Тосон Бумбын хамгаалалт Т.Лхагвасүмбэрэлийн дурсгалд зориулагдах болно

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.  Хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай төслийг хэлэлцэж байна.

 

Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийг нэр бүхий 9 гишүүн санаачлан боловсруулсан юм.  Дээрхи газрыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулсанаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 896 527,44 га-р буюу  Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь 0.4 хувиар нэмэгдэх аж.

 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нуруу нь аймгийн төв Даланзадгад хотоос баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн  хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог.

 

Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн  нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын үзэж буйгаар энэ нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний онцгой амьдрах орчин болж буйгаараа чухал ач холбогдолтой юм.

 

Тост, Тосонбумбын нурууг хамгаалалтад авах бас нэгэн үндэслэл нь байршил нутгийн хувьд бага хэмжээтэй хамгаалагдаж буй ховор, ховордсон төрөл, зүйл болох цоохор ирвэсийг хамгаалах, судлах, идэш тэжээлийн холбоотой бусад амьтдыг хамгаалах, судлах, тогтвортой өсгөх, тархац нутаг, амьдрах орчныг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.  Цоохор ирвэс  нь байгаль хамгааллын хувьд олон нийтийн анхаарлыг татсан, экосистемийн шүхэр зүйлийн нэг гэдгийг Дэлхий дахинаар хүлээн зөвшөөрдөг.  Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд Цоохор ирвэс тоо толгойн хувьд  хамгийн өндөр  нягтшилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг тул энэхүү нэн ховор чухал амьтны генийн санг хадгалах, хэвийн тогтвортой идээшин амьдрах нөхцлийг хангахад чухал ач холбогдолтой аж.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав. БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “Засгийн газар нэгдмэл байр суурьтай байгаа. Нийгэм, эдийн засгийн олон салбарыг Засгийн газар ярьдаг. Салбарын сайдын хувьд тусгай хамгаалалтай газар нутгийг өргөтгөх асуудлыг дэмжиж байгаа” гэсэн байр сууриа илэрхийллээ. Гишүүн Су.Батболд “Засгийн газар ямар бодлого барьж байна вэ? Хэн дуртай гишүүн нь төсөл санаачлаад тусгай хамгаалалтад авч болдог юм уу. Төр, засгийн бодлого хаана явна вэ? Монгол улсын газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах ёстой гэдгийг би дэмждэг” гэлээ.

 

УИХ-ын гишүүн С.Оюун “УИХ-ын хууль  тогтоолыг гишүүд ч, Засгийн газар ч санаачилж болдог.  Энэ төслийг бид сайн ярилцсан” хэмээсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Лиценз олголтын ихэнх нь 2002-2012 оны хооронд олгосон байна лээ.  Энэ хуулийг хурдан батлаад явах хэрэгтэй. Гурван тэс сумын ан амьтад нь уул руугаа гарсан, малчид нь амьдрахад хүнд болсон. Энэ шийдвэр, тогтоол бол геологичТ.Лхагвасүмбэрэл гэдэг хүүгийн гэгээнд дурсгалд зориулсан байх болно гэж үзэж болно. Хүний амь үрэгдэж байж шийдвэр гаргана гэж болохгүй” гэсэн байр суурьтай байлаа.  

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Координатыг нь тогтоож өгөх хэрэгтэй. Энэ бол бидний хамгаалж өгөх ёстой газар нутаг юм билээ. Эмэгтэйчүүдийг асуудалд зарчмаар хандах болов уу гэж боддог. Гэхдээ хожуу зарчимтай болж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Засгийн газраас яагаад санал авсангүй вэ? Лиценз олгочихоод буцаагаад татаад авахаар төрийн бодлого алдагдаж, гадаадын хөрөнгө оруулагчид зугатах юм биш үү.

 

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг:

-Сүүлийн жилүүдэд судалгааны ажлыг нэлээн  сайн хийсэн. Одоогийн тусгай хамгаалалтын газар нутгийг нэмж 4 газрыг хамруулахаар болж байгаа. Эко системийн хувьд аль нь ач холбогдолтой байх вэ гэдгийг харгалзсан. Мөн Хөвсгөлийн Ханх зэрэг зарим нутгийг тусгай хамгаалалттай дэглэмээс гаргахаар ярьж байгаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:

-Хохирол харьцангуй хоёр талтай яригдана. Гишүүд хөрөнгө оруулагч тал руугаа яриад байна. Гэтэл тэнд очсон хөрөнгө оруулагч лицензээ зарахаас өөр аргагүй байдалд хүрсэн байгаа. Усны хомсдлоос үүссэн зардал ихсэнэ.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-УИХ-аас нэг дор хоёр ижил тогтоол гаргаж болохгүй. Өргөдлийн байнгын хорооны Засгийн газарт өгсөн шийдвэрээ хүчингүй болгоорой. Өнөөдөр нүүрс зарагдахгүй байгаа учраас, компаниуд ашиггүй байгаа учраас өөрсдийнхөө төлбөрийг нөхчих вий. Тэнд зөвхөн нүүрс л бий. Судалгаатай байх хэрэгтэй. З.Энхболд намынхандаа үйлчилж байгаа юм шиг заримыг нь 4 жил магтаж, заримыг нь ялгаварладаг болих хэрэгтэй. Тос  тосон бумбын талаар ярихаас гадна тэнд байгаль хамгаалагч байсан Сүмбээ гэж байгаль хамгаалагч хүүгийн талаар ярих хэрэгтэй. Хэлбэрийн төдий хэрэгжихгүй тогтоол гаргахаа болих хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:

-Төрөөс тусгай зөвшөөрөл өгчихөөд дараа нь ямар ч хэлбэрээр хүчингүй болгосон Олон улсын рабитрын шүүх дээр очиж унах нь тодорхой юм билээ. “Хан ресурс”-ын тусгай төлбөрийг хүчингүй болгочихоод 70 сая-ын өрөнд орсон. Координатын асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Засгийн газар УИХ-аас олгосон төсөв, мөнгөний хэмжээнд шийдвэрээ гаргадаг.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Хуулиа зөрчсөн тогтоол өргөн бариад оруулж ирсэн гэдэгтэй санал нэг байгаа. Засгийн газрын тогтоолоор тусгай хамгаалалтад авах газар нутгийг оруулж ирэхээр бэлтгэгдсэн байна. Засгийн ажлын хажуугаар УИХ-ын гишүүд гүйгээд байх шаардлагагүй.  БОНХАЖЯ үүн дээр тэргүүлэх чиглэлтэй санаачлагатай явах ёстой. Гэвч тэгж ажиллаж чадсангүй.

 

Ийнхүү Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай төслийг гишүүдийн 91.2 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжив.

 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
НААД НУРУУНД ЧИН ЭРХ МЭДЭЛТЭЙ АЛУУРЧАН НАР НУУГДААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ОДОО ИХ ХУРАЛ ДЭЭР ЭНЭ АСУУДАЛ ХЭЛЦХЭД ХЭН ХЭН БАЙГАА НЬ ХАРАГДАНА ДАА
2016-04-07
Аан?:
З.Батсүмбэрэл гэж хэн билээ?
2016-04-07