Л.Сөрөлт: Би ёстой тэнэг байдалд орсон

img

Маргааш Олон улсын инээдмийн баярын өдөр тохионо. Эл өдрийг тохиолдуулан “Шинэ үе” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Л.Сөрөлттэй уулзаж, ярилцлаа.

 

-“Шинэ үе” продакшнаар, жүжигчин Сөрөлтөөр сонин юу байна?

 

-Хавар цаг болж байна. Бүх юм дэлгэрч, ургадаг сайхан цаг иржээ. Хавар зарим хүмүүст хайр авч ирээдз, заримд нь сайр, заримд нь синдром ч авчирч байх шиг байна/инээв.сур/.

 

-Танд юу авчрав?

-Надад уран бүтээлийн их ажил авч ирж байна. “Шинэ үе” продакшинд “Сенсаацитай хосууд” шоу тоглолтыг авчирлаа. Бид дөрөвдүгээр сарын 3-нд хаалтын тоглолтоо хийхээр өдөр бүр шаргуу ажиллаж байна. Ямартай ч үзсэн хүмүүс сэтгэл дүүрэн  гарч байна. Тийм учраас хавар цаг сайхан л эхэлж байна даа.

 

-Танай продакшин хоёр шинэ жүжигчин авчээ?

-Алтангэрэл манай продакшинд ороод хоёр жил болж байна. Батхүү саяхан орсон. Мэдээж “Шинэ үе” учраас шинэ уран бүтээлчдээр сэлбэгдэж явна гэсэн үг шүү дээ. Тэгээд ч шинэ залуу хүмүүс шинийг сэтгэнэ.

 

Туранхай бор хүү Хөвсгөлөөс ирж байлаа

 

-Жүжигчид инээдмийн баярыг баяр гэдэг утгаар нь тэмдэглэж өнгөрүүлдэг үү? Эсвэл хүн инээлгэх өдөр үү?

-Бусад уран бүтээлчид ямар бодолтой явдгийг мэдэхгүй юм. Миний хувьд бол баяр гэдэг утгаар нь ойлгож явдаг. Түүнээс би жүжигчин хүн болохоор инээдмийн баяраар хүн инээлгэх ёстой гэж боддоггүй. Баяр гэдэг утгаараа би ч өөрөө баярлах ёстой. Гэхдээ мэдээж тэр баярыг бусадтай хуваалцана гэхээр нэг ёсондоо хүн инээлгэх л болчих юм байна л даа.

 

-Яаж баярладаг вэ?

-Хамгийн гол нь хамт олон. Энэ хэдтэйгээ өдөр болгон л шахуу баяр хийдэг юм даа. Тал талаас ажил дээр цуглаад л байнга хөгжилтэй, инээдтэй байдаг. Тэгэхээр өдөр бүр шахуу л инээдмийн баяр хийж байна. Мөн  хошин урлагийнхан маань нэгдэж тоглодог. Энэ жил бас хандивын буяны үйлд зориулан тоглох гэж байгаа.

 

-Та “Шинэ үе” продакшинд ороод хэдэн жил болж байна вэ?

-Арван жил болж байна даа. Энэ хугацаанд сайхан, дундаж, муу болсон гээд янз янзын л дүрд тогложээ.

 

-Арван жил гэхээр хошин урлагийн дунд үеийн төлөөлөл болжээ?

-Тийм гэж үү/инээв.сур/. Сөрөлт гээд туранхай бор хүү Хөвсгөлөөс ирээд сургуулиа олохгүй төөрчих гээд байсныг бодоход одоо аж амьдралтай болсон байна. Үзэгчдийн дунд өөрийгөө чадах хэмжээнд таниулсан байна. Арван жилийн дотор жүжигчин мэргэжлээрээ ч бас багахан дууны уран бүтээлээр өөрийгөө тодорхой хэм хэмжээнд таниулжээ. Хамгийн сайхан нь эргээд харахад сайхан хамт олонтой болсон байна.

 

-Туранхай бор оюутны дурсамжаас асуумаар байна.

