Д.Хурцаа: Нууц тогтоол гаргаж 240 шонхор гадаадад зарсан

“Монголын мэргэжлийн анчдын холбоо”-ны тэргүүн Д.Хурцаа нарын хүмүүс Шинэчлэлийн Засгийн газар нууцаар хууль гаргаж 240 шонхор хил давуулсан тухай мэдээлсэн. Энэ талаар Д.Хурцаагаас тодрууллаа.
-Нууцаар гаргасан гээд байгаа тогтоолын тухайд тодруулна уу?
-Нууцаар гаргасан гэж бид бодож байна. Гэхдээ бидний гар дээр хууль нь алга. Угаасаа нууц юм чинь аль нэг яам тамгын газар нь бидэнд өгөхгүй нь ойлгомжтой. Албан бусаар авсан мэдээлэл байна. Тэр нь юу вэ гэхээр БОНХАЖЯ, ССАЖЯ-ны хамтын санаачилгаар 2012 оны аравдугаар сард шонхор шувууг Монгол Улсын Үндэсний бахархалт шувуу болгох Засгийн газрын 101 тоот тогтоол гарсан байдаг. Үүнээс гурван сарын дараа гаргасан тогтоолоор Соёл шинжлэх ухааны зориулалтаар гаргаж болох ч арилжааны зориулалтаар гаргаж болохгүй гэдэг заалт оруулсан байгаа юм. Соёл шинжлэх ухааны зориулалтаар ихдээ л 3-5 шонхор гаргах боломжтой. Гэтэл 30-40-оор нь гаргаж байгаад Оюунхорол сайд болсноосоо хойш нэг том маргаан явагдаж улмаар 100-аар нь гаргая гэж Засгийн газарт асуудал оруулсан ч Гадаад хэргийн сайд С.Пүрэвсүрэн эсэргүүцсэнээр зогссон. Дараа нь тавдугаар сарын байнгын хорооны хурал дээр дахин асуудал яригдсан юм. Тэр хурал дээр би очиж, бид ингэж тохирсон. Арилжааны хэлбэрээр гаргахдаа нэг шонхорыг 20 мянган доллараар зарж борлуулаад улсад ашиг оруул гэдэг саналыг байнгын хорооныхон зөвшөөрсөн, тохирсон. Улмаар ингэж тохирчихоод бидэнд хэлэлгүй нууц тогтоол гаргаад 240 орчим шонхорыг гаргах зөвшөөрөл олгосон байгаа юм. 240 орчим шонхорыг гаргахад нэг шонхороос 11 мянга 760 доллар улсад авч үлдэх ёстой. Гэтэл нэг шонхороос 3 мянган доллар буюу 6 сая төгрөг улсын төсвөт оруулаад бусдыг нь идчихсэн, 5.4 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан байна. Үүнийг Жастин Капла гэх нөхөр л шонхорыг авч, зараад байгаа юм шиг олон нийтэд ойлгуулсан. Гэвч цаана нь нөгөө эрхмүүд, Батлан хамгаалах яам гээд олон байгууллага оролцсон байгаа. Үүнийг бид Монголын бахархалыг уландаа гишгэсэн бусармаг үйлдэл гэж бодож байна.
-240 шонхор гаргасан гэдэг мэдээллийг та хаанаас авсан бэ?
-Мэргэжлийн хяналтын газраас амьтныг хилээр гаргахдаа үзлэг шинжилгээ хийгээд эрүүл гэсэн оношлогоо гаргаж байж хил давуулдаг. Тэр оношлогоо бүхий хуудасны тоогоор ийм баримжаа мэдээлэлтэй болсон. 187-197 шонхор гарсан гэсэн албан баримт байгаа гэж тэд хэлж байна. Шонхор шувуу чинь уг нь Цайзын конвенцид орчихсон шувуу.
-Цайзын конвенци гэдгийг тодруулахгүй юу?
-Олон улс хоорондын хилээр ховор болон нэн ховор амьтныг худалдаалах тухай эрх бүхий байгууллага гэж хэлж болно. Ховор амьтныг хил давуулахад заавал цайзын конвенцын шаардлагыг хангасан бичгээр гаргадаг. Энэ бичгийг манай БОНХАЖ-ын яаман дээр газрын дарга нар нь гаргадаг. Асуудал юунд байна вэ гэхээр Засгийн газарт мөнгө, санхүүгийн төлөлт дутуу төлөлттэй байгаа тохиолдолд цайзын конвенцоос хил давуулах, олон улсад гаргах зөвшөөрөл олгодоггүй байхгүй юу. Улсад 11 мянган доллараа төлөх ёстой байтал 6-хан сая буюу 300 мянган доллар төлчихөөд гаргаад байгаа юм. Ийм дутуу төлөлттэй байхад цайзын конвенци зөвшөөрөл өгч гаргахын оронд зөрчлийг нь арилгах ёстой. Тэгэхээр энэ конвенцод ажилладаг, зөвшөөрөл олгодог хүмүүс ч нөгөө улсад төлөөгүй 7 мянга орчим долларыг хуваалцдаг л байж таарах гээд байна.
-Та яагаад Засгийн газрыг буруутгаж буйгаа тайлбарлахгүй юу?
