Л.Энх-Амгалан: Нисванисийн тэнэгүүд л үүнийг чадна

img

Нисванис хамтлаг “Нис нис” төрсөн өдрийн тоглолтоо 20 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалантай ярилцлаа.

 

 

-Эмийн сан руу бол алхаж болно. “Гар хангалга” гэхээр хурц сонсогдож байна шүү?

-Би хувьдаа энэ цомгоо “Сэтгэл хөдлөнө” гэдэг дуугаар нэрлэнэ гэж бодож байсан юм. Тэгсэн манай продюссер, найз Робинзон “Сэтгэл хөдлөнө” гэхээр “Номинталст” хамтлагийн дуугаар нэрлэсэн шиг харагдахаар байна. Тийм болохоор “Гар хангалга” гэдэг дуугаараа нэрлэчих юм бол би ивээн тэтгэнэ гэсэн. Нууцгүй ярихад мөнгөний асуудлаас болоод л бид ийм юманд орооцолдчихлоо/инээв.сур/. Гэхдээ ингэж нэрлэсэндээ нэг их нэрэлхэхгүй байна. Яагаад гэхээр зөвхөн Нисванисийн тэнэгүүд л үүнийг чадна. Цомгийн бичлэгийн хугацаа бараг хоёр жилийн өмнө дууссан. Манай хамтлагийнхан жаахан хариуцлагагүй, менежмент муутай. Нэг мэдсэн хоёр жил студид дарчихаж. Тэгээд л хорин жилийн ойгоороо цомгоо нээж байна даа.

 

-Хүн гайхмаар нэр өгсөн байгаагаас харахад эсрэгээрээ менежмент сайтай юм биш үү?

-Манай хамтлаг анхнаасаа ярьж байсан. Бусад хамтлагаас өөр байна гэж. Хайр дурлал, аав, ээж дуулахаас илүүтэй бүх талаас нь харвал амьдрал өөрөө баян шүү дээ. Тэгэхээр амьдралыг олон өнцгөөс нь харж сонсогчиддоо сонирхолтой байлгах үүднээс содон сэдэв хөнддөг. Бидний хөндсөн сэдэв хүн бүхэнд таалагдах албагүй л дээ. Бид өөртөө л зориулан оюун санааны сахилгагүйтэл хийсээр ирсэндээ сэтгэл хангалуун байдаг юм. Бид сэтгэл хангалуун байвал сонсогчид ч адил байх болов уу гэж бодож байна.

 

-Цомгийнхоо нэрийг хэлэхдээ эмээж байгаа тань анзаарагдаж байна.

-Энэ бол мэдээж уран бүтээлч хүний зориг.

 

 

Хүний шүлгээр дуу хийх хэцүү

 

-Цомгийн яриаг ингээд орхиё.  Яруу найрагч, зураач нар танай хамтлагийн эргэн тойронд олон юм.

-Тийм шүү. Тухайлбал яруу найрагч Галсансүх миний дотны найз. Тэр бидний оюун санааны удирдагч гэж хэлж болно. Бусад олон сайхан зураач, зохиолч найзууд байдаг. Тэд манай хамтлаг урсгалаа тодорхойлоход маш их нөлөөлсөн гэж би боддог. Хамгийн гол нь тэр олон найз нараасаа сайн нөлөөллийг авч ажил болгож хэрэгжүүлж чадаж байгаа нь бидний бас нэг онцлог гэж хэлж болно.

 

-Галсансүх танай хамтлагийн менежер байсан гэдэг байхаа?

-Тийм ээ. 1996 онд байгуулагдахад модернист яруу найрагч Галсансүх бид хоёр хамтлагтаа ямар нэр өгөх талаар ярилцаж байгаад анх “Шимнус” гэдэг нэр өгье гэсэн юм. Тэгээд нэрлэчихээр арай пост панк урсгал руу орчих гээд байдаг. Тиймээс удаан ярилцаж байгаад пост гранат, альтернатив металл урсгалаар дуулахаар болж “Нисванис” гэж нэрлэсэн.

 

-Яагаад пост гранат урсгалыг сонгосон бэ?

-Тухайн үед “Харанга” хард рок, “Хурд” металл рок урсгалаар бүтээлээ туурвиж байсан. Бид тэднийг дуурайх юм бол хэзээ ч тэдний дээр гарахгүй гэдгээ ойлгосон. Тийм учраас бидэнд тэр урсгалаар уран бүтээл туурвих цонх харагдсан гэж хэлж болно. Энэ их зөв сонголт болсон.

 

-Та дууны шүлгээ өөрөө зохиодог уу?

-Анх хамтлаг байгуулагдахад би залуустайгаа нэг зүйлийг тохирсон. Тэр нь хамтлагийн дууны үгийг би хариуцна гэдэг үүрэг байлаа. Ингээд юу дуулахаа би өөрөө шийдэх болсон учраас өөрөө бичихээс аргагүй болсон. Ер нь тэгээд өөрөө зохиох нь дээр юм шиг санагддаг. Хүний шүлгэн дээр дуу хийх их хэцүү. Таалагдах ч юм, таалагдахгүй ч юм байна. Дээр нь манай хамтлагт зохих ч шүлэг, зохихгүй ч байдаг. Галсансүх, Эрдэнэсолонго хоёр найзын маань шүлгээс бүтсэн дуу манай хамтлагт байдаг. Өөр хүний шүлгээс бүтсэн дуу ховорхон доо.

