнө нэг асуудал байна. Тэр нь хүн байх. Хүн байна гэдэг ерөнхий зүйл. Хүн гэдэг нэрнийхээ ерөнхий мөн чанар, утга агуулгыг хадгалж явж чадвал, орчин цагт хүнээрээ байна гэдэг асар том давуу тал гэдгийг юун түрүүнд ойлгуулахыг хичээх юм.

 

- Уулзсаных таны уран бүтээлийн талаар цөөн зүйл асууя. Шинэ бүтээл туурвих бодол байна уу?

-Би уран бүтээлийн ертөнц дунд явж л байна. Яг Сэр-Одын бүтээл гээд нэрлэх зүйл хийж завдахгүй л явна. Нацагдорж багш хамгийн сүүлд надад дуурийн уран бүтээлийн санал тавьсан. Миний хүү чи дуурь бич. Чамд дуурийн урлаг их ойр байна. Багш нь чиний зөвлөхөөр оролцоно гэж байсан боловч бүтээлээ дуусгаж чадалгүй багш минь бурхан болсон. Тиймээс багшийнхаа 65 насны ойд зориулан СГЗ Д.Төрбат, түүний хүү Т.Зөнбилэг нарын цомнолоор  “Шадар судар” гэдэг тэрхүү дуурийг дуусгахаар зорьж ажиллаж байна.

 

-Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран сайхны удирдаачаар ажиллаж байгаа. Хил дээр бүтээл туурвиж байна уу?

-Би Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн. Монгол, ОХУ-ын хилийн заагт төрсөн гэсэн үг. Хилийн застав нь сумын төвөөс 22-хон км-ын зайтай. Тухайн үед хил хамгаалах ерөнхий газраас зохион байгуулдаг бүлгэмд хүртэл ажиллаж байсан. Хилийн дархан байдал, эх оронч байх үзэл, хилийн зоон дээр гараад үүнээс цааш харийн хүний нутаг гэдгийг ч жаахнаасаа мэдэрсэн. Аав маань ч хил дээр алба хааж халагдаж ирээд хил хамгаалах нийгэмлэгт туслахаар ажилладаг байсан. Тиймээс надад энхийн хилтэй холбоотой дурсамж олон бий. Хил дээр бичсэн бүтээл гэвэл “Босго тотго” киноны хоёр дуу төрсөн. Өөрөөр бүтээл туурваагүй.

 

-Энэ байгууллагад хэзээнээс харьяалагдах болов?

-Гурван жил хэртэй болж байна. Миний үндсэн мэргэжил багш шүү дээ. Хар багаасаа багшилсан болохоор энэ ажлаа орхиж чадахгүй юм аа. Шавьтай байх гээд байгаа нь тэр юм байлгүй. Цаг заваараа СУИС-д багшлаад л явж байна.

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-30