Б.Ганзориг: Уушгины хавдар удамшлын өвчин биш

Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Б.Ганзоригтой ярилцлаа.
-Уушгины хавдар юунаас үүсч байна вэ?
-Уушгины хавдар сүүлийн үеийн статистикийн тоо баримтаар тогтвортой байна. Өнөөдөр манайд уушгины хавдар элэг, ходоодны дараа гуравдугаарт орж байна. Харин өндөр хөгжилтэй хойд Америк, баруун европ, Азийн орнуудад уушгины хавдраар эрэгтэй хүмүүс тэргүүлдэг, хамгийн их өвчилж, нас бардаг.
-Яагаад эрэгтэй хүмүүс их өвчлөөд байна?
-Уушгины хавдрыг үүсгэж байгаа үндсэн дөрвөн шалтгаан байна. Нэгдүгээрт, тамхи. Эрэгтэйчүүд тамхи их татаж байна. Монгол оронд нийт эрэгтэй хүний 50, эмэгтэй хүний 10 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Хоёр дахь шалтгаан нь агаарын бохирдол. Гуравдугаарт, уушгины архаг үрэвслийн болон харшлын бусад гаралтай архаг өвчин дээр суурилж үүсдэг, бие даасан шалтгаан болдог. Дөрөвдүгээрт, зарим онцлог мэргэжил байна. Тухайлбал, уул уурхай, барилга, замын цагдаа гэх мэт мэргэжлийн хүмүүс шороо тоос, машины утаанд байнга ажилладаг болохоор энэ өвчнөөр өвдөх эрсдэл ихтэй уушгины хавдар үүсдэг. Энэ салбаруудад ихэнхдээ эрчүүд ажилладаг.
-Өвчилсөн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Ер нь бүх хорт хавдар бүдэг шинж тэмдэгтэй байдаг. Ямар нэг зовиур шаналгаа илрэхгүйгээр удаан явдаг. Шинж тэмдэг илрэх үед хожуу шатандаа орсон байдаг. Уушгины хавдар амьсгалын замын өвчний үед илэрдэг нийтлэг шинж тэмдгүүд илэрдэг. Тухайлбал, ханиалгаж цустай цэр гарч, цээжээр өвдөнө, амьсгаадна, үрэвсэл хавсарсан бол халуурна. Харамсалтай нь ийм шинж тэмдэг илрэх үед хавдрын хэмжээ томорсон, газар авч эцсийн шатандаа орсон байдаг.
Монгол Улсад анх оношлогдож байгаа уушгины хавдрыг үе шатаар нь авч үзвэл 70 хувь нь хожуу буюу III, IV үедээ ирдэг. Уушги гэлтгүй хорт хавдрыг явцаас нь хамаараад дөрвөн үе шат болгодог. I, II үе харьцангуй гайгүй, хавдрын хэмжээ жижиг, тархаагүй, эмчлэх боломжтой. Харин III, IV үе бол хожуу шат. Эмчилгээний үр дүн муутай болсон гэж үздэг. Энэ хүмүүсийн ихэнх нь тухайн жилдээ нас бардаг. Тиймээс эрт үедээ оношлуулах хэрэгтэй.
-Уушгины хавдрыг яаж илрүүлдэг вэ. Рентген зурагнаас мэдэж болох уу?
-Энгийн рентген зурагаас илрүүлнэ. Тэгэхээр эрсдэлт бүлгийн хүмүүсийг жил бүр эрт илрүүлэх үзлэгт хамруулах хэрэгтэй. Эрсдэлт бүлэгт тамхи татдаг, утаа, бохир агаарт амьдарч байгаа, тодорхой мэргэжлийн, уушгины архаг өвчтэй хүмүүс орно. Хувь хүн өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавихаас эхлээд эмнэлгийн байгууллагууд ч оролцох ёстой. Тэр хүмүүсээ бүртгэж, судлах, араас нь хөөцөлдөх ёстой. Тэр тусмаа төр засаг ч оролцож, энэ ажлыг зохион байгуулах, мөнгө санхүү, байр сав, оношлогооны багаж, тоног төхөөрөмжөөр хангах ёстой. Эрүүл мэндийн боловсрол гэхэд эмч нар гудамжинд гараад хашгираад байж болохгүй. Хэвлэл мэдээллээр дамжуулаад иргэдэд эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлыг хийх ёстой.