-Одоо би хүмүүст худлаа хэлдэг юм. Оюутан болж ирэхээсээ өмнө хотод зөндөө орж ирж байсан гэж/инээв.сур/. Үнэндээ бол  хотод орж ирж үзээгүй хүн байхгүй юу. Анх оюутан болж ирдэг жил СУИС-ийн дотуур байр оюутнуудаа хүлээж авах болоогүй байсан. Тэр болтол суух газар байхгүй Дарь-Эхэд байдаг аавын талын хамаатныдаа байдаг байлаа. Дээшээ эгц өгсөөд л нэг буудал дээр буугаад тэр айлдаа очно. Ерөөсөө тийм л баримжаатай. Тэр буудлыг өнгөрөх юм уу, тэр буудлаас өмнө яаанаа би өнгөрчихөж гэж бодох л юм бол тэгээд л харанхуй, юу ч мэдэхгүй. Анх байрандаа ороод өрөөний нэг ахаараа сургууль руу явах замаа заалгаж байсан юм. Арслантай гүүрний тэнд байдаг дотуур байрнаасаа гараад л багшийн дээдийн урдуур ороод ордны хажуугийн замаар хойшоо яваад сургууль орно. Тэр жимээсээ харин ч нэг хазайхгүй дээ/инээв.сур/. Яг явдгаараа л явна. Тэгэхгүй бол төөрчихнө. Тийм л хөгтэй оюутан байлаа даа.

 

-Төөрч байсан уу?

-Төөрөлгүй яахав. Нэг онигоо байдаг юм. Манай үеийн Баянхонгорын нэг оюутан Засгийн газрын хойд талд явж байснаа “Захиргааны хойд талд явж байна” гэж утсаар ярьсан гэдэг. Би ч тэгдэггүй л байсан л даа. Суманд чинь Захиргаа л гэж байна уу гэхээс Засгийн газар гэж байх биш. Одоо энэ үйлдвэрчний эвлэлийн соёлын төвийг бол клуб гэх нь холгүй л байлаа шүү дээ/инээв.сур/.

 

Эвгүй байдалд орохоор улайчихдаг юм

 

-Залуу насанд аль хөглөхийг тэр гэхэв. Хөгтэй дурсамжаа хуваалцаач?

-Би нээх тэгж хөгтэй явдалд орооцолдоод байдаггүй юмаа. Сонин, яагаад ч юм мэдэхгүй. Тэгэхээр өөрийгөө хийгүй гээд байгаа юм биш. Хөгтэй явдалтай тохиолдоно гэхээр өөрөө эвгүй байдалд ордог тийм л зүйл болдог болов уу гэж бодоод байна. Би эвгүй байдалд орохоороо улайчихдаг юм. Тэрийгээ би өөрөө мэднэ. Би улайцан байгаадаа гээд толинд харахад час улаан болчихсон байдаг. Бид нар саяхан Булганд бригадаар явж байгаад тоглолтын төгсгөлд тайзан дээр бүгдээрээ зогсоод дуулцгаалаа. Дуулж дуусаад бүгдээрээ гар, гараа цохиж байгаад би Бооёо ахтай  цохих гээд өөдөөс нь гараа сунгасан чинь Бооёо ах цаашаа өөр хүнтэй гараа цохиод, би ёстой тэнэг байдалд орсон /инээв.сур/. Тэр л ёстой банталт байхдаа.

 

-Энэмэтчилэн олон бантаж байв уу?

-Бүр багадаа бас нэг эвгүй байдалд орж байлаа. Манай ээж ургамал судлаач. Тэгээд “Ард давхар” гэдэг газар руу ургамал судална гээд би дагаад явсан юм. Бид хоёр морьтой явлаа. Би даага уначихсан, тэрийгээ сургах маягтай. Ээжтэй хамт ажилладаг ахынд очно гээд л давхиж явлаа. Тэднийх миний насны үеийн охидтой. Тэгсэн би  нөгөө даагатайгаа унаад, тод ягаан дээлтэйгээ шаварт уначихдаг байгаа. Тэгээд нөгөө айлдаа орох гэсэн чинь бас нэг эрийн хугархай гэсэндээ охидоос нь ичээд санаа зовоод болдоггүй. Тэгээд л ээжийнхээ гарнаас хөтлөөд орсон доо. Одоо бодоход хөгжилтэй л санагдаж байна. Ер нь ичмээр зүйл дараа нь хөгтэй болж санагддаг юм шиг байгаа юм.