 

 

-Танай хамтлагийн нэг тоглолт дээр таван хүн ирж байсан гэж сонсч байсан. Анхны тоглолт уу?

-Анх 1996 оны арваннэгдүгээр сарын 22, 23-нд Соёлын төв өргөөнд хоёр өдөр тоглолт хийж байлаа. Сүүлд “Варьете” чуулгын нээлтэд зарлаагүй тоглосон болохоор хүмүүс мэдээгүй л дээ. Хөшиг нээгдэхээс өмнө “Варьете” чуулгын дарга Донид гуай орж ирээд “За хүүхдүүдээ дөрөв, тавхан билет зарагдсан юм шиг байна, юу ч гэсэн цагтаа эхэл эхэл. Урлагийн хүмүүс хүний тоог голж болдоггүй юм” гээд биднийг тайзан дээр гаргаж байсан. Тухайн үедээ бид Эрдэнэтэд “Манай тоглолтыг тавхан хүн үзсэн” гээд ярилцлага өгч байсан юм. Энэ нь манай хамтлагийн хувьд мартагдашгүй сайхан дурсамжийн эхлэл байсан. Бидний тэр үед бэлтгэл хийдэг байсан өрөө одоо манай “Эмийн сан руу алхсан нь” дууны клипэнд гардаг юм.

 

-“Эмийн сан руу алхсан нь” дуунаас эхлээд танай хамтлагт содон үгтэй дуу олон доо. Шүүмжлэл их ирнэ биз?

-Анхлан юу гээчийн дуу вэ, ийм хамтлаг гэж байдаг аа гээд л олон шүүмжлэл ирдэг байсан. Мэдээж энэ бол ирэх л ёстой дайралт. Нийгэм бидний эсрэг байсан ч нөгөө талаас бид зөв юм хийж байгаа гэдэгтээ бат итгэлтэй байсан. Тэр үед манай аав, ээж хоёр Эрдэнэтэд амьдардаг байсан. Тэр хоёр минь багшийн сургуулиа төгссөн, төгөлдөр хуурын багш мэргэжилтэй хүүгээ гэв гэнэтхэн тэс өөр зүйл хийгээд унасан чинь “Болиоч ээ” гэж их загнасан, гайхсан. Би СУИС-ийн найрал дуучны ангид сурч байгаад гэнэт л рок болохоор шийдсэн хүн шүү дээ.

 

-Жишээ нь “Сургууль нураасай” гэдэг дууг анх олонд хүргэхэд ямар шүүмж ирж байв?

-Тухайн үед шар хэвлэл хүчээ авч байсан. Буруу ташаа ойлголт өгөх зэргээр өчнөөн шүүмж ирж байлаа. Гэхдээ бидний хувьд тэр дуугаар сургуулийг нураасай гэж уриалаагүй. Тухайн үеийн оюутны нэг өдрийн амьдралаар Монголын боловсролын тогтолцоог шүүмжилж байсан юм. Ер нь тухайн үед “Камертон” хамтлаг хүчээ авч, хамтлагийн гишүүд охидын шүтээн болж байсан үе. Харин биднийг урт үстэй, царай муутай гэж доромжлох маягтай ярьдаг байлаа шүү дээ/инээв.сур/.

 

-Шүүмжлэх нэгэн байхад сайшаах хүн байсан л байх?

-Байлгүй яахав. Биднийг сайхан хүлээж авдаг байсан. Нэг удаа тоглолт хийж байсан чинь тайзнаас намайг татаж унагааж байлаа. Тухайн тоглолтон дээр би нэг клубын үнэтэй улаан гитарыг түр зээлж хэрэглэж байсан юм. Тоглолт эд дундаа өрнөж байтал нэг залуу ирээд намайг тэвэрсэн юм. Тэгсэн цаанаас нь өнөө залууг хамгаалагч нар ирээд угз татсан чинь залуу намайг тавьж чадахгүй давхар татагдаад. Тэгээд унахгүй яахав. Тайзнаас унахдаа гитараа өндөрт өргөөд унаж байлаа. Яагаад гэвэл тухайн үед тэр гитар надаас үнэтэй байсан юм. Манай хамтлагийнхан чамайг гэнэт алга болчихоор чинь гайхаад, тэгсэн гэнэт доороос гараад ирсэн гэж ярьдаг юм. Энэмэтчилэн хөгжилтэй зүйл зөндөө л дөө.

 

-Урт үстэй гэснээс рок хамтлагийнхан үсээ урт ургуулдаг нь ямар учиртай юм бол?