-Хавдартай тохиолдолд ямар шинжилгээг хаана өгөх вэ?
-Өрхийн эмч үзээд уушгинд нь хорт хавдрын сэжиг илэрвэл гуравдугаар шатлалын эмнэлэгт ирж шинжилгээ өгнө. Уушгины хавдрыг илрүүлж үе шат тогтоодог шинжилгээ байдаг. Үүнд уушгийг дурандах, цээжний компьютер томографийн шинжилгээ, шингэнээс болон эдээс хатгалт хийж нотолдог аргууд бий. Мөн цэр, хэт авиагаар бүх эрхтэн системийг шалгана. Бусад дагавар шинжилгээг төв дээр хийж оношлож, тогтооно, эмчилгээ хийнэ. Одоогоос 15 жилийн өмнө рентген зураг хараад энэ ямар хавдар вэ, хагалгаа хийж болох уу, үгүй юү гэдгийг шийддэг байсан бол одоо бүр нарийвчлаад тодосгогч бодистой компьютер томографийн шинжилгээгээр шийддэг болсон.
-Заавал мэс засал хийлгэх шаардлагатай юу?
-Хортой хавдарт хийдэг өвөрмөц эмчилгээ гэж байдаг. Үүнд мэс засал, туяа шарлага, химийн эмчилгээ орно. Энэ эмчилгээг бид хавдрын хэмжээ, үе шат, тухайн хүний биеийн байдлаас нь хамааруулж байгаад ямар эмчилгээ хийхээ сонгодог. Ер нь хавдрыг эрт илрүүлж авах нь илүү үр дүнтэй. Авч чадахгүй байна гэдэг цаанаа асуудалтай байна гэсэн үг. Туяа шарлага, химийн эмчилгээ хийгээд сайн үр дүн гарсан тохиолдол бий. Цогц эмчилгээ гэж ойлгож болно.
-Хавдар удамшдаг болов уу?
-Хорт хавдар удамшлын өвчин биш. Гэхдээ удамших хандлага байдаг. Нэг хорт хавдраар өвдлөө гэхэд тэр хүний хүүхэд нь ч юм уу, эсвэл ах дүү, дараагийн үр ач нарын үед бусад хорт хавдаргүй айлыг бодоход хавдраар өвчлөх магадлалтай. Гэхдээ заавал өвдөнө гэсэн үг биш. Удамшлын өвчин тодорхой шүү дээ. Яг энэ үед нь ийм юм гарна гэж мэддэг. Тодорхой хэмжээний байрлалын генүүд мутаци буюу эвдрэл, гэмтэлд орсон байдаг. Тэр нь дамжаад хавдар үүсгээд байна гэсэн судалгаа бий.
-Хүмүүсийн уушги устсан байна гэж их ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Уушги устана гэдэг уушгинд ус ороод байгаа юм биш. Цээжний хөндий шингэнээр дүүрээд уушгиа дараад байгаа юм. Шингэн үүсдэг олон шалтгаан бий. Зөвхөн хавдар гэлтгүй сүрьеэ, хатгалгааны үед үүсч болно. Өөр бүх хөндийнүүд шингэнээр дүүрдэг өвчин ч гэж байдаг. Үүний нэг нь хавдрын гаралтай цээжний шингэн үүсэх шалтгаан байна. Энийг хорт хавдартай холбож ойлговол нэгэнт хавдрын гаралтай цээжний хөндийд ус үүсч байгаа бол хожуу шатандаа орж байна гэсэн үг. Шалтгаан нь тогтоогдоогүй цээжний хөндийд ус үүсч байгаа бол юуных вэ гэдгийг нь заавал тогтоох шаардлагатай. Үүнийг тогтоодог аргууд байна.
-Насны хувьд ямар байна вэ?
-Хорт хавдар нас ахих тусам өвдөх магадлалтай болдог. Дэлхийд болон Монголд хийж байгаа судалгаагаар 60-аас дээш насны хүмүүс их өвдөж байна. Би сүүлийн 10 жилийн уушгины хавдрын өвчлөл, нас баралтын талаар судалгаа хийж байгаа. Утаа эхлээд 10 жил болж байгаа шүү дээ. Ирэх намар гэхэд судалгаагаа бэлэн болгоно.
Р.ОЮУН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