 

-Тод ягаан дээл, даага гээд ярьсан чинь “Нутаг” жүжиг санаанд бууж байна. Таныг яг нэг тийм л хүү байсан болов уу гэж бодлоо.

-Би нээрээ яг л тийм хүүхэд байсан даа. Миний унаж явсан даага хул даага байсан. Харин би тэр жүжгэн дээр халиун даага унадаг. Нээрээ тийм юм байна шүү. Би тэр унаж явсан дааганыхаа сойлгыг унахдаа сугартал барьсан шүү дээ хөөрхий. Ер нь “Нутаг” жүжгийн тэр дүр надад их ойрхон байсан.

 

-Хавар хүн нутгаа их санадаг. Та “Хөвсгөл” далайгаа санаж байна уу?

-Санана. Хааяа Хөвсгөл далайгаа их тод зүүдэлнэ ээ. Тэгээд зүүдлэхээрээ нутаг орондоо цайныхаа дээжийг л өргөж явдаг юм. Саяхан бүр нэг их тод зүүдэллээ. Манайх Хөвсгөл нуурын эрэг дээр зуны байшинтай. Цаана нь өвлийн байшинтай юм. Би нутагтаа эхнэр хүүхэдтэйгээ оччихсон ээж, аавтайгаа бүгдээрээ зуны байшиндаа сууж байна. Тэгсэн гэнэт газар хөдлөөд л сүрхий юм болж байна аа. Гэнэт  Хөвсгөл далай байшингаас хэд дахин өндөр босоод ирлээ. Юу юугүй бидний дээрээс уначих гээд байна. Бид нар дотроо залбираад л байсан чинь хоёр, гурван цаг үргэлжилсний дараа цаашаагаа намуухан урсаж байна гэж зүүдэллээ. Зүүдэлж сэрээд ямар нэг зүйл болохоо байчихвий гээд л ээж, аавруугаа залгасан даа.

 

-Их санаж дээ. Сүүлд хэзээ нутагтаа очсон бэ?

-Өнгөрсөн хаврын өдийд би нутагтаа очсон. Эгийн голын хажуугаар явж байсан хэдэн адуу зогсож байна. Тэгсэн мөсний захад гүү унагалж байсан. Гүү унагалахыг харсандаа их олзуурхаж явдаг юм. Хийморьтой санагдсан шүү. Болж л өгвөл нутагтаа очмоор л санагдаж байна яг энэ цаг үед. Ажил ихтэй байгаа учраас завдахгүй л байна.

 

Түмэн-Өлзийтэй дуулах нэг дуу бий

 

-Тоглолтоо хийгээд амжлаа. Та дуучин болох хүсэл өвөрлөж  СУИС-ийн босгыг алхсан байх аа?

-Юуг нь нуух вэ үнэн. Би ерөөсөө  дуучин болно л гээд бат итгэчихсэн байсан. Тэгсэн араваа төгссөн жил Хөвсгөлд дуулаачийн ангийн хуваарь очоогүй. СУИС-ийн кино драмын ангийн хуваарь очсон. Ямартай ч СУИС-т л орж байвал болоо гэж боддог байсан учраас кино драмын ангийг сонгоод л орсондоо. Одоо алдсан юм алга. Ажлаа хийхийн хажуугаар дууны уран бүтээлд хүч үзээд явж л байна. Бурхан цаанаас нь зохицуулаад зурчихдаг бололтой/инээв.сур/.

 

-Цаашдаа дуулах уу?

-Уран бүтээл хийж байна. Түмэн-Өлзийтэй ч хамтарна, найзуудтагаа ч хамтрана. Одоогийн байдлаар надад эрэгтэй найзтайгаа дуулсан нэг дуу. Түмэн-Өлзийгөөс гадна өөр нэг эмэгтэй найзтайгаа дуулсан бас нэг дуу байна. Тэгээд Түмэн-Өлзийтэй дуулах бас нэг дуу бий. Ганцаараа дуулах бас нэг дуу байгаа/инээв.сур/.