-Имиж л юм даа. Миний хувьд олон талын ашигтай. Нэгдүгээрт, сүрийг үзүүлнэ. Хоёрдугаарт, би жаахан ичимхий учраас нүүрнийхээ урдуур үсээ унжуулчихаад гитараа тоглож, дуулахаар амар байдаг юм/инээв.сур/. Хүний ичиж байгаа байдал нүүрэн дээр илэрхийлэгддэг учраас үсээрээ далдлахаар сандрахгүй, тэвдэхгүй. Энэ гэхдээ нууц шүү/инээв.сур/.

 

 

Рок бол цэвэр эрч хүч

 

Магтаал, шүүмжлэл дунд хэдийнэ хорин жилийг өнгөрөөжээ.

-1996 оны дөрөвдүгээр сарын 9-ний 15.00 цагт бид “Соёл-Эрдэнэ” хамтлагтай гэрээ хийгээд анхны бэлтгэлдээ орж байсан. Тэр өдөр мягмар гариг байсныг өнөөдөр мэт тодхон санаж байна. Тэгэхдээ бид “Хүчилтөрөгч”, “Би тамхиа татаад дуусч байна”, “Эсрэг утгаар нь”, “Бадарчин”, “Үл таних охин” гэх мэтийн зургаан дуу зохиосон байсан. Тэнд нэг сарын бэлтгэл хийгээд Соёл-Эрдэнэ хамтлагийн гитарчин Даймаа ах бидний анхны бичлэгийг хийж өгч байлаа. Саяхан мэт санагдаж байна.

 

-Та түрүүн хамтлагийн гишүүдээ танилцуулсан. Гишүүд байнга солигдож байдаг уу?

-Хамтлагийн гишүүдээс басс гитарчин Д.Дарханбат бид хоёр бууриа сахиж үлдсэн. Соло гитарчин Хосоо, бөмбөрчин Анар хоёр маань ороод зургаа, долоон жил болж байна. Энэ шинэ бүрэлдэхүүнээрээ гаргаж байгаа цомог бол “Гар хангалга”. Манай хэд их даруухан дээр нь манай хамтлагт анхнаасаа нэг тэнэг үг гарчихсан юм. Юм болохоор л Амгаа чи яриа өгчих, чи хэлчих гэсээр байгаад би ч сүүлдээ түүндээ дасаад би л ярьдаг би л хэлдэг болчихсон. Тийм учраас манай хэдийг хүмүүс тэр бүр таньдаггүй талтай. Хамгаалагч сайтай багийн довтлогч зоригтой байх ёстой гэсэн хөлбөмбөгийн уриа шиг юм манай хамтлагт байдаг юм. Тэгэхээр би ухаандаа довтлогч. Балрах юм бол манайхан намайг хамгаалчихна гэсэн ийм л бодолтой явна. Энэ хэд минь тоглохдоо маш чадварлаг мөртлөө даанч даруухан залуус.

 

-Хүнээр яривал “Нисванис” 20 нас хүрлээ. Хэзээ насанд хүрсэн гэж үзэж болох вэ?

-1999 онд “Хүчилтөрөгч” нэртэй анхны СD гараад л бид насанд хүрсэн гэж хэлж болно. Үүний дараагаас л хамтлаг шиг хамтлаг болсон гэж би боддог.

 

-Рок хөгжмийг хамгийн товчоор тодорхойлбол?

-Цэвэр эрч хүч.

 

-Монголд рок урсгал хөгжиж байна гэвэл та аль хамтлаг хөгжүүлж байна гэж үзэх вэ?

-Сүүлийн үеийн шинэ хамтлагуудын чанар сайжирсан. Гэхдээ сэтгэл дундуур байдаг нэг зүйл бий. Монгол, гадаад нь мэдэгдэхгүй маяглаж дуулдаг нь ерөөсөө таалагддаггүй. Бусад талаараа бол болж байгаа. Олон стиль жанрын хамтлаг төрж байгаа нь Монголын амьд хөгжмийн шат шатаар хөгжиж байгаагийн илрэл мөн биз дээ. Одоо “Lego” хамтлаг гайгүй байна. Би өөрөө дуу хуур, хөгжим зохиодог хүний хувьд болж өгвөл олон төрлийн урлагийн бүтээлийг сонсох шаардлага гардаг. Гэхдээ бас хэт бусдын бүтээлийг сонсож болохгүй. Яагаад гэвэл түүндээ автаад яг тэр төрлийн л уран бүтээл хийх гээд байдаг тийм хэв маягт баригдчих вий гэж би болгоомжилдог.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Saihan yriltslaga ba amjilt
2016-04-06
зочин:
садар... ёс бус зүйлийг сурталчилж байна. залуу өсөж буй хүүхдүүдэд муу нөлөөтэй. нэрээ солихыг шаардах хэрэгтэй.....
2016-04-05
Зочин:
Телевизэр цуврал нэвтрүүлэг хөтлөх нь залууст болоод үзэгчидэд их ойр байсан .Ахиад тийм нэвтрүүлэг хийгээрэй.ЭНЭ нь хөдөө орон нутгийн ,,алс бөглүү аймаг сумын залуус хөгшдөд соёл түгээж бгаа л гэсэн үг
2016-04-05
kk:
гоё ярилцлага байна
2016-04-05