-Үндэсний бахархалт шувуу гэхээр хүн бүхэн тайвширдаг. Гэтэл гаргасан тогтоолдоо эдлэг шонхор гэж бичээгүй байна. Зөвхөн шонхор гэдэг нийтлэг нэрээр нь тусгасан байгаа юм. Гэтэл Монголчууд бид чинь цагаан шонхорыг шүтэж ирсэн түүхтэй шүү дээ. Тэгэхээр уулиа гаргаж, үндэсний бахархалт шувуу гэж өргөмжилж байхдаа л идэж уух асуудлаа зохицуулж байсан байгаа юм. Засгийн газар иддэг, уудаг асуудал байсан юмаа. Одоо бүр арай хэтэрлээ. Эдлэг шонхорыг бид өөрсдөө барьж соёл уламжлалаа сэргээнэ гэвэл 3 сая 200 мянган төгрөг. Соёл, шинжлэх ухааны зориулалтаар барьж, агнаж, худалдаж авч болно гэсэн мөртлөө ийм үнэ тогтоогоод өгчихсөн. Гэтэл бор бүргэд 71 мянга, ханбүргэд 120 мянга байх жишээтэй. Ийм ялгаатай. Аль болох өндөр үнэ тогтоож ашигаа өөрсдөө дээгүүр нь хүртэж байх гээд Монголчуудаа шонхороо барихыг хорьчихсон байна.
-Соёл уламжлалаа хөгжүүлэх зорилгоор агнаж болно гэж хуулиндаа тусгасан байна?
-Тийм л дээ. Гэвч энгийн иргэнд зөвшөөрөхгүй. Бүргэдийг Монголчууд бид дунджаар 100 мянган төгрөгөөр авдаг. Тийм ч учраас Баян-Өлгийд байгаа монголчууд соёлоо хөгжүүлж чадаж байна. Гэтэл шонхорыг Монголчууд 3 сая 200 мянган төгрөгөөр авах эрхтэй. Гэтэл сүүлийн гурван жилийн хугацаанд 315 шонхорыг гадаадад гаргасан байна. Тэгээд дээр нь улсад 11 мянга 760 долларын төлбөр хураамж төлж байж гадагшаа гаргах эрхтэй болдог байтал 3-хан сая төгрөг өгөөд л аваад явчихсан гэхээр харамсалтай байна. Ер нь үе үеийн Засгийн газар ховор ан, амьтандаа дэндүү хайргүй хандах юм. Муулаад байдаг социализмын үед анчид бид амьтныхаа эзэн нь байсан юм. Капитализмд оронгуут бүгд дуртай аргаараа мөнгө олж амьдралаа залгуул гэсэн. Ард иргэд нь зээр, гөрөөс рүү, ихэс дээдэс нь ховор, ан амьтан руугаа дайрсан. Энэ үнэн шүү. Ер нь ан хийнэ гэдэг мэргэжлийн байх ёстой. Тэрнээс дуртай нэг нь агнадаг байх ёсгүй.
-Жилд агнаж болох амьтны тоо толгойг Засгийн газраас гаргадаг. Шонхорын хувьд хэрхэн тогтоодог бол?
-Тогтоол гаргах их амархан. Одоо миний гарт 2015 оны арванэгдүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын 463 тоот тогтоол байна. Үүнд 2016 онд агнах ан, агнуурын амьтны тоог тогтоох тухай, амьтны тухай хуулийн 26-ын 3-т заасныг үндэслэн тусгай зориулалтаар /өндөр үнээр гадны анчдад агнуулж байгаа/ 60 угалз, тэх 70, саарал чоно 30, бор гөрөөс 20 гэж тогтоож өгсөн байна. Харин шонхорын тоог нэрлээгүй байгаа юм. Нууц тогтоол гаргасан учир нь энд л байна. Нэг шонхорыг гадаад хүмүүст доод тал нь 20 мянган доллараар зарж байна шүү дээ Засгийн газар. Казакстанд 22 мянган доллараар түрээслүүлж байна. Нэгэнт хүртэл гэж байгаа юм чинь 40-50 агнах уу гэдэг дээр тооллого хийнэ гэж бодож байна.
-Шонхорын тоо толгой хэд байгаа вэ?
-Нүүдлийн шувууг нүүдлийн гэдгээр нь тоолох ёстой. Тэгэхээр тодорхой тоо хэлж мэдэхгүй юм. Ахуйн зориулалтаар агнаж болох тоо толгойг Засгийн газраас жил болгон тогтоодог юм. Гэхдээ бидэнд мэдэгддэггүй.
-Та цаашдаа энэ асуудлаар тэмцэх үү?
-Би цаашдаа ийм асуудал бүү гаргаасай гэж хүсэж байна. Хоёрдугаарт улсаа учруулсан хохиролыг төр юм бол, ядуу гэж ярьж байхынхаа оронд 4.5 тэрбум төгрөгөө буцаагаад олж ав л даа. Цаад эзэд нь бэлэн байна ш дээ. Энийг бид ч нэхэмжлэх албагүй. Нуугаад байсныг нь ил болгоод өглөө. Одоо тэгээд цаашаа ажиллаг л дээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