 

-Бараг цомог гаргах нь ээ?

-Тийм шүү. Гэхдээ цомог гэж шунахаасаа илүү хүссэн зүйлээ л хийхийг зорьж явна. Олон дуу хийхэд цаг хугацаа, хөрөнгө санхүү юм юм хэрэгтэй.

 

Сумын дүр их ойрхон буудаг

 

-Эргээд жүжигчний хувьд хэдэн зүйл асууя. Хүмүүсийг илүү их инээлгэж чадсан дүр гэвэл?

 

-“Чоглог байна уу, Чоглог ш дээ” гээд Өвөрмонголын тэр дүр надад чамгүй амжилт авчирсан, олонд таниулсан гэж би боддог. Мөн “Нутаг” гэдэг жүжигт бүтээсэн тэр дүр миний хамгийн анхны дүр. Тайзан дээр ч тэр 2006 онд СУИС-ийг төгсөөд хамгийн анх тэр дүр дээр ажилласан. Анхных гэдэг утгаараа надад сайхан санагддаг.  Мэдэхгүй хүн бол энэ юу яриад байгаа юм бэ гэж бодох байхаа/инээв.сур/. Дүр болгон дээр л гоё зүйл үзүүлчих юмсан гэж толгой ажиллаж байдаг.

 

-Тэгвэл тоглоход амар нь аль дүр байв?

 

-Дэлхий сөнөх гэж байна гээд л манайхан нэг хэсэг шуугисан. Тэр сэдвээр хийсэн жүжгийн сумандаа ганц архи уудаггүй, эмэгтэйлэг залуугийн дүрд тоглоход их эвтэйхэн, амар байсан. Тэгээд бас “Шагнал” гээд нэг номер байдаг юм. Худалдаачин хүнд онц байлдагч шагнал өгөх зэрэг хаа хамаагүй шагнал тараадаг тэр номерт бас нэг сумын залуугийн дүр бүтээсэн. Ер нь надад сумын дүр их ойрхон буугаад байдаг юм.

 

-Өөрөө хөдөө өссөн болохоор тийм биз?

-Тийм шүү. Тэрнээс би “Бичил” хороолол ч юм уу Амгаланд төрж өссөн бол сумын дүр ойрхон байхгүй болов уу. Бага наснаасаа суманд өссөн болохоор тэнд байдаг хүмүүсийн зан ааш, хувцас хэрэглэл, амьдралыг хүртэл мэднэ. Ер нь уран бүтээлч, бизнес ч төдийгүй ямар ч ажлын салбарт цаг хугацаа чухал. Би 5-6 жилийн өмнө найз залууд, аавд тоглоход ямар байхав гэдгийг их бодох байсан. Одоо би өөрөө хоёр хүүхэдтэй эцэг хүний хувьд, эхнэртэйгээ маргалдах хүний дүрд хүртэл яаж хувирахаа мэддэг болчихоод байна. Заримдаа гэртээ эхнэртэйгээ ам зөрөхөөрөө дараа энийг санаж байгаад тайзан дээр үзүүлнэ гэх зэргээр бодно/инээв.сур/. Тэгэхээр цаг хугацаа, туулсан амьдрал гэдэг уран бүтээлч хүнд туршлага болдог юм байна гэдгийг ойлгоод байгаа.

 

Ярилцсанд баярлалаа. Сайн сайхныг хүсье.

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erka:
surult hulhdna shuu selnged toglolt hiihdee nomruud n garaagui hudlaa zarlal gargaj hulhdsan
2016-04-04
Зочин:
Evdreegui bnaa. Amjilt
2016-04-01
Зочин:
amjilt husie zaluu hun yahav uuriinhuu chadah yumaa hiigeed az jargaltai baival bolloo doo
2016-04-01
Зочин:
тэр. сум . мумаа . тоголлод . сумандаа. байж. байхгүй.
2016-04-01
Зочин:
Sain jvjigchin saihan ch duuldag tand amjilt hvsie
2016-03-31