2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн “Сод Монгол” компанийн захирал Ц.Анандбазарын “Ганц худаг”-аас бичсэн захидал нь эрх баригчид болон зальт этгээдүүд төрийн эрхийг хууль бусаар авдаг явдлыг илчилсэн гэдгээрээ өнөөдөр ч гэсэн үнэ цэнэтэй хэвээр байна.
Тэрбээр захидалдаа: “УИХ-ын сонгуульд шударга өрсөлдвөл ялагдана гэдгээ мэдсэн айдас хүйдэст Ардчилсан Нам, эрх мэдлийн төлөө хэнийг ч золиослож чадах нам нэгт Ж.Батсуурь, нутаг нэгт Я.Батсуурь нар зохион байгуулж намайг хилс хэрэгт гүтгэлээ” хэмээн өгүүлсэн байдаг.
Ц.Анандбазарыг УИХ-ын сонгуульд Дорноговь аймгаас нэр дэвших мандатаа авсан өдөр найман жилийн өмнө шалгаад хэрэгсэхгүй болсон асуудлаар нь АТГ-аас баривчилсан байдаг. УИХ-ын сонгууль дуусангуут “Таныг буруугүй гэдгийг шалгаж тогтоолоо” гээд суллажээ. Мөн 2008 онд УИХ-ын сонгуулийн өмнөхөн Д.Туяагийн талаар цуу үг тараан нэрийг нь татуулсан байдаг юм. Ийм түүхэн “уламжлалтай”, нам нэгт, нутаг нэгт нөхрөө тэвэрч байгаад “хутгалдаг” эртний заншилтай Дорноговь аймагт улс төр хэрхэн өрнөж байна бэ.
Хоёр хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хуульзүйн яамны сайд Д.Дорлигжав, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа тэргүүтэй албан тушаалтнууд Дорноговь аймагт шуугин очсон байна. Сайд дарга нар усны шувуу адил буцахад Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг тойрон хүрээлэгч нараа цуглуулан уулзалтын үр дүнгийн талаар ярилцжээ. Засаг дарга П.Ганхуяг “Ирэх сонгуулиас өмнө нэр дэвших магадлалтай Б.Дэлгэрсайханг цааш нь хийхээр Дорлигжав сайдтай яриад тохирчихлоо. Нэгэнт асуудал шийдэгдсэн учраас түүнээс айх явдалгүй сонгуульдаа орьё” гэж уриалсан сураг байна.
Энэ бол зүгээр ч нэг сул үг биш. Дорноговь аймгийн авто тээврийн төвийн дарга Гантулгын Чинбатын ярьсан яриа юм. Говь шигээ халуун сэтгэлтэй ард түмний төлөөлөл нэг нэгнийхээ араас “хутгалдаг”, нэгнээ сонгууль дуустал гүтгэн шоронд хийлгэдэг арга барилаар сонгогддог гэж үү. Ийм уламжлал, улс төрийн бохир технологи говь нутагт үргэлжилсэн хэвээр байх гэж үү. ЯахавАвто тээврийн төвийн дарга Г.Чинбат Хуульзүйн сайд Д.Дорлигжавын нэрээр барин онгирсон байж болно.
Үнэхээр Д.Дорлигжав сайд “Сонгуулиас өмнө Б.Дэлгэрсайханыг чинь шоронд хийгээд өгье” гэж Засаг дарга П.Ганхуягт амласан нь үнэн бол яах бэ. Талд тавьсан түймэр шиг “Сонгуулиас өмнө Б.Дэлгэрсайханг шоронд хийх нь” гэсэн яриа говь нутгийн улаан шороотой цуг хийсэж байна. Нөгөөтэйгүүр тойрогтоо нэр хүнд бүхий сөрөг хүчний горилогчдыг сонгуулиас өмнө хууль хяналтын байгууллагууд “агнаад” эхэлбэл яах бэ. Тиймээс Догшин хутагт Данзанравжаагийн “Сэрэмжид хором үгүй” гэсэн үгийг сануулахад ийм байна.
Дорноговь аймгийн Сайншанд сумын II багийн иргэн Товуудорж
Эх сурвалж: www.time.mn